| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/03186/И |
| Дугаар | 101/ШШ2021/03250 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/03250
2021 10 19 101/ШШ2021/03250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө давхарт байрлах, РД:, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоотод байрлах, РД:, Б ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36.085.095 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь манай компанитай 2020-03-30-ны өдөр Г-52 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б ХХК-д чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар хариуцагч тал нь гэрээний үүргээ зөрчсөөр байна. 2020-03-30-ны өдрийн Г-52 тоот худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцлөөр авсан тохиолдолд барааг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Хуанлийн нэг өдөрт хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авагчийн худалдан авалтыг Иргэний хуулиар тогтоосон бие даасан үүрэг гэж үзнэ. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Худалдан авагч тал шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсийн хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлөхөөр тохиролцсон. Иймд Б ХХК-иас үндсэн төлбөр 24.056.730 төгрөг, алданги 12.028.365 төгрөг, нийт 36.085.095 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа 15.000.000 төгрөгөөр багасгаж байна. Учир нь нэхэмжлэл гаргах үед тооцооллын алдаа гаргаж үлдэгдэл 14.056.730 төгрөгийг 24.056.730 төгрөг гэж нэхэмжилсэн байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага шүүхэд анх гаргахдаа 36.085.095 төгрөг байсан бол үндсэн төлбөрөөс 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг хасч байна. Тооцоо нийлсэн акт болон талуудын баримтуудаар үлдэгдэл 14.056.730 төгрөг болох нь нотлогддог. Одоо үндсэн төлбөрт 14.056.730 төгрөг, алданги 7.028.365 төгрөг, нийт 21.085.095 төгрөгийг Б ХХК-иас нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал шатахууны хэмжээ, нийт үнийн дүн дээр маргах зүйл байхгүй, алданги дээр гомдолтой байна гэсэн. 2020 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар тооцоо нийлээд эцсийн үлдэгдэл 14.056.730 төгрөгийг зөвшөөрч байгаа. Гэрээнд тохироогүй учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24.056.730 төгрөг, алданги 12.028.365 төгрөг, нийт 36.085.095 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш нэхэмжлэл гаргах үед тооцооллын алдаа гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн төлбөрөөс 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгөөр багасгаж, худалдах, худалдан авах гэрээний үүргийн үндсэн төлбөрт 14.056.730 төгрөг, алданги 7.028.365 төгрөг, нийт 21.085.095 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаар тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 14.056.730 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 7.028.365 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч Ш ХХК, хариуцагч Б ХХК-ийн хооронд 2020-03-20-ны өдөр Г/52-р шатахуун тос, тосолгооны материал, аккумулятор худалдах, худалдан авахаар гэрээг байгуулж 163.482.150 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн үйл баримт дээр талууд маргаагүй.
Зохигчийн хуралдаанд гаргасан тайлбар, тооцоо нийлсэн баримт, хариуцагчийн төлбөр төлсөн гэх баримтаас үзэхэд худалдах худалдан авах гэрээний төлбөрт хариуцагч тал 149.425.420 төгрөгийг төлж биелүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 33-44 тал/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээний 5.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байна. Иймд Б ХХК нь алданги 7.028.365 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7.028.365 төгрөгийг төлөхөөс татгалзаж буй тайлбар, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч Б ХХК-иас түлшний үнэ 14.056.730 төгрөг, алданги 7.028.365 төгрөг, нийт 21.085.095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгох.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 338.380 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б ХХК-иас 263.375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 21.085.095 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338.380 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б ХХК-иас 263.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА