Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/03544

 

 

 

 

 

 

 

 

     2021          11          03  

                           101/ШШ2021/03544

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БСБф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,661,429.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БСБф ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... БСБф ББСБ ХХК нь Б.Б-тэй 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/205 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж, 2,789,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч Б.Бнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Хариуцагч Б.Бнь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,249,018.48 төгрөг, зээлийн хүү 371,478.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,932.22 төгрөг, нийт 1,661,429.47 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч БСБф ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,661,429.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан, мөн хэргийн материалтай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

                     

Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Б-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч БСБф ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ /хх-3/.

 

Нэхэмжлэгч БСБф ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-тэй 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 3/205 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2,789,000 төгрөгийг 30 хоногийн 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-7-8/.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 2,789,000 төгрөгийг шилжүүлсэн буюу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 1,249,018.48 төгрөг, зээлийн хүү 371,478.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,932.22 төгрөг, нийт 1,661,429.47 төгрөг гаргуулахаар шаардсан ба зээлийн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөлтийн хуваарь ёсоор хариуцагч сар бүр 275,251.07 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.

 

          Хэрэгт авагдсан хүү зээлийн дансны хуулга баримтаас үзэхэд хариуцагч нь:

          - 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 280,378.67 төгрөг,

          - 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 279,000 төгрөг,

          - 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 280,000 төгрөг,

          - 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 290,000 төгрөг,

          - 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 850,000 төгрөг,

          - 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлснөөс зээлд 1,539,981.52 төгрөг, зээлийн хүүнд 698,127.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 41,270.14 төгрөг тус тус тооцжээ /хх-9-10/.

 

          Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохоор заасан, зохигчид зээлийн гэрээнд 30 хоногийн 2.8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байх тул зээлийн гэрээний хугацаанд  буюу төлбөрийн хуваарийн сүүлийн өдөр болох 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн хүү тооцсон нь үндэстэй.

         

          Харин мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан ба талууд зээлийн гэрээндээ хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн төлүүлэх талаар нарийвчлан тохиролцоогүй байна.

 

          Иймээс нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хэтэрсэн хугацааны хүү тооцож авсан, мөн нэхэмжлэлд хэтэрсэн хугацааны хүү гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

          2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүнд 257,257.27 төгрөг төлүүлэхдээ зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны нийт 84,593.61 төгрөгийг /13,905.80+34,764.49+35,923.32/ тооцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул уг төлөгдсөн дүнг төлбөл зохих зээлийн дүнгээс хасч тооцох, мөн нэхэмжлэлд зээлийн хүү 371,478.77 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Түүнчлэн нэхэмжлэлд нэмэгдүүлсэн хүү 40,932.22 төгрөг тооцсон байх боловч дээр дурдсанаар хэтэрсэн хугацааны хүү тооцох үндэслэлгүй нөхцөлд түүнтэй уялдуулан тооцогддог нэмэгдүүлсэн хүүний шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.

 

          Дээр дурдсаныг нэгтгэн хариуцагч Б.Б-с зээлийн үлдэгдэл 1,164,424.87 төгрөг /1,249,018.48-84,593.61/ гаргуулан нэхэмжлэгч БСБф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-с 1,164,424.87 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БСБф ББСБ ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 497,004.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 32,496 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БСБф ББСБ ХХК олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА