Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/03545

 

 

 

 

2021 11 03

101/ШШ2021/03545

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Харилцаа холбооны зохицуулах хороо ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У Раадангийн Дэчинмаа -д холбогдох,

 

1,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намшир, хариуцагч Р.Дэчинмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намшир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай байгууллага нь Р.Д-н хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 жилийн хугацаатай эрхийн бичиг олгож, радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар Р.Дэчинмаа нь радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээнд зааснаар 2014-2015 оныг хамрах 1 жилийн эрхийн бичгийн төлбөр 590,000 төгрөг, 2015-2016 оныг хамрах 1 жилийн эрхийн бичгийн төлбөр 590,000 төгрөг, нийт 1,180,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Дэчинмаа шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Харилцаа холбооны зохицуулах хороотой 20510755 /91314/ дугаар бүхий радио давтамж ашиглах эрхий бичгийн гэрээг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан. Гэвч миний төлөвлөж байсан ажил санхүүжилт шийдэгдээгүйн улмаас хийж чадаагүй учраас энэхүү долгионыг ашиглаагүй. Ажил явагдахгүй, энэ төлбөрийг өгөх боломжгүй талаар нэхэмжлэгчид 2 удаа өргөдөл өгсөн. Гэтэл олон жилийн дараа шүүхээр нэхэмжилж буй нь надад хүндээр тусаж, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Мөн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасны дагуу дууссан тул шаардах эрх дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч Р.Д-д холбогдуулан радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний төлбөр 1,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу радио долгионыг ашиглаагүй, энэ талаар тухайн үед мэдэгдсэн, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 91314 тоот радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь эрхийн бичигт заасан давтамжийн зурвасыг VHF долгионд дотоод хэрэгцээнд харилцааны станцын зориулалтаар ашиглуулах, хариуцагч гэрээнд заасан төлбөр төлөхөөр тус тус тохиролцжээ /хх-7-10/. Мөн хариуцагчид радио давтамж ашиглах эрхийн бичиг олгогдсон байх ба түүнд ажиллах давтамж, радио төхөөрөмжийн төрөл, тоо хэмжээ, чадал, радио төхөөрөмжийн байршил, хамрах хүрээ, ашиглалтын зориулалт, ажиллах цаг, эрхийн хугацаа зэрэг нөхцөлийг тусгажээ /хх-6/.

 

Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан радио долгионы тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид "эрхийн бичиг" гэх/ олгоно гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тодорхойлсон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, талууд гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй.

 

Нэхэмжлэлд эрхийн бичгийн 2014-2016 онуудын 2 жилийн төлбөр нийт 1,180,000 төгрөг төлөхийг шаардсаныг хариуцагч гэрээний дагуу радио долгионыг ашиглаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр төлөхөөс татгалзаж байна.

 

Радио долгионы тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.3 дахь хэсэгт зааснаар эрхийн бичиг эзэмшигч нь радио төхөөрөмжийг эрхийн бичигт заасан нөхцөл, хугацаа, зориулалтын дагуу ашиглах, мөн эрхийн бичгийн дараа жилийн төлбөрийг эрхийн бичиг олгосон тухайн ажлын өдрөөр тасалбар болгон жил бүр төлөх үүрэг хүлээжээ. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт радио давтамж ашигласны төлбөрийг жил бүр холбогдох үзүүлэлтүүдийг үндэслэж шинэчлэн тооцоолсон хавсралт 1-ээр Зохицуулах хорооны дансанд жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор багтаан төлөхөөр заажээ.

 

Нэхэмжлэлд нэг жилийн төлбөр 590,000 төгрөг гэж тодорхойлсон байх боловч гэрээний хавсралт 1-д төлбөрийг 390,000 төгрөгөөр баталснаас зөрүүтэй, төлбөрийн тооцоолол тодорхой бус байна.

 

Мөн хариуцагч нь гэрээний дагуу радио долгионыг ашиглаагүй, энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, эрхийн бичгийн төлбөрийг төлсөн гэж үзэх ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь шүүхэд гаргасан шаардлага, татгалзал, тайлбараа нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

 

Хариуцагчид олгогдсон эрхийн бичиг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үүссэн гэж дүгнэх үндэстэй байна.

 

Дээр дурдсанаас үзэхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзлыг шүүх үндэстэй байна гэж дүгнэв. Түүнчлэн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зохицуулагдсан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй.

 

Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагч Р.Д-с радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний үүрэгт 1,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Д-с 1,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХЗХ-ны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА