Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/03388

 

 

 

 

 

 

                        

 

 

 

            

 

 

 2021           10          27                                         101/ШШ2021/03388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, тоот, РД:, Л овогт Ч-ын Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 6-р хороо, тоот, хаягт байрлах, РД:, Н ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, хариуцагч Н ХХК-ийн захирал Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н нь 2020-02-28-ны өдөр Н ХХК-ийн О эмнэлэгийн захирал Г.Н-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж шүдний техникчээр ажилд орсон. Манай ажлын бүх эмч сувилагч нар өдрийн 2 ээлжээр ажилладаг бөгөөд миний бие өглөөний 8:30-14:30 цагын хооронд өглөөний ээлжинд ажилладаг. 2021-06-15-ны өдөр ажлаасаа өдрийн 14 цаг 50 минутын орчим хуруугаа машинд уншуулсан. Миний ээлжинд хамт гардаг эмч маань хоцорч үлдэж таарсан гэтэл намайг явсанаас хойш үйлчлүүлэгч ирсэн ба шүдний техникч нь байхгүй гэсэн шалтгаанаар байгууллага дотор намайг буруутгаж ажилчид хэл ам гаргасан байдаг. Маргааш өглөө нь намайг ажилдаа ирэхэд захирал хэл ам гарсаныг далимдуулан намайг ажлаас халсан ба намайг өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа гэсэн өргөдөл бич гэж тулгасан. Гэвч би үнэн бодит байдал болох ажил олгогчийн санаачлагаар ажлаас гарсан болно гэсэн утгатай өргөдөлийг аргагүй эрхэнд бичиж өгөөд гарсан. Ингээд миний ажлаас халагдсан тушаал болон хөдөлмөрийн гэрээг 2021-06-21-ний өдөр гардуулж өгсөн. Би энэ эмнэлэгт ажиллаж байхдаа ямарваа нэг сахилгын шийтгэл, зөрчил гаргаж байсан удаа байхгүй харилцаа хандлагын асуудал дээр ямар ч гомдол санал байхгүй ажиллаж байсан.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2021-06-21-ний өдрөөс 2021-08-17-ны өдрийг хүртэлх (сарын цалин 500.000 төгрөг /ажлын 23 өдөр=21.739 төгрөг, ажлын нийт 46 өдөр х 21.739 төгрөг= 999.994 төгрөг) нийт 999.994 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Н ХХК-ийн захирал Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н-тай миний бие 2021-06-15-ны өдөр уулзсан. Энэ өдрөөс өмнө удаа дараа сануулга өгсөн. 2021 оны 06 сарын 15-ны өдөр уулзахдаа хамт ажиллаж байгаа хамт олон чинь чамтай ажиллахыг хүсэхгүй байна, сувилагчийн үйл ажиллагааны гэрчилгээ байхгүй, лаборатори татан буугдсан тийм учраас ажлаас чөлөөлөх болж байна гэхэд өөрөө уурлаад гараад явсан. Би 1 сар ажиллаад гарна гэдгийг нь сануулсан. Би өөрөө захирал хүний хувьд жилд 2 удаа нийт ажилчдын хурал хийдэг. Хурал дээр тухайн жилийн дотоод журам, өөрчлөлт оруулсан эмнэлгийн халдваргүйжүүлэлт, гэрээ зэрэг бүх асуудлаа ярилцаж, шийдвэрлэж баталдаг. Нэхэмжлэгч талаас өмнөх журмыг авч ирсэн байх, миний хувьд шинэчилсэн журам өгсөн. Зөрчил гаргасан талаар тодорхойлсон эмч, сувилагч нарын тодорхойлолтыг өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь хэсэгт 2 ба түүнээс дээш сахилгын зөрчил гаргасан бол ажлаас халах үндэслэл болно гэж тодорхой заасан. Нэгдүгээрт ажлын байр байхгүй болсон, хоёрдугаарт удаа дараа зөрчил гаргасан учир захирал миний бие өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас чөлөөлөх санал тависныг өөрөө тухайн өдөр зөвшөөрөөд өргөдлөө бичиж өгөөд гарсан. Бичиж өгсөн өргөдлөө тэр өдрөө буцаан аваад 06 сарын 21-ний өдөр дахин өргөдөл авч ирж өгсөн байдаг. 2021 оны 06 сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрөө ирж уулзаад учраа олох боломж байсан ч тэгээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаад гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 999.994 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч буюу ажил олгогч нь Ч.Н-ыг удаа дараа зөрчил гаргасан, 2021-06-14-ний өдөр эмч нь үйлчлүүлэгчтэй байхад эмчээс түрүүлж явж зөрчил гаргасан, өөрийн хүсэлтийг нь үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан.

Нэхэмжлэгч Ч.Н нь Н ХХК-ийн О эмнэлэгт 2020-03-01-ний өдрөөс шүдний техникчийн ажилд томилсон болох нь зохигчийн тайлбар, 2020-02-28-ны өдрийн 03/02 тушаал, 2020-02-28-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, түүний нийгмийн даатгалын  дугаартай дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-7, 33 тал/

Н ХХК-ийн захирлын 2021-06-21-ний өдрийн 21/09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүдний техникч Ч.Н-ыг 2021-06-15-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 4 тал/

Нэхэмжлэгч Ч.Н нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтад нийцжээ.

Н ХХК-иас ирүүлсэн 2021 оны 6 сарын цагийн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Н нь 2021-06-14-ний өдөр 14 цаг 30 минутанд ажлаа дуусгасан болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна, үүн дээр талууд маргаагүй. Мөн энэ нь баримтаар нотлогдож байна.  /хх-ийн 50 тал/

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Н-ыг удаа дараа зөрчил гаргасан гэж 2021-06-21-ний өдрийн 21/10 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тодорхойлолтыг гаргажээ. Зөрчил гаргасан гэсэн хэдий ч уг зөрчлүүдэд арга хэмжээ авч байсан болох нь бичгийн баримтаар нотлогдоогүй, эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн зөрчил ба алдаа зөрчлийн бүртгэлийн дэвтэрт тусгаснаар нотлогдоно гэж хариуцагч тайлбарлаж байгаа хэдий ч тухайн цаг хугацаанд зөрчлийг ажилтанд танилцуулж байсан гэдэг нь эргэлзэйтэй байна. /хх-ийн 40 тал/

Мөн шүдний техникчийн орон тоо 3 байсныг 2021-01-01-ний өдөр Б ХХК-тай гэрээ байгуулсан учир 2 техникчийг ажлаас чөлөөлсөн, манай байгууллагад техникчийн орон тоо байхгүй гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 40.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх зохицуулалтай. Гэтэл хариуцагч Н ХХКомпани нь Ч.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй үргэлжлүүлэн ажил үүргийг гүйцэтгүүлж байсан байна.

Нэхэмжлэгч Ч.Н нь 2021-06-14-ний өдөр 14 цаг 30 минутанд ажил үүргээ дуусгаснаас байгууллагад ямар хэмжээний хор хохирол учирсан, эмч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн нь нотлогдохгүй байна.

Хариуцагч Н ХХК-ийн захирлын Ч.Н-ыг ажлаас чөлөөлсөн 2021-06-17-ны өдрийн тушаал, 2021-06-21-ний өдрийн  тушаалуудад өөр өөр үндэслэлийг заажээ. /хх-ийн 37, 39 тал/

Нэхэмжлэгч Ч.Н-ыг 2021-06-15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх  хүсэлтийг өөрөө гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь хариуцагч Г.Н-ын 2021-08-17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2021-06-15-ны өдөр бичиж өгсөн гэх өргөдөл нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, харин 2021-06-21-ний өдөр нэхэмжлэгч Ч.Н-аас хүлээн авсан гэх өргөдөлд захирал Наранбаатарын хүсэлтээр гэжээ. /хх-ийн 36, 38, 68 тал/

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ч.Н-ыг Н ХХК-ийн О эмнэлэгт шүдний техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 847,824 төгрөгийг гаргуулж олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Хариуцагч Н ХХКомпани нь Ч.Н-т 2021 оны 6-р сарыг дуусталхи хугацааны цалинг бодож олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч үүнийг маргахгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 152,170 төгрөгийг хэрэгсэхгүй болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ыг Н ХХК-ийн О эмнэлэгт шүдний техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 847,824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 152,170 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Ч.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Н ХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 24,898 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА