Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 177

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Д.Болд, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Борлууд овогт Дуламжавын Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2876 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Борлууд овогт Дуламжавын Болд, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд 1977 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өнгөт төгс шийдэл” ХХК-д гагнуурчны туслах ажилтай, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 761 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ОА77030217, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Болд нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Титэм плаза” төвийн эсрэг талд иргэн Б.Отгонцэцэгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний хоолойг боож хүзүүний монетон гинжийг нь дээрэмдэн авч, бусдад 150.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Д.Болд: Би мөрдөн байцаалтын үед хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг гарах үед би согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан учир хэргийн байдлыг бүрэн санахгүй, зарим үйлдлээ ойлгохгүй байгаа. Гэхдээ хэргийн материалтай танилцаад үйлдсэн гэмт хэргээ ойлгосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа төлж, гэм хорыг бүрэн арилгасан. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж байна гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 2876 дугаартай хэргээс)

1. Хохирогч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Титэм нэртэй караокед зөөгч, барменаар ажиллаж байсан. Тэр үед хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн орж ирээд, тэд “нэг цаг дуулна” гээд 5 дугаартай тусгай өрөө (VIP) -нд сууцгаасан. Би тэдний өрөөнд захиалсан дөрвөн лонх шар айргийг нь оруулж өгөөд, захиалгын цагийг нь эхлүүлээд гарсан. Тэр хүмүүс дуулж дууссаны дараа би өрөөнд нь очиход хоёр залуу нь гараад явчихсан, харин хоёр эмэгтэй нь нэлээд согтуу хувцсаа өмсөөд сууж байсан. Би тэдэнд “тооцоогоо хийнэ үү” гэхэд “байж бай, бид хоёр нөгөө хоёр залуугийнхаа араас гарч, тэр хоёртой уулзаад тооцоогоо хийнэ” гээд гарсан. Би тэр хоёрыг дагаж гарахад, нөгөө хоёр залуу нь байхгүй байсан. Гэтэл тэр хоёр эгч зам хөндлөн гараад, хоёр тийшээ салаад, тооцоогоо хийхгүй яваад өгөхөөр нь би нэг эгчийг нь явуулахгүй гээд, түүнтэй зууралдаад зогсож байтал, нөгөө эгч нь хүрээд ирсэн. Би тэр эгчийг тооцоогоо хий гэхэд “байхгүй” гээд цаашаа яваад өгсөн. Би бариад зогсож байсан эгчийг явуулахгүй гээд, хувцаснаас нь бариад зогсож байхад, нөгөө эгч нь манай караокед хамт орж ирсэн хоёр эрэгтэйгээс өөр ахыг дагуулж ирсэн. Тэр дагуулж ирсэн ах нь миний хоолойг боохоор нь би түүний гарыг эсэргүүцэж байгаад болиулахад, тэрээр миний хүзүүнд байсан гинжийг тасалж аваад зугтаачихсан. Би тэр ахыг зугтаах үед нь түүний хойноос барьж авсан боловч хөлд нь тээглээд унасан. Намайг унах үед миний Самсунг Эс-5 загварын гар утас газар унасан бөгөөд тэр ах миний гар утсан дээр гишгээд дэлгэцийг нь хагалчихсан. Би тэр үед түүний хүрэм (куртик)-ний захнаас барьж авахад, тэрээр хүрмээ тайлаад зугтаачихсан. Би арга барахдаа нөгөө хүрэмийг нь ажил руугаа авч ороод, цуг ажиллаж байсан Батчулуунтай хамт нөгөө хүрэмний халаасыг үзэхэд Д.Болд гэх хүний “Өнгөт төмөр” гэдэг газрын гагнуурчин гэсэн ажлын үнэмлэх байсан. Би уг хүрмийг үнэмлэхийн хамт цагдаад аваачиж өгсөн. Би намайг дээрэмдсэн хүнийг харвал танина. Тэр ах намайг бариад авахад хүрмээ тайлж хаяад зугтаасан атлаа цагдаагийн байгууллага дээр “ажлын үнэмлэх, хүрмээ дээрэмдүүлчихлээ” гэж орсон гэсэн. Намайг дээрэмдсэн хүн манай караокед үйлчлүүлсэн хоёр эрэгтэй хүнээс өөр хүн байсан. Би утас болон монетон гинжний үнэ болох 470.000 төгрөгийг нэхэмжилж байна. Титэм төвд үйлчлүүлсэн хоёр эгчээс үйлчилгээний 21.200 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас),

...Миний хүзүүний гинжийг авсан хүн надаас уучлалт гуйж хохирлын мөнгө болох 180.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн эвдэрсэн утсыг засуулах зардалд 200.000 төгрөг өгсөн. Надад тэр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас),

2. Гэрч Д.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Би хохирогч эмэгтэйг дээрэмдүүлж байх үед хажууд нь байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй, тэр эрэгтэйг танихгүй. Би 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз Буяндэлгэртэй уулзаад, түүнтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хархорин захын ард байрлах “Рэд рок” нэртэй бааранд бүжиглэж байгаад, баар хаах үед тэндээс гарсан. Бид хоёрыг баарнаас гарч явахад үл таних хоёр эрэгтэй “хамтдаа караокед орох” санал тавьсан. Бид хоёр зөвшөөрөөд тэр хоёрыг дагаад ойролцоо байрлах “Титэм” гэх нэртэй караокед орсон юм. Тэнд ороод хүн тус бүр нэг лонх шар айраг аваад, тусгай өрөө (VIP)-нд 20-30 минут болоод нөгөө хоёр залуу гараад явчихсан. Буяндэлгэр араас нь гарч яваад “нөгөө хоёр залуу байхгүй байна, явчихсан юм биш үү” гээд орж ирсэн. Тэгээд Буяндэлгэр бид хоёр хоёулаа хамт гарч нөгөөх хоёр залууг хайх гэсэн боловч зөөгч надад “та хүлээж бай, нөгөө эгч олоод ирэх байлгүй дээ” гэсэн. Гэтэл Буяндэлгэр ирэхгүй болохоор нь би араас нь гарсан. Тэр үед миний хүрэмний дотоод энгэрийн халаасанд байсан Самсунг Эс-3 загварын гар утас байхгүй болчихсон байсан. Би хамт сууж байсан хоёр залууг аваад явчихсан гэж бодож байна. Би гадагш гарахад Буяндэлгэр харагдахгүй болохоор нь замын эсрэг тал руу хөндлөн гараад алхаж явтал, зөөгч эмэгтэй араас гүйж ирээд намайг барьж аваад “тооцоогоо хий” гэсэн. Би түүнд “би утсаа алдчихлаа шүү дээ, хамт явсан хүмүүсээ олоод тооцоогоо хийнэ” гэхэд тэр охин намайг буцаагаад оруулсан. Бааранд орж ирээд нөгөө зөөгч эмэгтэй та нарын араас явж байгаад утсаа хагалчихлаа гэж хэлж байсан. Би Отгонцэцэгийг дээрэмдүүлж байхыг хараагүй. Намайг барьж авахаас өмнө дээрэмдүүлсэн үү, хойно дээрэмдүүлсэн үү мэдэхгүй. Хэрэв би тэр үед мэдсэн бол ядаж “болиоч” гээд туслах байсан. Би тэр хүн хаанаас гарч ирснийг, ямар учиртай хүн болохыг мэдээгүй. Ер нь бол би нэлээд согтуу байсан болохоор анзаараагүй байх гэж бодож байна. Нэг мэдэхэд Буяндэлгэр миний баруун талд ирчихсэн, зөөгч эмэгтэй зүүн талд зогсчихсон миний гараас татаад, “буцаад ороодох оо” гэж байсан. Би өөрийн утсыг олж авах гээд л баарнаас гарсан. Надад зугтаах бодол байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас),

3. Гэрч Ж.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би найз Түмэндэмбэрэлтэй хамт “Рэд рок” гэдэг бааранд бүжиглэж байгаад, баар хаах үед тэндээс гараад, ойролцоо байдаг “Титэм” төвд үл таних хоёр залуутай хамт дөрвүүлээ караоке өрөөнд сууж байснаа санаж байна. Ер нь бол би маш их согтуу байсан. Би тэр хоёр залууг танихгүй. Тэр өдөр бааранд танилцаад хамт гарсан юм шиг байгаа юм. Нэг ухаан ороход “Титэм” төвд Түмэндэмбэрэл бид хоёр үлдчихсэн, хамт явсан хоёр залуугийн нэг нь саарал өнгийн хүрэм (куртик)-ээ сандал дээр үлдээгээд явчихсан байсан. Би Түмэндэмбэрэлтэй хамт баарнаас гарч байснаа л санаж байна. Гэтэл караокены зөөгч охин намайг “үл таних эрэгтэй дагуулж ирээд дээрэмдүүлсэн” гэж гомдол нэхээд байгаа. Би тэр эрэгтэйг ямар хүн байсныг санахгүй байна. Караокед хамт сууж байсан хоёр эрэгтэй Түмэндэмбэрэлийн гар утсыг хулгайлаад явчихсан байсан. Харин баарны гадна үйлчлэгч охиныг дээрэмдсэн хүн “хэн бэ” гэдгийг би мэдэхгүй. Би сүүлд Титэм төвийн тооцоо болох 22.000 төгрөгийг төлөхдөө зөөгч Отгонцэцэгтэй уулзсан. Отгонцэцэгийг дээрэмдсэн хүн ямар хүн байсныг ёстой мэдэхгүй байна. Тэр дээрэм хийсэн хүн өөр л хүн байсан байх. Бодвол тэр хүн намайг хараад, дагаж хүрч ирээд, тэр охиныг дээрэмдсэн байх... гэх мэдүүлэг  (хх-ийн 47 дугаар хуудас),

4. Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн (Титэм караокены эзэн): 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би ажил ихтэй гадуур явж байгаад, нэлээн оройтож ажил дээрээ ирэхэд, манай зөөгч Отгонцэцэг 40 гаран насны хоёр эмэгтэйг “тооцоогоо хий” гээд хоргоогоод зогсож байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад, тэр хоёр эмэгтэй хоёр эрэгтэйн хамт орж ирээд, манай караокед сууж байгаад, нөгөө хоёр эрэгтэй нь түрүүлээд гараад явчихсан, харин энэ хоёр эмэгтэйд тооцоо хийх мөнгө байхгүй байна” гээд зогсож байсан. Бас Отгонцэцэг “тэр хоёр эмэгтэйг гараад явчихаар нь, тэдний араас гарч тооцоо нэхэж явахдаа үл таних хүнд хүзүүний монетон гинжээ дээрэмдүүлчихсэн, гар утсаа хагалуулсан” гээд хагархай утсаа үзүүлж байсан. Тэр хоёр эмэгтэй нэлээд согтуу, үг хэлээ олохгүй болохоор нь, цагдаа дуудаж, тэднийг өгч явуулсан. Отгонцэцэг байнга нарийхан монетон гинж зүүдэг байсан. Манайд ажилд орсны дараа Самсунг Эс-5 загварын гар утастай болсон. Отгонцэцэг “намайг дээрэмдсэн хүний хүрмийг зууралдаж авч үлдээд, цагдаад өгчихсөн” гэж надад хэлсэн. Мөн “хүрэмний халааснаас дээрэмдсэн хүнийх нь ажлын үнэмлэх гарсан” гэж ярьж байсан. Дараа нь нөгөө хоёр эмэгтэй ирж манайхаар үйлчлүүлсэн тооцооны мөнгөө төлөөд уучлалт гуйгаад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас),

5. Гэрч Б.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн (Титэм караокед ажиллаж байсан бармен): Би 2016 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд ээжийнхээ ажиллуулж байгаа Титэм караокед барменаар ажиллаж байсан. Тэгээд нэлээн оройхон 22 цагийн үед хоёр залуу, хоёр эмэгтэй хүн орж ирээд тусгай өрөө (VIP)-нд орсон. Тэд дуулж байгаад хоёр эрэгтэйн нэг нь хүрмээ сандал дээр орхиод гарч явсан. Дараа нь үлдсэн хоёр эмэгтэй нь тооцоогоо хийхгүй байхаар нь бид хүлээгээд байж байсан. Гэтэл намайг дээшээ шатаар гарах хооронд Отгонцэцэг “нөгөө хоёр эмэгтэй гараад явчихлаа, араас нь гараад ирье” гээд гүйгээд гарсан. Тэрээр гараад нэлээд хугацаа өнгөрөхөөр нь “яасан юм бол” гээд араас нь гарах гэж байтал өөдөөс уйлчихсан, нөгөө хоёр эмэгтэйг дагуулаад орж ирсэн. Отгонцэцэгийн цагаан футболкных нь зах урагдчихсан, гар утасных нь дэлгэц хагарчихсан, гартаа сааралдуу өнгийн хүрэм барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би түүнийг тайвшруулаад “юу болсон тадаар” асуухад “нөгөө хоёр эмэгтэйн араас явж байгаад 8 дугаар байрны ойролцоо үл таних эрэгтэй хүнд хоолойгоо боолгож, хүзүүндээ зүүсэн монетон гинжээ дээрэмдүүлчихлээ” гэсэн. Отгонцэцэг нарийхан монетон гинж зүүдэг байсан юм. Түүний хүзүү улайчихсан, боолгосон шинжтэй байсан. Би Отгонцэцэгээс “авчирсан хүрэм нь ямар учиртай юм бэ” гэхэд “нөгөө дээрэмдсэн хүнийхээ араас хөөгөөд барьж авахад, хүрмээ тайлаад зугтаасан” гэж байсан. Тэр нь ажлын бололтой муу хүрэм байсан. Халаасанд нь хатуу зүйл тэмтрэгдэхээр нь гаргаж үзэхэд “Өнгөт төгс шийдэл” ХХК-ийн ажлын үнэмлэх байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 51 дүгээр хуудас),

6. Гэрч Ч.Даулетийн мөрдөн байцаалтад өгсөн (жижүүрийн ахлах офицер): 2016 оны 12 дугаар сарын 04-ний 02 цаг 08 минутад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Титэм караокед хүмүүс тооцоогоо хийхгүй зугтаасан гэх дуудлагыг хүлээн аваад “Бүргэд 112 дугаар чиглэл”-д уг дуудлагыг шилжүүлсэн. Дуудлагаар очсон офицер Гал-Эрдэнэ Түмэндэмбэрэл, Буяндэлгэр гэх хоёр эмэгтэйг авчирсан. Удалгүй тэдний араас хүзүүний гинжээ дээрэмдүүлсэн, утсаа эвдүүлсэн гэх гомдолтой Отгонцэцэг гэдэг эмэгтэй орж ирсэн. Түүнээс “юу болсон талаар” тодруулахад “Титэм” төвөөс авчирсан хоёр согтуу эмэгтэйтэй ноцолдож яваад, бусдад дээрэмдүүлсэн талаар ярьсан. Тэр эмэгтэй “би намайг дээрэмдсэн хүний хүрмийг зууралдаж аваад үлдсэн” гээд хар хүрэм барьчихсан орж ирсэн. Ямар дүр төрхтэй хүн дээрэмдсэн талаар асуухад түрүүхэн нь манай хэлтэс дээр “хүрмээ дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн согтуу эрэгтэйтэй царай төрх, насны байдлаар адил хүний талаар ярьж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас)

7. Гэрч С.Гал-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн (дуудлагаар очсон эргүүлийн офицер): 2016 оны 12 дугаар сарын 04-ний 02 цаг 08 минутад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Титэм караокед хүмүүс тооцоогоо хийхгүй зугтаасан, хамт явсан хүмүүс нь байна гэсэн дуудлага хүлээн аваад очиход Титэм караоке дотор хоёр согтуу эмэгтэй караокений хүмүүстэй хэрүүл хийгээд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад тэр хоёр эмэгтэй хоёр залуугийн хамтаар тэр караокед үйлчлүүлж байгаад хоёр эрэгтэй нь гарч зугтаагаад нөгөө хоёр эмэгтэй нь тооцоо хийхгүй гараад явахаар нь зөөгч Отгонцэцэг гэдэг эмэгтэй гарч яваад гинжээ дээрэмдүүлээд утсаа унагаагаад хагалчихлаа гээд надад утсаа харуулсан. Тэр Отгонцэцэг гэх эмэгтэй бидний араас ажил дээр ирэхэд дээрэмдсэн гэх хүн нь өмнө нь манай хэлтэс дээр куртикээ дээрэмдүүлчихлээ гэж орж ирээд гарсан талаар тухайн үед жижүүрт гарч байсан дэд хурандаа Даулет тэр эмэгтэйд хэлж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 53 дугаар хуудас),

           8. Гэрч Б.Дуламжавын мөрдөн байцаалтад өгсөн (шүүгдэгч Д.Болдын эх): Хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл алга. Д.Болд нь зан байдлын хувьд төлөв даруу, элдэв янзын зан авиргүй, их дуулгавартай, номхон, ажилд сайн, ажилсаг, хар бор ажил хийж өссөн хүү байгаа юм. Сүүлийн үед эхнэр хүүхдээсээ салснаас болоод сэтгэлээр жаахан унаад, архи уугаад байдаг болсон. Тэрээр урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Болд 2016 оны өвөл (өдөр хоногийг нь сайн мэдэхгүй байна) өглөө эрт гаднаас орж ирээд, “ээж би хүрэм (куртик)-гүй ирлээ” гэхээр нь би “яасан, юу болсон” гэж асуухад, тэрээр “дээрэмдүүлчихлээ” гэсэн. Тэр үед нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагийн ажилтнууд гэрт ирээд, манай хүү Болдыг аваад явсан. Цагдаагийн байгууллага дээр очоод Болдоос юу болсон талаар асуухад, хүү маань “хүрэмгүй ирсэн өдөр нэг охиныг дээрэмдсэн гэх асуудлаар намайг шалгаж байна. Би дээрэмдээгүй, ямар нэгэн эд зүйл аваагүй” гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 48 дугаар хуудас),

9. Гэрч Д.Булганы мөрдөн байцаалтад өгсөн (шүүгдэгч Д.Болдын төрсөн дүү): Манай ах Болд тусдаа гараагүй бөгөөд ээж, гурван дүүгийнхээ хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай ах Болд урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Тэрээр төлөв томоотой ээжийн үгнээс гардаггүй. Хааяа архи уудаг, одоо хувийн компанид гагнуурчны туслахаар ажилладаг... гэх мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16611 дугаартай: “Б.Отгонцэцэгийн биед хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 56 дугаар хуудас),

11. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: Үзүүлэгч Б.Отгонцэцэгийн хүзүүг нүдээр харахад ямар нэгэн зулгаралт ил харагдах гэмтэл байгаагүй. Гараар тэмтэрч үзэхэд төвөнхийн хэсэгт хөндүүртэй байна гэж байсан. Хүзүүнд гар болон гогцоогоор шахах, дарах, цохих үед эмзэглэл үүсэх боломжтой. Үүссэн эмзэглэл хэдий хугацаанд арилах эсэхийг мэдэх боломжгүй. Энэ гэмтэл нь хэрэг үйлдэгдэх үед буюу 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсэх боломжтой. Биеийн аль ч талаас нарийн уяа, гогцоо, хүзүүний зүүлт, цамцны зах зэргээс үүсэх боломжтой. Үзлэгээр үзүүлэгчийн хүзүүний ар хэсэгт 3х0.4 сантиметр орчим ихэнх хэсэгтээ тав нь хууларсан, хүрэн өнгийн зулгаралт тогтоогдсон. Энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм... гэх мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар хуудас),

12. Шүүгдэгч Д.Болдын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагийн үед ажлаасаа буугаад Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын буудал дээр ажлын газрын машинаар хүргүүлж ирсэн. Тэнд зүс таних залуутай таараад нэрийг нь сайн мэдэхгүй нэгэн паабад орсон. Тэнд нэг, нэг лонх шар айраг ууцгаагаад гарах гэтэл, нөгөө залуу “байж бай” гээд нэг лонх архи, хоёр лонх шар айраг нэмж аваад сууцгаасан. Дараа нь нөгөө залуу маань утсаар яриад гарч явсан. Тэгээд 01 цагийн үед буцаж ирээд, тооцоогоо хийсэн. Тэрээр тухайн үед тэнд байсан хүмүүстэй зодолдох гээд байхаар нь би түүнийг дагуулаад гарсан. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Харин би гэр рүүгээ явах замдаа сүүдрэвч маягийн зүйлийн сандал дээр тамхи татаад сууж байтал, хоёр эмэгтэй хоорондоо хэрэлдээд, зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хоёр эмэгтэй рүү цаг асуух гэж очиход, нэг эмэгтэй нь гадуураа хүрэм өмсөөгүй, ноосон цамцтай зогсож байхаар нь түүний араас хоёр гараараа мөрөн дээрээс нь барьж татахад, тэр эмэгтэй “амь авраарай” гээд орилохоор нь би зугтаачихсан. Тэр эмэгтэй миний араас гүйж намайг барьж авах үед би хальтраад унасан. Тэгээд босох гэтэл тэр эмэгтэй гартаа мөнгө барьчихаад “үүнийг аваад, миний гинжийг өгчихөөч” гээд миний хүрэмнээс барьчихаад тавихгүй байхаар нь би хүрмээ тайлаад зугтаачихсан юм. Миний хүрэмний халаасанд “Өнгөт төгс шийдэл” ХХК-ийн ажлын үнэмлэх байсан. Би согтуугийн гайгаар л тэр эмэгтэйн араас татсан байх. Надад ямар нэгэн шунахайн сэдэлт байгаагүй. Би тэр хоёр эмэгтэйг хэрэлдээд байхаар нь нэг эмэгтэйнх нь араас очоод, цамцны захнаас нь хоёр гараараа хойш татахдаа хальтирч унаад, тэр эмэгтэй хамт унаад босоод ирсэн. Гэтэл тэр эмэгтэй “амь авраарай” гээд орилоод эхэлсэн. Би зүүлтийг нь аваагүй. Харин намайг татахад хүзүүнд нь байсан зүүлт тасраад унасан байх. Тэр эмэгтэй намайг барьж авах үед гар утас нь газар унаад, миний хөлд гишгэгдсэн юм шиг байна лээ. Миний буруугаас ийм асуудал болсон. Би ганцаараа явж байсан, тэр эмэгтэйчүүдтэй хамт яваагүй. Би бусдыг дээрэмдээгүй, гэхдээ би хохирогчтой уулзаж, хохирлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг (хх-ийн 65-66, 68-69 дүгээр хуудас),

13. Хохирогч Б.Отгонцэцэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн 26-30 дугаар хуудас),

14. Хохирогч Б.Отгонцэцэгээр сэжигтнийг гэрэл зургаар таниулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (хх-ийн 31-33 дугаар хуудас),

15. Хохирлын үнэлгээ (хх-ийн 36 дугаар хуудас),

Мөн шүүгдэгч Д.Болдын хувийн байдалтай холбоотой баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 71), Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 76), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг төлсөн талаарх баримт (хх-ийн 79-81) зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Д.Болд нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Болд нь согтуурсан үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Титэм плаза” төвийн замын эсрэг (ертөнцийн зүгээр зүүн) талд иргэн Б.Отгонцэцэгийн хоолойг боож буюу амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 150.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Болдын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, мөн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Д.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Д.Болдыг “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “шүүгдэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үйлдлийг ухамсарлах, хянах чадваргүй байсан”-тай холбоотой гэж дүгнэв.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 75) байх тул шүүгдэгч Д.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Болд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгаж, өөртөө дүгнэлт хийх байдлаар өөрийгөө засан хүмүүжүүлэх, зан төлөв, хандлагаа өөрчлөх боломжтой гэж үзэв.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Д.Болдын оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 761 тоот хаягийн харьяаллаар тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгалаа.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Б.Отгонцэцэг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нийт 473.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Болд түүнд 480.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 79-80 дугаар хуудсанд хавсаргасан хохирол төлсөн талаарх баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Болдыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7. дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг ажлын хүрэм, нэг ширхэг ажлын үнэмлэх нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл биш бөгөөд цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд нь хэрэгцээт эд зүйлс байх тул Д.Болдод буцаан олгож, харин нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Отгонцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч Д.Болдод оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзсан тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Борлууд овогт Дуламжавын Болдыг “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдод 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7. дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг ажлын хүрэм, нэг ширхэг ажлын үнэмлэхийг шүүгдэгч Д.Болдод буцаан олгож, нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Болд нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Отгонцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдод оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5. дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд ялтан захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болох хуультайг шүүгдэгч Д.Болдод анхааруулсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Болдод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Болдод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.БАТАА