Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1154

 

  2020              9              8                                         2020/ДШМ/1154

                                                       

Ц.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/562 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Чын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2009000320337 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Илжгэн овгийн   Ц.Ч, 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, Дотоод хэргийн их сургуульд багш ажилтай, ам бүл 4, дүү нарын хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

            Ц.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лакс” баарны хашаанд хохирогч Г.Гийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогч Г.Гийг газар хавсарч унаган, нүүрэн тус газар нь 2 удаа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Чаас 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Гэд олгож, хохирогч Г.Г нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй буюу тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэх, хохирогчийн буруутай үйлдэл байсан эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсан эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Учир нь, тухайн үед хохирогч гэх Г.Г нь хамт явж байсан Ш.Жамъяндоржтой эхэлж муудалцан зодоон болох нөхцөл байдал үүссэн учир миний бие асуудлыг намжаах зорилготой машинаас бууж удаа дараа Г.Гэд зайгаа барьж жаахан холдоод зогсохыг сануулсан, тайвшруулах гэж оролдсон. Энэхүү нөхцөл байдал ч гэрч Ш.Жамъяндоржийн “... Ц.Ч машин дотроос чи тайвшир, бид хоёр зогсоолд машинаа тавих гэж байна, чи эхлээд эвтэйхэн харьцчих гэж 2-3 удаа хэлсэн. Би машинаасаа эхэлж буугаад хохирогч гээд байгаа залууд хандаж чи хэнтэй яаж харьцаад байгаа юм бэ, хариуцдаг ахлах байна уу, тэр хүнийгээ дуудчих гэж хэлсэн. Тэгсэн чинь хохирогч гээд байгаа залуу чи хариуцдаг хүн нь байна, чамд ямар хамаатай юм бэ гээд надтай тулаад ойртоод зогссон. Тэр үед Ц.Ч хохирогч бид хоёрыг ямар нэгэн асуудал болж магадгүй гэж бодсон уу, яасан машинаас бууж ирээд та жаахан зайгаа бариад зогсчих гэж хэлээд тэр залууг надаас холдуулах гэж оролдсон. Тэр үед хохирогч гээд байгаа залуу Ц.Чыг заамдаад авсан... “ гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байхад анхан шатны шүүхээс үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцоxгүй” гэж заасны дагуу тухайн үед гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байхад шүүхээс анхаарч үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Тухайн үед Ш.Жамъяндорж, Г.Г нарын маргаан ширүүсэж, Г.Г Ш.Жамъяндорж руу ойртож, дайрах довтлох ойрын боломжит зайд маш ойрхон тулж ирсэн. Энэ үед би хэрэг буруугаар эргэж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир шаардлага тавьж Г.Гийг тайвшраад зайгаа барьж зогсохыг сануулсан. 2 дахь удаагаа сануулж тайвшруулах оролдлого хийхэд намайг заамдаж авч түлхсэн учир миний бие өөрийгөө хамгаалж харилцан түлхэх үед машины хажуу талд овоолсон шороотой хэсэгт Г.Г унасан. Унаж босож ирээд надтай маргалдсан. Маргалдах явцдаа Г.Г миний толгой хэсэг рүү цохиж нүдний шил газарт унагаасан. Нүдний шилээ хайж байх үед Г.Г Ш.Жамъяндоржруу дайрч, ноцолдож байх үед миний бие очиж салгасан. Дээрх нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэж өөрийн зүгээс үзэж байна. Би тийм үйлдэл хийгээгүй бол Ш.Жамъяндоржийн биед ямар гэмтэл, яаж учирахыг мэдэхгүй байна. Гэтэл үүнээс өөрөөр хохирогч Г.Гийг зогсоох боломжгүй нөхцөл байдалд өөрийгөө болон Ш.Жамъяндоржийг бусдын хууль бус халдлагаас хамгаалсныхаа төлөө яллагдаж байгаад гомдолтой байна. Тухайн хохирогчийн биед гэмтэл учирсанд харамсаж байгаа хэдий ч миний бие санаатай учруулаагүй, өөрийгөө болон хамт ажилладаг Ш.Жамъяндоржийг хамгаалах үйлдэл хийсэн, хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, гэж заасан байдаг. Гэвч гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, хавтас хэрэгт тусгагдсан Сиди бичлэгээс зөрүүтэй байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хавтас хэргийн 9 дүгээр хуудсанд гэрч У.Санжаасүрэнгийн “...Гэндэндэмид машинаас буугаад “Toyota Allion” загварын автомашин дээр очсон. Би машин дотроо сууж байгаад 5-10 орчим минутын дараа очиход “Toyota Allion” загварын машин дотор байсан хоёр залуугийн нүдний шилтэй залуу нь Гэндэндэмидийг газарт унагаачихсан Гэндэндэмидийн цээж, хэвлий хэсэг рүү өшиглөж байсан... “ хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... дүрс бичлэгийн 1:20 минутанд талбайн зүүн талаас баруун талруу очсон иргэн буцаад талбайн баруун талаас зүүн талруу гүйж байгаа дүрс бичлэг харагдаж байв. Тухайн гүйж ирээд явж байгаа хүн нь Санжаасүрэн гэх хүн бөгөөд тэр үед бүгд зогсоогоороо байгаа нь камерт тодорхой харагддаг ба Санжаасүрэнгийн өгсөн мэдүүлэг шиг миний бие Гэндэндэмидийг газар унагаагаад цээж, хэвлий хэсэг рүү өшиглөж байсан үйл баримт тусгагдаагүй, ийм зүйл болоогүй нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа болно. Мөн хохирогч Г.Г мэдүүлэгтээ “...Би араас нь очоод зогсоол зааж өгөх гээд очиход Ц.Ч чи ер нь яах гээд араас дагаад яваад байгаа юм бэ гэж хэлээд хараасан. Тэгснээ маишнаас Ц.Ч нь бууж ирээд намайг хавсарч газарт унагаасан. Би босоод зогсож байтал Санжаа гүйгээд ирсэн” гэж мэдүүлсэн нь тус тус хоорондоо зөрж байгааг анхаарч үзээгүй. Гэрч М.Эрдэнэ нь “...хоёр залуугийн нүдний шилтэй залуу нь бие биеэ хамгаалж танай хамгаалагчийг зодсон гэж хэлсэн... хоёр залуучууд архи үнэртүүлчихсэн мөртлөө өндөр залуу машинаа унаад манай зогсоол дээрээс хөдөлсөн...” гэх мэдүүлэг өгсөн. Гэрч М.Эрдэнийн мэдүүлсэн шиг миний бие болон Ш.Жамъяндорж нар нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглээгүй, тухайн үед драйгер үлээлгэж согтолтын зэрэг 0,0 гэж гарсан. Ш.Жамъяндоржийн мэдүүлгээр давхар нотлогдоно. Энэхүү үйл баримтыг тухайн үед цагдаа утсаар бичиж авсан боловч хавтас хэрэгт тусгаагүй байсан. Иймд миний бие урьдчилсан хэлэлцүүлгийн үед ч энэхүү нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгуулах хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй болно. Дээрхээс гадна гэмт хэргийн гомдол, дуудлага мэдээлэл авагдсан тэмдэглэлд “иргэн Г.Гээс гаргасан “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ленин клубын хашаанд үл таних хүмүүстэй маргалдаж зодуулсан “ гэх гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдлыг хүлээн авсан гэх ба бичгээр гаргасан гомдол нь хавтас хэрэгт байхгүй, тусгагдаагүй байна. Мөн Ш.Жамъяндорж “...Би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утасруу залгаж Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн утасны дугаарыг аваад дуудлага өгсөн... “ гэх боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй, тусгаагүй мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр энэ талаар дурдсан. Мөрдөн байцаагч тухайн үед өмсөж байсан миний куртиканд үнэлгээ тогтоох зорилгоор тогтоол гаргаж өгсөн. Үнэлгээ гарсан талаар хэлэхэд мөрдөн байцаагч би өөрөө очиж авна гэсэн боловч хавтас хэрэгт тусгаагүй байсан. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг хангалттай үнэлж дүгнээгүй хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд гомдлыг хүлээн авч хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Чын өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Өмгөөлөгчийн зүгээс хөнгөн хохирол учруулах санаа, сэдэл байгаагүй гэж үзэж байна. Тухайн нөхцөлд аргагүй хамгаалалт, гарцаагүй нөхцөл байдлын улмаас ийм үйлдэл хийсэн гэж үзэж байгаа тул үүнийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

            Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс санаатайгаар хөнгөн гэмтэл учруулаагүй гэж маргаж байна. Хохирогч Г.Г мэдүүлэхдээ “Ц.Ч нь өөрийгөө цагдаа гэж хэлсэн болохоор би хөдлөөгүй. Ц.Ч намайг газарт хавсарч унагаж миний нүүр, толгой хэсэгт гараараа цохиж миний биед гэмтэл учруулсан” гэсэн. Хүнийг хавсарч унаган нүүр, толгой хэсэгт цохиж байгаагаас түүнд гэмтэл учрах боломжтой болохыг Ц.Ч нь ухамсарлан ойлгож байсан. Иймээс санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ц.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лакс” баарны хашаанд хохирогч Г.Гийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогч Г.Гийг газар хавсарч унаган, нүүрэн тус газар нь 2 удаа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Гийн "...Хашаан дотор 97-07 улсын дугаартай машин орж ирсэн. ...Би араас нь очоод зогсоол зааж өгөх гээд очиход Ц.Ч ... чи ер нь яах гээд араас дагаад яваад байгаа юм бэ гэж хэлээд хараасан. ...Тэгснээ машинаас Ц.Ч нь бууж ирээд намайг хавсарч газарт унагаасан. ...Тэгээд Санжааг хүн дуудах гээд явсан хойгуур Ц.Ч миний толгой, хамар, хэсэгт 1-2 удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлийг Ц.Ч намайг газарт хавсарч унагааж, миний нүүр, толгой хэсэгт гараараа цохиж учруулсан. Мөн миний куртикийг урсан, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ..." /хх-35/

гэрч У.С-гийн "... Манай баарны хашаанд саарал өнгийн “Toyota Allion” машин нилээд хурдтай орж ирсэн. Гэндэндэмид машинаас буугаад “Toyota Allion” машин дээр очсон. Би машин дотроо сууж байгаад 5-10 орчим минутын дараа машинаасаа буугаад очиход “Toyota Allion” машин дотор байсан хоёр залуугийн нүдний шилтэй залуу нь Гэндэндэмидийг газарт унагаачихсан Гэндэндэмидийн цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж байсан. ...Тэгээд Гэндэндэмид газраас босоод ирэхэд нүдний шилтэй залуу Гэндэндэмидийн толгой хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон. ...Гэндэндэмидийг харахад Гэндэндэмидийн хар өнгийн куртик нь урагдчихсан, нил шороо болсон байсан. ..." /хх 9/,

гэрч М.Э-ийн "...Намайг ажил дээрээ байхад согтуу хүмүүс танхайраад зогсоолын хүнийг зодоод байна гэхээр нь очоод харахад 97-07 УНХ улсын дугаартай, саарал өнгийн “Toyota Allion” машинтай хоёр залуу өөрсдийгөө цагдаа байна, ажилтай явж байна гээд манай баарны зогсоолын ажилтан Гэндэнг зодож цохисон байсан. Би тэр хүмүүст шаардлага тавьсан боловч хоёр залуугийн нүдний шилтэй намхан залуу нь би биеэ хамгаалж танай хамгаалагчийг зодсон гэж хэлсэн. ...Өөрсдийгөө цагдаа гэсэн хоёр залуучууд архи үнэртүүлчихсэн мөртлөө өндөр залуу нь машинаа унаад манай зогсоол дээрээс хөдөлсөн..." /хх 8/,

гэрч Ш.Ж-ийн "...Хохирогч залуу ... машинаа гарга гөлөг минь гэсэн. ...Тэр үед Ц.Ч ... машинаасаа бууж ирээд та жаахан зайгаа бариад зогсчих гэж хэлээд тэр залууг надаас холдуулах гэж оролдсон. Тэр үед хохирогч гээд байгаа залуу Ц.Чыг заамдаад авсан. ...Ц.Ч зөрүүлээд хохирогч гээд байгаа залууг түлхээд унагаасан. ...Хохирогч гээд байгаа залуу босож ирээд Ц.Ч руу дайрахыг оролдсон. Би хохирогч гээд байгаа залууг хувцаснаас нь бариад авсан. ...Хохирогч залуу Ц.Чын толгой хэсэгт нь гараараа цохиод авсан. Зөрүүлээд Ц.Ч ч гэсэн хохирогч залуугийн толгой хэсэгт нь гараараа цохисон. Тэр хоёр харилцан 2-3 удаа цохилцсон. ..." /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 562 дугаартай "... Г.Гийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /хх 15/ гэх дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийжээ.

Шүүгдэгч Ц.Чын Г.Гийг газар хавсарч унаган, нүүрэн тус газар нь 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн хавсарч унаган, нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдалд дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ц.Чын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй буюу тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэх, хохирогчийн буруутай үйлдэл байсан эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсан эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж аргагүй хамгаалалтыг тодорхойлсон.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

Шүүгдэгч Ц.Чын хувьд хохирогч Г.Гийг “хавсарч газарт унагаах, толгой, хамар, хэсэгт цохисон” үйлдэл нь түүнд гэмтэл учруулах боломжтой, хууль бус шинжтэй гэдгийг тэрээр ухамсарлаж байсан хэдий ч тухайн үйлдлийг санаатай хийж, хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

Мөн Ц.Чын үйлдэл нь бусдыг өдөөн хатгасан шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байх ба улмаар Г.Гийн эрх чөлөөнд халдан довтолсон үйлдэл нь бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Чын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон ба “хохирогч Г.Г нь шүүгдэгч Ц.Чыг өөрийг нь хавсарч газарт унагаан нүүрэн тус газар цохисон талаар мэдүүлснийг шүүгдэгч Ц.Ч нь үгүйсгэж, хохирогчоос биеэ хамгаалах зайлшгүй үйлдэл буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлсэн боловч шинжээчийн 562 дугаартай дүгнэлтээр “Г.Гийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан нь тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа” /хх 14-15/ гэх дүгнэлт, хохирогч Г.Г, гэрч У.Санжаасүрэн, М.Эрдэнэ, М.Жамьяандорж нарын мэдүүлэг зэргээс үзвэл хохирогчид учирсан дээрх гэмтэл нь Ц.Чын үйлдлийн улмаас үүссэн гэх хохирогчийн мэдүүлгийг худал гэж үгүйсгэх боломжгүй бөгөөд түүнд учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Чын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/562 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/562 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ