Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00085

 

Ү.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00304 дүгээр шийдвэртэй, Ү.С-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай, “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус газрын залуучуудын төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох. (2) Ажилгүй байсан хугацааны цалин 1206060 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгөх.(3) Ажиллаж байх хугацаанд авч чадаагүй 2018 оны 1 дүгээр сарын цалин 603030 төгрөг, 2 дугаар сард ажилласан 10 хоногийн цалин 274104 төгрөг, бүгд 877134 төгрөгийг тус тус гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тушаалаар тус хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар түр томилогдож ажиллаж байгаад мөн даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тушаалаар Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны байнгын ажлын байранд үндсэн ажилтнаар томилогдсон. Ажиллаж байх хугацаанд өөрийн хариуцсан ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан 5 удаагийн сургалтад хамрагдаж гэрчилгээ, сертификат авсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 дугаартай тушаалын хавсралтаар Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм, ажилтнуудын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтуудыг тус тус баталсан. Шинэ дүрэмд зарчмын ямар нэгэн өөрчлөлт ороогүй, төвийн өмнө нь гүйцэтгэж байсан чиг үүргүүд нь хэвээр хадгалагдсан, өмнө нь мөрдөж байсан 3 орон тоо хэвээрээ батлагдсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Н нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 02 дугаартай тушаалын 1 дэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод 2 дахь заалтаар намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон. Ингэснээр миний бие ажилгүй болж хууль эрх ашиг маань ноцтой зөрчигдөж байна. Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны орон тоо Төрийн үйлчилгээний албан тушаалын орон тоо байгаа бөгөөд түүнд холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой. Дарга Т.Н нь байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байтал надтай 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэхдээ ямар үндэслэлээр, ямар нөхцөл, шаардлагын үүднээс хугацаатай гэрээ байгуулж байгаагаа надад тайлбарлаагүй, энэ талаар надтай харилцан тохиролцоогүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд огт тусгаагүй. Дараа нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад түүнийг цуцлах талаар ямар нэгэн санал тавиагүй. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр сонгон шалгаруулалтад орох талаар Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл гэгчийг өгсөн. Би нэгэнт үндсэн орон тоонд ажиллаж байгаа, шинэ дүрмээр миний орон тоо хэвээр хадгалагдсан, төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулж томилох тухай хуулийн зохицуулалт байхгүй учир би сонгон шалгаруулалтад орохоос татгалзсан. Үүний дарга Т.Н нь дээрх тушаалыг гаргаж миний эрх ашгийг зөрчсөн.Т.Н даргын тушаалын үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжил төслийг 2013-2017 онд хэрэгжүүлэн дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Энэ хөтөлбөр өмнө нь төслийн хүрээнд хэрэгжиж байсан хэдий ч шинээр батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу үргэлжлэн ажиллах болсон. Энэ тохиолдолд өмнө нь тухайн төвд ажиллаж байсан намайг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан. Мөн намайг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулсан атлаа энэ хугацаанд ямар ч цалин хөлс олгоогүй. Би өмнө нь сард 603030 төгрөгийн цалин хөлс авч байсан учир 1 дүгээр сард 603030 төгрөгийн, 2 дугаар сарын 10 хоногт 274104 төгрөгийн цалин хөлс авах ёстой.

Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 02 дугаартай тушаалын Ү.С надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1206060 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, ажиллаж байх хугацаанд авч чадаагүй 2018 оны 01 дүгээр сарын цалин 603030 төгрөг, 2 дугаар сард ажилласан 10 хоногийн цалин 274104 төгрөг, бүгд 877134 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/72 дугаар тогтоолоор баталсан “Залуучуудын хөгжлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн (тухайн үеийн нэрээр) харьяа Залуучуудын хөгжлийн төв нэртэй залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй нэгж байгуулагдсан. Залуучуудын хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрмийн (2014 оны) 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт, Швейцарийн хөгжлийн Агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын НҮБ-ын хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн 2014-2017 төслийн хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баян аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн (тухайн үеийн нэрээр) харьяанд байгаа Залуучуудын хөгжлийн төв хамаарагдаж, 2014 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал олон улсын төслийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулсан. Тухайн Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагчаар Р.Ж, нийгмийн ажилтнаар Ү.С, сургагч багшаар А.Т нар ажилласан болно, Ү.С-ийг “нийгмийн ажилтан”-аар томилогдон ажиллаж байсан Засгийн газар, НҮБ-ын хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжлийн 2014-2017 төсөл нь 2017 оны 12 дугаар сарын 31-ээс дуусгавар болж, цааш сунгагдаагүй тул Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр Ү.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй болно.

2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/72 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Залуучуудын хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д “өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулагч удирдана” гэж, мөн “Зохицуулагчид дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн ажилтан ажиллана” гэж хоёр орон тоог дүрмээр хуульчлан баталгаажуулж өгсөн.

Тэгвэл 2018 оны 1 дүгээр сарын 01-ээс мөрдсөн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Залуучуудын хөгжлийн дүрмийг Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална” гэж заасны үндсэн дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан бөгөөд, уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төв нь Ажлын албаны нарийн бичиг, сургалт хариуцсан ажилтан, оролцоо хамтын ажиллагаа хариуцсан ажилтан гэсэн орон тоотой байна” гэж орон тооны бүтцийг хуульчлан баталсан байдаг. Энэхүү шинэ дүрмээр Ү.С-ийн ажиллаж байсан нийгмийн ажилтан гэсэн орон тоо бүхэлдээ байхгүй болж, оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан хэмээх шинэ орон тоо буй болсон тул Ү.С-ийн орон тоо, бүтэц хэвээр батлагдсан гэх гомдлыг зөвшөөрөх боломжгүй байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот хөдөлмөрийн гэрээний 1.7 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, уг гэрээнд ажилтан Ү.С өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг зөвшөөрсөн, өөрөө танилцаж гарын үсэг зурснаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан учир 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-т “хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулж болно” гэж заасан тул гэрээний хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан тул хууль зөрчөөгүй болно.

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулж байсан Залуучуудын хөгжлийн төв нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ -ын хүн амын сантай хамтарсан Залуучуудын хөгжлийн төсөл 2014-2017-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан учир төслийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-нд дуусах хугацаатай, дууссан хугацаа тодорхой байгаа тул байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй. Төслийн хугацааг сунгах асуудал Засгийн газар болон НҮБ-ийн хүн амын сангийн эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх тул төслийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээг ажилтан Ү.С-тэй байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцэж байна.

Залуучуудын хөгжлийн төвийн Үлгэрчилсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар Залуучуудын хөгжлийн төв нь НҮБ-ын хүн амын сангийн хөрөнгөөр санхүүжиж байсан тул тухайн төслийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсноор Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтан, зохицуулагч, сурагч багш гэх 3 орон тоогоор үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Эдгээр 3 нь орон тоо Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2017 он, 2018 оны бүтэц, орон тоонд батлагдаагүй.

Залуучуудын хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Баян-Өлгий аймгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиг үүргийг тодорхой заасан бөгөөд дүрмийн 9.1.2-т зааснаар мэргэжил, арга зүй, санхүүгийн удирдлагаар хангах, 9.1.5-д зааснаар төвийн ажлыг удирдан чиглүүлж, зохицуулагч, нийгмийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах, төвийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлүүлэх гэж тодорхой заасан. Манай аймгийн Залуучуудын хөгжлийн төв нь НҮБ-ийн хүн амын сангийн төсөл арга хэмжээний олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж байсан тул улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт тусгагдаагүй болно.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөгдөж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “...Залуучуудын хөгжлийн дүрмийг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална” гэж зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар шинээр батлагдсан Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрмийн 4.1-д “Төв нь Ажлын албаны нарийн бичиг, сургалт хариуцсан ажилтан, оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан гэсэн орон тоотой байна гэж хуульчилсан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн чиглэл хүргүүлэх тухай 01/33 тоот албан бичгээр “Залуучуудын хөгжлийн төвийг шинээр байгуулах, ажилтнуудыг шинээр хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулж томилох”-ыг үүрэг болгосон. Үүний дагуу Залуучуудын хөгжлийн төвийн шинээр батлагдсан 3 орон тоонд сонсох ажиллагаа явуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан хүмүүсийг шилж сонгож, болзол хангасан хүмүүсийг томилсон. Тухайн үед Ү.С-д сонсох ажиллагаанд оролцох, бичиг баримт бүрдүүлж өгөхийг мэдэгдэж, Сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн боловч өөрөө татгалзсан тайлбар бичиж өгсөн.

“Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 4.7 дахь заалтад “Төвийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, Үлгэрчилсэн загвар, албан тушаалын ангиллыг агентлагийн дарга батална” гэж, 4.8-д “Төвийн ажилтнууд нь дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Залуучуудын хөгжлийн төвийн ажлын байрны тодорхойлолтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бөгөөд Ү.С нь ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заасан тавигдах шаардлагыг татгалзсан байх гэж үзэж байна. Иймд Ү.С-ийн урьд ажиллаж байсан Олон улсын санхүүжилт бүхий төслийн хугацаа дууссан, уг төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, үүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг цааш нь сунгах боломжгүй болсон нь нотлогдсон учир гомдлыг ханган шийдвэрлэж, Залуучуудын хөгжлийн төвд нийгмийн ажилтнаар томилох боломжгүй байна.

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд Залуучуудын хөгжлийн төвд нийгмийн ажилтан гэсэн орон тоо батлагдаагүй болох нь Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрмийн 4.1-т зааснаар баталсан бүтэц орон тоо, мөн Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын батлагдсан бүтэц орон тоогоор нотлогдоно. Эдгээр үндэслэлээр Ү. С-ийн гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00304 дүгээр шийдвэрээр

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тушаалын Ү.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ү.С-ийг урьд эрхэлж байсан тус газрын Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 1206060 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ү.С-д олгосугай.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг баримтлан Ү.С-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 1206060 төгрөгт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 153169 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Ү.С-ийн ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх авч чадаагүй цалин 877134 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг дурдсугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00304 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй, нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй биш гэж үзэх гомдлын үндэслэл:  

1. Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын Хөгжлийн Төв (цаашид ЗХТ) нэртэй нэгж байгуулагдаж, хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын Сайдын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/72 тоот тогтоолоор баталсан “Залуучуудын хөгжлийн үлгэрчилсэн дүрэм" -ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагааг манай байгууллагад харьяалуулсан. Уг Залуучуудын хөгжлийн төв нь Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар “төвийн зохицуулагч”, мөн дүрмийн 6.7-д “нийгмийн ажилтан” ажиллана гэж заасан байдаг. “Нийгмийн ажилтан” гэсэн орон тоонд Баян-Өлгий аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” 10 тоот тушаалаар Ү. С-ийг томилсон байна. Харин ЗХТ нь нийт 3 орон тоотой байсан ба төвийн зохицуулагч Ж, нийгмийн ажилтан Ү. С, сургагч багш Т нар ажиллаж байсан. Энэхүү гэр бүл, хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн ( тухайн үеийн нэрээр) дэргэд байгуулагдсан Залуучуудын хөгжлийн Агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байсан “Залуучуудын хөгжлийн төсөл 2014-2017” -ийн хүрээнд Олон улсын төслийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан. Түүнээс биш Залуучуудын хөгжлийн төвийн бүтэц, орон тоо болох “төвийн зохицуулагч Ж, нийгмийн ажилтан С, сургагч багш Т нарын төсөв Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын “бүтэц орон тоонд” батлагдаагүй.Энэ нь хавтаст хэрэгт байгаа тус байгууллагын 2017,2018 оны бүтэц орон тооны жагсаалтаар нотлогдож байна. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй байна.

2. Ү.С нь шүүхэд гаргасан гомдолд: “Шинэ дүрэмд зарчмын ямар нэгэн өөрчлөлт ороогүй, тус төвийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан, өмнө нь мөрдөж байсан 3 орон тоо хэвээр батлагдсан” гэж гомдол гаргасан нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Үүнд: 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/72 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Залуучуудын Хөгжлийн төвийн Үлгэрчилсэн дүрэм"-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д “өдөр тутмын үйл ажиллагааг “Зохицуулагч удирдана” гэж, мөн зүйлийн 6.7-д “Зохицуулагчид дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн ажилтан ажиллана” гэж хоёр орон тоог дүрмээр хуульчлан баталгаажуулж өгсөн.Тэгвэл 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдсөн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д "... Залуучуудын хөгжлийн төвийн дүрмийг Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн Захиргааны байгууллага батална" гэж заасны үндсэн дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг болох Гэр бүл, хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэ дүрмийг баталсан бөгөөд, уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-т  “Төв нь Ажлын албаны нарийн бичиг, сургалт хариуцсан ажилтан, оролцоо хамтын ажиллагаа хариуцсан ажилтан гэсэн орон тоотой байна” гэж орон тооны бүтцийг хуульчлан баталсан байдаг. Энэхүү шинэ дүрмээр Ү.С-ийн ажиллаж байсан “нийгмийн ажилтан” гэсэн орон тоо бүхэлдээ байхгүй болж, “оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан” хэмээх шинэ орон тоо буй болсон байдаг тул Ү.С-ийн орон тоо бүтэц хэвээр батлагдсан гэх гомдлыг зөвшөөрөх боломжгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж “нийгмийн ажилтан” гэсэн байхгүй орон тоонд Ү.С-ийг эгүүлэн тогтоосон нь нотлох баримтыг буруу үнэлснийг илтгэж байна.

3. Ажил олгогчоос 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай зохицуулалтыг зөрчсөн, надтай харилцан тохиролцоогүй хэмээн гомдол гаргажээ. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.7 дахь заалтаар Хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, уг гэрээнд ажилтан Ү.С өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаатай байгуулсныг зөвшөөрсөн, өөрөө танилцаж гарын үсэг зурснаар нотлогдож байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 -д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан учир 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 -т “энэ хуулийн 23.2.1-т заасан Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулж болно” гэж заасан тул гэрээний хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан тул хууль зөрчөөгүй болно. Хөдөлмөрийн тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан учир Ү.С гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Иймд Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзнэ.

4. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулж байсан Залуучуудын Хөгжлийн төв нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сантай хамтарсан “Залуучуудын Хөгжлийн төсөл 2014 -2017” -ийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан учир төслийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-нд дуусах хугацаатай, дуусах хугацаа тодорхой байгаа тул “байнгын ажлын байр” гэж үзэх боломжгүй. Төслийн хугацааг сунгах асуудал Засгийн газар болон НҮБ-ын хүн амын сангийн эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх тул төслийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээг ажилтан Ү.С-тэй байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцэж байна.

5. Залуучуудын Хөгжлийн төвийн Үлгэрчилсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 -т зааснаар Залуучуудын Хөгжлийн төв нь НҮБ-ын хүн амын сангийн хөрөнгөөр санхүүжиж байсан тул тухайн төслийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсноор ЗХТ-ийн нийгмийн ажилтан, зохицуулагч, сурагч багш гэх 3 орон тоог үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар Ү.Сийг ажлаас чөлөөлсөн болно. Эдгээр 3 нь орон тоо Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2017, 2018 оны бүтэц, орон тоонд батлагдаагүй. Энэ талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж гомдол гаргаж байна.

6. Залуучуудын Хөгжлийн төвийн Үлгэрчилсэн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Баян-Өлгий аймгийн хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиг үүргийг тодорхой заасан бөгөөд дүрмийн 9.1.2-т зааснаар “мэргэжил, арга зүй, санхүүгийн удирдлагаар хангах”, 9.1.5-д зааснаар “төвийн ажлыг удирдан чиглүүлж, зохицуулагч, нийгмийн ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах, төвийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлүүлэх” гэж тодорхой заасан. Манай аймгийн “Залуучуудын хөгжлийн төв” нь НҮБ-ын хүн амын сангийн төсөл арга хэмжээний олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж байсан тул Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт тусгагдаагүй болно.

            “Залуучуудын Хөгжлийг дэмжих тухай” хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөгдөж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “...Залуучуудын Хөгжлийн дүрмийг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн Захиргааны байгууллага батална” гэж зааснаар ЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан. Энэхүү шинээр батлагдсан “Залуучуудын Хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм” - ийн 4.1-т “Төв нь ажлын албаны нарийн бичиг, сургалт хариуцсан ажилтан, оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан гэсэн орон тоотой байна” гэж хуульчилсан. Ү.С-ийн ажиллаж байсан “нийгмийн ажилтан” гэсэн орон тоо уг дүрмээр батлагдаагүй. “Залуучуудын Хөгжлийг дэмжих тухай” хууль “Залуучуудын хөгжлийн төвийн дүрэм” шинээр батлагдсантай холбогдуулан ЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын Хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “чиглэл хүргүүлэх тухай” 01/33 тоот албан бичгээр “Залуучуудын Хөгжлийн төвийг шинээр байгуулах, ажилтнуудыг шинээр хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулж томилох”-ыг үүрэг болгосон. Үүний дагуу Залуучуудын Хөгжлийн төвийн шинээр батлагдсан 3 орон тоонд сонсох ажиллагаа явуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан хүмүүсийг шилж сонгож, болзол хангасан хүмүүсийг томилсон. Тухайн үед Ү.С-д сонсох ажиллагаанд оролцох, бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг мэдэгдэж, “Сонсох ажиллагааны мэдэгдэл” өгсөн боловч, өөрөө татгалзсан тайлбар бичиж өгсөн.

7. “Залуучуудын Хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм” -ийн 4.7 дахь заалтад: “Төвийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар, албан тушаалын ангиллыг Агентлагийн дарга батална” гэж, 4.8-д “Төвийн ажилтнууд нь дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Залуучуудын Хөгжлийн төвийн ажлын байрны тодорхойлолтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 01 дүгээр 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бөгөөд Ү.С нь ажлын байрны тодорхойлолтын “В” хэсэгт заасан “Тавигдах шаардлага”-ыг хангаагүй тул татгалзсан байх гэж үзэж байна.

Иймд Ү.С-ийн урьд ажиллаж байсан Олон Улсын санхүүжилт бүхий төслийн хугацаа дууссан, уг төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, үүнтэй холбоотой Хөдөлмөрийн гэрээг цааш нь сунгах боломжгүй болсон нь нотлогдсон учир гомдлыг ханган шийдвэрлэж, Залуучуудын Хөгжлийн төвд “Нийгмийн ажилтан”-аар томилох боломжгүй болсон.

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд “нийгмийн ажилтан” гэсэн орон тоо батлагдаагүй болох нь “Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм” -ийн 4.1 -т зааснаар баталсан бүтэц орон тоо, мөн Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018 оны батлагдсан бүтэц орон тоогоор нотлогдоно.

Хоёр: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргах талаар:

1. “Залуучуудын Хөгжлийг дэмжих тухай" хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөгдөж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 -д “...Залуучуудын Хөгжлийн дүрмийг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн Захиргааны байгууллага батална” гэж зааснаар ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталж, энэхүү шинээр батлагдсан “Залуучуудын Хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 4.1 -д “Төв нь ажлын албаны нарийн бичиг, сургалт хариуцсан ажилтан, оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан гэсэн орон тоотой байна” гэж хуульчилсан. Энэ хуулийн дагуу нийгмийн ажилтан гэсэн орон тоо үгүй болсон тул шинээр томилогдох ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заасан үндэслэл журмаар сонгон шалгаруулж томилсон болно. Нэгэнт бүтэц орон тоогоор нийгмийн ажилтан гэх орон тоо үгүй болсон байхад шүүх тухайн орон тоонд Ү.С-ийг эгүүлэн тогтоосон нь “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д, “Залуучуудын Хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм” -ийн 4.1-т заасныг тус тус зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ 2018/00304 тоот шийдвэрийг давж заалдах гомдлын үндсэн дээр хүчингүй болгож, Ү.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Ү.С нь Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай, “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус газрын Залуучуудын төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1206060 төгрөг гаргуулах тухай, ажиллаж байх хугацаандаа авч чадаагүй 2018 оны 01 дүгээр сарын цалин 603030 төгрөг, 2 дугаар ажилласан 10 хоногийн цалин 374104 төгрөг нийт 877134 төгрөг гаргуулах тухай гомдол гаргажээ.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Залуучуудын хөгжил 2013-2017” төсөл, Залуучуудын хөгжлийн төвийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/33 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн, “Засгийн газар, НҮБ-ийн хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжлийн төсөл 2014-2017” төслийн хугацаа дууссан үндэслэлээр тус төвийн нийгмийн ажилтан Ү.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажилтан Ү.С нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2018 оны 02 дугаар сарын  сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Засгийн газар, НҮБ-ийн хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжлийн төсөл 2014-2017” хөтөлбөр нь төслийн хүрээнд хэрэгжиж байсан хэдий ч шинээр батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу үргэлжлэн ажиллах болсон учраас тус төвд ажиллаж байсан намайг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Анхан шатны шүүхээс “Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/72 дугаартай Залуучуудын хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрэм, ажлын байрны тодорхойлолтын загвар батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар Залуучуудын хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийн долоо дугаар бүлгийн 11.1-д төвийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан байх ба 11.1.1-т улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, 11.1.2-т олон улсын төсөл хөтөлбөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэхээр тусгасан байна. Энэхүү байдлаас үзэхэд Залуучуудын хөгжлийн төв нь зөвхөн Олон улсын төслийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх боломжгүй болно. Мөн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаж энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна гэж зааснаас үзэхэд ажил олгогчийн Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжил төслийг 2013-2017 онд хэрэгжүүлэн дуусаж хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэл нь няцаагдаж байна.” гэж дүгнэсэн үндэслэлтэй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ