| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2017/0055/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2017-04-26 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Иргэдийн төлөөлөгч Р.Алтанчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогч П.Гантулга
Шүүгдэгч Ц.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Цэндбаатарын Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 20707084 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Хатигин овогт Цэндбаатарын Мөнхбаатар, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 04 сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЯ86041173/, бага боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 01 сарын 07-ны өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 05-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 12 сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл.
Шүүгдэгч Ц.Мөнхбаатар нь 2007 оны 01 сарын 19-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 29 дүгээр байрны зүүн хойд талд хохирогч П.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл, газарт хавсарч унагаж П.Гантулгын биед дагз ясны хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхи, дээд доод уруулд цус хуралт, зүүн шанаа, баруун чих, хуйханд зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2007 оны 01 сарын 19-ний орой 52 дугаар байрын буудлаас найзуудтайгаа гараад явж байхад 3 залуу өөдөөс ирж яваа харагдсан. Тэгээд тэдгээр залуучуудтай таарч хажуугаар нь гарах гэхэд нэг энгийн хувцастай залуу нь миний нүд рүү цохихоор нь би буцаад гүйтэл өөдөөс манай нөгөө хэд маань ирж явахаар нь би буцаж гүйж очоод хохирогч Гантулгыг барьж аваад заамдаж, хавсарч унагаахад Гантулга ар дагзаараа газарт унахаар нь түүний нуруу болон хэвлийн хэсэг рүү өшиглөсөн юм. Энэ үед Хашбат, Энхбаатар хоёр намайг салгаж байсан шиг санаж байна. Тэгээд бид нар буудал руугаа явсан.
Хохирогч Гантулгыг зодоход Хашбат, Энхбаатар нар оролцоогүй, намайг хохирогчийг унагааж байхад тэд ирээд намайг салгасан юм. Миний газарт унагаасан үйлдлээс болж хохирогч тархиндаа гэмтэл авсан гэж ойлгодог. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хугацаанд хохирогчид нийт 1400000 төгрөг өгсөн гэв.
Хохирогч П.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2007 оны 01 сарын 19-ний орой Буянбаатар бид хоёрыг 29 дүгээр байрны зүүн хойно байрлах под станцын зүүн талаар гарч явтал хойд зүгээс нэг хүн гүйж ирээд мөргөөд дайрчих гэхээр нь “чи яаж байна аа” гээд би тэр залууг түлхээд гараараа нэг удаа ёвроод орхитол тэр залуу тэр чигээрээ урагшаа гүйгээд явчихсан. Тэгээд тэр залуугаас салаад явж байсан чинь араас хэн нэгэн хүн ирээд шууд хавсарч унагаахад газарт унаад ухаан балартсан. Надаас эд зүйлийг минь дээрэмдэж авсан зүйл байхгүй, куртик, бүсээ яаж алга болсныг би мэдэхгүй байгаа юм. Гэхдээ энэ залуу аваагүй. Найз нар нь ирээд тэр залууг надаас салгаж байсныг нь би тухайн үед ухаан балартаад намайг хамжиж зодсон гэж буруу ойлгож явсан юм. Миний тархинд учирсан гэмтэл Мөнхбаатар намайг арагш татаж газарт унагаснаас үүссэн байх гэж боддог. Газарт унаад л ухаан балартсан юм.
Би хохиролд 1400000 төгрөг авсан. Энэ хэрэг гараад 10 жил өнгөрсөн. Тухайн үед гэмтснээс болж би эмнэлэгт хэвтээгүй, гэрээрээ эм ууж байгаад эдгэрсэн. Одоо миний биеийн байдалд ямар нэгэн зовиур, өөрчлөлт байхгүй. Энэ залуу ч гэсэн тур үед хүүхдээрээ шахам байсан юм билээ. Иймд надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэв.
Хохирогч Э.Буянбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Гантулга ах бид хоёрыг 52 дугаар байрны зүг 29 дүгээр байрны зүүн хойно байрлах под станцын зүүн талаар гарч явтал хойд зүгээс нэг залуу урагшаа гүйж яваа харагдсанаа Гантулга ахтай мөргөлдсөн...Гантулга ах тэр залууг “яаж байна аа” гээд түлхээд ёвроод авах шиг болоод нөгөө залуу урагшаа гүйгээд явчихсан. Бид хоёрыг цааш алхаж байтал гэнэт Гантулга ахыг араас нь хүн ирээд цохиод авахаар нь би салаад хойшоо гүйгээд удалгүй баригдаад газарт унаад зодуулсан...Гантулга ахтай мөргөлдсөн залуу л байх гэж бодож байна. Өөр хүнтэй муудалцаагүй...” гэжээ. /1-р хавтас 29-30-р хуудас/
Гэрч Н.Батзориг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Удалгүй 10 орчим минут болоод Гантулга, Буянбаатар хоёр хүнд цохиулчихсан гээд нүүр, хувцас нь цус болчихсон манайд ажилладаг Чинбат гэх хүний хамт орж ирсэн. ...Тэгээд Чинбат, Гантулга, Буянбаатар бид дөрөв гарч Гантулгыг гэрт нь хүргэж өгөхөөр гараад буудал руу явж байтал үйлчилгээний төвийн хойно хэдэн цагдаа нар явж байгаа таараад “хүнд зодуулчихлаа” гэхэд “хаашаа явсан” гэхэд нь “52 дугаар байрны тийшээ явсан” гэхэд тэр цагдаа нар тэр зүг рүү явсан. Бид дөрөв Гантулгынд очиход гэрт нь хүнгүй болохоор буцаад манайд ирээд Гантулга манайд хоносон...” гэжээ. /1-р хавтас 31-р хуудас/
Гэрч П.Мөнхсүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ ...Гантулгатай хамт ажилладаг Батзориг гэх залуугийнд ороход Батзориг гэртээ байсан. Тэгээд авч орсон 2 шил архиа хувааж уусан...архи дуусахад “Гантулгыг хүргэж өгнө” гээд Гантулга, Буянбаатар бид гурав гарсан. Гадаа гараад бид гурав зүүн хойшоо под станцын зүүн талар гараад явж байхад бидний өөдөөс нэг залуу ирж яваа харагдсан. Гантулга нэг мэдэхэд тэр залууг цохиод авах шиг болоод нөгөөх нь цаашаа гүйсэн. Би нэлээд согтуу байсан учрыг нь ойлгоогүй. Удалгүй тэр дороо хэдэн хүүхдүүд хашгиралдаад гүйлдээд ирэхээр нь би гүйгээд явчихсан. Хоёр хоногийн дараа намайг тэмцээнд ороод явж байхад Гантулгын дүү нь таараад “Гантулга ах хүнд зодуулсан 35 дугаар байшинд дүүгийндээ байгаа” гэж байсан. Тэгээд би очиж уулзаж мэдсэн... гэжээ. /1-р хавтас 32-р хуудас/
Дорнод аймгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2007 оны 1 сарын 22-ны өдрийн 87 тоот актад: “1.П.Гантулгын биед дагз ясны хугарал, тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Дагз ясны гэмтэл хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эмчлүүлэх шаардлагатай” гэжээ. /1-р хавтас 41-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн шинжээчийн 1525 тоот дүгнэлтэд: “1. Шинжээч эмч М.Цэцэгдэлгэрийн 87 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2.П.Гантулгын биед дагз ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд доод уруулд цус хуралт, зүүн шанаа, баруун чих, хуйханд зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл учирчээ. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дагз ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд доод уруулд цус хуралт, зүүн шанаа, баруун чих, хуйханд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн шанаа, баруун чих, хуйханд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Дагз хэсгээр унах үед дагзны ясны хугарал гэмтэл үүсэх боломжтой ба бусад гэмтлүүд нь үүсэх боломжгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хавтас 167-168-р хуудас/
Хохирогч П.Гантулга /1-р хавтас 26-28, 155-157, 2-р хавтас 4-р хуудас/, Гэрч Н.Батзориг, П.Мөнхсүх, Б.Анхбаяр /1-р хавтас 35-р хуудас/, Б.Энхбаяр /1-р хавтас 224-225-р хуудас/, Ц.Мөнх-Эрдэнэ /1-р хавтас 226-227-р хуудас/, Э.Буянбаатар /2-р хавтас 5-6-р хуудас/ нарын болон шүүгдэгч Ц.Мөнхбаатарын сэжигтэн, яллагдагчаар /1-р хавтас 80-82, 84-87, 181, 183-р хуудас/, Г.Энхбаатарын сэжигтэн, яллагдагчаар /1-р хавтас 88-89, 91-92, 179-180-р хуудас/, Д.Отгонбаярын сэжигтнээр /1-р хатас 94, 230-231-р хуудас/, Ч.Ганболдын сэжигтнээр /1-р хавтас 96, 232-233-р хуудас/, Т.Батхүрэлийн сэжигтнээр /1-р хавтас 98, 228-229-р хуудас/, Э.Хашбатын сэжигтэн, яллагдагчаар /1-р хавтас 177-178-р хуудас/ өгсөн мэдүүлгүүд, Цэрэг бүсийг Ц.Мөнхбаатараас хураан авсан тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 24-25-р хуудас/, Цэрэг бүсийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 1-р хавтас 23-р хуудас/, Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2007 оны 09 сарын 10-ны өдрийн 24, 2010 оны 07 сарын 06-ны өдрийн 5/61 дүгээр тогтоол /1-р хавтас 138, 151-р хуудас/, Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай прокурорын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 5/67 дугаар тогтоол /1-р хавтас 154-р хуудас/, Зарим сэжигтэн, яллагдагчид холбогпох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 519 дугаар тогтоол /2-р хавтас 11-13-р хуудас/, Хохирол төлсөн талаарх баримт /задгай/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 191-р хуудас/, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ц.Мөнхбаатар нь 2007 оны 01 сарын 19-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 29 дүгээр байрны зүүн хойд талд хохирогч П.Гантулгыг “өөрийг нь цохисон” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэн түүнийг зодох, хавсарч дагзаар нь газарт унагаж бие махбодид нь “дагз ясны хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ц.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогч П.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Анхбаяр, Б.Энхбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Буянбаатар Г.Энхбаатар нарын болон уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгагдсан Д.Отгонбаяр, Ч.Ганболд, Т.Батхүрэл, Э.Хашбат нарын мөрдөн байцаалтад өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2007 оны 1 сарын 22-ны өдрийн 87 тоот акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн шинжээчийн 1525 тоот дүгнэлт, Цэрэг бүсийг Ц.Мөнхбаатараас хураан авсан тогтоол, тэмдэглэл, Цэрэг бүсийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ц.Мөнхбаатарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогчид “дагз ясны хугарал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл” учирсан хор уршиг нь түүнийг газарт ар дагзаар нь унагасан шүүгдэгч Ц.Мөнхбаатарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзнэ.
Энэ хэрэгт холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо хамааралтай, хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Мөнхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Мөнхбаатар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ц.Мөнхбаатарын Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 01 сарын 07-ны өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 05-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 12 сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан ял шийтгэлийн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хууль зүйн үр дагавар дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 05-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсний дараа өмнө нь үйлдсэн энэ гэмт хэрэг илэрсэн нь түүнийг нэг тогтоолоор шийтгэх хууль зүйн үр дагавар үүсэх хэдий ч энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг хэрэглэхэд харшлахгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгчийн 2007 онд үйлдсэн энэ гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2009, 2015 оны хуульд хамрагдах үндэслэлтэй ба Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2009 хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Мөнхбаатарын ял хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 209 хоног цагдан хоригдсон, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 05-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялыг биеэр эдэлж дууссан байх тул ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Гантулгад эмчилгээний зардалд 1400000 өгсөн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Ц.Мөнхбаатарын ЖЯ86041173 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хатигин овогт Цэндбаатарын Мөнхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Цэндбаатарын Мөнхбаатарыг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2009 оны 07 сарын 09-ний өдрийн
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар ялтан Ц.Мөнхбаатарт оногдуулсан 3
жил 6 сарын хорих ялаас 3 /гурав/ жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх
ялыг 06 /зургаа/ сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар ялтан Ц.Мөнхбаатарын эдлэх 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар ялтан Ц.Мөнхбаатарын 2007 оны 01 сарын 30-ны өдрөөс 2007 оны 08 сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 209 /хоёр зуун ес/ хоног, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 05-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор биечлэн эдэлсэн 3 сар 01 хоногийн баривчлах ялыг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, ялтан Ц.Мөнхбаатар нь хохирогчиийн гэм хорын хохиролд 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн буюу нэхэмжлэгч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсуай.
7. Баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ц.Мөнхбаатарын ЖЯ86041173 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Мөнхбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ