Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1155

 

2020                 9             8                                         2020/ДШМ/1155                                        

 

 

Э.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Буяндэлгэр,

хохирогч Э.М, түүний өмгөөлөгч Д.Ц,

шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч С.О,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Мын өмгөөлөгч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Дт холбогдох эрүүгийн 1904 00008 0102 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тангууд овгийн  Э.Д, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор, комбанич мэргэжилтэй, “Жи Эс Агро холдинг” ХХК-д тракторчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:................/;

            Э.Д нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт орших “Ганц мод” гэх хилийн суурин газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Мтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний нүүрэн тус газарт нь мөргөх, архины шилээр цохих зэргээр зодож биед нь духны хөндийн гадна ялтас ба зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Багануур дүүргийн прокурорын газраас: Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Э.Дт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Э.Мын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг Э.Д төлснийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах болон хилийн хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Э.Дт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Э.Мын өмгөөлөгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтэл, хохирол нь “хөнгөн” байсан нь эргэлзээтэй, үндэслэлгүй байж болох нөхцөл байдал тогтоогдсон.

            Шүүх хуралдаанд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1328 дугаартай дүгнэлтийг үйлдсэн Эрүүл мэндийн яамны Нүд судлалын салбар зөвлөлийн гишүүн, ШУГТЭ-ийн Нүдний тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Баттуяа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтийг үйлдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд нар оролцсон.

            Тус хэрэгт хохирогчид учирсан гэмтлийн талаар нийт 4 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурор нь дахин шинжилгээ хийлгэх тухай сүүлийн 2 тогтоол буюу 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 26 дугаартай, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дугаартай тогтоолуудад л хохирогчийн нүдний гэмтэлтэй холбоотой асуултыг шинжээчид тавьсан байдаг. Өмнө үйлдэгдсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн болон прокурорын тогтоолуудад хохирогчийн нүдний гэмтэл, хараа алдалтын талаархи асуулт тавигдаагүй.

            Дээр дурдсанаар прокурорын сүүлийн 2 тогтоолын дагуу үйлдэгдсэн дүгнэлт буюу Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1328 дугаартай дугнэлтээр Э.Дт зодуулснаас үүссэн гэмтлийн улмаас хохирогчид харааны мэдрэлийн хатингаршил, хараагүйдэл үүссэн... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтээр хохирогчийн харааны мэдрэлийн хатингаршил нь нүдний даралт ихсэх өвчин, хуучин гэмтлийн /хохирогч 2015-2016 оны үед зүүн нүдэндээ цохиулсан талаараа мэдүүлсэн байдаг/ аль алинаас нь үүсэх боломжтой ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн.

            Өмнөх 2 дүгнэлт болох Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 847 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 509 дугаартай дүгнэлтүүдэд хохирогчийн нүдний хараагүйдэл гэмтэл болон гэмтэл үүсэх болсон шалтгааны талаар дурдаагүй.

            Шийтгэх тогтоолд “... Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан ... хохирогч Мөнхбаатарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ... гэсэн агуулга бүхий дүгнэлт нь шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг, гэрч Т.Ариунболдын мэдүүлэг, 509, 847, 438 дугаартай дүгнэлтүүдээр няцаагдаж байна гэж дүгнэлээ” гэжээ. Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтийг үйлдсэн иинжээч эмч Ц.Ганболдоос шүүх хуралдааны явцад гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулахад “... хэрэг болох үед харааны мэдрэлийн хатингаршилтай байна гэж үзсэн, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хатингаршил гэсэн онош тавиагүй, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ариунболд эмч хатингаршил үүссэн гэсэн онош тавьсан байсан” гэж мэдүүлсэн. Энэ нь хохирогчийн нүдэнд харааны мэдрэлийн хатингаршил үүссэн талаар оношлогдохоос 3 сар орчмын өмнө хатингаршилтай байсан хэмээн таамгаар оношлож 438 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй буюу оношилогоо шинжилгээний баримтаас зөрүүтэй байдлаар гаргасан болохыг илэрхийлж байна. “Орбита” эмнэлгийн амбулаторийн картаар 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ариунболд эмч “зүүн нүдний мэдрэлийн хатингаршил” гэх оношийг анх удаа тавьсан байдаг.

            Шинжээч эмч Ж.Баттуяа шүүх хуралдаанд “Хэрэв харааны мэдрэлийн атрофи /хатингаршил/ үүссэн байх юм бол тэр “Орбита” эмнэлгийн 3-4 удаагийн үзлэг, “Орбита”, “Болор мэлмий” эмнэлгийн шинжилгээ, нүдний компьютерийн шинжилгээ, нүдний “Рефлекс” эмнэлгийн харааны мэдрэлийн дуудлагат потенциалын шинжилгээгээр ядаж гарах ёстой, тэгэхээр энэ шинжилгээнүүд нь бүгд хэвийн гарчихсан байсан, тэгэхээр хуучин гэмтлээс харааны мэдрэл аль хэдийнээ хатингаршсан юм уу гэхээр үзлэг шинжилгээнүүд нь баталж өгөхгүй байгаа юм ...” Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай шүүгчийн 119 дугаартай захирамжид “харааны мэдрэлийг хатингаршилд оруулах ямар ч шалтгаан байж болно, доод зах нь сарын дараагаар 3 сарын дараагаар харааны мэдрэлийн хатингаршил явагджээ гэж харагдана” гэж мэдүүлсэн.

            Мөн “Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл”-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны 10/08 дугаар дүгнэлтэд “Рефлекс эмнэлэгт хийгдсэн харааны мэдрэлийн дуудлагат потенциалын шинжилгээнд хэвийн гарсан нь энэ гэмтлээс өмнө харааны мэдрэл хэвийн байсныг илэрхийлэх ба гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн хатингаршил 4-6 долоо хоногоос хойш явагдаж эхэлнэ” гэжээ.

            Хохирогч гэмтсэн даруйдаа зүүн нүдний төвийн гаралтай тур зуурын хараагүйдэл оноштой байсан ч харааны мэдрэл хэвийн эсэхийг шалгах дуудлагат потенциалын шинжилгээгээр хараа хэвийн гарсан байна.

            Энэ бүгдээс дүгнэвэл хохирогч Э.М нь Э.Дт цохиулснаас хойш харааны мэдрэлийн хатингаршил үүсч хараагүй болжээ гэж үзэхээр байна.

            Мөн дурдсанчлан 438 дугаартай дүгнэлтээр хохирогчийн харааны мэдрэлийн хатингаршил нь нүдний даралт ихсэх өвчин, хуучин гэмтлийн аль алинаас нь үүсэх боломжтой гэж дүгнэсэн.

            Тэгвэл хохирогчид нүдний даралт ихсэх өвчин гэмтлээс өмнө үүссэн байсан уу, шинжээч эмч Ж.Баттуяа шүүх хуралдаанд “Нэг нүдэнд хатингаршил эхэлсэн байх юм бол нөгөө нүдэнд галекон буюу нүдний даралтын шинж заавал явагдана, нөгөө эрүүл нүдэнд галеконы шинж тэмдэг заавал явагдана гэсэн үг... ” гэж мэдүүлсэн. Хохирогч Э.Мт нүдний даралт ихсэх өвчин илэрсэн талаар удаа дараагийн шинжилгээ оношлогоонд дурдагдаагүй байсан ба хэрэг үйлдэгдсэнээс 1 жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 1 дүгээр сард 438 дугаартай дүгнэлтийг үйлдэх үедээ эмч П.Бүрэнжаргал “баруун нүдний ОСТ зургуудад нүдний даралт өвчнөөс болсон харааны мэдрэлийн өөрчлөлт бага багаар нэмэгдсэн байдаг” гэж дүгнэсэн байна. Тэгэхээр хохирогч цохиулж зүүн нүдэндээ гэмтэл авснаас хойш 1 жил гаруй хугацааны дараа баруун нүдэнд даралт илрэх нь зүй ёсны асуудал байна.

            Дээр дурдсан баримтуудаас дүгнэвэл хохирогчид үүссэн нүдний хараагүйдлийн шалтгаан болох харааны мэдрэлийн хатингаршил нь гэмтлээс шалтгаалж үүсвэл 1-3 сарын дараагаар шинжилгээ оношлогоогоор илрэх, хараа алдалт үүсэх учир 2-3 жилийн өмнөх хуучин гэмтлээс шалтгаалж хараагүйдэл үүсэх боломжтой гэх дүгнэлт нь үндэслэлгүй нь илэрхий байна.

            Мөн 438 дугаартай дүгнэлтэд “... хуучин гэмтэл болох зүүн ухархайн доод ханын цөмрөлийн байршил, булчин хавчуулагдсан байдал, нүдний алим доош суусан зэрэг гэмтлээс болж харааны мэдрэлийн үйл ажиллагаа алдагдана, харин шинэ гэмтэл нь харааны мэдрэлээс хол байршилтай атрофи үүсгэхгүй" гэж хугарал нь харааны мэдрэлтэй хамгийн ойр байдаг бөгөөд харааны мэдрэлийг гэмтээх боломжтой” гэж мэдүүлсэн зэрэг нь дараах баримтаар үгүйсгэгдэнэ.

            Үүнд, шинжээч эмч Ж.Баттуяагийн шүүх хуралдаанд “нүдний алимны хөдөлгөөн бүх чиглэлд чөлөөтэй гэсэн өгүүлбэр байгаа нь хугаралд ямар нэг булчин хавчуулагдаагүй гэсэн үг” гэх мэдүүлгээр хуучин гэмтлээс шалтгаалж булчин хавчуулагдаагүй нь, мөн “Мед Травма” эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн КТГ-ийн шинжилгээгээр "... шинэ хугаралтай, уг хугарлын улмаас ... зүүн нүдний алим доош 0,7 см гүн хэмжээтэй сууж” гэх дүгнэлтээр шинэ хугарлаас шалтгаалж зүүн нүдний алим доош суусан байгаа нь харин ч эсрэгээрээ 438 дугаартай дүгнэлтэд дурдсанаар хуучин гэмтлээс шалтгаалсан бус шинэ гэмтлээс шалтгаалж харааны мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах үндэслэл бий болсон болохыг илэрхийлнэ.

            Эдгээр үндэслэлээр 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 438 дугаартай дүгнэлт үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Харин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1328 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэж байна. Учир нь “Мед Травма” эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн КТГ-ийн шинжилгээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Гавал тархины КТГ-ийн шинжилгээ, “Орбита” эмнэлгийн амбулаторийн карт, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Рефлекс” эмнэлэгт хийгдсэн харааны мэдрэлийн дуудлагат потенциалын шинжилгээ, “Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл”-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/08 дугаар дүгнэлт, Дүрс оношлогооны шинжилгээнүүдийн дүгнэлт, “Болор мэлмий” эмнэлгийн шинжилгээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Орбита” эмнэлгийн нүдний КТГ-ийн шинжилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

            Шийтгэх тогтоолд дурдсан мэдүүлэг өгсөн гэрч Т.Ариунболд нь Э.Мыг эмчилж байсан эмч бөгөөд "... Э.Мын зүүн нүдийг тухайн үеийн цохилтоос үүссэн гэхэд учир дутагдалтай байгаа юм. Яагаад гэхээр өмнө хараатай байсан эсэх талаар сайн мэдээгүй тул хэрвээ өмнө зүгээр харж байсан бол тухайн үед цохисон цохилтоос үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Шүүх дүгнэлтээ нотлох зорилгоор энэхүү мэдүүлгийн зарим хэсгийг таслан авч бичсэн нь гэрчийн мэдүүлгийг бүрэн утгаар нь илэрхийлж чадахааргүй байдалд хүргэжээ.

            Шинжээчийн дүгнэлтүүд болон эмч Т.Ариунболдын мэдүүлгээс харахад Э.Дт цохиулахаас өмнө хохирогч Э.Мын нүдний хараа ямар байсан нь нүдний хараагүйдлийн шалтгааныг тогтооход өөрөөр хэлбэл Э.Дт цохиулснаас шалтгаалж хараагүй болсон эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой үйл баримт байдаг.

            Хохирогч нь Э.Дарханбаагарт зодуулах үедээ том оврын ачааны машин жолоодож хилийн хооронд тээвэр хийдэг байсан, мөн 2 удаа жолооны эрх авч, жолооны ангилал ахиулах үедээ нүдний эмчийн үзлэгт орж байсан, өөрийн нүдний хараа хэвийн байсан, цохиулснаас хойш хараагүй болж байгаа талаараа дурдаж прокурорт гомдол гаргасан байдаг. Мөн хохирогч 2015-2016 оны үед бааранд С.Ганзориг, Баттулга гэх найз нарын хамт байхдаа зүүн нүдэндээ цохиулсан талаараа мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулаагүй.

            Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Э.Дт зодуулж гэмтэхээсээ өмнө хохирогч Э.Мын нүдний хараа хэвийн байсныг нотлох зорилгоор хохирогчийн жолоодох эрхийн лавлагаа, оршин сууж байсан өрхийн болон дүүргийн эмнэлгээс нүдний оношлогоо, эмчилгээ хийлгэж байсан эсэх талаархи баримт, хорооноос оршин суух хаягийн лавлагаа зэрэг баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн.

            Жолоодох эрх авах гэж байгаа хүн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн хувьд жолоо барихад тэнцсэн байх ёстой. Мөн Хөдөлмөрийн сайд БСШУ-ийн сайдын 2015 оны А/171, А/496 дугаар тушаалын хавсралт “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ийн 2.2.2-д зааснаар жолооч бэлтгэх сургалтад хамрагдахдаа тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэх талаарх үзлэгийн хуудас бүрдүүлсэн байна. Эдгээр хууль журмын дагуу хохирогч Э.М нь 2016, 2017 онд, хамгийн сүүлд гэмтэхээсээ 6 сарын өмнө буюу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр жолоодох эрхийн ангилал ахиулсан ба энэ үедээ нүдний эмчийн үзлэгт орж тэнцсэн байдаг.

            Гэмтэл авахаас өмнө дүүргийн болон өрхийн эмнэлгээр нүдний зовиур өвчний улмаас оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэж байгаагүй зэрэг нь Э.Мын нүдний хараа хэвийн байсныг илтгэдэг.

            Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 88, 108, 109, 236, 237 дугаар хуудсанд байх нүдний шинжилгээний зургууд дүгнэлтгүй, онош уншсан бичиггүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

            Иймд шүүгдэгч Э.Д нь хохирогч Э.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь хэргийг хангалттай нотолж чадсан гэх шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хохирогчийн гэмтэл “хөнгөн” гэдэг нь эргэлзээгүй нотлогдож чадаагүй, “хохирогчийн харааны мэдрэлийн хатингаршил нь нүдний даралт ихсэх өвчин, хуучин гэмтлийн аль алинаас нь үүсэх боломжтой... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 438 дугаартай дүгнэлт үйлдсэн шинжээч нь дүгнэлтийнхээ үндэслэл болсон шинжилгээ оношлогооны баримтаа нэрлэн зааж чадахгүй, онош хаана, хэзээ тавьсныг хэлж чадахгүй /угаасаа байхгүй илрээгүй байсан оношоор дүгнэлт гаргасан байдаг/, 2 гэмтлийн хооронд 2-3 жилийн зайтай байхад “хугацааны хувьд хэдэн сарын л асуудал байгаа шүү дээ” гэх мэтээр мэдүүлэг өгч байсан.

            Харин “Э.Дт зодуулснаас үүссэн гэмтлийн улмаас хохирогчид харааны мэдрэлийн хатингаршил, хараагүйдэл үүссэн... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх 1328 дугаартай дүгнэлт үйлдсэн шинжээч эмч дүгнэлтийн үндэслэл болох шинжилгээ оношлогооны баримтаа тодорхой дурдаж, үндэслэлтэйгээр тайлбарлаж байсан ба энэ ч бусад баримтаар нотлогдож байсан.

            Гэтэл шүүх ...хохирогчийн нүдний хараа шүүгдэгчид зодуулахаас өмнө хэвийн байсан байх магадлалтайг, ... яллах дүгнэлтийн үндэслэл болох шинжээчийн зарим дүгнэлтүүд үндэслэлгүй, эргэлзээ бүхий байгааг, ... хохирогчийн нүдний хараа шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж гэмтэхээс өмнө ямар байсан талаар болон хохирогч өмнө нь хэзээ бусдад нүд орчимдоо цохиулсан эсэх талаар зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулж, асуудлыг шалган тогтоосны эцэст хохирогчийн нүдний хараагүйдэл гэмтлийн талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгааг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

            Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.

 

 

 ...” гэв.

 

            Шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Энэ хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүний 3 нь хөнгөн, 1 нь хүнд гэмтэл гэж дүгнэсэн. Хамгийн сүүлд 7 шинжээчийн дүгнэлт гарсан тэр дундаа нүдний клиникийн профессор хүн бүрэлдэхүүнд нь орж дүгнэлт гаргахдаа “энэ нь урьд авсан хуучин гэмтэл буюу зүүн нүдний доод ухархай цөмөрсөн. Энэ нь 0.5 мм-ийн хэмжээтэй байгаа тул нүд нь доош унаж нүдний хатангиршил үүссэн байна. Энэ нь нүдний даралт өвчин болон гэмтлийн улмаас үүссэн. Шинэ учирсан гэмтэлтэй холбоогүй, зай нь хол байна” гэсэн байсан. Хохирогч энэ гэмтлийн улмаас зүүн нүдний дээд ухархайд гэмтэл авсан болох нь хавтас хэрэгт авагдсан маш олон баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа “Орбита” эмнэлэгт очиж хэвтэхэд хохирогчийн нүдэнд хатангиршил үүссэн, хараа нь муудсан байсан болох нь тогтоогдож байсан тул шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ганболд нарийн тайлбарлаж хэлсэн. Хавтас хэргийн 20 дахь талд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Мөнхбаатараас “таны хуучин гэмтлийн улмаас нүд чинь хараагүй болсон байна. Үүнд тайлбар байна уу” гэхэд “би 2015 билүү 2016 онд Багануурт байхдаа ресторанд нүд рүүгээ цохиулаад битүү гэмтэл авсан. Үүний улмаас хуучин гэмтэл авсан байх магадлал өндөртэй” гэсэн байсан. Мөн хавтас хэргийн 142 дахь талд хохирогчид мөнгө өгөхөд “надад гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье” гээд иргэний үнэмлэхний хуулбараа өгсөн баримт хавтас хэрэгт авагдсан байна. Иймд хуучин гэмтлийн улмаас хараагүй болсон нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Э.Д нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт орших “Ганц мод” гэх хилийн суурин газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Мтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний нүүрэн тус газарт нь мөргөх, архины шилээр цохих зэргээр зодож биед нь духны хөндийн гадна ялтас ба зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Мын “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нутаг буцах гээд буудал дээр очсон чинь Э.Д согтуу байж байсан тул маргааш явъя гээд ууж байсан архинаас нь хувааж уугаад сууж байтал Э.Д намайг “энэ их овоо гараа, унаганы хашаагаар явдаг” гээд чичээд байсан ба намайг цохих гээд байхаар нь би боль гэж хэлээд орон дээр дарж унагаад зүгээр бай гэж хэлсэн. Тэгтэл Э.Д нь хэвтээд өгөхөөр нь санаанд оролгүй хажуу талынх нь орон дээр хэвтэж байтал Э.Д ширээн дээр байсан архитай шилээр миний нүүрний зүүн хэсэгт цохисон. Би ухаан алдсан ба юу болж байгааг мэдээгүй. Э.Д нь намайг ална гээд архины шилээ бариад дайраад байсан гэж хамт явж байсан залуу сүүлд хэлсэн. Би толгойдоо боолт хийлгэж, 3 оёдол тавиулсан. ...” /1хх 16-17/,

Гэрч С.Ш-ийн “... Мөнхбаатар авчирсан архиа уугаад сууж байтал Э.Д шууд босч ирээд архины шилээр Мөнхбаатарын толгойн тус газарт цохисон. Тэгтэл Мөнхбаатарын толгойн зүүн нүдний дээд хэсгээс цус гарсан ба цусаа дараад байж байгаад Мөнхбаатар ухаан алдсан. Тэр үед Э.Д наад хулгайчийг чинь нэг мөсөн гүйцээчих үү гээд архины шил бариад дайрахаар нь боль гэж би салгаад байж байтал Э.Д хувцсаа өмсөөд гараад явсан. ...” /1хх 29-30/,

Гэрч Т.А-ын “... Манай эмнэлэгт Э.М гэх иргэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирж үзүүлсэн. Уг иргэний зүүн талын дух хөмсөг орчим нээлттэй, нэвт гэмтэлтэй, шархтай, шарх идээлсэн, буглаа үүссэн, зовхи буулттай, нэвчмэл хавантай, нүд аниастай байдалтай байсан. Зүүн нүдний хараа гарын хөдөлгөөн мэдэрч зүүн нүдний ухархайн хана хугаралтай байсан. Э.Мын нүдийг тухайн үеийн цохилтоос үүссэн гэхэд учир дутагдалтай байгаа юм. ...” /1хх 35-36/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн “... Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 60-61/ гэх мэдүүлгүүд,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 509 дугаартай “... Э.Мын биед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 847 дугаартай “... Э.Мын биед тухайн үед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагара сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Орбит, Болор мэлмий эмнэлгийн амбулатороор эмчлүүлэгчдийн картанд Э.Мын зүүн нүд хараагүй болсон гэсэн байх боловч уг хараагүйдэл нь ямар шалтгаанаас үүссэнийг тодорхой тусгаагүй байна. Иймд одоогоор Э.Мын биед гэмтлээс шалтгаалсан үлдэц уршиг бий болсон эсэхийг тогтоох боломжгүй. Одоогоор гэмтлээс шалтгаалсан үлдэц уршиг бий болсон эсэхийг тогтоох боломжгүй учир   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 509 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.” /1хх 72-74/, 

Дүрс оношилгооны их эмч С.Батзоригийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “... Толгойн тодосгогч бодисгүй Компьютер томографийн зургууд дээр дух яс зүүн доод хэсэгт фронтол синусын гадна хана 2.8 см өргөн хэсэгт дотогш фронтал синусын хөндийрүү 0.7 см гүн цөмөрч хугарсан /олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн шинэ хугарал, фронтал синусын хөндийн зүүн хэсэгт +51НU нягтралтай бага хэмжээтэй шингэнтэй/. Тус хугарал нь зүүн нүдний ухархайн дээд хананы гадна хэсгийг хамарч 2.3 см өргөн хэсэгт арагш доош чиглэлд 0.5 см гүнд цөмөрч хугарсан. Зүүн нүдний алимны дээд гадна хэсгийн өөхөн эслэгт нэвчдэс ихтэй, зүүн нүд хөдөлгөгч дэдэ шулуун булчин нэвчдэстэй, зузаарсан. Зүүн нүдний алим доош-гадагш чиглэлд шилжиж хөнгөн зэргийн экзофтальмийн өөрчлөлттэй. Зүүн нүдний ухархайн доод хана 1.8х 1.3 см өргөн хэсэгт доош 0.5 см гүн цөмөрсөн хуучин хугаралтай, тус хугаралын улмаас зүүн нүд хөдөлгөгч доод шулуун булчин entrapment өөрчлөлттэй /хуучин өөрчлөлтүүд/. Хамрын хажуу хана хуучин хугаралтай, деформацтай. Хамрын таславч баруун тийш мурийсан. Хамрын баруун талын агаар дамжуулах зам нарийссан /хуучин өөрчлөлтүүд/. Зүүн талын хөхлөг сэртэнт ясны агааржилт буурсан, атрофийн өөрчлөлттэй. Духны зүүн тал, ззүүн нүд болон зүүн хацар орчмын зөөлөн эдүүд хаван, нэвчдэс ихтэй, фронтал синусын хугаралын харалдаа арьсан доор хий тодорхойлогдоно. Гавал ясны бусад хэсгүүд болон тархинд гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй.

Толгойн тодосгогч бодисгүй Соронзон резонөнст томографийн зургууд дээр зүүн нүдний ухархайн гадна дээд хэсгийн экстракональ зайнд 2.3х1.4х0.7 см хэмжээтэй Т2-FS горимд сигналын өндөр эрчимтэй нэвчдэст өөрчлөлттэй. Дух ясны фронтал синусын зүүн талын гадна хананы цөмөрсөн хугаралын харалдаа арьсан доорхи зөөлөн эдэд 2.3х0.5 см хэмжээтэй Т2 горимд сигналын эрчим өндөртэй нэвчдэстэй. Зүүн нүдний ухархайн доод хана нүд хөдөлгөгч доод шулуун булчин entrapment болсон хуучин цөмөрсөн хугаралтай. Хамарны таславч зүүн тийш мурийсан архаг өөрчлөлттэй.” /1хх 77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай “... Э.Мын биед духны хөндийн гадна ялтас ба зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн нийлмэл хугарал, духны хөндий дэх  цус хуралдалт, зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тухайн үед учирсан байна. Хамар ясны шинэ хугарал тогтоогдоогүй. Э.Мын биед учирсан дээрх гэмтэл нь Хууль Зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч Э.Мын биед учирсан духны хөндийн гадна ялтас ба зүүн ухархайн дээд ханын цөмөрсөн нийлмэл хугарал, духны хөндий дэх цус хуралдалт, зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тухайн үзүүлэх үед үүссэн байсан шинэ гэмтэл, хамар яс болон зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл байна. Хуучин гэмтэл болох зүүн ухархайн доод ханын цөмрөлтийн байршил, булчин хавчуулагдсан байдал, нүдний алим доош суусан зэрэг гэмтлээс болж харааны мэдрэлийн үйл ажиллагаа явагдана. Харин шинэ гэмтэл нь харааны мэдрэлээс хол байршилтай, харааны мэдрэлийн хатингаршил үүсэхгүй тул зүүн нүдний хараа алдалт нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэхгүй.

Э.Мын зүүн нүд хараагүй болсон байна, шалтгаан нь харааны мэдрэлийн хатингаршил юм. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд учирсан гэмтлийн улмаас хараагүйдэл үүсээгүй, учир нь хохирогч Орбита эмнэлэгт хэвтэхээр үзүүлэхдээ л зүүн нүд харахгүй байсан нь шалгагдаж тэмдэглэгдсэн ба зүүн нүдний эхо шинжилгээгээр нүдний алиманд цохилтоос үүссэн хараа муутгах бүтцийн өөрчлөлт илрээгүй байхад юм харахгүй байсан нь харааны мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой байна. Орбита эмнэлэгт  харааны мэдрэл шалгах ОСТ шинжилгээ хийсэн боловч зүүн нүднийх нь 2/10 гэж гарсан нь дүгнэлт хийх боломжгүй чанарын шаардлага хангаагүй үзүүлэлт байсан. ОСТ зураг 5/10-с доош гарсан байвал дүгнэлт хийх боломжгүй буюу буруу дүгнэлт гарна гэсэн Олон улсын стандарт заалт байдаг. Дараа дараагийн шаардлага хангасан зургууд дээр зүүн нүдний харааны мэдрэлийн  хатангиршил гарсан байна. Хохирогч Э.Мын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үзэхэд баруун нүдний угт нүдний даралтаас үүссэн мэт 70-80 хувь атрофийн цайлттай харагдаж байсан, мөн баруун нүдний ОСТ зургуудад нүдний даралт өвчнөөс үүссэн байх магадлалтай харааны мэдрэлийн өөрчлөлт бага багаар нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Э.Мын зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршил нь нүдний даралт ихсэх өвчин, хуучин гэмтлийн аль алинаас нь үүсэх боломжтой байна.

Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн. 509, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 847 дугаартай дүгнэлтүүдээр Э.Мын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй. Хохирогч Э.Мын зүүн нүдний хараа сэргэхгүй. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 509, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 847 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1328 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.” /1хх-242-250, 2хх-1-3/ гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Э.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хохирогч Э.Мын өмгөөлөгч Д.Ц нь “... шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.

 

 

 ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч Э.Мын биед учирсан гэмтлийн талаар 1, 3, 5, 7 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэйгээр, нийт 4 удаа дүгнэлт гаргуулсан байна. Үүнээс 1, 3, 7 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр Э.Мын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан ба хамгийн сүүлд мэргэжлээрээ 16-25 жил ажилласан туршлагатай, Эрүүл мэндийн яамны дэргэдэх нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнийг оролцуулсан 7 шинжээч эмчийн дүгнэлт гарсан байх ба дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй гарсан гэж үзэж дахин шинжээч томилох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч Э.Мын зүүн нүд нь хараагүй болсон, харааны мэдрэлийн хатангаршил /атрофи/ үүссэн нь шүүгдэгч Э.Дын үйлдлээс болоогүй, өмнө нь үүссэн хуучин гэмтлээс шалтгаалсан байна гэж үзлээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана.” гэж заасан байх тул Э.Дт оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг зааж өгөх нь зүйтэй байна.

Иймд хохирогч Э.Мын өмгөөлөгч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Э.Дт мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Дт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Дт мэдэгдсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.Мын өмгөөлөгч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ