Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2017/0328

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2017/0328

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух, Т.Э,

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******, ******* дүгээр тушаал болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот тушаалаар хууль, журмын дагуу Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилогдон, ажил үүргээ гүйцэтгэж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******, ******* дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг бөгөөд төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас болон төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг хуульчилсан байхад Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын *******, ******* дүгээр тушаалууд нь дээрх үндэслэлээр гараагүй, хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ хуульд заагаагүй үндэслэлээр буюу бүтэц, орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгааг алдагдуулсан, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан хууль бус акт юм.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан байх ба Налайх дүүргийн Засаг дарга болон Тамгын газрын дарга нар Нийслэлийн Засаг даргын 2016 оны ******* дугаар захирамжийг биелүүлсэн байж болно, гэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчим-ыг баримтлаад хуульд нийцсэн шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл Захиргаа хуулийн хэлтэс гэж байсныг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болгож нэрийг нь өөрчилснөөс биш ажлын байрны тодорхойлолт, үндсэн чиг үүрэг нь хэвээрээ, ямар ч өөрчлөлт ороогүй. Нөгөөтээгүүр 2013 оны бүтэц орон тоо нь 12 байсныг 2016 онд 13 болж орон тоо нь нэмэгдсэн байхад бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь хасагдсан нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Мөн маргаан бүхий тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гарахаас өмнөх нийтийн сонсголтой холбоотой ажиллагааг хийгээгүй, мөн хуульд зааснаар шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй.

Өөрөөр хэлбэл Т.Э-ыг зайлшгүй өөрчлөх үндэслэл байсан гэдгийг хариуцагч тал нотолж чадсангүй. Т.Э-ыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн томилох боломжтой байсан.

Хариуцагч нь Т.Э-ыг анх томилсныг хууль бус байсан гэж маргаж, тайлбар ирүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн хувьд бүтэц орон тоогоор чөлөөлсөн, тэтгэмж олгосон 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******, ******* тушаалын хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар маргаж байгаа тул түүнийг урьд нь яаж томилогдсон нь хамаагүй. Тэгээд ч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн чөлөөлсөн тушаал дээр энэ талаар дурдаагүй, огт байхгүй зүйлийг яриад байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн зүгээс бүтэц орон тоо нь өөрчлөгдөж, ахлах мэргэжилтний ажлын байрыг санал болгосон гэдэг боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй.

Миний бие ажил үүргээ гүйцэтгэхдээ хангалтгүй болон огт гүйцэтгээгүй тохиолдол байхгүй бөгөөд удирдлагаас албан үүргээ биелүүлээгүй талаар ямарваа нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй. Улсад 24 жил тасралтгүй ажилласнаас төрийн албанд 17 жил тасралтгүй ажилласан, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйг сахин, төрд чин үнэнчээр зүтгэж байтал 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А-ийн тушаалаар Бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийдлээр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж, ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч ******* дугаар тушаалаар бүтэц орон тоогоор бүх ажилчдыг чөлөөлөөд ******* дугаар тушаалаар эргүүлээд томилсон боловч Т.Э-ыг томилохгүй үлдээж, ******* дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн ажилтнуудад нэг удаагийн тэтгэлэг олгосон байна. Иймд нэг өдөр гарсан *******, ******* дүгээр тушаалууд нь хоорондоо хамаарал бүхий тушаалууд учраас дан ганц ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах боломжгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******, ******* дүгээр тушаал болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5.263.130 төгрөгийг гаргуулан олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолоор Нийслэлийн захирагчийн албаны бүтэц орон тоог өөрчилсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг өөрчилсөн бөгөөд уг захирамжийг үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны ******* дугаар захирамж гарч, Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Тамгын газрын захиргаа, хуулийн хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болж өөрчлөгдөн шинээр зохион байгуулалтын бүтэц байгуулагдаж, чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Иймд хэлтсийн даргаар төрийн захиргааны ажлын илүү мэдлэг, дадлага туршлага, ур чадвартай ажилтан ажиллуулах шаардлага гарсан бөгөөд Т.Э-д хэлтсийн ахлах мэргэжилтний ажил, албан тушаалыг санал болгосон боловч, би та бүхэнтэй хамтарч ажиллахгүй гэж чөлөөлөгдөх хүсэлтээ амаар илэрхийлсэн учир түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэлэг 3.082.227 төгрөгийг Тамгын газраас олгосон бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч, тэтгэлгээ бүрэн хэмжээгээр авсан.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн ажил, албан тушаалд сонгон шалгаруулж, авах тухай хүсэлтээ төрийн байгууллага төрийн албаны зөвлөлд эхлээд явуулж, төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн томилгоо хийх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д .. албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй, 16 дугаар зүйлийн 16.3-т ...17.1, 17.4-д заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Т.Э нь дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаад ажлаас халагдсаныхаа дараа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд Тамгын газрын хэлтсийн даргаар томилогдож, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулалгүй 10 сар ажиллаж байсан. Түүнийг ямар түрэмгий байдлаар Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилогдсон нь Тамгын газрын даргад хандаж гаргасан өргөдлөөс харагдана. Энэ нь Тамгын газрын даргад дүүргийн Засаг даргын зүгээс шахалт үзүүлж, түүнийг томилуулсны илэрхийлэл юм. Т.Э нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдоогүй учир Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл түүний гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгсөн.

Нөгөөтээгүүр Нийслэлийн Засаг даргын 2015 оны ******* дүгээр захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажиллуулахад мөрдөх нийтлэг журам-ын 3.2.1-ийн А-д төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно, мөн журмын Д-д Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй гэж нарийвчлан заасан боловч Т.Э нь тухайн албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны тухай хууль, зарчим, хэм хэмжээг ноцтой зөрчсөн байсныг засаж, залруулах үүднээс, мөн Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Т.Э нь ажлаас чөлөөлөгдөж, хуульд заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэлгээ бүрэн хэмжээгээр авч, өөрөө хүлээн зөвшөөрсөн тул Тамгын газрын даргын тушаал хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцсэн.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаал нь зөвхөн Т.Э-тай холбоотой тушаал биш бөгөөд тушаал дээр Т.Э гэж байхгүй. Бидний зүгээс Т.Э-ыг томилсон тушаалтай маргаагүй, шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа дурдсан.

Ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Захиргаа, хуулийн хэлтэс нь ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаалтан нь тооны хувьд 7 албан тушаалтан байсан. Шинэ батлагдсан бүтцээр Төрийн захиргааны удирдлагын хэлтэс буюу чиг үүрэг нь нэмэгдсэн. Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаалтан нь 21 болон нэмэгдсэн. Үүн дээр хороодын Засаг дарга, ажилтнууд нэмэгдсэн. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь өмнө байсан Захиргаа, хуулийн хэлтсээс хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь өргөжсөн. Нөгөө талаас захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан энэ тушаал болон өмнөх баталсан тушаалыг харьцуулаад харахад бүтцийн орон тоо нь 2 орон тоогоор багассан байгаа. Нөгөө талаас Төрийн захиргаа, хуулийн хэлтэс дотроо 2 нэгжтэй байсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа зөвхөн нэр нь өөрчлөгдсөн, ажлын байр, чиг үүрэг нь яг хэвээрээ байгаа гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм.

Улсын Дээд Шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу хүний нөөцтэй холбоотой гаргасан шийдвэр нь Засаг даргын захирамжийг өөрчлөх, хүчингүй болгоход хамаарахгүй гэж заасан байна. Мөн Улсын Дээд Шүүхийн тогтоолын 15-д зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэдэгт эрх бүхий байгууллага, /Нийслэлийн засаг дарга/ албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно гэж тайлбарласан. Хуучин байсан Захиргаа, хуулийн хэлтэс нь дотроо албатай болж, түүнд харьяалагдах чиг үүрэг нь өргөжиж ажиллаж эхэлсэн. Мэдээж чиг үүрэг нь өөр болсоний дагуу ажлын байрны зорилго буюу тодорхойлолт нь мөн өөрчлөгдсөн. Ажлын байрны шаардлага бас өөрчлөгдөж, төрийн удирдлагын менежер гэсэн шаардлага шинээр тавигдсан. Мэргэжил нь төрийн удирдлагын менежер, эрх зүйч болон бусад, мэргэшил нь хүний нөөцийн удирдлага гэж нэмэгдсэн. Ийм учраас Налайх дүүргийн Засаг даргын захирамж нь дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлсэн шийдвэр бөгөөд тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг үндэслэж гаргасан. Өмнөх Захиргаа хуулийн хэлтсийн даргын ажил буюу орон тоо, бүтэц нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 832 дугаар захирамжаар байхгүй болсон. Одоо Төрийн захиргаа удирдлагын хэлтэс гэсэн бүтцээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд Т.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь анх тус шүүхэд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаал болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагаа Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******, ******* дүгээр тушаалууд болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаал болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Тамгын газрын бүтэц, орон тоо, харьяа газруудын тухай дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтцийг Захиргаа, хуулийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цэргийн штаб гэсэн бүтэцтэй байхаар, Засаг даргын Тамгын газрын ажлын байр (албан тушаал)-ны жагсаалтаар Захиргаа, хуулийн хэлтэс нь дарга, 11 ажилтантай байхаар тус тус баталжээ.

Улмаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан тушаалд томилох тухай ******* дугаар тушаалаар Т.Э-ыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилжээ.

Маргаан бүхий Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллах тухай ******* дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны *******, Налайх дүүргийн Засаг даргын ******* дугаар захирамжийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Засаг даргын Тамгын газрын батлагдсан бүтэц, зохион байгуулалт, орон тоогоор 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллахаар, 2 дахь заалтаар шинэ бүтэц, зохион байгуулалт, орон тоогоор ажиллах болсонтой холбогдуулан Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг ажил, албан тушаалаас нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Т.Э нь ...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийдлээр ажлаас үндэслэлгүйгээр халсан. Миний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд ороогүй, хэвээр хадгалагдаж байгаа... гэж, хариуцагч нь Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болж өөрчлөгдөн, шинээр зохион байгуулалтын бүтэц байгуулагдаж, чиг үүрэг нь өөрчлөгдсөн ... гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна, 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд дүүргийн Тамгын газрын дарга нь Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан, Тамгын газрын орон тоог тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг тухайн төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт орж, орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн албанаас чөлөөлж болох хуулийн зохицуулалттай байна.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д ... зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн ... гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар, тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгох бөгөөд мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д ...орон тоо хасагдсан ... гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох-оор тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолын 5 дахь заалтаар ... нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг ... Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай) байхаар тогтоосон байх бөгөөд дээрх Засгийн газрын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай ******* дугаар захирамж гарган, уг захирамжийн 2 дахь заалтаар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Хууль зүйн тасаг, Архивын тасагтай/, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цэргийн штаб гэсэн бүтэцтэй байхаар, З дахь заалтаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалтыг /1 дүгээр хавсралтаар/ тус тус баталж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь дарга, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтэн зэрэг 10 хүний орон тоотой байхаар тус тус тогтоожээ.

Мөн уг захирамжийн 4 дэх заалтаар Багануур, Налайх хотын Захирагчийн ажлын албаны ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалтыг /2 дугаар хавсралтаар/ баталж, Захирагчийн ажлын алба нь ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга, Захиргаа, хуулийн хэлтэс, Нийтийн үйлчилгээний хэлтэс, Хот байгуулалтын хөгжлийн хэлтэстэй байхаар, Захиргаа, хуулийн хэлтэс нь даргагүй, мэргэжилтэн 2, нягтлан бодогч, бичиг хэргийн архивын эрхлэгч, нярав, жолооч зэрэг 5 орон тоотой байхаар тус тус тогтоожээ.

Дээрх захирамжийг үндэслэн Налайх дүүргийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаар захирамж гаргаж, дүүргийн Тамгын газрын болон Захирагчийн ажлын албаны бүтэц, ажлын байр (албан тушаал)-ны жагсаалтыг баталсан байх бөгөөд Тамгын газрын бүтцэд Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь хэлтсийн дарга, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтэн зэрэг 10 орон тоотой байхаар, Захирагчийн ажлын алба нь ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга, Захиргаа, хуулийн хэлтэс (даргагүй) Нийтийн үйлчилгээний хэлтэс, Хот байгуулалтын хөгжлийн хэлтэстэй байхаар тус тус тогтоожээ.

Дээрх маргааны үйл баримтуудаас дүгнэн үзэхэд Засгийн газрын тогтоолоор Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай) байхаар тогтоосон, Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Хууль зүйн тасаг, Архивын тасагтай/ болж, тухайн хэлтсийн даргын ажлын байрны зорилго, хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээ өөрчлөгдсөн, Налайх хотын Захирагчийн ажлын албыг шинээр бий болгож, уг бүтцэд Захиргаа, хуулийн хэлтэс (5 орон тоотой)-ийг ажиллуулахаар тогтоосон байх тул Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/-ын орон тоо хасагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн ... миний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд ороогүй, хэвээр хадгалагдаж байгаа ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч захиргааны албан тушаалтан нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын ажил, албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо нь хасагдсан гэж үзэж, түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан чөлөөлөгдөх үндэслэл нэхэмжлэгчийн хувьд бий болжээ.

Иймд нэхэмжлэгчийн ...ажлаас үндэслэлгүйгээр халсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай) байхаар тогтоосон, дээрх Засгийн газрын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинээр баталж, урьд үйлчилж байсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүйд тооцсонтой холбогдуулж, уг захирамжийн дагуу хуучин бүтэц, орон тоогоор ажиллаж байсан нэхэмжлэгч болоод тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бусад ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зайлшгүй байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаал болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад нэг удаагийн тэтгэлэг олгох тухай ******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны *******, Налайх дүүргийн Засаг даргын ******* дугаар захирамжийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагч, ажилтнуудад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлээр төрийн албан хаагчийн баталгааг зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас нь олгоно гэсэн нь тухайн албан тушаалын орон тоо цөөрөөгүй, бүрмөсөн хасагдсаныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хэрэглэгдэх зохицуулалт юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай) байхаар тогтоосон, улмаар Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинээр баталж, өмнөх Засаг даргын Тамгын газрын бүтцэд байсан Захиргаа, хуулийн хэлтсийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болгон өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээг өргөтгөсөн, Захирагчийн ажлын албаны бүтцэд Захиргаа, хуулийн хэлтэс шинээр бий болсон, Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ******* дугаар захирамж[1], Налайх дүүргийн Засаг даргын захирамж[2] Ажлын байрны тодорхойлолт[3] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.Э-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгосныг шүүх буруутгах боломжгүй байна.

Тодруулбал хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж үзэж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлага-аар төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан үндэслэл, журмыг баримтлах ёстой байх бөгөөд ийнхүү чөлөөлсөн тохиолдолд захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлэх, энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг олгон, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч Т.Э-д олгосон 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг 3.082.227 төгрөгийг түүний картын дансанд шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, картын цалингийн тодорхойлолт[4], нэхэмжлэгчийн ... тэтгэлэг авсан. Картаа шалгахад дансанд орсон байсан гэсэн тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэтгэлгийг хууль бусаар олгосон талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж, өөрийн нэрийн өмнөөс эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргагч этгээд байх юм.

Хариуцагч нь хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах зохицуулалтыг зөрчөөгүй, энэхүү захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул маргаан бүхий Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны ******* дүгээр тушаал болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаал (ажлын байр)-ын орон тоо хасагдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.Э-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болон нэмэгдэл баталгаагаар хангагдах зохицуулалтыг зөрчөөгүй, маргаан бүхий дээрх тушаалуудын улмаас нэхэмжлэгч Т.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргах-аар тодорхойлон заажээ.

Нэхэмжлэгч Т.Э нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр албан бичгээр өргөдлийн хариуг хүргүүлж байсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******, ******* дүгээр тушаалууд болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН