Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00086

 

Б.Ж-гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00359 дүгээр шийдвэртэй, Б.Ж-гийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.             

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, хүсэлт гаргагч Б.Ж, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн У сумын Хөх-хөтөл их эмчийн салбарт 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ээлжийн сувилагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр яслид 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

 

Хүсэлтэд: “Миний бие Хөх-хөтөл их эмчийн салбарын ээлжийн сувилагчаар 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 8 сарын 25-ны өдөр хүртэл 1 жил 2 сар ажиллаж, 1993 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өлгий сумын 4 дүгээр Яслид сувилагчаар 9 сар ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал байхгүй боловч хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жил 2 сар ажиллаж, 1993 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өлгий сумын 4 дүгээр Яслид сувилагчаар 9 сар, нийт 2 жил ажилласан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00359 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ж-гийн Баян-Өлгий аймгийн У сумын Хөх-хөтөл их эмчийн салбарт 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ээлжийн сувилагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр яслид 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00359 дугаар шийдвэрийг гаргахдаа нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр буруутгаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүсэлтийг минь хэрэгсэхгүй болгосон явдалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар гомдол гаргаж байна.

Хүсэлт гаргагч Б.Ж миний бие Баян-Өлгий аймгийн У сумын Хөх- хөтөл их эмчийн салбарт 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ээлжийн сувилагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр яслид 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 580 дугаартай болон 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 682 дугаартай архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №053282 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Д.Ш, Б.Х, 9 дүгээр багийн иргэн У.Б, У сумын 2 дугаар багийн иргэн Ш.А, Ж.Ү, Н.К нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Хөх-Хөтөл их эмчийн салбарын эрхлэгч эмч Б.Б-ийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Гэтэл уг шүүхийн шийдвэрээр хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Бадейн Ж гэх №053282 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 12-13, 14-15 дугаар хуудсанд бичилт хийгдсэн боловч энэ бичилтүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэггүй, зураггүй, тамга тэмдэггүй хөдөлмөрийн дэвтэр байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн явдалд гомдолтой байна. Уг №053282 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь би өөрөө гэж бодож байна. Үүнд миний нэр буруу бичигдээгүй, төрсөн он, сар, өдөр маань буруу бичигдээгүй, албан тушаал маань буруу бичигдээгүй, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн нь үнэн зөв. Хөдөлмөрийн дэвтэр байхад гарын үсэггүй, зураггүй, тамгагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Миний бие уг дэвтрийн 12-13, 14-15 дугаар хуудсанд бичилт хийгдсэн хэсэгт бичигдсэн ажилласан жилээ тогтоолгохыг хүссэн ба уг хэсэгт манай даргын гарын үсэг, байгууллагын тамга тэмдэг нь бүрэн байгаа. Гэтэл эхний нүүрэнд миний зураг байхгүй гэсэн үндэслэлээр №053282 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг бүхэлд нь үгүйсгэж байгаад гомдолтой байна. Уг дэвтэрт миний 1981 оноос 2002 онд улсын үзлэгт хамрагдах хүртэлх ажилласан жил маань бүгд тэмдэглэгдсэн байгаа.Мөн шүүхийн шийдвэрт: “...хүсэлт гаргагч Б.Ж нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ биелүүлж, ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс, бусад ажилласан байдлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл шүүхийн шийдвэрт дурдсан уг баримтууд надад байсан бол би заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарахгүй байсан. Шүүхийн шийдвэрт дурдсан нотлох баримтууд надад байхгүйгээс би өөрийн нөхцөл бололцоогоороо өөрт байгаа нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Мөн шүүхийн шийдвэрт: “...Д.Ш, У.Б, Б.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод “...Б овогтой Ж тус 4 дүгээр цэцэрлэг /ясли/-д багшаар ажиллаж байсан” гэсэн байх ба Ш.А, Ж.Ү, Н.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод Б.Ж-гийн Баян-Өлгий аймгийн У сумын Хөх-хөтөл их эмчийн салбарт ажиллаж байсан байдлын талаар бичсэн хэдий ч нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрч нар нь мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй” гэжээ. Үүнд тайлбар хэлэхэд миний бие тухайн үед 4 дүгээр цэцэрлэг /ясли/-д сувилагчаар ажиллаж байсан ба заримдаа биднийг багшаар ч нэмж ажиллуулдаг байсан. Яагаад гэвэл тухайн үед сувилагчийн хийх ажил яслид их гардаггүй байсан ба нэмж багшаар ч ажиллуулж байсан үе гардаг байсан. Гэхдээ цалингаа сувилагчийн цалингаар авдаг байсан. Гэрч Д.Ш, У.Б, Б.Х нар яагаад “багшаар ажиллаж байсан” гэж бичсэнийг би хэлж мэдэхгүй байна. Уг мэдүүлгийн зөрүүг шүүгчээс гэрч нарыг шүүхэд дуудаж асууж тодруулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл гэрч нар “багш” гэж бичсэн гэдэг үндэслэлээр хүсэлтийг минь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00359 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч Б.Ж миний Баян-Өлгий аймгийн У сумын Хөх-хөтөл их эмчийн салбарт 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ээлжийн сувилагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр яслид 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Б.Ж-гийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Хүсэлт гаргагч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн У сумын Хөх-хөтөлийн их эмчийн салбарт 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1963 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ээлжийн сувилагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр яслид 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

 

            Хүсэлт гаргагч анхан шатны шүүхэд Д.Ш, У.Б, Ш.А, Ж.Ү Н.К, Б.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч шүүх эдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан агуулгад нийцээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн “053282 дугаартай хөдөлмөрийн дэвтэр”-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнээгүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

 

            Б.Ж-гийн шүүхэд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 580 дугаартай, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 682 дугаартай архивын лавлагаа, Хөх-хөтөл их эмчийн салбарын эрхлэгч эмч Б.Б-ийн тодорхойлолт зэргийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхдээ уг баримтын эх сурвалжийг магадлаагүй буюу үнэн зөв, бодитой эсэхийг нь нягтлан шалгаагүй нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, Б.Ж-гийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00359 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Б.Ж-гийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хүсэлт гаргагч Б.Ж-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧИД                                                      Д.МӨНХӨӨ

 

 Д.КӨБЕШ