Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 454

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0645 дугаар магадлалтай, Ц.А-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0645 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг, нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн тушаал юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар тохиолдолд захиргааны актыг илт хууль бусад тооцох талаар заасан бөгөөд захиргааны актыг илт хууль бусад тооцсоны үр дагаврыг мөн хуульчилсан байна.

Магадлалд “...хариуцагч нь маргаан бүхий актын 2 дугаар хавсралтыг батлахдаа зохицуулж байгаа харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг баримтлаагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ц.А-гийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн болгосон нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/249 дүгээр тушаалын хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заагдсан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй бөгөөд эдгээр шинжүүд нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны актын шинж байтал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг буруу тайлбарласан.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т зааснаар нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр албан тушаал бууруулсан. Албан тушаал бууруулсан асуудлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан гомдлын хугацаагаар нотлогддог. Тодруулбал Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Ц.А-г Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл албан тушаал бууруулсан асуудалд гомдол санал гаргаагүй, хүлээн зөвшөөрөн ажиллаж байсан нь хэрэгт авагдсан материалаар нотлогддог.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн үндэслэл бүхий шийдвэр юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч Ц.А нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас захиргааны санаачилгаар бууруулсныг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх хуралдаанд “Б/249 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох” гэж амаар өөрчилсөн нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй байхад шүүх хүлээн авч, улмаар “нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул эдгээр үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж нэхэмжлэгчийн маргаж буй хэсэг болох уг тушаалын “албан тушаалыг нь бууруулсан”-тай холбоотой үндэслэлд огт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4, 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй”-гээр хянах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь буруу байна.

Түүнчлэн давж заалдах шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “албан тушаал бууруулан томилох” хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тодорхойлон, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллах ашиг сонирхол хэвээр байгаагаа илэрхийлсэн, ийм байхад тус шүүх хариуцагчийн гаргасан Б/249 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснээр Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлсөн /үүнд Ц.А хамаарч байгаа/ тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.А-д холбогдох заалт хэвээр үлдэж, бодит байдал дээр Ц.А-гийн зөрчигдсөн эрх “сэргээгүй”, шүүхийн уг шийдвэр яаж биелэгдэх нь ойлгомжгүй болжээ.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч шүүхэд ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй, үүнийг хяналтын шатны шүүх тодорхойлох боломжгүй, хариуцагчийн гаргасан 2016 оны Б/249 дүгээр тушаалын “өөрт холбогдох хэсэг”-т юуг хамааруулж байгаа нь ойлгомжгүй байх тул маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр, магадлал дээрх байдлаар гарахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0645 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ