Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 132

 

Т.Ш, Э.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр магадлалтай, 201726030064 дугаар эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүүгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Т.Ш.

2. Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

1997 онд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

2000 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, 2001 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2002 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 14 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,

2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан 1 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Чинус боржигон овогт Э.Г.

Шүүгдэгч Т.Ш, Э.Г нар нь 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 05 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Марал зочид буудалд нийтийн хэв журмыг зөрчиж, тус буудалд амарч байсан Д.Гантөмөрт хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

мөн шүүгдэгч Э.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Төрийн банкны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт Ш.Алтанцэцэгийн “HUAWEI P9” загварын гар утсыг хулгайлан авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Г-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчилж, шүүгдэгч Э.Гийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Прокуророос шүүгдэгч Т.Ш, Э.Г нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Т.Ш, Э.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Э.Г-ийн цагдан хоригдсон 116 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр магадлалаар 331 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ш, Э.Г нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Э.Гийн хулгайн гэмт хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 болгож, ял завшуулсан.

Давж заалдах шатны шүүх яллагдагч Т.Ш, Э.Г нарыг шүүхэд шилжүүлэх тухай 859 дүгээр захирамж хүчинтэй хэвээр байхад Т.Ш нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Ганзоригт холбогдох хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэлэлцээгүй болно гэж дурдсан атлаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Т.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 05 цагийн орчим Марал зочид буудалд нийтийн хэв журмыг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл бус, өөрөөр хэлбэл тусгайлан бэлтгэж засаагүй, өрөөндөө байсан шилэн аягыг авч гаран Д.Гантөмөрт хүч хэрэглэн нүүр рүү нь шилэн аяга шидэж түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “хэрэг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх эсэх талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаах асуудлыг шийдвэрлэх” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Ш, Э.Г нар нь нийтийн хэв журмыг зөрчиж, Э.Г нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүүгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Т.Ш, Э.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

1. Шүүгдэгч Э.Г нь 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 14 жил хорих ял шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсаны дараа 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ш.Алтанцэцэгийн “HUAWEI P9” загварын гар утсыг хулгайлж 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний энэ үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Харин 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголт хасагдсан учир шүүгдэгч Э.Г-ийн гар утас хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Э.Г-ийн үйлдсэн хулгайн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь буруу байна.   

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласан ба шүүгдэгч Т.Ш-ын хохирогч руу шидсэн шилэн аяга нь тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан зэвсгийн чанартай эд зүйлийн шинжийг хангаагүйгээс гадна прокуророос шүүгдэгч Э.Шинэбаатарын үйлдлийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилж яллаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгдэгч Э.Шинэбаатар, Э.Г нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан хэсгийг өөрчилж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай” гэснийг “шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                     

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН