| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/03655/И |
| Дугаар | 001/ХТ2025/00012 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2025/00012
Т.А-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02678 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01862 дугаар магадлалтай,
Т.А-н нэхэмжлэлтэй
Д.Т-д холбогдох
2022.07.06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2018.04.04-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, уг гэрээний дагуу “Х” ХХК-ийн 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцааг Д.Т-н нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагч Д.Т, өмгөөлөгч Э.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Т.А нь Д.Т-д холбогдуулан 2022.07.06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, Д.Т нь 2018.04.04-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, уг гэрээний дагуу “Х” ХХК-ийн 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцааг Д.Т-н нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02678 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар 2022.07.06-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, 2022.07.06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А-г тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар 2018.04.04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2018.04.04-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А-д шилжүүлсэн “Х” ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т-н нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А-д даалгаж, Д.Т-г “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг У газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг дагалдан гарсан Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, “Х” ХХК-ийн 2022.07.06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022.07.07-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Х” ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтад заасан “...компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь Д.Т 90 хувь, Т.А 10 хувь” гэж заасан заалтыг тус тус хүчингүйд тооцуулах, Т.А-г “Х” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Т 2018.04.04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон тус компанийн 30 хувийн хувьцааг худалдсан 2022.07.06-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2022.07.06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн “Х” ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг, компанийн хувьцаа эзэмшигч Д.Т-д буцаан шилжүүлэхийг Т.А-д даалгах сөрөг шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,250 төгрөг, хариуцагч Д.Т-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А-с улсын тэмдэгтийн хураамжид 153,050 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Т-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01862 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2022.07.06-ны өдрийн хувьцаа худалдах- худалдан авах тухай гэрээ, 2022.07.06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А-г тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг У газарт даалгасугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Т-н нэхэмжлэгч Т.А-д холбогдуулан гаргасан 2018.04.04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А-д шилжүүлсэн “Х” ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т-н нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А-д даалгаж, үр дагаврыг арилгуулж Д.Т-г “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, “5, 6” дахь заалтыг “3, 4” гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Э.Ч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. ... шүүхэд хандсанаар шаардах эрх үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг “шүүхэд хандсан нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл” гэж дүгнэсэн мэтээр мушгин гуйвуулж “зөвхөн шүүхэд хандсанаар бэлэглэгч гомдсон” гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж буй мэтээр дүгнэсэн нь хууль хэрэглээний зөрүүг үүсгэсэн.
4.1.Давж заалдах шатны шүүх 2022.07.06-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байна хэмээн илтэд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг тайлбарлаж үндсэн нэхэмжлэлийг хангахдаа ямар үндэслэлээр нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн, дүгнэлт гаргахдаа ямар нотлох баримтыг үнэлсэн нь тодорхойгүй байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үйл баримтыг зөрүүтэй тогтоож, холбогдох нотлох баримтыг өөр өөрөөр үнэлжээ. ...нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, цалин хөлс олгосон хүснэгт зэргийг шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг эргэлзэхгүйгээр итгэж, нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөж, хэргийн үйл баримт болоод нотлох баримтыг үнэлсэн байна. ...хариуцагч Д.Т “нэхэмжлэгчид олгосон цалин биш, зуны урамшууллын мөнгөний хамтаар гэрээний дагуу тохирсон 300,000 төгрөгийн хамт шилжүүлсэн” гэж тайлбарлаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотолж байхад давж заалдах шатны шүүх Г банкны дансаар шилжүүлсэн 1,317,915 төгрөгийг ажил олгогчоос ажилтанд олгосон цалин байсан гэж хэргийн нотлох баримтыг бодитойгоор харьцуулан дүгнээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар Д.Т-с Т.А-д хувьцааны үнэ 300,000 төгрөгийг Г банкны дансаар 1,317,915 төгрөгийг шилжүүлснээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Т-н үүрэг хуульд буюу гэрээнд зааснаар дуусгавар болсон. ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоох эсэх талаар дүгнэхдээ хоёр шатны шүүх өөрөөр тайлбарласан, нотлох баримтыг өөрөөр дүгнэсэн тул магадлалд өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон хэсгийг өөрчилж өгнө үү.
4.2.Үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2022 оны хувьцаа худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байхад энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнээгүй. ...Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаартай “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2, 5.7-д энэ талаар тусгасан. Гэтэл хоёр шатны шүүх анхны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоос өөрөөр тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна.
Мөн хоёр шатны шүүх гэрээнүүдийг дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг бүрэн бодитой, тал бүрээс нь үнэлж, дүгнэх үүргээ биелүүлээгүй бөгөөд дүгнэлт гаргахдаа нотлох баримтуудыг заагаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан болон хангаагүй аль болох нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн дүгнэж байгаагаа дурдаагүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2016.05.10-ны өдрийн 02 дугаартай “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” зөвлөмжид тусгасан. Улсын дээд шүүхийн 2016.06.05-ны өдрийн 03 дугаартай “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” гэх зөвлөмжид гэрээнээс татгалзах ойлголт, түүний үр дагаврыг тайлбарласан байдаг. ...Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзахдаа гэрээний үүргийг биелүүлэх, гэрээнээс татгалзах гэж байгаа тухайгаа мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн нь дээрх тайлбартай илтэд зөрчилдөж байна.
4.3.Хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүсээгүй учраас буюу өөрийн компанийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэн авч буй үндэслэлээр тус тус үүргийг гүйцэтгээгүй талаар анхнаасаа тайлбар гаргаж байсан. Иймд талуудын хооронд бий болсон өмчийн хэлцэл нь хүчин төгөлдөр байж болох ч үүргийн хэлцэл нь өмнө нь хийгдсэн хүчин төгөлдөр бус 2018.04 сард хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. ...нэхэмжлэгч 2018 оны 09 сард гэрээ байгуулахдаа гарын үсэг зураагүй бөгөөд гадаад улс руу явсан. Ингээд гадаад улсаас буцаж ирээд 2022 оны 07 сард гэрээний дагуу компанийн хувьцааны өмчлөх эрхийг дахин шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болсон. Тус гэрээгээр хүлээсэн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч бүрэн хэрэгжүүлсэн ч талуудын хооронд анхнаасаа хувьцааг хариуцагчид буцаан шилжүүлэх хүсэл зориг байсан гэх бодит байдлыг баталж байна. Харин хариуцагч тус гэрээгээр хүлээсэн үүргийн хэлцэл буюу төлбөрт тооцон 300,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэхгүй гэж үзэж байна. ...Иймд өмч, үүргийн хэлцлийг тусдаа бие даасан хэлцэл хэмээн тооцож, хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэхэд нэг нь нөгөөдөө шууд нөлөөлөхгүй гэж үзэх нь хийсвэрлэх зарчим юм. ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Э.Ч нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.13-ны өдрийн 001/ШХТ2024/01593 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
7.Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Д.Т-д холбогдуулан 2022.07.06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, 300 ширхэг хувьцааг буцаан гаргуулан “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Д.Т нь надаас худалдан авсан 300 ширхэг хувьцааны үнэ 300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, “Х ХХК-аас цалин олгодоггүй, дандаа хувийн дансаараа Д.Т-с олгодог. 2022.07.07-ны өдөр Д.Т-с надад шилжүүлсэн 1,317,915 төгрөг нь цалин болохоос хувьцааны төлбөр биш, гэрээний төлбөрөө төлөх болон гэрээнээсээ татгалзаж байгаагаа заавал хариуцагчид мэдэгдэх үүрэггүй. Хариуцагч хувьцаа авсан бол хувьцааны үнийг өөрөө төлөх үүрэгтэй. Иймээс уг үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс тус тус татгалзаж, хувьцаа эзэмшигчээр тогтоолгоно...” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “2018.04.04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А-д шилжүүлсэн “Х” ХХК-ийн хувьцааны 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг буцааж, Д.Т-г "Х" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Тэрээр нэхэмжлэгчтэй найз байсан, “Х” ХХК-д гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан, ачаа тээврийн ажил гүйцэтгэж байсан хөлсийг тухай бүрд нь компаниас олгосон, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсны маргааш хувьцааны үнэ 300,000 төгрөг, наадмаас өмнө компаниас олгосон урамшууллын хамт 2022 оны 07 сарын 07-ны өдөр 1,317,915 төгрөгийг хувийн данснаасаа шилжүүлсэн. Компаниас олгосон урамшуулал бутархай дүнтэй гарсан. Хэрэв Т.А хувьцааны үнэ 300,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа бол өнөөдрийг хүртэл нэг ч удаа хувьцааны төлбөр төлөх талаар надад мэдэгдээгүй. Төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээнээсээ татгалзаж байгаа бол энэ талаар хариуцагчид мэдэгдэх үүрэгтэй. Т.А-д төлөх ямар нэгэн өр төлбөр надад байхгүй, ...улмаар Т.А нь Америкийн виз авах хүсэлтэй байгаагаа хэлж, өмнө нь ороод виз гараагүй, дахин визэнд ороход компанийн хувьцаа эзэмшигч болж ормоор байна гэж гуйсны дагуу найздаа туслах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Х” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхээ бэлэглэж, Т.А-г “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулсан, гэтэл нэхэмжлэгч хариуцагчийг шүүхэд татан чирэгдэл үүсгэн, зохисгүй харилцаж гомдоосон үйлдэл хийсэн...” гэсэн үндэслэлийг заажээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзаж, “...Америкийн виз гаргуулах шаардлагаар компанийн хувьцаа эзэмшигч болох шаардлагагүй, хариуцагч миний гадаад хэлний мэдлэгийг ашиглах зорилгоор хамтарч ажиллахаар хувьцааг шилжүүлсэн, Д.Т намайг харин маш их гомдоосон..., сөрөг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
8.Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хариуцагч хувьцааны үнэ 300,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн нь баримтаар тогтоогдсон тул үндсэн нэхэмжлэлийг хангахгүй, харин “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Т 2018.04.04-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “Х” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг Т.А-н өмчлөлд шилжүүлсэн, уг хэлцэл нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл” хийсэн үндэслэлээр хариуцагч бэлэглэлийг хүчингүй болгохыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй, Т.А нь бэлгийг хүлээн авч, “Х” ХХК-ийн хувьцааны 40 хувийн хувьцаа эзэмшигч болсон байх бөгөөд бэлэглэгч Д.Т-г шүүхэд хариуцагчаар татан маргаан үүсгэн, зохисгүй харилцааны улмаас чирэгдэл үүсгэж байгаа нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарна...” гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Т-г хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж, “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А-г тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг У газарт даалган үндсэн нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэх үндэслэлд хамааруулсан нь буруу гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
9.Хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан нь хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцүүлэх үндэслэл болжээ.
10.“Х” ХХК-ийг анх Д.Т, Д.Н нар үүсгэн байгуулж, тус бүр энгийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байсан бөгөөд 2014.09.01-ний өдөр Д.Т нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. (1хх 120)
10.1.Д.Т нь 2018.04.04-ний өдрийн бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “Х” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг Т.А-н өмчлөлд тус тус шилжүүлсэн байх ба үүний дараа 2022.07.06-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу “Х” ХХК-ийн 300 ширхэг, нэг бүр нь 1000 төгрөгөөр нэрлэсэн үнэтэй хувьцааг 300,000 төгрөгөөр хариуцагч Д.Т-д худалдаж, хувьцааны төлбөрийг 2022.07.06-ны өдөр төлж барагдуулахаар тохирч, хувьцааны төлбөрийг төлснөөр “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаанд ногдох эзэмшлийн бүх эрх бүрэн шилжиж, мөн өдрийн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн 30 хувийн хувьцаагаа нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлж, талууд компанийн дүрмийг шинэчлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Т, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А тус тус бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. (1хх 5-10 дахь тал)
10.2.Үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болох 2022.07.06-ны өдрийн “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, талуудад хүсэл зориг байсан эсэх тухайд талууд зөрүүтэй тайлбар гаргаж, тодруулбал нэхэмжлэгч нь хувьцаагаа худалдсан гэсэн бол хариуцагч нь хувьцааны үнийг төлсөн гэснээс гадна өмнө нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан хувьцаагаа буцаан шилжүүлсэн учир төлбөр төлөх учиргүй байсан гэж тус тус маргасан байна.
Зохигч нь гэрээ байгуулагдсан эсэхийг маргасан байхад шүүх маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байна.
10.3.2022.07.06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь өмнөх 2018.04.04-ний өдрийн бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болсон.
Талуудын хооронд гэрээ байгуулах санал, түүнийг хүлээн авсан гэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй буюу гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй бол тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Тэдгээрийн хооронд хэлбэрийн хувьд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч агуулгын хувьд Д.Т өмнө нь бэлэглэлийн гэрээгээр, үнэ төлбөргүй шилжүүлсэн 40 хувийн хувьцааны 30 хувийг буцаан авсан тохиролцоо гэж үзэх үндэслэл илүү бодитой болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.
“Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Т байсан ба бэлэглэлийн гэрээний үндсэн дээр 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А, 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Т бүртгэлтэй байж байгаад худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа Д.Т нь 90 хувийн, Т.А нь 10 хувийн хувьцаа эзэмшигч тус тус болсон ч хувьцаа эзэмшигчийн хамтарсан шийдвэр, компанийн өмнөөс хувьцаа эзэмшигчийн хувиар шийдвэр гаргасан, хамтын үйл ажиллагаа явуулсан үйл баримт байхгүй байна. Нөгөө талаар хувьцааны нийт үнийг 300,000 төгрөг гэж тогтоосон, уг мөнгийг төлөхгүй байх нь Д.Т-н хувьд утга учиргүй бөгөөд хувьцаа худалдах худалдан авах хүсэл зориг талуудад байсан эсэх нь эргэлзээтэй, улмаар гэрээ байгуулагдсан, хариуцагч нь хувьцааны үнийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх эрх зүйн үндэслэл үндэслэл тогтоогдоогүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна.
Иймд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй учир нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан гаргуулахыг шаардах эрхгүй бөгөөд энэ утгаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
10.4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “нэхэмжлэгч хариуцагчийг шүүхэд маргаан үүсгэж, хариуцагчаар татан чирэгдэл үүсгэн, зохисгүй харилцаж, гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” гэж тодорхойлсон, анхан шатны шүүх уг үйл баримтыг үндэслэлтэй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулж, өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01862 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, “Х” ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг У газарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Т-н нэхэмжлэгч Т.А-д холбогдуулан гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А-д шилжүүлсэн “Х” ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т-н нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А-д даалгаж, үр дагаврыг арилгуулж Д.Т-г “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн 5 дахь заалтад “...үлдээж, нэхэмжлэгч Т.А-с улсын тэмдэгтийн хураамжид 153,050 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Т-д олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Т-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД