Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 162

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Чинбилиг,

иргэдийн төлөөлөгч А.Энхмандал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч П.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэрэгт П.Батбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011878 дугаар 2 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 0-14 насны  хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамж, 520 тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 416 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1454 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 237 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Пүрэвхүүгийн Батбаяр /РД:ЧГ78070211/. 

Яллагдагч П.Батбаяр нь ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1б тоотод байрлах өвлийн байшинд нэвтэрч 21 инчийн “Фунай” загварын зурагт, 14 инчийн марк тодорхойгүй зурагт, төмөр тасдагч зэргийг хулгайлж 680000 төгрөг,

- 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамж, 30 тоотод оршин суух Б.Гантөгсийн байшинд нэвтэрч “Санлинг” маркийн 19 инчийн зурагт, салдаг дотортой савхин дээл, жинсэн өмд 4 ширхэг, шинэ цамц 3 ширхэг, ягаан цэцэгтэй бүтээлэг, усны тэрэг, хуучин цамц, футболк, гутал, өмд, тамхи, мах, чихэр зэрэг эд зүйл хулгайлж 1405000 төгрөг, нийт 2085000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн дээрх хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл прокурорын хяналтаас давтан үйлдлээр оргосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна, хөнгөн ял өгнө үү” гэв.  

201626011878 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар:

1. Хохирогч О.Дэлгэрдалайн: “2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг өнгөрч байхад хашаанд байдаг үйлдвэрийн модон өвлийн байшинд ороход байшингийн ар талын вакум цонх хагарсан байдалтай, онгойлгоод дотогш орсон байсан. Цаад өрөөнд ороод харсан чинь 2 зурагт алга болсон байсан. ...21 инчийн Фунай маркийн хар өнгийн, дөрвөлжин суурьтай зурагтыг 2015 онд 400000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 400000 төгрөгөөр үнэлж байна. Мөн 14 инчийн загварыг нь мэдэхгүй бор, саарал өнгийн, дөрвөлжин хэлбэртэй өнгөт зурагт байсан. Уг зурагтыг 2015 онд худалдан авч байсан 200000 төгрөгөөр үнэлнэ. ...Тухайн хэрэг гардаг өдөр манай гэрт хараагүй ээж, жаахан хүүхдүүд байсан. Манай дүү Сэлэнгэ нэг хүнээс нохой худалдан авсан гэж байсан. Тэгээд тэр хүн нь манай гражны урд талд цемент цутгасан. Би тэр залууг сайн танихгүй, харвал таниж магадгүй. Манай гэрт намайг эзгүй хойгуур том хүн байхгүй гэдгийг мэдэх боломжтой. Би хагарч эвдэрсэн вакум цонхоо нөхөн төлүүлмээр байна. 40000 төгрөгөөр дахин шил хийлгэсэн...”,

...Тухайн үед кенн маркийн том улаан өнгөтэй төмөр тасдагч алга болсон байсан. Уг төмөр тасдагчийг 2014 онд 200000 төгрөгөөр худалдан авч байсан. Хэрэг гарсан өдөр алга болсон байсныг нь мэдээгүй. Би алдагдсан төмөр тасдагч, хоёр зурагтныхаа төлбөрийг барагдуулж авмаар байна. Хохирол барагдуулбал өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-хх-11-12, 60/,

- Гэрч Б.Буянтогтохын: “Манайх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1-1Б тоотод амьдардаг. Уг хашаанд хадам ах Дэлгэрдалай бид нар жижиг тавилгын үйлдвэр ажиллуулдаг. Хулгай орох үед буюу 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манайд хүн байгаагүй. Бид нарыг хөдөө байхад үйлдвэрийн байшингийн цонхыг хагалаад 2 зурагт, төмөр тасдагч, хөрөө зэрэг эд зүйл хулгайлсан байсан. Хулгай орсны дараа цахилгаан тасдагч хөрөө алга болсныг мэдээгүй хоёр зурагт алдагдсан юм байна гэж бодоод байж байгаад багажнуудаа хураах гэтэл тэр цахилгаан хөрөө байхгүйг мэдсэн. Бид нараас өөр хүн үйлдвэрт ордоггүй, хамгийн сүүлд үйлдвэр хаагаад явахад байсан цахилгаан хөрөө юм...” гэх мэдүүлэг /1-хх-61/,

- Гэрч Б.Эрдэнэбатын: “Би уг тавилгын үйлдвэрт ажиллаж байсан. ...Хулгай орохоос 1-2 хоногийн өмнө би үйлдвэрт очиж юм хийж байгаад явсан. Тэгтэл 2-3 хоногийн дараа Дэлгэрдалай үйлдвэрт хулгай орсон, 2 зурагт алга болсон байна гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа цахилгаан тасдагч хөрөө алга болсон байна гэж байсан. Намайг очиход 2 зурагт, цахилгаан тасдагч хөрөө байсан. Дэлгэрдалай бид нараас өөр хүн уг үйлдвэрт ороод байдаггүй. Хулгай хийсэн залуу уг хашаанд юм хийж байхдаа орж, гарч багаж авч юм хийдэг байсан. Алдагдсан 2 ширхэг хавтгай дэлгэцтэй зурагтын нэг нь 21 инч, нөгөө нь 14 инч байсан. Би уг зурагтуудыг тавилган дээрээ үзүүлэн маягаар тавьж ашигладаг байснаас асааж үзээгүй. Харин кен маркийн 60х40 см орчим хэмжээтэй, суурин, энгийн тасдагч хөрөө нь хэвийн ажиллагаатай байсан ба тавилга хийхэд ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-62-63/,

- П.Батбаярын сэжигтнээр өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын сүүлээр би гадуур архи ууж яваад согтоод ажил хийж байсан Дэлгэрдалайн хашаанд очсон чинь хүнгүй бололтой байхаар нь уг хашаанд байх тавилгын үйлдвэрийн баруун цонхыг хагалан орж, дотор нь байсан 2 зурагт, төмөр тасдагч цахилгаан хөрөө зэргийг авсан. Такси бариад хөрөөг машинд хийгээд ...2 зурагтыг аваад гарах гэж байхад хашаанд байсан 2 хүүхэд харчихсан. Тэгээд би сандраад гарч машинд суугаад явсан. Таксины жолоочид хулгай хийж байгаа талаар хэлээгүй, гэрээсээ аваад гарч байгаа юм шиг л аваад гарсан. Би жолоочид “мөнгөний хэрэг гараад байна, энэ зурагт хөрөөг авах уу” гээд ярилцаж байгаад 2 зурагт, цахилгаан хөрөөг нийлүүлээд 35000 төгрөгөөр зараад хоол, хүнс авсан. ...Би согтоод хулгай хийсэн байсан. Намайг цагдаагийн алба хаагч нар дарамталсан зүйл байхгүй. Би өөрөө нэгэнт хийсэн хэрэгтээ ял авч явахаас хойш нэг мөсөн бүх хийсэн хэргээ ярьсан нь дээр гэж бодоод ярьсан” гэх мэдүүлэг /1-хх-79-80/,

П.Батбаярын яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. Надад өөр хулгай хийсэн үйлдэл байхгүй. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. Ажил хийж байгаад олсон мөнгөө өгч барагдуулна” гэх мэдүүлэг /1-хх-81-82/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-3-6/, эд зүйлийн үнэлгээ /1-хх-20, 83/,

2. Хохирогч Б.Гантөгсийн: “...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байж байгаад 13 цаг 30 минутаас 14 цаг 10 минутын хооронд Хилчин хотхон ороод ирэх хооронд байшингийн вакум цонхыг түлхээд хулгайч орсон байсан. Тэгээд цагдаа дуудсан. 100 долларын үнээр авсан 3 ширхэг цамц болон хуучин хэрэглэж байсан цамц, футболк, гутал, өмд, тамхи, мах, чихэр зэргийг үнэлээгүй байна. Бусад үнэлгээтэй санал нийлж байна. 3 ширхэг цамцыг монгол мөнгөөр 180000 төгрөгөөр, бусад хуучин хэрэглэж байсан зүйлүүдийг нийтэд нь 20000 төгрөгөөр үнэлж байна. Дахин үнэлгээ хийлгэмээр байна...

...Байшинд ороход хамаг эд зүйлийг онгичоод хаячихсан, зурагт алга болсон байсан. Үүдний амбаарт байсан усны тэрэг алга болсон байсан. Учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-хх-212, 2-хх-22/,

- Гэрч Б.Одонтуяагийн: “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ...13 цагийн үед дүү Гантөгс над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би ажлаа тараад 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрийн бүх юм ундуй сундуй болсон, цагдаа нар ирээд явсан байсан. Тэгээд гэрийн эд зүйлийг бүртгэж үзэхэд Санлинг маркийн 19 инчийн зурагт, салдаг дотортой эрэгтэй хүний савхин дээл, шинэ Солонгос цамц 3 ширхэг, 4 ширхэг жинсэн өмд, ягаан цэцэгтэй орны бүтээлэг, усны түрдэг тэрэг, хуучин цамц, футболк, гутал, өмд, тамхи, чихэр, мах зэрэг алга болсон байсан.

…Тухайн үед Гантөгсийн ярьж байснаар таамбарын хаалгыг эвдээд байшингийн хаалгыг онгойлгож чадаагүй болохоор гал тогооны цонхны жижиг салхивчийг түлхэн орсон байна гэж хэлсэн”  гэх мэдүүлэг /1-хх-213-214, 2-хх-23/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.12.07-ны өдрийн 04/287 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд тэнцсэн “Унтлагын өрөөний шкафны бариулны дээд хэсгээс илрүүлсэн гэх 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь санд 2015 онд MN0000ӨРШ01436 гэсэн дугаараар Пүрэвхүү овогтой Батбаяр гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэжээ /1-хх-221/,

- Шүүгдэгч П.Батбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш ...гэрийнхээ зүүн талын айл болох Баянбулагийн 4-30 тоот айлын хашааны хаалгаар орж байшингийн хаалгыг эвдэн орж 19 инчийн хавтгай дэлгэцтэй нимгэн зурагтыг орны бүтээлгэнд боож аваад үүдний амбаарт байсан усны тэргэн дээр тавиад аваад явсан. Би өөр эд зүйл аваагүй. Тэргийг хүнсний зах дээр танихгүй хүнд 8000 төгрөгөөр, зурагтыг дүүргийн хажуу талын хүнсний дэлгүүрт 20000 төгрөгөөр зарсан. Орны бүтээлгийг хаясан. Би ганцаараа хулгай хийсэн.

...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна.

...Гантөгсийн байшингийн таамбарын хаалганы цоожийг эвдээд ортол байшингийн бүргэд хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь буцаж гараад уг айлын гал тогооны цонхыг дотогш нь түлхэн орж эд зүйл хулгайлаад усны тэргэн дээр тавиад орны бүтээлгээр бүтээгээд авч явсан. Би Гантөгс гэх айлаас алга болсон зүйлүүдийг хулгай хийсэн нь үнэн” гэх мэдүүлэг /1-хх-231-232, 234, 2-хх-25-26/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-193-198/, эд зүйлийн үнэлгээ /1-хх-217, 218/,

Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас хорих гэмт хэргийн талаар:

3. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1-хх-74/, батлан даагч П.Долгорсүрэн, П.Отгонбаяр нарын хүсэлт /1-хх-75-76/,

Гэрч П.Долгорсүрэнгийн: “Батбаяр одоо хаана байж болох талаар мэдэхгүй байна. Ах, дүү нарынхаа гэрээр байхгүй байна гээд байгаа. Нийлдэг найз нөхөд, хонож өнждөг газрын талаар хэлж мэдэхгүй байна. Би хамаатан садан, ах, дүү нарынхаа гэрээр сураглаад олдохгүй байгаа. Би батлан дааж авахдаа торгуулах талаар мэдсэн, торгуулахад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ надад торгууль төлөх мөнгө байхгүй, төлбөрийн чадваргүй”… гэх мэдүүлэг /1-хх-151/,

Гэрч П.Баярнямын: “П.Батбаяр нь миний нөхөр. Миний санаж байгаагаар 2016 оны 7 дугаар сард наадмын үеэр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх айлаас эд зүйл хулгайлсан гээд шалгагдаж байсан. 2016 оны сүүлээр санагдаж байна Батбаяр 2-3 хоног прокурор руу явсан. Тэгээд байж байгаад гэнэт алга болчихсон. Би хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд алга болж байгаад 2017 оны эхээр гэртээ ирсэн. Би хаашаа явсныг асуухад надад юм хэлээгүй. Батбаярыг дахин гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээгүй, надад хэлээгүй” гэх мэдүүлэг /1-хх-181-182/,

Оргодол эрэн сурвалжилсан талаарх баримт /1-хх-157-161/,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар “Түдгэлзүүлэх тухай” тогтоол /1-хх-165/,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар “Сэргээн явуулах тухай” тогтоол /1-хх-167/,

Ял нэмж сонсгоход П.Батбаярын: “...Би хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар очсон. Тэр өдрөөс хойш хохирогч Дэлгэрдалайд учруулсан хохирлын мөнгийг өгөх санаатай Налайхын нүүрсний уурхайд очиж ажилласан. Тэгээд тэндээ байж байгаад 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Би хохирлын мөнгөө төлчих юм бол хэрэг гайгүй шийдэгдэх болов уу гэж бодоод байцаагч, прокурорт хэлэлгүй явсан. Би явахдаа гэрийнхэндээ хэлээгүй, дараа нь ажиллаж байхдаа эхнэртээ утсаар хэлсэн. Тэр үед эхнэр маань намайг цагдаа болон прокуророос асуугаад байна гэж хэлж байсан. Надад ямар нэгэн шалтгаан байхгүй, би айгаад очоогүй” гэх мэдүүлэг /1-хх-180/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-хх-86, 240/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1-хх-114/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1-хх-117/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-37/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-хх-42-50, 93-95, 101, 104, 247-250, 2-хх-1-9/, илтгэх хуудас /1-хх-142-145/, прокурорын тогтоол /1-хх-147/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Харин насанд хүрээгүй гэрч Ц.Баасан, Г.Солонго, гэрч О.Сэлэнгэ, О.Гүрбадам, Б.Буянтогтох нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т “Гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх...” гэж заасныг зөрчсөн байх тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч П.Батбаяр урьд 5 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1454 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 237 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас П.Батбаярыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар буюу хүндэвтэр гэмт хэрэг ял шийтгүүлж, үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүйд тооцогдох боловч шүүгдэгч П.Батбаяр нь дээрх хугацаа дуусаагүй, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч П.Батбаяр давтан үйлдлээр

- 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1б тоотод байрлах иргэн Б.Дэлгэрдалайн үйлдвэрийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 21 инчийн “Funai” загварын зурагт, 14 инчийн загвар тодорхойгүй зурагт, төмөр тасдагч зэргийг хулгайлж, 680000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамж, 30 тоотод байрлах иргэн Б.Гантөгсийн байшингийн цонхоор нэвтэрч “Sanling” загварын 19 инчийн зурагт, салдаг дотортой савхин дээл, 4 ширхэг жинсэн өмд, 3 ширхэг шинэ цамц, ягаан цэцэгтэй бүтээлэг, усны тэрэг, хуучин цамц, футболк, гутал, өмд, тамхи, мах, чихэр зэрэг эд зүйл хулгайлж 1405000 төгрөг, бусдад нийт 2085000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл прокурорын хяналтаас давтан үйлдлээр оргосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Батбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэргийг давтан үйлдэж, прокурорын хяналтаас оргосон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх ял оногдуулахдаа согтуурсан үедээ, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан П.Батбаяр хувьд ногдох хөрөнгөтэй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас бусдад нийт 2085000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч О.Дэлгэрдалай /РД-КЮ78012098/-д 680000 төгрөг, хохирогч Б.Гантөгс /РД-ХИ70123111/-т 1405000 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч П.Батбаяр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 хоног, 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 68 хоног, нийт урьдчилан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвхүүгийн Батбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэргийг давтан үйлдэж, прокурорын хяналтаас оргосон гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Батбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч П.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сарын хорих ялын заримыг буюу 1 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, П.Батбаярын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар П.Батбаярт оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар П.Батбаярын урьдчилан хоригдсон нийт 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч П.Батбаяраас 2085000 /хоёр сая наян таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч О.Дэлгэрдалай /РД-КЮ78012098/-д 680000 /зургаан зуун наян мянга/ төгрөг, хохирогч Б.Гантөгс /РД-ХИ70123111/-т 1405000 /нэг сая дөрвөн зуун таван мянга/ төгрөг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, П.Батбаярын иргэний бичиг баримтыг шүүхэд ирээгүйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                                         Л.БААТАР

    ШҮҮГЧИД                                        Т.АЛТАНТУЯА

                                                           Г.МӨНХЗУЛ