Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02938

 

 

 

 

 

 

 

2021 09 30 101/ШШ2021/02938

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Т.Ганчимэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ЭМЯ-ны 16 айлын В-2 тоот хаягт оршин суух, Харчуу овогт Лувсансангийн ******* /регистрийн дугаар:ШЖ70082175 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Амгалан ботаник дахь Оргил худалдааны төвийн зүүн талд байрлах,******* ХХК /регистрийн дугаар:5699126/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 290,860 төгрөг буцаан гаргуулах,

Учирсан хохирол 869,236 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.Баттулга, гэрч Д.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч С.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, Г35/4 тоотод байрлах УБЕГ-ын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204051414 дугаарт бүртгэгдсэн №000254534 дугаар гэрчилгээтэй-тэй гаражийг хууль ёсоор өмчилдөг бөгөөд өөрийн өмчлөлийн тоосгон гаражийн дээврийг сэндвичэн хавтангаар дулаалахаар шийдэж, Зар мэдээ, Шуурхай зар зэрэг сонинуудаас: Сэндвичэн хавтан үйлдвэрлэж, угсралтын ажил гүйцэтгэдэг******* ХХК-ийн 94175244, 94949061 дугаар утас-тай холбогдож, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан ботаник дахь Оргил худалдааны төвийн зүүн талд байрлах******* ХХК-ийн сэндвичэн хавтангийн үйлдвэр дээр очиж тус компанийн захирал гэж өөрийгөө танилцуулсан Д.Баттулгатай уулзахад Манай компани сэндвичэн хавтан үйлдвэрлэж, угсрах талаар мэргэшсэн, олон жилийн туршлагатай, ихэр бид 2 хамтарч байгуулсан үйлдвэр, Хан-Уул дүүрэгт бас нэг үйлдвэр байгаа, би сэндвичэн хавтан угсардаг угсралтын хэсгээ хариуцаж ажилладаг, ихэр маань сэндвичэн хавтан үйлдвэрлэдэг үйлдвэрлээ хариуцдаг, танай гаражийн дээврийг сэндвич хавтангаар дор нь дулаалж чадна гэж танилцуулсан үгэнд нь үнэмшиж, тус компанид өөрийн гаражийн дээврийг дулаалах ажлын захиалгыг өгч, түүний ихэр гэх Д.Бат-Эрдэнэ нь гараж дээр ирж хэмжилт хийж, ажлын төсвийг тооцоолж Үйлдвэрийн бүтээгдэхүүн (10 см-ийн дээврийн сэндвич, 6.55м-4 ширхэг х 30,000 төгрөг = 822,000 төгрөг, хүрээ, 22м 0,15 х 16,000 төгрөг)-ий нийт үнэ 885,360 төгрөг дээр ажлын хөлс, тээврийн зардал зэргийг оруулаад 1,000,000 төгрөгт хийж гүйцэтгэе гэхэд нь зөвшөөрч******* ХХК-ийн захирал Д.Баттулгын нэр дээрх Хаан банкны 5039490776 тоот дансанд урьдчилгаа төлбөр төл гэсний дагуу дансанд нь 400,000 төгрөг шилжүүлэн өгч, тэрээр нэг хүний хамт 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаражийн дээврийг сэндвичэн хавтангаар дулаалах угсралтын ажлыг гардан гүйцэтгэсэн.

Гэтэл, тэрбээр угсралтын ажлыг буруу төлөвлөж хийсэн, хайхрамжгүй хандаж гүйцэтгэсний уршгаар угсралтандаа ажлыг буруу төлөвлөж хийсэн, хайхрамжгүй хандаж гүйцэтгэсний уршгаар угсралтандаа алдаа гаргаж, хэмжилт, төлөвлөлтөөсөө өөр зөрүүтэй, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй болж гаражийн баруун урд хэсэгт 20 см-ийн хэмжээтэй хучилт хүрэхгүй хоосон дутагдал үүсч, дахин 1 ширхэг сэндвичэн хавтан нэмж тавиулахаас өөр гарцгүй байдлыг бий болгосон ч өөрийн энэхүү алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж, тохиролцсон ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 600,000 төгрөг дээрээ нэмж 1 ширхэг сэндвичэн хавтангийн үнэ гэж 205,500 төгрөг, нэмэлт ажлын хөлсөнд 85,360 төгрөг төлөхийг шаардаж Суурилуулсан сэндвичээ хуулж аваад явлаа гэж дарамталсны улмаас аргагүй байдал дор тухайн өдөрт нь******* ХХК-ийн захирал Д.Баттулгын нэр дээрх Хаан банкны 5039490776 тоот данс руу 890,860 төгрөг шилжүүлэн өгч гаражийн дээврийн ажлыг гүйцээлгэж дуусгуулахаар тохиролцсон боловч маргааш нь Шувуун фабрикт яаралтай ажил гарчихлаа, дуусгаад хийнэ гэсэн, дараа нь Хүйтрээд өвөл болчихлоо, хавар болохоор хийгээд өгье гэсэн, хавар болж дулаарахад Саруул худалдааны төв дээр Вагнер ази компанийн ажлыг амрах завгүй гүйцэтгэж байна, ажлаа дуусгаад танайхыг хийнэ гэж байгаад 2018 оны 9 дүгээр сард Би үйлдвэрийн ажлаа ихрийн өрөөсөндөө шилжүүлчихсэн, би ахиж ажиллахааргүй болсон, түүнтэй яриад хийлгүүлчих гэсэн, нөгөө ихэр нь Манай компани угсралт хийхээ больчихлоо, би түүнтэй уулзаж ярилцаад хийлгүүлнэ гэсэн ч, нөгөөдөх нь Би хийж өгнө гэж яриагүй, надад хамаагүй гэх мэтээр бие бие рүүгээ түлхэж, эцэстээ хариуцах эзэнгүй хохирч үлдсэн тул Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хандан гомдол гаргасан ч Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Энэхүү компанийн угсралтын ажлын чанаргүй, буруу гүйцэтгэлээс болж гаражийн баруун урд хэсэгт 20 см-ийн хэмжээтэй хучилтгүй доголдол үүсч, өөрсдийн ажлын алдаа, дутагдлыг арилгаж хохирлыг барагдуулахын оронд нэмэлт ажил шинээр гарсан мэт шантаажилж хүчирхийлэх байдлаар 290,860 төгрөг нэмж авсан ч, уг ажлыг гүйцэтгэхгүй өдий хүрсэн төдийгүй, тэдний буруутай үйл ажиллагааны хор хохирол илэрсэн. Үүнд:

а).******* ХХК-ийн угсралтын ажилчдын барилга угсралтын ажлын мэдлэг
чадвар дутмаг, мэргэжлийн бус байдлын улмаас сэндвичэн дулаалгын хавтангуудыг
гаражийн дээвэрт буруу төлөвлөж угсрагдсан байх ба тухайлбал; бэхэлгээ хийх
нэрээр дээврийн хучилтын хавтанг хайр гамгүй өрөмдөж цоолсноос дээвэрт энд тэндгүй олон цооролт үүсгэсэн, хавтан дээврийн хооронд хөндий, зай завсар гаргаж угсарсан зэргээс шалтгаалж хүйтний улиралд хөндий зай завсраар нь хүйтэн жавар
хургаж, салхи сийгэж дээврээсээ улам их дулаан алдагдах болж гаражийн дээврийн дулааны алдагдал өмнөхөөсөө сайжрах биш, улам дордуулсан.

б).******* ХХК-ийн угсралтын ажилчдын ажлын хариуцлагагүй, хайнга хайш яайш хандсанаас сэндвичэн дулаалгын хавтанг гаражийн дээвэрт угсрахдаа нэг тал руу нь хэлтийлгэж, нөгөө тал буюу гаражийн дээврийн баруун урд хэсэгт 20 см-ийн хэмжээтэй хучилт хүргэхгүй дутаасан нь дулаан алдагдах нөхцөл улам даамжирсан.

в).******* ХХК-ийнхан гаражийн дээврийн хучилтын хавтанг дур зоргоороо цоолж хаячихаад эргэж засна, нэг талдаа дутсаныг нэмэлт сэндвичэн хавтангаа гүйцээнэ хэмээн ажлын хөлс нэмж авсан ч худал ярьж гүйцэтгээгүй хойшлуулсан 2017.09.29-ний өдрөөс 2019.07.20-ны өдөр хүртэл хугацаанд орсон бороо, хайлсан цасны ус дотогшгоо гоожиж дотор нь тавьж байрлуулсан 2 ширхэг автомашины гадна оройн өнгөн хэсэг зэвтэй усанд идэгдэж арилгахгүйгээр толбо үүсч халтартсан, мөн борооны ус, чийгнээс болж гаражийн төмөр хаалганы дотор тал зэвэнд идэгдэж цоорсон, хаалганы цоож зэвэнд идэгдэж онгойхгүй гацаж муутгасан.

Нэхэмжлэгч нь дээврийн ажлаар мэргэшсэн хүмүүст хандан 2019.07.20-ны өдөр 300,000 төгрөг төлж сэндвичэн дээврийн хажуугийн гаражтай залгаа уулзвар хэсэгт тусгай зориулалтын цавуу, хар тосон түрхлэгээр чулуутай орос хар цаасыг порпанаар хайлуулан наалгаж 6 метрийн урттай усны хамгаалалт хаяавчийг хийлгүүлсэн.

Хариуцагч******* ХХК-иас:

1.Ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 290,860 төгрөгийг буцаан гаргуулах;

2.Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө эстимэйт ХХК-ийн
гүйцэтгэсэн 2021.03.09-ний өдрийн Хохирол үнэлгээний тайлан-гаар үнэлэгдсэн гаражийн дээврийн ажлын гүйцэтгэлийн улмаас учирсан хохирлын төлбөрт 519,236 төгрөг, үнэлгээний үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 50,000 төгрөг, гаражийн дээврийг буулгаж дахин засварлах ажлын улмаас 2019.07.20-ны өдөр 300,000 төгрөгөөр хийлгүүлсэн усны хамгаалалт хаяавч хуулагдах учир түүний өртгийг зайлшгүй гаргуулах зэрэг гэм хорын төлбөрт 869,236 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шаардаж байна. Үүнд: 2 ширхэг автомашины гадна оройн өнгөн хэсэг зэвтэй усанд идэгдэж арилахгүй толбо үүсч халтартсаныг засварлах ажлын хөлс багтаагүй гэв.

 

Хариуцагч Батсэндвич ХХК шүүхэд гаргасан тайлбар болон компанийн төлөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Д.Баттулга нь Батсэндвич ХХК-ийн захирал ба манай компани нь 2013 оноос Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд сэндвич хавтангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гэх Л.******* манай компанид ирж дээврийн сэндвич хавтан захиалсан ба надаас сэндвич хавтан угсардаг гарын дүйтэй хүн байгаа юу гэж асуухад манай компани нь зөвхөн сэндвич хавтангийн үйлдвэр эрхэлдэг угсралтын ажил хийдэггүй гээд Л.******* гуайн хүсэлтээр хувиараа угсралтын ажил хийдэг ихэр болох Д.Бат-Эрдэнийн утасны дугаарыг өгсөн.

Д.Бат-эрдэнэ, Л.******* хоёр нь хоорондоо аман гэрээ хийж ажил гүйцэтгэхээр болсон. 2017 оны 9 сарын 15-нд урьдчилгаа болох 400,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 29-нд 890,860 төгрөгийг миний дансаар шилжүүлэг хийсэн. Миний бие сэндвичэн материалын мөнгө болох 850,360 төгрөгийг авч, үлдэгдэл ажлын хөлс болох 400,000 төгрөгийг өөрийн ихэр Д.Бат-эрдэнэд бэлнээр өгсөн.

Тухайн үед Л.******* нь аман гэрээгээр хийсэн ажлаас нь өөр нэмэлтээр нураалт болон шаврын ажил хийлгэхээр Д.Бат-эрдэнээс шаардсан бөгөөд цаашид хөлсгүйгээр ажиллахыг хүсээгүй учир зөвхөн аман гэрээнийхээ ажлыг дуусгавар болгосон гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Батсэндвич ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 290,860 төгрөгийг буцаан гаргуулах, гаражийн дээврийн ажил гүйцэтгүүлсэн 519,236 төгрөг, гаражид учирсан хохирол үнэлүүлэх ажлын хөлсөнд төлсөн 50,000 төгрөг, гаражийн дээврийг буулгаж дахин засварлахад учрах хохирол 300,000 төгрөг, нийт 1,060,096 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Л.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Батсэндвич ХХК-ийн сэндвич хавтангийн үйлдвэрээс 6,55 метр хэмжээтэй, 4 ширхэг, дээврийн сэндвич хавтанг 822,000 төгрөг, 22 метр урттай хүрээ материалыг 63,360 төгрөг, нийт 885,360 төгрөгөөр худалдан авах, уг материалыг ашиглан хариуцагч Батсэндвич ХХК-иар гараждаа дулаалга хийлгэх, ажлын хөлс, тээврийн зардлыг тооцож, нийт зардлыг 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, дээрх бараа материалын хэмжээ, зардлыг Батсэндвич ХХК-ийн хэмжилт, тооцооллын дагуу худалдан авахаар тохиролцсон, улмаар Л.*******н гаражид дахин сэндвич хавтан тавих шаардлага үүсч, нэмэлтээр 205,500 төгрөгийн сэндвич хавтан, нэмэлт ажлын хөлс 85,360 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь зохигч талуудын хэн алины тайлбар болон гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг, Л.*******н эзэмшдэг Хаан банкны 5003556901 дугаартай данснаас 5039490776 данс руу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 890,860 төгрөг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тогтоогдож байна.

Хариуцагч Батсэндвич ХХК-ийн төлөөлөгч Д.Баттулга нь дээр дурьдсан сэндвич хавтанг худалдан борлуулснаас бусад асуудал манай компанид хамаагүй, хувь хүн буюу миний ихэр Д.Бат-Эрдэнэтэй Л.******* харилцан тохиролцож гараждаа ажил хийлгэсэн гэж маргаж байх боловч гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, Батсэндвич ХХК-ийн арилжааны зар, мэдээлэл дээрх 94175244, 94949061 дугаарын утсыг Д.Баттулгын ихэр Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг буюу Батсэндвич ХХК-тай холбогдсон харилцагч нартай ярьж, бараа материалын үнэ, худалдааны талаар ярилцдаг, Д.Бат-Эрдэнэ нь Батсэндвич ХХК-ийн үйлдвэр дээр өөрийн биеэр байдаг, сэндвич авсан харилцагчид ажил үйлчилгээ үзүүлж байсан үйл баримтыг гэрч Д.Бат-Эрдэнэ мэдүүлж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй ...Л.******* нь Батсэндвич ХХК-тай харилцан тохиролцож, бараа материал худалдан авч, уг материалаар ажил гүйцэтгүүлсэн... гэж үйл баримт тогтоогдов.

Дээр дурьдсан үйл баримт нь 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж тус тус заасантай нийцэж байх тул Л.******* болон Батсэндвич ХХК-ийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан боловч талууд худалдах-худалдан авах хэлцлийн талаар мараагүй буюу захиалагч Л.******* нь гаражийн дулаалга хийлгэх зорилгоор Батсэндвич ХХК-тай хэлцэл хийж тус компаниас худалдан авсан өөрийн бараа материалаар ажил гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдов.

Талууд, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар, хэлцэл хийж Иргэний эрх зүйн харилцаанд орсон нь дээр дурьдсанаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар, энэхүү эрх зүйн харилцаанд оролцогч хэн аль нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.

Дээрх харилцааны оролцогч өөрийн эрх, ашгаа зөрчигдсөн гэж үзвэл хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэх, хохирол учирсан бол хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу авсан ажил үйлчилгээ чанаргүй байсан хэмээн дор дурьдсан үндэслэлүүдийг дурьдаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханджээ. Үүнд:

-Батсэндвич ХХК-ийн мэргэжлийн бус ажиллагаанаас үүдэж, гаражийн дээвэрт сэндвичийг байрлуулахдаа нэг тал руу хэлтийлгэж, нөгөө тал буюу баруун урд хэсэгт 20 см-ын хэмжээтэй хучилт хүргэхгүй дутаасан, дээвэрт олон цооролт үүсгэсэн, хавтан дээврийн хооронд хөндий, зай завсар гаргаж угсарсан зэргээс шалтгаалж, дулааны алдагдал өмнөхөөсөө дордсон,

- Ажлаа гүйцэтгээгүй хойшлуулсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд орсон бороо, хайлсан цасны ус дотогш гоожиж хохирол учирсан,

- Дээврийн ажлаар мэргэшсэн хүмүүст хандан 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг төлж сэндвичэн дээврийн хажуугийн гаражтай залгаа уулзвар хэсэгт тусгай зориулалтын цавуу, хар тосон түрхлэгээр чулуутай орос хар цаасыг порпанаар хайлуулан наалгаж 6 метрийн урттай усны хамгаалалт хаяавчийг хийлгүүлсэн, гаражийн дээвэр дахин засварлахад дээр дурьдсан 300,000 төгрөгийн өртөгтэй усны хаяавчийг хуулахад хүрнэ

- Хохирол үнэлгээний компанид 50,000 төгрөгийн хөлс төлж гаражид учирсан хохирлын хэмжээг 519,236 төгрөг болохыг тогтоолгосон,

- Бараа материал худалдан авах, уг материалаар гаражид ажил гүйцэтгэх, тээвэрлэх хөлс 1,000,000 төгрөг байхаар тохиролцсон, зардлын тооцоог хариуцагч гаргасан атлаа нэмэлт материал, зардал гаргаж, төлөхгүй бол ажил хийж өгөхгүй гэж дарамталж 290,860 төгрөг нэмж авсан гэжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хохирол үнэлгээний тайлан-д ...уг гаражийн дээврийн сэндвич нь төмрийг суурьлуулахдаа нэг тал руу нь илүү гаргаж /хаялга/, нөгөө талыг нь дутааж гаражийн баруун урт хэсэгт 20 см-ын хэмжээтэй зай гаргасан байв, гаражийн хаалга зэвэрч цоорсон байв гэснээс үзэхэд, нэхэмжлэгчийн гаражид учирсан хохиролд Батсэндвич ХХК-ийн ажлын гүйцэтгэлээс үүдэлтэй шалтгаант холбоо тогтоогдож байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.,

мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.,

мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; гэж тус тус зааснаар, дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид учирсан хохирол болох Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хохирол үнэлгээний тайлан-аар тогтоогдсон 519,236 төгрөг, уг үнэлгээг хийлгэхэд гарсан зардал 50,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Батсэндвич ХХК арилгах үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагын 290,860 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн нь тогтоогдсон, гаражийн дээвэр дахин засварлахад гаражийн бүрдэл хэсгээс 300,000 төгрөгийн өртөгтэй хэсгийг устгах хийгээд ийм хэмжээний өртөгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 590,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

Хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Батсэндвич ХХК-иас 569,236 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 590,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батсэндвич ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 17,728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Л.ЭНХЖАРГАЛ