Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/02973

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанб******* хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 133/1 байрны 43 тоот хаягт оршин суух, С******* с******* овогт З******* Б******* /регистрийн дугаар:*******/

Нэхэмжлэгч: Улаанб******* хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 133/2 дугаар байрны 8 тоот хаягт оршин суух, С******* с******* овогт З******* С******* /регистрийн дугаар:*******/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанб******* хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороо, 30 дугаар байрны 46 тоот хаягт оршин суух Т овогт Бгийн Б /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанб******* хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 89 дүгээр байрны 22 тоот хаягт оршин суух, Д.М******* /регистрийн дугаар:/-т холбогдох

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б*******, З.С******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Цолмон, М.Жаргалан-Энх нараас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.

Улмаар орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээг цуцалсан тэмдэглэлээр нэхэмжлэгч З.С*******ид 25,000,000 төгрөгийг М.Жаргалан-Энх 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буцаан олгосон. Уг 25,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр оролцсон гэрч Д.М******* Би Ти Би констракшн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 43 айлын орон сууцны 9 давхарт 73 м.кв гаруй орон сууцыг худалдан авахаар болж М.Жаргалан-Энх, О.Цолмон нарын төлөх ёстой 25,000,000 төгрөгийг Д.М*******ийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээг цуцалсан тэмдэглэл нь Д.М*******ийн төлөх орон сууцны төлбөрийн 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэж болох юм.

Д.М******* нь уг 25,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан, хариуцагчаар Д.М*******ийг сольж, Д.М*******ээс 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч З.С*******, З.Б******* нар нь М.Жаргалан-Энх болон О.Цолмон нарт 100,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. М.Жаргалан-Энх, О.Цолмон нарын хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж явж байгаад тодорхой шалтгааны улмаас зээл, зээлийн хүү болох 25,000,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний нэг тал болсон этгээдүүдээс бүх төлбөрөө нэхэмжлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Жаргалан-Энхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зээлийн гэрээтэй холбоотой үйл баримтыг нотлохоор гэрчээр Д.М*******ийг татан оролцуулахаар хүсэлт гаргахад шүүх уг хүсэлтийг хүлээж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.М*******ийг гэрчээр асуусан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үйл баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр хариуцагчийг солих хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хүлээж аваад хариуцагчаар Д.М*******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Хэргийн үйл баримтыг тогтоохын тулд дараах тайлбарыг гаргах нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Анх зээлийн гэрээ байгуулагдсаны дараа зээлдэгч талаас өөрийн барьж байгаа 2 өрөө 103.1 м.кв орон сууцыг худалдаж, зээлийн гэрээний төлбөртөө өгөхөөр тохиролцсон. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. З.С*******, М.Жаргалан-Энх нар уг гэрээг байгуулсан. М.Жаргалан-Энх нь Би Ти Би констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх удирдлага гэх нотлох баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалд өгсөн. Энэ тохиролцоо биелэгдээгүй учраас 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр М.Жаргалан-Энхийн зүгээс З.С*******ид 25,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөд орон сууцны худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тэмдэглэл үйлдсэн. Энэ тохиролцоо хийсэн 25,000,000 төгрөгийг Д.М*******ийн байр луу шилжүүлье гэх асуудал яригдаад Д.М******* нь З.С*******, М.Жаргалан-Энх нарт уг мөнгийг төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээ цуцалсан тэмдэглэлийг хариуцагч Д.М******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдахдаа гаргаж өгсөн баримт байгаа. Би З.С*******, З.Б******* нараас ийм гэрээ цуцалсан тэмдэглэл яваад байна, энэ гэрээ ямар учиртай юм бэ гэж асуухад З.Б******* би энэ үйл баримтыг сайн мэдэхгүй, З.С******* мэдэж байгаа гэж хэлсэн. З.С******* энэ үйл явдлыг шинжлэн судалсан. Тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалсан тэмдэглэл яагаад М.Жаргалан-Энх, О.Цолмон, З.С*******, З.Б******* нараас гарч ирэхгүй байж яагаад Д.М*******т байгааг гайхаж байна. Энэ үйл баримтыг тогтоохын тулд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан Д.М*******ээс 25,000,000 төгрөг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.С*******, З.Б******* гэх хүмүүстэй гэрээ хийгээгүй. Би тэр хүмүүсийг харж байгаагүй. З.С******* гэх хүнийг н.Энхболдтой уулзах үед нь л харж байсан. Надад тэр хүмүүст өгөх өр зээл байхгүй. Би байр авахдаа Энхболд гэдэг хүний компанийн туслан гүйцэтгэгч хийж байсан. Тэр хүн надаас 2 өрөө байр Ховд аймагт аваад гэрээний дагуу 20,000,000 төгрөг төлж өгнө гэж хэлчхээд би төлчихсөн гэх баримтыг надад канондож өгч байсан. Би бичиг баримтаа авчихсан тул би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б*******, З.С******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч О.Цолмон, М.Жаргалан-Энх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийг Д.М*******ээр сольж, хариуцагч Д.М*******ээс 25,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.М*******ээс 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, гэрчээр асуугдсан Д.М******* нь Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ цуцалсан тэмдэглэл гэх баримтыг өөртөө хадгалж байгаад, шүүхэд гэрчээр асуугдахдаа хэргийн оролцогчид энэхүү баримтыг өгсөн, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр М.Жаргалан-Энхийн зүгээс З.С*******ид 25,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөд орон сууцны худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тэмдэглэл үйлдсэн. Энэ тохиролцоо хийсэн 25,000,000 төгрөгийг Д.М*******ийн байр луу шилжүүлье гэх асуудал яригдаад Д.М******* нь З.С*******, М.Жаргалан-Энх нарт уг мөнгийг төлөхөөр тохиролцсон гэж мэтгэлцэв.

Хариуцагч нь З.С*******, З.Б******* гэх хүмүүстэй гэрээ хийгээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ цуцалсан тэмдэглэл нэртэй баримтад Энэхүү гэрээг нэг талаас Би Ти Би констракшн ХХК /рд:5799244/ худалдагч тал, түүнийг Мөнхтуул овогтой Жаргалан-Энх/рд:ХВ83060371/, нөгөө талаас Зундуй овогтой С******* /рд:*******/ худалдан авагч нар Иргэний хуулийн 109-110, 189.1, 243, 261, 269 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээг цуцлагдсан тул гэрээний үүргээр 2018.03.20 өдөр урьдчилгаа төлсөн 25,000,000 төгрөгийг тус компани иргэн З.С*******ид 2019.03.14-ний өдөр буцаа олгов. Хүлээлгэн өгсөн Би Ти Би констракшн ХХК-ийн захирал М.Жаргалан-Энх, Мягмарсүрэн, Хүлээн авсан иргэн З.С******* хэмээн бичсэн байх бөгөөд гарын үсэг тус тус зурагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. .... 26.3.-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. ... гэж тодорхойлсон.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх талаар Иргэний хуулийн Хоёрдугаар бүлэг, 8 дугаар зүйлд хуульчлан зохицуулсан бөгөөд дор дурьдсанаар Иргэний эрх зүйн харилцаа үүснэ. Тодруулбал, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн

8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;

8.1.2.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;

8.1.3.хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;

8.1.4.оюуны үнэт зүйл бүтээх;

8.1.5.гэм хор учруулах;

8.1.6.үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;

8.1.7.иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;

8.1.8.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл;

Зохигч талуудын хооронд дээр дурьдсан Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй, Д.М******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т тухайлан заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээг цуцалсан тэмдэглэл нь Д.М*******ийн төлөх орон сууцны төлбөрийн 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэж болох юм хэмээн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.               Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.7-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.М*******ээс 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Б*******, З.С******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА