Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/03201

 

 

 

 

 

 

 

 

2021 10 15 101/ШШ2021/03201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр Оюут баг, 2-23-61 тоот хаягт байрлах ******* ХХК /регистрийн дугаар:4371054/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, 1 дүгээр баг хаягт байрлах Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохирол 391,412,262 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 43,601,493 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Эрдэнэсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн төлөөлөгч З.Эрдэнэсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие******* асан н.Зоригтой уулзаж олон жил баригдаж дуусаагүй Бурхан багшийн сэрэг дүрийг мэргэжлийн хүний зүгээс гардан хийж гүйцэтгэх талаар санал тавихад маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан.

Ингээд 130,000,000 орчим төгрөгийн төсөв гаргаж өгөхөд өндөр байна гэсэн бөгөөд үнээ хасаад 70 орчим сая төгрөг болгоод ирэхэд 2014 оны орон нутгийн төсөвт Бурхан багшийг сэргээн засварлахад 100,000,000 төгрөг төсөвлөгдсөнийг хоёр компанид тус бүр 50 сая төгрөгөөр хувааж ажлаа эхлүүлнэ гэсэн. Бид мөнгө дутахыг мэдэж байгаа гэхдээ ажлаа хурдан эхлүүл гэсэн тул эхлээд гэрээ хэлцэлгүй шууд ажлаа эхэлж, 2014 оны 6 сарын 20-ны өдрийн аймгийн архитекторч н.Адъяагийн зурсан зургийн дагуу Бурхан багшийн сэрэг дүрийн өнгөт металлын гагнуур, өнгөлгөө бэхэлгээний ажлыг хийж эхэлсэн.

Ингээд 2014 оны 7 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Бурхан багшийн сэрэг дүрийн засварын ажил дээр хэд хэдэн компани ажиллаж байсан бөгөөд манай компанид анх гэрээнд тусгагдсан 50,000,000 төгрөгийг гүйцэд өгөлгүй 12,000,000 төгрөг дутуу өгсөн.

Энэ хугацаанд их хэмжээний зардал гарч аймгийн удирдлагуудад удаа дараа хэлэхэд хэн ч албан тоотоор хариу өгөөгүй.

Мөн архитектор Адъяагийн тооцоо зургийн дагуу өнгөлгөө, бэхэлгээ гагнуурын ажлаас гадна Бурханы бадын дээврийн дулаалга, ус тусгаарлагч бэхэлгээ, арматур хучилт, бадны бүслүүр зэрэг ажлуудын төсвийг аймгийн барилга захиалагчийн албаны төсөвчин Энхцэцэг норм дүрмийн дагуу 21,000,000 төгрөгөөр хийж энэ ажлыг манай компаниар хийж гүйцэтгүүлсэн боловч нэг ч төгрөг манай компанид өгөөгүй.

2014 оны 10 сарын 10-нд Тамгын газрын дарга Сумъясүх, Барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн, өмчийн хэлтсийн дарга Хүрэл-Эрдэнэ төсөвчин Рэнцэнпил гэх мэт хүмүүс хуралдаж Сумъяасүх дарга эдгээр хүмүүст үүрэг өгч, гэрээг дахин шинэчилж, мөнгийг 2015 оны төсөвт суулгаж нөхөн өгөхөөр хүртэл шийдвэрлэж байсан.

Бидний хийж гүйцэтгэсэн ажил Монгол улсад ямар ч үнэ тариф байхгүй нь хүндрэл учруулж байгаа бөгөөд Барилгын тухай хуульд зааснаар үнэ тариф нь тодорхойгүй ажлыг хоёр тал тохиролцоно гэсэн байдаг. Олон улсад 1см нь 12-18 ам доллараар мөрдөгдөж байхад бид 1 см нь 2500 төгрөгөөр бодож гагнаж байсан.

Бараа материалын зардалд 101,768,888 төгрөг, ажлын хөлс 177,940,672 төгрөг, түрээс 18,000,000 төгрөг, татварт 93,702,702.6 төгрөг нийт 391,412,262,6 төгрөгийн хохирол учирсан тул гэрээний хүлээсэн төлөх ёстой ажлын хөлс болон дээрх хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан хэлцлийн гэрээг захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан. Уг гэрээний үнийн дүн нь 50 сая төгрөг байдаг. Тус гэрээний дагуу 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл уг ажлыг хийж дуусгах ёстой байсан. Гэтэл уг ажил хугацаандаа дуусахгүй байсаар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүрсэн. Тухайн компани гэрээнд заасан ажил хийж гүйцэтгээд хугацаандаа хүлээлгэж өгсөн байх ёстой байтал өгөөгүй байсан нь харагдаж байна. Иймд Орхон аймгийн Засаг даргын ажил зохицуулах тухай шийдвэр гарч гэрээ цуцлагдсан. Хоёрдугаарт******* хийсэн ажлын санхүүжилтийг тухай бүрт олгосон бөгөөд нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн бурхны дээвэр, дулаалгаас ус дасаад хучилтын хавтангийн ажил буюу 20 сая төгрөгийн ажлыг хийсэн боловч чанарын шаардлага хангаагүй, цементүүд нь бутарч байсан. Үүнд нөлөөлсөн ямар нэг гадны нөлөөгүйгээр ховхорч унаж байсан. Уг ажлыг хангалтгүй хийсэн гэж үзээд нэхэмжлэгч компанид танилцуулснаар дахин өөр компаниар уг ажлыг дахиж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч ******* ХХК нь ажлыг бүрэн хийж дуусгаагүй. Гол нь гэрээний нэгд 50 сая төгрөгийн үнийн дүнтэй байна, гэрээний нөхцөлд тооцогдох эд зүйлүүд, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил гологдлыг арилгах үүрэг хариуцлагыг гүйцэтгэгч хүлээнэ гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийн өөрийн чанартай болон чанаргүй гэх материалаас хийсэн ур чадвар дутмагаас болж төсвөөс давсан зардал гаргасан харагдаж байна.

Орхон аймгийн Засаг дарга болон ******* ХХК нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр БЗА 81/14 дугаартай Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулсан.

Гэрээнд заасан ажлын нийт дүн 50,000,000төгрөг бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 13 дахь хэсэгт Гэрээт ажлын хугацаанд гэрээний үнэ үндэслэлгүйгээр өөрчлөгдөхгүй ба энэхүү гэрээгээр тохирсон үнэ эцсийн үнэ байна гэж заасан.

Ийнхүү гэрээгээр тохирсон үнэ буюу 50,000,000 төгрөгт багтааж хийх ажил нь 2 бүрдэл хэсгээс бүрдэж байгаа болно. Үүнд:

А. Зургийн зохиогч Б.Адъяагийн зохиосон ажлын зураг дээр үндэслэн Б.Адъяагийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тооцож ирүүлсэн ажлын тоо хэмжээгээр тодорхойлох Бурхан багшийн гадна, дотор талын гагнуур, өнгөлгөөний нийт 29,725,126 төгрөгийн ажил,

Б. Төсөвчин Л.Энхцэцэгийн 2014 онд боловсруулсан Бэхэлгээний ажил хэсэгт хамаарах Бурхан багшийн сэрэг дүр цогцолборын Бурхан багшийг суурийн бадтай холбох дээврийн засварын нийт 20,274,874 төгрөгийн ажил гэсэн 2 хэсгээс бүрдэн батлагдаж, уг 2 ажлын нийт төсөвт өртөг нийлээд гэрээний нийт үнэ буюу 50,000,000 төгрөг болж байгаа.

Гэрээнд заасны дагуу санхүүжилтийн 30 хувийг буюу 15,000,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр, гүйцэтгэлийн хувийг гарган 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 17,933,289 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6,066,711 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлэн гүйцэтгэлийн мөнгийг тухай бүрт нь өгч байсан.

2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх БЗА 81/14 дугаартай гэрээний 1.4-т зааснаар Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх зардал нийт төсвийн 2 хувиас багагүй байна гэж зааснаар 1,000,000 төгрөг суутгагдсан ба нийт 40,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн үнэ шилжсэн болно.

Ийнхүү 40,000,000 төгрөгийн санхүүжилтийг тухай бүрт нь шилжүүлж байсан боловч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажлыг дутуу орхисон бөгөөд Бурхан багшийн гадна, дотор 291.1 метр гагнуурын ажил хийх байсан боловч өөрийн туршлагагүй боловсон хүчин болон шаардлага хангаагүй хямд материал зэргийг ашигласнаас үүдэлтэй тухайн гагнуурын уртын хэмжээ 391.1 метр болж өөрчлөгдсөн нь төрийн буруутай үйл ажиллагаа бус гагцхүү компанийн илт ашиг харж хийсэн үйлдэлтэй холбоотой.

Мөн Бэхэлгээний ажил хэсэгт хамаарах Бурхан багшийн сэрэг дүр цогцолборын Бурхан багшийг суурийн бадтай холбох дээврийн засварын нийт 20.274.874 төгрөгийн ажлыг чанарын шаардлага хангаагүй цементээр хийж ямар нэгэн гадны нөлөөгүй байхад ховхрон унасан, Бурхан багшийн сэрэг дүрийн дээврээс дотогш ус алдаж байсан тул тухайн ажлыг хангалтгүй хийсэн болохыг ******* ХХК-д танилцуулж уг ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн болно.

******* ХХК нь ажлаа гүйцэд дуусгаж комисст хүлээлгэн өгөлгүй гэрээнд заасан ажлыг чанаргүй хийж хаяж явсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-тай 2014 оны 7 сарын 7-ны өдөр БЗА81/14 дугаар Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажил гүйцэтгэх 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн ба ажил эхэлснээс хойш ******* ХХК-д нийт 40,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн.

******* ХХК нь Бурхан багшийн сэрэг дүрийн засварын ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн ба Барилгын тухай хуулийн 3, 12 дугаар зүйлд заасан барилга байгууламжийг барих, засварын ажил гүйцэтгэсэн байгууллага нь чанарын баталгааны хугацаа гурван жил байна гэж заасны дагуу тухайн засварын ажлын баталгаат хугацааг гаргаж өгөх үүрэгтэй. Гэрээний 4.7-д ажил дууссаны дараа талууд гэрээг дүгнэнэ гэж заасан боловч ******* ХХК нь ажлаа гүйцэтгэж дуусаагүй, чанаргүй гүйцэтгэсэн зэрэг шалтгаануудаас болж тухайн ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй удааширч байна. Иймд гэрээний 5 дугаар зүйлд зааснаар ******* ХХК-иас хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй торгууль болох саатуулсан хоног тутам 0,1 хувиар тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйл мөн гэрээний 5.3-т торгууль нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус зааснаар ******* ХХК-д холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан.

14-07-025/28 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр улсын байцаагч нь ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлууд нь чанарын шаардлага хангахгүй дутуу хийгдсэн гэж дүгнэсэн. Ийнхүү Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/132 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Бурхан багшийн сэрэг дүр цогцолборт засвар хийж байгаа ******* ХХК-ийн гэрээгээр хүлээсэн ажлын гүйцэтгэлийн байдлын талаар хэлэлцэн гэрээт ажлыг хангалтгүй хийсэн талаар санал нэгдэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дүгнэлт зэргийг үндэслэн барилгын ажилд цаашид учирч болзошгүй эрсдэл мөн барилгын ажлыг яаралтай дуусгах зэргийг харгалзан ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж дараагийн компанийг хуульд заасны дагуу сонгон шалгаруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн.

******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж чанаргүй болоод дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг Нью гранд цамхаг ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж чанаргүй болоод дутуу хийгдсэн ажлуудыг хийж дуусгасан.

******* ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд БЗА 81/14 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг чанаргүй, дутуу хийж гүйцэтгэсний улмаас Нью гранд цамхаг ХХК-иар гэрээнд заасан ажлыг 18,601,493 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн дуусгуулсан тул ******* ХХК-иас төрд учруулсан хохирол болох 18,601,493 төгрөгийг гаргуулна.

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд БЗА 81/14 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 4.7-д ажил дууссаны дараа талууд гэрээг дүгнэнэ" гэж заасан байсан боловч ******* нь ажлаа гүйцэтгэж дуусаагүй, чанаргүй гүйцэтгэсэн зэрэг шалтгаанаас болж хийж гүйцэтгээгүй, хүлээлгэж өгөөгүй болно. ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй торгууль болох саатуулсан хоног тутмын 0,1 хувь буюу 579 хоногийн 28,950,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан БЗА 81/14 дугаартай гэрээний 5.3-д ...Торгууль нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус зааснаар ******* ХХК-иас 25,000,000 сая төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна.

******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж чанаргүй болоод дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг Нью гранд цамхаг ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж чанаргүй болоод дутуу хийгдсэн ажлуудыг хийж дуусгасан.

******* ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд БЗА81/14 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг чанаргүй, дутуу хийж гүйцэтгэсний улмаас Нью гранд цамхаг ХХК-аар гэрээнд заасан ажлыг 18,601,493 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн дуусгуулсан тул ******* ХХК-аас төрд учруулсан хохирол болох 18,601,493 төгрөгийг, нийт 43,601,493 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр гэрээгээр 60 хоног гэсэн боловч хариуцагч нар цаг тухайд нь санхүүжилтээ өгч байгаагүй. Мөн нэмэлт олон ажлууд гарч ирж байсан ба хариуцагч байгууллагуудын удирдлагуудтай ярилцаж тохиролцож гэрээний хугацаанд ажил багтаж хийгдэхгүй болсон талаар хэн аль нь ойлгож мэдэж байсан.

Манай компани нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн БЗА 81/14 дугаартай Бурхан багшийн сэрэг дүрийн Өнгөт металлын гагнуур, өнгөт металлын өнгөлгөө, Бурхан багшийн сэрэг дүрийн дотор бэхэлгээ ган хийц зэрэг ажлуудыг хийхээр гэрээ хийсэн билээ. Уг ажлын гэрээнд 2014 онд Орон нутгийн санхүүжилтээр 50,0 сая төгрөгөөр санхүүжүүлнэ гэж заасан боловч аймгийн засаг дарга:

Бид мөнгө дутахыг мэдэж байгаа явцын дунд мөнгө нэмж санхүүжүүлнэ гэж аман гэрээ хийсэн.

Манай компанитай 2017 оны 7 дугаар сарын 07-нд гэрээ байгуулсан гэх боловч Аймгийн өмчийн хэлтсийн дарга Хүрэл-Эрдэнэ нь гэрээ хийгдээгүй байхад 2014.06.15-нд биднийг шахан гуйж байж ажлыг эхлүүлсэн. Ажлыг бид өөрсдийн мөнгөөр эхлүүлж, ажил эхэлснээс хойш 24 хоногийн дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 07-нд гэрээг хийж танилцуулсан. Бурхан багшийн сэрэг дүр нь газрын төвшнөөс дээш З0м өндөрт, тойргийн урт нь 44м, 80тн хүнд гууль, 660-аад ширхэг (1м х 1м) харьцаатай 12мм зузаантай өнгөт металлаар бүрдсэн байдаг. Бид 607м урт өнгөт металлын хийн гагнуурыг Өндөрт, хортой хүнд, халуун нөхцөлд хийж гүйцэтгэсэн. Ажлын явцад Барилга хот байгуулалтын албаны төсөвчин Рэнцэнпил, Хяналтын инженер Оюунтөгс, Батсайхан ахлах инженер Төмөрбаатар архитекторч Адъяа нар нь удаа дараа ажлын байранд ирж ажлын явцтай танилцаж хяналт тавьж шалган тухайн үед өөрсдийн дүгнэлтийг өгч ажил сайн явж байгаа талаар ярьж ажлын гүйцэтгэлийн дэвтэрт тэмдэглэгээ хийж үүрэг даалгавар өгч хяналт тавьж байсан. Эдгээр нь шүүхэд өгсөн материалд эх хувиараа байгаа.

Харин нэхэмжлэлд дурьдсан:

-   2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14.07.025/28 дугаартай Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч, Хот байгуулалт барилга захиалагчдын алба ОНӨҮГ-ын инженер, Их шүтээн цогцолбор ОНӨҮГ, ******* ХХК-ийн захирал нарыг байлцуулан гэж хяналт шалгалт хийсэн гэх боловч тухайн үед ******* ХХК-ийн захирал З.Эрдэнэсүхийг оролцуулаагүй, дүгнэлтээ ном журмын дагуу гаргаагүй, худал санаанаас зохион гүтгэж байгаад харамсалтай байна. Хариу нь албан тоотоор манай компанид ирэх ёстой байсан;

-   Орхон аймгийн Засаг даргын А/32 дугаартай захирамж мөн ирээгүй;

-   Манай компанитай хийсэн гэрээг цуцалсан тухай акт албан тоот ирээгүй;

Мөн нэхэмжлэлд дурьдсан Барилгын ажлыг чанаргүй дутуу хийсэн гэсэн нь манай компани барилгын заслын ажил хийгээгүй Өнгөт металлын гагнуур өнгөлгөө, ган хийцийн бэхэлгээний ажлыг хийсэн болно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон Орхон аймгийн хот байгуулалт, барилга захиалагчийн албанд холбогдуулан 391,412,262 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч******* болон Орхон аймгийн хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг чанаргүй, дутуу хийж гүйцэтгэсний улмаас өөр компаниар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 18,601,493 төгрөгийн хохирол, талуудын хооронд байгуулсан БЗА 81/14 дугаартай гэрээнд зааснаар 25,000,000 сая төгрөгийн торгууль, нийт 43,601,493 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшинг тус аймгийн Засаг дарга томилсон байсныг хариуцагч залруулж, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 ны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар Б.Баттүвшинг томилж, шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан өмнөх тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ гэх нэртэй БЗА81/14 тоот гэрээний дагуу учирсан хохирол буюу бараа материалын зардал 101,768,888 төгрөг, ажлын хөлс 177,940,672 төгрөг, түрээс 18,000,000 төгрөг, татвар 93,702,702.6 төгрөг, нийт 391,412,262 төгрөг гаргуулна гэж тодорхойлж байна.

Зохигч талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өдөр Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ өнгөлгөөний ажлыг хийх захиалагч, гүйцэтгэгчийн гэрээ гэх БЗА81/14 тоот гэрээ байгуулагдаж,******* болон хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь 50,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх, нөгөө талаас ******* ХХК нь Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 15-20 дугаар тал/.

Энэхүү гэрээ нь агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь агуулга, хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авах үүрэг нь захиалагч талд хадгалагдаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед томилогдсон шинжээч Лэндс ХХК-ийн 2020 оны дүгнэлтээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах бурхан багшийн сэрэг дүрийг бүтээх ажилд ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт үнэлгээ нь 289,289,794 төгрөг болохыг тогтоосон.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Бараа материалын зардалд 101,768,888 төгрөг, ажлын хөлс 177,940,672 төгрөг, түрээс 18,000,000 төгрөг, татварт 93,702,702.6 төгрөг нийт 391,412,262,6 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд энэхүү шаардлагаа дэмжсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул Бараа материалын зардалд 101,768,888 төгрөг, Ажлын хөлс 177,940,672 төгрөг нийт 279,709,560 төгрөгийн шаардлага нь дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээнд хамаарах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ирээдүйд төлөх татварт 93,702,702.6 төгрөг, түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлагын дурьдаж буй хэсэг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид заавал орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасантай нийцэхгүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур, бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх гэрээний 1.6-д гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 60 хоногт хийж гүйцэтгэнэ, 5.3-т захиалагч болон гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсвэл хийх ёстой ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0.1 хувиар буруутай талд торгууль ногдуулна гэж тохиролцжээ.

Хариуцагчаас гэрээгээр торгууль төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч гэрээний энэ заалтын агуулгаас талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг алданги болон торгуулийн аль төрлөөр төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон болохыг тодорхойлох боломжгүй байна.

Мөн хариуцагч нараас 2014 оны 7 сарын 8-ны өдөр 15,000,000 төгрөг, 8 сарын 14-ний өдөр 17,933,289 төгрөг, 12 сарын 12-ны өдөр 6,016,711 төгрөгийг тус тус шилжүүлж ажлын хөлс төлөх үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчээс гэрээний хугацааг сунгах тухай хот байгуулалт захиалагчийн албанд хүргүүлсэн албан бичиг, бурхан багшийн сэрэг дүрийн заавар, гагнуурын ажлын явцад захиалагчийн хяналт хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн засаг даргын 2015 оны 4 сарын 01-ний өдрийн 1/516 тоот гэрээ цуцлах тухай албан бичиг зэрэг бичгийн баримтаар талууд хэн аль нь гэрээгээр тохиролцсон хугацаа буюу гэрээ батлагдсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногт ажлыг хийж гүйцэтгэх хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгасан хүсэл зоригийн илэрхийллийг талууд хэн аль нь гаргасан үйл баримт хэргийн материалаас тогтоогдож байна.

Мөн түүнчлэн, өөр этгээдээр ажил гүйцэтгүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлийг хариуцагч нотлоогүй.

Иймд хариуцагчийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу анз нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тусгай мэдлэг шаардагдсан, нотлох баримт бүрдүүлж цуглуулах, шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/11292/ дугаартай захирамжаар томилогдсон шинжээч Лэндс ХХК нь шинжээчийн ажлын хөлс 6,600,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.

Шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлүүлэх шүүхийн зардал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 6,600,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргуулж, Лэндс ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас 279,709,560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 111,702,702 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгчээс нийт 43,601,493 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг тус тус дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 6,600,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргуулж, Лэндс ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА