Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1157

 

2020                9              8                                         2020/ДШМ/1158                                        

 

 

Б.Б, Х.Э, С.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

яллагдагч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Э,

яллагдагч С.Аын өмгөөлөгч Г.Г,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1504 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Х.Э, С.А нарт холбогдох эрүүгийн 2008 01105 0519 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Сартуул овгийн  Б.Б, 1988 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:.............../;

2. Тугчин овгийн  Х.Э, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, /РД:................../;

3. Пэлжээ овгийн  С.А, 1997 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 10 дугаар гудамжны 37  тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 901 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 40 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 40 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД:................./;

            Б.Б, Х.Э, С.А нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 9-232 тоотод оршин суух иргэн Ж.Жы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 105.000 төгрөгийг хулгайлан авч, 605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б, Х.Э, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлгийг дүгнэн хэлэлцээд хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэж, Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокуроруудаас тус шүүхэд яллагдагч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн 2008 00836 0690, 2008 01105 0519 дугаартай хэргүүд цаг хугацааны хувьд ар араасаа зэрэгцэн шилжиж ирсэн нь талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд прокуророос яллагдагч С.Ад холбогдох хулгайлах үйлдэл тус бүрд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүхэд нэгтгэн шийдвэрлэх эсвэл ялыг нэмж нэгтгэн оногдуулах боломжтой гэж тайлбарлаж буйг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Учир нь, шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эрүүгийн хэргүүдийг нэгтгэх хууль зүйн боломжгүй, мөн анхан шатны шүүх яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан хэргийн хэмжээнээс хэтрүүлэх эрх хэмжээгүйг дурдахын зэрэгцээ шүүх нэгтгэлээ гэж үзэхэд шүүх хуралдаанд аль прокурор нь яллах дүгнэлтээр яллаж оролцох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэжээ.

            Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж,

            Мөн хэргийг прокурорт буцааж байгаатай холбоотойгоор яллагдагч нарын хувийн байдлыг нарийвчлан тогтоох, хэрвээ уншиж, бичиж чаддаггүй тохиолдолд өмгөөлөгчгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах ба өмгөөлөгчгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэх дээр дахин дүгнэлт хийх шаардлагатайг дурдаж,

            Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б, Х.Э, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч С.А нь Б.Б, Х.Э нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 9-232 тоотод оршин суух Ж.Жы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууц вакум цонхыг түлхэн нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 105,000 төгрөгийг хулгайлан авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр прокуророос 507 дугаартай,

            С.А нь Ц.Мтэй бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-80 тоот хашааны гадна байрлуулсан байсан 52-45 УББ улсын дугаартай, “Toyota Fielder” загварын тээврийн хэрэгслээс иргэн Т.Ганхуягийн монетан бөгж 1 ширхэг, гар утас, нүдний шил, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгслүүд, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг 583.300 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр прокуророос 584 дугаартай яллах дүгнэлт тус тус үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Яллагдагч С.Аын үйлдсэн “хулгайлах” гэмт хэргүүд нь тус тусдаа цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

            Яллагдагч С.А, Б.Б, Х.Э нарт холбогдох эрүүгийн 2008011050519 хэрэг мөн С.А, Ц.М нарт холбогдох эрүүгийн 2008008360693 дугаартай дугаартай хэргүүд нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байх ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг” шийдвэрлэхдээ тус хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан 2 эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн боломжтой атал шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эрүүгийн хэргүүдийг нэгтгэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шүүхэд олгосон эрх хэмжээг ямар тохиолдолд хэрэглэх талаар үндэслэл бүхий дүгнэлт тайлбар хийлгүйгээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэхээр байна.

            Хэрэгт яллагдагч С.Аын хувийн байдлыг тогтоож гэрч Т.Долгорсүрэнгээс мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “Би С.Атай анх 2013 онд гэр ойролцоо байдаг тул хамт сагс тоглож байгаад танилцсан. Танилцсанаасаа хойш одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа бөгөөд С.А нь 1997 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын 2 дахь хүүхэд юм. Багадаа Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт хүмүүжиж, Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуульд суралцаж төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Сургуулиа төгсөөд ажил хөдөлмөр эрхэлсэн бөгөөд хар бор ажил хийхдээ сайн хөдөлмөрч залуу байгаа юм” гэж мэдүүлсэн.

            Мөн яллагдагч Б.Бгийн хувийн байдлыг тогтоож гэрч Б.Бат-Оргилоос мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “Б.Б нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн айлын том хүүхэд байгаа юм. Багадаа цэцэрлэгт хүмүүжиж, Чингэлтэй дүүргийн 39-р сургуульд 2-р анги хүртлээ суралцсан.” тус тус мэдүүлсэн.

            Яллагдагч Б.Б хэрэгт гэрчээр мэдүүлэхдээ бүрэн дунд боловсролтой, би монгол хэлээр уншиж чадна, би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэж мэдүүлсэн ба эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг танилцаад “Уншиж танилцсан, санал хүсэлт байхгүй" гэж гараар тайлбар бичсэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүсэлт гаргах нь гээд Баянжаргал овогтой Б.Б миний бие С.А, Х.Э нартай хулгайн гэмт хэргийг үйлдсэн, одоо миний бие нь цагдаагийн байгууллагын дуудсан цагт бэлэн байна, хэрэв ирээгүй тохиолдолд цагдаагийн эрэн сурвалжлах зардлыг зуун хувь хариуцах болно” гэж гараар тайлбар бичсэн, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаад “Уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэж гараар тайлбар бичсэн байх бөгөөд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө бага боловсролтой гэж мэдүүлсэн.

            Мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахад “Прокурор, мөрдөгчийн дуудсан цагт Б.Б миний бие ирж байна, шалгагдаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдэхгүй байж чаднаа” гэж баталгааг бичиж өгсөн, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцаад “Надад зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгөн аягыг зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлсэн байгаа тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна, хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “Уншиж танилцлаа” гэж өөрийн гараар бичсэн байна.

            Яллагдагч Б.Б урьд 3 удаа ял шийтгүүлсэн ба 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 482 дугаартай шийтгэх тогтоолд биеийн байцаалтыг ...бага боловсролтой, мэргэжилгүй, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолд биеийн байцаалтыг бага боловсролтой, мэргэжилгүй, 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолд тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй гэж тус тус дурдсан байх бөгөөд шүүхээр ял шийтгүүлэхдээ өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож,

            Яллагдагч С.А нь гэрчээр “Бүрэн дунд боловсролтой, би өөрийн эрх үүрэгтэйгээ уншиж танилцсан, асууж тодруулах зүйлгүй, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй тул мэдүүлэг өгнө. би Монгол хэлээ уншиж чадна” гэж мэдүүлсэн, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг танилцаад “Уншиж танилцсан” гэж гараар тайлбараар бичсэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст баталгаа гаргах нь гээд Соронзонболдын С.А миний бие Х.Э, Б.Б нарын хамт хулгайлсан. Миний бие дуудсан цагт бэлэн ирнэ. Ирээгүй тохиолдолд эрэн сурвалжлахад гарах бүх зардлыг бүрэн хариуцна” гэж гараар тайлбар бичсэн, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаад “Уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэж гараар тайлбар бичсэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө бүрэн дунд боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийг суралцаж төгссөн, би эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би монгол хэлээр уншиж бичиж чадна” гэж мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцаад “Уншиж танилцав”, хэргийн материал танилцаад “Уншиж танилцсан” гэж өөрийн гараар бичсэн, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахад “Шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт ирнэ” гэж баталгааг бичиж өгсөн гэж баталгааг бичиж өгсөн,

            Яллагдагч С.А урьд 2 удаа ял шийтгүүлсэн ба 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 901 дугаартай шийтгэх тогтоолд биеийн байцаалтыг ...бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолд бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй гэж тус тус дурджээ.

            Дээрх баримтуудаар яллагдагч Б.Б, С.А нар нь монгол хэлээр уншиж, бичиж чаддаг болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд яллагдагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь тэдний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Монгол хэл, бичиг мэдэхгүй” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэснийг ноцтой зөрчөөгүй гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлж, хяналт тавьсан хяналтын прокурор Н.Ундрах, Г.Яндаг нар шүүх хуралдаанд аль нь ч оролцох эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүх яллагдагчид холбогдох хэргийг нэгтгэх эрхтэй атал хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй талаараа дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1504 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Яллагдагч С.Аын өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэргийг нэгтгэх асуудлыг тусгайлан зохицуулаагүй. Хэрэгт хяналт тавьж байгаа 2 прокурор нь хоёулаа нэг дүүргийн прокурор. Нэг нь 5 дугаар сарын 15-ны өдөр, нөгөөх нь 5 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэг эсэхийг тогтоогоогүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Б.Б, Х.Э, С.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1504 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Б.Б, Х.Э, С.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч С.Ад холбогдуулан эрүүгийн 2008 00836 0690, 2008 01105 0519 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэрэгт тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх, шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эрүүгийн хэргүүдийг нэгтгэх хууль зүйн боломжгүй, мөн анхан шатны шүүх яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан хэргийн хэмжээнээс хэтрүүлэх эрх хэмжээгүйг дурдахын зэрэгцээ шүүх хэргүүдийг нэгтгэлээ гэж үзэхэд шүүх хуралдаанд аль прокурор нь улсын яллагчаар оролцох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

            С.Аын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан байх ба түүний холбогдсон хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт, нэг шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй ач холбогдолтой.

Иймд прокурор Н.Ундрахын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1504 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1504 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ