| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0438/З |
| Дугаар | 128/ШШ2022/0677 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0677
2022 09 15 128/ШШ2022/0677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т ” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс хоорондын санхүүгийн тайлан системд баталгаажуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, П.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Т ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан “”Т ” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг санхүүгийн цахим системд баталгаажуулалт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ын 3.8 дахь заалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнаж баталгаажуулахаар цахим системд шивж оруулсан.
2.2. Гэвч Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмын 2.5 дахь хэсэгт “Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна” гэж зааснаар нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын компани санхүүгийн тайлангийн И-баланс системд нэрийн баталгаажуулалт хийлгээгүй гэдэг үндэслэлээр тус компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулаагүй.
2.3. Нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст гомдол гарган хандсан бөгөөд тус хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/457 тоот албан бичгээр[1] “Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “... Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмын 2.5, 3.5, 3.6, 3.8 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны санхүүгийн тайланг санхүүгийн цахим системд баталгаажуулах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.
2.4. Мөн Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 06/2254 тоот албан бичгээр[2] “... Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмын 3.8-д зааснаар 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг өнөөдрийн байдлаар нөхөн баталгаажуулах боломжгүй болно” гэсэн хариу өгсөн.
2.5. Нэхэмжлэгчийн зүгээс “... манай компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын компани нэрийн баталгаажуулалт хийлгээгүй, түүний улмаас санхүүгийн тайлангийн цахим системд баталгаажуулалт хийгдээгүй гэдэгтэй маргахгүй, гол нь Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмын заалтуудыг хэрэглэсэн нь манай компанийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх ашгийг хохироосонд гомдолтой байгаа, тус журмын 3.8 дахь заалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа, үүний улмаас манай компанийн тендерт оролцох гэх зэрэг эрх хязгаарлагдсан байгаа ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.6. Хариуцагчийн зүгээс “... Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмыг баримталж ажилласан, тухайн цахим системийг хариуцсан жинхэнэ эзэн нь манай хэлтэс биш, харин Сангийн яам байдаг, бид энэ батлагдсан журмыг барьж ажилладаг, нэхэмжлэгчийн санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын компани нь журамд зааснаар нэрийн баталгаажуулалт хийлгээгүй байсан тул жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим систем бүртгээгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компаниас 2019 оны санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд илгээсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн төрийн сангаас аудитын компани сонгоогүй, тайлан алдаатай гэсэн үндэслэлээр удаа дараа буцаасан. Тайланг шалгахад алдаатай зүйл байхгүй. Аудитын компани 5 сард баталгаажуулсан байдаг. 2020 оны Сангийн сайдын аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээлэл ашиглах журмын 3.8 дахь заалтыг зөрчсөн гээд хүлээж авдаггүй. Энэ заалт нь хуульд заасан хугацаанд тайлан ирүүлээгүй аж, ахуйн нэгж байгууллагууд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж санхүүгийн тайланг баталгаажуулаагүй нь өмнөх улирлын тайланг нөхөн баталгаажуулах үндэслэл болохгүй гэж заасан. Энэ заалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиа зөрчөөд энэ хуульд заасан санхүүгийн байгууллагын үүргийг нэмэгдүүлээд аж, ахуйн нэгж байгууллагыг дарамталсан үүргийг журамласан байсан. Энэ нь төрийн албаны хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Засгийн газраас бизнес эрхлэгч нарыг дэмжиж байгаа хуулийг зөрчөөд байгаа учраас гомдол гаргасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд санхүүгийн тайланг тайлагнах гэж заасан. 9.2.1 дэх хэсэгт энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч дараах үүргийг хүлээнэ. Санхүүгийн тайлан энэ хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн эсэхийг хянах, мэргэжлийн эсвэл мэргэшсэн нягтлан бодогч гаргасан эсэхийг хянах гэсэн үүргийг хэтрүүлээд хуулиас давсан журам гаргасан байх тул журмыг хүчингүй болгож өгнө үү. 2019 оны тайланг баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст даалгаж өгнө үү.
“Т ” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн тайланг санхүүгийн цахим системд баталгаажуулалт хийхийг даалгах гэсэн шаардлага байгаа. 2019 оны тайланг баталгаажуулах гэсэн гомдлын үндсэн шаардлагаа дэмжиж байна. Гэхдээ үүнийг баталгаажуулахын тулд Сангийн сайдын журам үйлчлээд байгаа учраас тэр журмыг залруулж байж асуудал шийдвэрлэгдэнэ. Аудитын компанитай тохиролцож чадахгүй байж байгаад дараа нь баталгаажуулсан боловч хугацаанаас болоод хаагдсан. Манай талын хүсэлтээр биш аудитын компани нь бас зөвшөөрч байж энэ ажиллагаа явагддаг. Өмнөх улирлын тайланг яагаад баталгаажуулах боломжгүй байгаа юм бэ? Нөхөж баталгаажуулснаар хэний эрх ашиг хохирох гээд байгаа юм бэ? Тайлан шивэлт дээр аудитын компанийн нэр баталгаажуулаагүй гэдэг алдаа гарсан гэдэгтэй маргахгүй байгаа.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгааг харахад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэлийг зөрчиж гаргасан. Сангийн яамны сайдын гаргасан 46 дугаар тушаалын 3.8 дахь заалт уг хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах гэсэн 2 шаардлага гаргаж байна гэж ойлголоо. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүү, төрийн сангийн хэлтэс гэдэг бол Сангийн яамнаас гаргасан и баланс системийн хэрэглэгч. “Т ” ХХК-тай адилхан хэрэглэгч л гэсэн үг. Дүүргийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудыг тухайн системд заагдсан шаардлагын дагуу бүртгэж байгаа. Манайх энэ журмыг боловсруулж мөрдүүлээгүй. Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаал бид нарын чиг үүрэгт ерөөсөө хамааралгүй. Энэ журмыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий л байгууллага. Энэ системийн сервер админ нь Сангийн яаманд байдаг. Түүнээс биш манай санхүү, төрийн сангийн мэргэжилтэн хуульд заасан журмыг эрх хэмжээнээсээ хэтрүүлж, байгууллагыг бүртгэхгүй байгаа асуудал байхгүй. Хариуцагчаа буруу тодорхойлсон гэж бодож байна. Энэ журам хуулийг зөрчсөн байна гэх асуудлаар Сангийн сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүйтэй байх. Санхүү, төрийн сангийн хэлтэс нэгэнт хүчин төгөлдөр болсон захиргааны актыг хэрэгжүүлснээр залруулга хийх эрх байхгүй. Гэтэл энэ эрх нь Сангийн яамны мэргэжилтэнд байгаа. Энэ байгууллага Сангийн яаманд хандаад яамнаас хэрэгжих боломжгүй талаарх баримт хэрэгт ирсэн байсан. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэ журам улсын хэмжээнд үйлчилж байгаа. Гэхдээ салбар дотроо хэрэглэгдэж байгаа учраас манай хэм хэмжээний акт гэж үзэхгүй байгаа. хэм хэмжээний актын зургаан шинжийн дөрвийг агуулаад 2 шинжийг агуулахгүй байгаа. Зөвхөн төрийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэгч нарт зориулсан акт байгаа. Уг журмын доторх заалт нь аж ахуйн нэгжид чиглэж байгаа. Хэрэглэгч нь бүх төрийн сангийн хэлтэс. Уг тушаал хууль зөрчсөн талаар дээд шатны албан тушаалтанд хандах шаардлагатай гэсэн зүйл манайд гаргаж байгаагүй. Тухайн чиг үүрэг Сангийн яамны эрх хэмжээ. Сангийн яам “Т ” ХХК-д албан бичгээ өгсөн байхад Сүхбаатар дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсийг хариуцагчаар татдаг нь буруу. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг сольж өгөөч. Баталгаажуулалт хийх ажиллагааг манай байгууллага хийдэг.
Гэхдээ журам шинэчлэгдээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх зүйн байдлыг хуучин 2017 оны тушаалд заасны дагуу дээрдүүлж олгохоор заасан бол бид нар тийм ажиллагаа хийнэ гэхээс биш нэгэнт батлагдсан журмыг зөрчиж болохгүй. Тухайн систем нь ч хүлээж авахгүй.
Баталгаажуулалт хийгдээгүй гэдэг алдаа нь аудитын компани гэсэн бичилт дээр байхгүй. Түр баталгаажуулсан гэдэг төлөвөөр манай мэргэжилтний албан үүрэг дуусаж байгаа. Систем хянаад алдаатай, алдаагүй гэсэн төлөвийг гаргана. Түүнээс биш бид нар алдаатай гэж бичсэн зүйл байхгүй.
Бид нар хэн нэгнийг хохироох гээд байгаадаа биш. Бидний зүгээс ажлаа хийсэн. Тухайн тушаалын дагуу бий болсон и-баланс систем чинь тайланг хүлээж авахгүй байгаа. мөн нэмэлтээр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 4746 дугаарт энэ журам бүртгэгдсэн байна. Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэс биш гэдгийг ойлгосон байх. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж өөрсдөө хууль болон хуульд нийцүүлэн гаргасан тушаал шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ журам улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмын дагуу тухайн и-баланс системд аудитынхаа компанийг уг байгууллага баталгаажуулах үүрэгтэй. Энийг мэдэхгүй асуудал үүссэний дараа захиргааны байгууллага ажлаа хийхгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Шивсэн гэсэн төлөв байгаа тэр нь нэхэмжлэгч тайлангаа шивсэн гэсэн үг. Алдаа гэсэн дээр түр баталгаажуулах гэдэг нь манайх хянаад баталгаажуулсан. Гэхдээ аудитын компани чеклээгүй учраас алдаа гэж харагддаг. Илгээсэн тайлан бүрд хариу өгдөг. Эцсийн байдлаар 06 сарын 30-ны өдөр тайланг чеклэх гэсэн боловч аудит баталгаажуулаагүй учраас илгээгдээгүй. 07 сарын 01-ний өдрөөс дараа оны тайлан орж ирж байгаа учраас шууд хаагддаг.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Т ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан “”Т ” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг санхүүгийн цахим системд баталгаажуулалт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй.” гэж заажээ.
1.2. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 17.1.5 дахь заалтад “санхүүгийн тайланг харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, нэгтгэлийн мэдээллийг ашиглахтай холбогдсон журам тогтоох ...” гэж зохицуулжээ.
1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд аливаа аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн тайлангаа тус хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байх ба энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмыг баримтлахаар тогтоожээ.
1.4. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд баталсан Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”[3]-ын 2.5 дахь хэсэгт “Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна.”, 3.5 дахь хэсэгт “Энэ журмын 3.4.5 дахь заалт нь санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна.”, 3.6 дахь хэсэгт “Энэ журмын 3.4-д заасан аль нэг шаардлагыг хангаагүй, зөрчил илэрсэн тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллага нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийг залруулах талаар нэн даруй анхааруулгыг нэмэлт тодруулга, тайлбарын хамт И-баланс системээр дамжуулан авна.”, мөн 3.8 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад эрх бүхий этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, санхүүгийн тайланг баталгаажуулах ба хариуцлага хүлээлгэсэн нь өмнөх улирлуудын тайланг нөхөн баталгаажуулах үндэслэл болохгүй.” гэж тус тус заажээ.
1.5. Дурдсан журмын дагуу нэхэмжлэгч нь өөрийн компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим системд оруулахдаа тус тайланг баталгаажуулсан аудитын компанийн нэр баталгаажсан эсэхийг тодруулах ёстой байсан боловч үүнийг нэхэмжлэгч өөрөө хайхралгүй хандсан байх бөгөөд энэ үйл баримттай маргаагүй болно.
1.6. Мөн компаниас санхүүгийн тайланг программд шивэлт хийсний дараа санхүүгийн тайлангийн цахим системээс “алдаатай” гэх утга бүхий нэмэлт тодруулгыг өгдөг[4] болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдлоо.
1.7. Тиймээс дээрх хууль болон журмын холбогдох зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, “Т ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан “”Т ” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг санхүүгийн цахим системд баталгаажуулалт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. “Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ын 3.8 дахь заалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын талаар:
2.1. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ын 3.8 дахь заалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.
2.2. Дээрх журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “улсын хэмжээний” захиргааны хэм хэмжээний акт байна гэж шүүх дүгнэлээ.
2.3. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Дараахь төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:” гээд мөн зүйлийн 112.1.1 дэх заалтад “улсын хэмжээний ... захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан;” гэж заасны дагуу уг маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр байна.
2.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь заалтад “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ын 3.8 дахь заалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хамтран хариуцагчийг татах, тайлбар авах зэрэг ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан гаргасан “Т ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан “”Т ” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг санхүүгийн цахим системд баталгаажуулалт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.2 дахь заалт, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг, 112.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т ” ХХК-иас Сангийн сайдад холбогдуулан гаргасан “Сангийн сайдын 2020 оны 46 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ын 3.8 дахь заалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ