Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 148

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

иргэдийн төлөөлөгч П.Наранчимэг,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраа, өмгөөлөгч Н.Бадамцэцэг,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам, С.Оюун,

шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д заасан гэмт хэрэгт Д.Мөнх-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526011982 дугаар 5 хавтас хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Бор хөндий гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9 дүгээр гудамж, 19 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гайри овогт Дэмбэрэлжавын Мөнх-Эрдэнэ /РД:ЙГ88112337/.

Яллагдагч Д.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13-14 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9-16а тоотод иргэн Б.Энхтуяатай бэлгийн харьцаанд орох санал тавьсан боловч Б.Энхтуяаг дургүйцэн гэрээсээ хөөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр Б.Энхтуяаг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, Б.Энхтуяагийн хамрын нурууны дунд хэсэг, зүүн шууны дотор хэсэг, баруун бугалганы дотор доод хэсэг, зүүн бугалганы дотор доод хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэгт олон тооны шарх гэмтэл үүсгэж, хоолойг цагаан өнгийн уяагаар боож амьсгалын хурц дутагдалд оруулж хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Энхтуяатай танилцаад гэрт нь орж 1 шил архи хувааж уусан. Түүнээс хойш дахин уулзаагүй. 11-ний өдөр Ихбаяртай гэрээс гарч яваад Сугардоржийнд очоод өдөр салсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар цахилгаан бороохойгоор цохиулж, зодож хэрэг хүлээлгэсэн. Би энэ хэргийг үйлдээгүй. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв.      

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдолтой байна. Оршуулгын зардалд 3971600 төгрөг нэхэмжилж байна” гэв.

201526011982 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраагийн: “...Б.Энхтуяа нь манай 3 дахь хүүхэд юм. 1980 оны 5 дугаар сарын 01-нд Багануур дүүрэгт төрсөн. ...Манай охин Энхтуяа 1997 онд тусдаа гараад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9-4 тоотод нөхөр Ганбатын хамтаар амьдрах болсон. Энэ хоёрын амьдралын хувьд нэг их сайн биш, хоорондын харилцааны хувьд гайгүй байсан. Талийгаач 3 хүүхэдтэй, бүгд цуг амьдарч байсан. Сүүлийн үед охин Энхтуяа, нөхөр Ганбат хоёр архи их уух болсон гэж Ганбатын эгч Энхтуяа надад утсаар ярьж хэлэх болсон. Архи уусан үедээ хоорондоо зодолдож, муудалцдаг болсон гэсэн. Талийгаачийн нөхрийн хамаатнууд болох Наранхүү, Болд, Зоригтбаатар, Оргоо гэх залуучууд талийгаачийг дуртай үедээ орж ирж зоддог болсон талаар талийгаач хэлж байсан. ...Миний хувьд Б.Энхтуяатай 2015 оны 9 дүгээр сараас хойш уулзаагүй, хамгийн сүүлд Б.Энхтуяа  2015 оны 9 дүгээр сард Ганбат хөдөө явсан гээд бага охинтойгоо ирээд нэг хоноод явсан. Манай эхнэр 2015 оны 10 дугаар сарын эхээр уулзсан гэж байсан.  ...Маш их гомдолтой байна, оршуулгын зардалд 3500000 төгрөг нэхэмжилж байгаа. Үр хүүхэд нь өнчирч хоцорсон болохоор 50000000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-хх-121, 122, 123/,

2. Гэрч Э.Анхбаярын: “2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө гэрээсээ 10 цагийн үед гарсан. 16-17 цагийн үед яг хэдэн цагт гэдгээ санахгүй байна. Манай найз Баярмагнай намайг сагс тоглож байхад дуудаад ээж чинь гэртээ нас барчихсан юм шиг байна гэхээр нь би сандраад гэртээ очиход гэрийн гадаа Энхболд, Наранхүү, Сахъяа, Шонбоохой нар байсан. Ээж маань цонхон талын орон дээр дээшээ харсан, хамар амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Ээжээ гэсэн хариу өгөхгүй байсан, тэгэхээр нь айгаад гараад гадаа зогсож байсан Энхболд, Наранхүү, Шонбоохой нар уруу сүх барьж дайраад та нар ээжийг ийм болгосон уу гэсэн чинь юу ч дуугарахгүй байсан. Би буцаж ороод ээжийг сайн харсан чинь хоолойг нь цагаан өнгийн уяагаар боосон байдалтай, хамар амнаас нь цус гарсан, өмд нь цавь хэсэг хүртлээ хагас шувтарсан байдалтай байсан. ...Өглөө гэрээс гарахад ээж Энхтуяа, хамаатны ах Энхболд, 5 настай дүү Номин нар байсан. Ээжийн биед гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-27-28/, 

3. Гэрч Т.Сахъяагийн: “...Энхтуяагийн гэр лүү очиход хүн байгаагүй, Энхтуяа байшингийнхаа баруун талын орон дээр дээш харсан хэвтэж байхаар нь үүдээр шагайж хараад буцаад гарсан. Намайг Энхтуяагийн хашааны хойд хаалгаар нь гараад жалга дагаад явж байхад жалганы ирмэг дээр буюу явган хүн явдаг зам дээр бор куртиктай, куртикний арын хэсэгт хөндлөн судалтай, улаан гэхээр царайтай, намхан нуруутай, 165 орчим см өндөр нуруутай залуу тонгойгоод огиод сууж байхаар нь би нэг их ажиглаагүй хажуугаар нь гарсан. Энхболд, Түвшинтөгс нартай таарахад нилээн согтуу, 14 цаг 20-30 минутын үе болж байсан. ...Энхтуяагийн хэрэгт холбогдон 461 дүгээр ангид баривчлагдах үед баривчлах байранд энэ залуу орж ирсэн. Тухайн үед би тэр залууг анх орж ирэхийг хараад шууд танисан. Би тэр бүү хэл Наранхүүд нөгөө Энхтуяагийн гэрийн хойно огиод байсан сэжигтэй залуу чинь ороод ирсэн гэж хэлсэн. Цагдан хорих байранд байхад тэр залууг Мөнх-Эрдэнэ гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1-хх-173-174/,

4. Гэрч Э.Хишиг-Очирын

- 2015.10.13-ны өдөр өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ням гараг байсан. ...13-14 цагийн үед байх Мөнх-Эрдэнэ залгаад “Хаана байна, орой зав байгаа юу, уулзах уу, хонь мал чинь юу болж байна” гэхээр нь би одоо завгүй байна гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ гэртээ байна, хоёулаа тойрог дээр эсхүл 2 дугаар буудал дээр уулзъя гээд ...намайг ирэхэд Мөнх-Эрдэнэ саарал, саравчтай малгай өмссөн, хөх жинсэн өмд, хар богино савхин куртик өмссөн байсан. Мөнх-Эрдэнийн хамт Гарьд бааранд орсон. Бид 2 пиво ууж байгаад ойр зуурын зүйл ярьж байхад Мөнх-Эрдэнэ “би шөнө гэрлүүгээ явж байгаад гудамжинд согтуу, танихгүй эмэгтэйтэй таарсан. Махлагдуу, бор царайтай хүүхэн байсан. Гудамжинд бид архи уугаад гэрт нь очсон. 2 жаахан хүүхэд байсан. Тэр хүүхэнтэй гэрт нь архи уугаад хурьцал үйлдсэн, араас нь хурьцал үйлдсэн боловч тавихгүй байсан” гэж яриад байсан. Манайд ирж бид хоёр хоносон. Маргааш нь 12-ны өглөө бид хоёр манайхаас гараад 21 дүгээр хороолол орсон. Улмаар 1 дүгээр хороолол явж өдөржин гадуур явж байгаад 15 цагийн үед салсан. /1-хх-150-151/

- 2015.11.05-ны өдөр өгсөн: “...орой 21 цаг өнгөрч байхад Лхагвацэрэн ирээд хэсэг сууж байгаад удаагүй 5 орчим минут болоод явсан. Мөнх-Эрдэнэтэй юм яриад сууж байхад надад нэг хүүхний талаар яриад байсан. Гэрийнхээ ойрхон байх нэг хүүхэнтэй танилцсан, тэр эмэгтэйн гэрт очин архи уусан, хурьцал үйлдсэн гээд ярьж байсан. Тухайн үед би түүнийг худлаа ярьж байна гээд нэг их яриаг нь сонирхоогүй. Гарьд баарнаас 22 цаг нилээн өнгөрч байхад гараад ...Дэлгэрэх нэртэй караокед орж 1 цаг гаруй сууж байгаад гарах үед Мөнх-Эрдэнэ гэр рүүгээ явахгүй гэрт аав, ах ирсэн байгаа гээд байхаар нь би гэр рүүгээ дагуулаад явсан. Манай гэрт хоноод маргааш буюу 2015 оны 10-р сарын 12-ны өдрийн Даваа гарагт бүтэн өдрийн турш бид 2 гадуур ажил хөөцөлдөж яваад орой 20-21 цагийн Мөнх-Эрдэнэ бид 2 Лхагвацэрэн рүү утсаар ярьж дуудаад хамт Дэлгэрэх караокед дахин орж пиво аваад, дуу дуулаад сууж байхад Лхагвацэрэнгийн утас дуугараад Лхагвацэрэн бид 2-ын дэргэд утсаар ярьсан. Цаана ярьж байгаа хүний яриа сонсогдохгүй байгаа бололтой Лхагвацэрэн утсаа салгаад цагдаа байна гээд хүн залгаад байна, хэн нь тоглоод байгаа юм болоо, би 00 өрөө ороод яриад ирье гэж хэлээд явсан. Удаагүй Лхагвацэрэн буцаж ирээд цагдаа байна гээд байхын нэг нь тоглоод байх шиг байна гэж ярьж байтал Мөнх-Эрдэнэ энэ яриа болсноос хойш 1-2 минут болоод алга болсон. Лхагвацэрэн анх бидний дэргэд цагдаа байна гээд байхын гэхэд Мөнх-Эрдэнийн царай их сонин болоод дуугүй болсон ба тогтож сууж чадахгүй байснаа гэнэт алга болсон. Явлаа ч гэдгээ хэлээгүй. Тухайн үед би гайхаад архи уугаагүй байж ийм хурдан согтоно гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1-хх-150-151, 152-153/,

 - 2017.01.10-нд өгсөн: “...Мөнх-Эрдэнийн ээж, аав хоёр нь дүүтэй нь хамт манай гэрт ирээд “чи мэдүүлгээ 24 цагаар ухрааж өг, 1 дэх өдрийн асуудлыг бүтэн сайн өдөр болсон гэж хэл, чамаас болж миний хүү зовж байна” гээд байсан. Би хуулийн өмнө худлаа хэлж чадахгүй гэсэн чинь чиний мэдүүлэг зөрөөд байна. Ихбаяр, Мөнх-Эрдэнэ хоёрын мэдүүлэг яг ижилхэн таараад байгаа, чиний мэдүүлэг зөрөөд байна. Хамт явснаараа чи гэрч болоод байна гээд намайг баахан дарамталсан. ...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр л Ихбаяртай уулзсан. Ихбаяр худлаа мэдүүлэг өгсөн байна” гэх мэдүүлэг /4-хх-203-206/,

5. Гэрч Б.Лхагвацэрэнгийн

- 2015.10.13-ны өдөр өгсөн: “...Мөнх-Эрдэнэ 168-169 см өндөр нуруутай, туранхай улаан царайтай, монхордуу хамартай дунд зэргийн онигор нүдтэй, ихэнхдээ хар бараан өнгийн хувцас өмсөж явдаг. Би хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цаг өнгөрч байхад Зүүн салааны хуучин эцсийн буудлын тойргийн дэргэд уулзахад Мөнх-Эрдэнэ, Хишиг-Очир хоёр хамт сууж байхаар нь жоохон юм ярьж байсан чинь караокед орьё гэж Мөнх-Эрдэнэ гуйхаар нь хамт орсон. Тэгээд 9 шил боргио пиво авч уугаад сууж байхад цаг 21 болж байсан санагдаж байна. Пивоо ууж дуусгаад гарах гээд сууж байхад миний гар утсанд 99 дугаартай дуудлага ирсэн чинь Мөнх-Эрдэнэ их сонирхож хараад сууж байснаа намайг утсаа таслаад цагдаагийн газраас ярьж байна гэнээ гэж хэлээд удаа ч үгүй Мөнх-Эрдэнэ хаашаа ч юм яваад алга болсон өөр зүйл хэлж мэдэхгүй байна. Очиж болох газар гэвэл байхгүй миний хувьд хайж мэдэхгүй байна”, /1-хх-147-148/,

- 2015.11.05-ны өдөр өгсөн: “...нэг хүн залгаад цагдаа байна, хаана байна уулзах хэрэгтэй байна гэхээр нь надаар хүн тоглоод байгаа юм байхдаа гэж бодоод утсаа салгасан. Утасны цэнэг ч бас дуусаад унтарсан. Би Мөнх-Эрдэнэ, Хишиг-Очир нарт над руу цагдаа байна, хаана байна гээд хүн тоглоод яриад байх юм гэхэд Хишиг-Очир хүн тоглож байгаа байлгүй гэсэн. Мөнх-Эрдэнэ нэг их зүйл яриагүй. Бид суугаад пиво ууж байхад Мөнх-Эрдэнэ гэнэт алга болсон, цагдаа байна гэж хүн залгаад байна гэснээс хойш 10 орчим минутын дараа Мөнх-Эрдэнэ харагдахгүй болсон” гэх мэдүүлэг /1-хх-149/,

6. Гэрч Э.Лхагвадоржийн: “2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ачит 116 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. ...16 цаг 05 минутад очиж шалгахад урд талын гудамжинд нь 103-н машин ирчихсэн хаягаа хайгаад байж байсан. Тэгээд гэр рүү ортол талийгаач үүдний орон дээр дээш харсан, зүүн гар нь унжсан байдалтай харагдаж байсан. Дуудлагаар очсон түргэний эмч талийгаачийг үзээд боож нас барсан байна, нас бараад удаагүй 20-30 минут орчим хугацаа өнгөрсөн байна гэж хэлж байсан. Тэдний гэрт ороод ажиглаж байхад унтлагын өрөөнд ямар нэг содон шинж тэмдэг харагдахгүй байсан, харин талийгаачийн хэвтэж байсан гал тогооны өрөөнд “Вива” нэртэй 0.75 мл-тэй архины шил, лаазтай ундааны савнууд, пивоны лааз, тамхины иш хөглөрсөн байдалтай харагдаж байсан. ...Тухайн үед Энхболд, Сахьяа, Наранхүү нар согтуу байдалтай байсан бөгөөд ухаан санаа нь эрүүл, өөрсдийгөө аваад явчих чадвартай байсан. Би Энхболд, Наранхүү, Баяраа нараас “та нар хэзээнээс архи ууж байгаа юм бэ, та нар хаана амьдардаг хүмүүс юм бэ” гэж асуухад “Энхболд нь “би өчигдрөөс хойш талийгаачтай хамт байгаа, би цуг архи уусан” гэж ярьж байсан. Наранхүү нь “намайг өглөө 11 цагийн үед дуудсан, тэгээд би талийгаачийнд орж жаахан архи ууж байгаад гэрээс нь гарсан” гэж хэлсэн. Баяраа нь “би мэдэхгүй байна, би энд байгаагүй ш дээ” гэж хэлж байсан.

...103-ын эмч орж ирээд хоолойд нь уяа байна гээд уяаг татаж үзэж байсан. Эхлээд ороход харагдахгүй байсан, боосон гэдгийг нь мэдээгүй байсан. Эмч гарыг нь хөдөлгөж үзэхэд хөдөлж байсан. Хэрвээ хөшсөн байсан бол эрүү нь тэгэж дээшээ хөдлөхгүй байсан байх” гэх мэдүүлэг /1-хх-136-137, 4-хх-207/,

7. Гэрч Ч.Амартүвшингийн: “...Өвчтөн дээшээ харсан байдалтай, хамраас нь цус гарч хавдсан, хоолой нь юугаар байсныг санахгүй байна, боолтны байдалтай байсан. Үзэхэд нас барсан байсан. ...Намайг анх очиж үзэхэд нас бараад удаагүй, хөшилт доод эрүүнд үүсч эхэлсэн. Хүүрийн толбо ар нуруугаар үүсч эхэлсэн, гарыг нь хөдөлгөхөд чөлөөтэй хөдөлж байсан. Тэгэхээр нас бараад 20-30 минут болж байсан байх. Хэрвээ удсан бол бүх биед хөшилт үүссэн байдаг, хамар амнаас гарсан цус нь гүйцэд хатаагүй байсан, бээлийгээр үзэхэд бээлий цус болоод байсан. Хэвлийг нь үзэхэд бие нь гүйцэд хөрөөгүй байсан. Дуудлагын хуудсанд тэмдэглэснээс харахад бид нар 2015.10.11-ний өдрийн 15.58 минутад дуудлага аваад 16.15 цагт очсон байна” гэх мэдүүлэг /4-хх-218-219/, 

8. Гэрч Б.Оюунзаяагийн: “...Харин сүүлийн цагдаа нартай орж ирдэг Д.Мөнхрдэнэ гэх залууг би олон удаа харж байгаагүй гэхдээ хааяа нэг орж ирдэг. ...Манай дэлгүүрээс 0,33 гр хэмжээтэй нэг шил Стандарт архи авсан гэхдээ би энэ архийг авахад яг хэдний өдөр байсан гэдгийг үнэхээр тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин үүний дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу Даваа гарагт надад хойд дэлгүүрийн бичлэг үзүүлээд энэ бичлэгт байгаа залууг таних уу, хаана байдаг хүн бэ гэж асуухад Мөнх-Эрдэнийн бичлэг байсан. Би өөрийн мэдэх зүйлээ хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /1-хх-157-158/,

9. Гэрч О.Сүхбатын: “...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бямба гариг байсан, би өглөө 07 цаг өнгөрч байхад дэлгүүрээ нээгээд ганцаараа сууж байхад 08 цаг өнгөрч байхад буюу 08 цаг 30 минутын үед Мөнх-Эрдэнэ ганцаараа орж ирсэн. Саравчтай хар малгай, хүрэн өнгийн цээжин хэсэгт хөндлөн цагаан өнгийн өргөн судалтай куртик, цэнхэр жинсэн өмд өмссөн байсан. 1200 төгрөг гаргаж ирээд 300 төгрөгийг дараа өгье нэг пиво өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй, надаас зээлээч, дараа мөнгийг нь найдвартай өгнө гээд гуйгаад зогсож байхад манай дэлгүүрт хааяа орж ирдэг 30 гаруй насны, махлагдуу бор эгч хүүхдийнхээ хамт орж ирсэн. 1 кг боорцог, 500 гр хэмжээтэй Хараа архи, тамхи зэргийг авсан. Тэр эмэгтэй Мөнх-Эрдэнийг хараад “танайх хаана байдаг юм, танайх 19 тоотод байдаг билүү” гэх зэргээр яриа өдөөд ...“би танай хөрш” гэх зэргээр хоорондоо ойр зуурын зүйл ярьж байгаад хамт гарсан...” гэх мэдүүлэг /1-хх-160-161/,

10. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2015.10.26-ны өдрийн 1807 дугаар актын дүгнэлтэд: “1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уруулын шарх, хүзүү, хамрын нуруу, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэний зулгаралт, хүзүү, уруул, баруун, зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. 3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн цусанд 5,2 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлтэд хамаарна. 6.7. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна. 8. Талийгаачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. 9. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй. 10.11. Талийгаачийн үтрээ болон ануснаас үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй” гэжээ /1-хх-232-236/,

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016.08.11-ний өдрийн 1807 дугаар /нэмэлт -1029/ актын дүгнэлтэд: “1. Талийгаачийн биед учирсан дээд уруулын дунд хэсгийн дотор салстад 0,5х0,5см ангайж хонхойсон шархтай, шархны эргэн тойрон хөх цус хуралттай, доод уруулын дунд хэсгийн салстад хөх цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдартай. Хамрын нурууны дунд хэсэгт 0,5х0,4см, 1,5х0,5см, зүүн шууны дотор доод хэсэгт 1,2х0,4см улаан хүрэн зулгаралттай, баруун бугалганы дотор доод хэсэгт 2х1см, зүүн бугалганы дотор дунд хэсэгт 1,5х1,5см хөхөлбөр ягаан цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Зүүн шилбэний ар дунд хэсэгт 5,5х3см, 3х2см хөхөлбөр хүрэн захаараа шаргал туяатай хуучин цус хуралт, баруун өвдөгний гадна дунд хэсэгт 0,7х0,8см, баруун шилбэний урд дунд хэсэгт 2х0,5см зузаан тав бүхий зах ирмэг цайж хууларсан хуучин зулгаралт бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй өмнө нь үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь унах, цохих үед аль алинд нь үүсэн боломжтой боловч унах, цохихын аль үйлчлэлд гэмтсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 2. Талийгаачийн биед учирсан хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь талийгаачийн хүзүү хоолойг боох үед үүсэх боломжтой. 3. 2016.10.12-ны өдрийн 00:30 минутад шүүх эмнэлгийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэлд талийгаач нь нас бараад 10-12 цаг болсон байна” гэжээ /4-хх-36-38/,   

11. Шинжээч эмч Б.Долгормааг дахин байцаасан: “2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00.30 цагт шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэг хийхэд 10-12 цаг болсон байна гэж нэмэлт дүгнэлтэд тусгасан. Талийгаачийг нас барснаас хойш нилээд удсаны дараа цогцосны гадна үзлэг хийсэн учир нас барсан хугацаа зөрөөтэй гарч болно. ...Яаралтай тусламжийн төвийн эмчийг очиход хүүрийн толбо ар нуруугаар үүсч эхэлсэн, гар чөлөөтэй хөдөлж байсан гэснээс харахад талийгаач 103-ийн эмчийг очиход нас бараад удаагүй буюу нас бараад 30 минутаас 1 цаг орчим болсон байх боломжтой. Тэгэхээр талийгаач нь 14-16 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Гоожсон цусны нимгэн хэсгүүд нь цус гарснаас хойш 30 минутын дотор бүрэн хатна. Бүлэгнэсэн хэсгүүд арай удаан хугацааны дараа буюу 1 цаг орчмын дараа хатна” гэх мэдүүлэг /4-хх-221/,

12. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн

- сэжигтнээр 2015.10.13-ны өдөр өгсөн: “...Маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 09 цагт Хишиг-Очирын гэрт сэрсэн. 09 цаг өнгөрч байхад гараад Хишиг-Очир 21 дүгээр хороолол явж хүнтэй уулзана гэж салангуут нь би тойрог ороод Ихбаяр гэдэг ахтай тааралдсан чинь дотор муу байна гэхээр нь тойргийн дэлгүүрээс шагайтай 200 грамм Хараа архи хоёрыг аваад хувааж уусан. Хишиг-Очирыг нилээн хүлээж байгаад ирэнгүүт нь уулзсан чинь 11 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд Хишиг-Очиртой 2 шил пиво хувааж уугаад Хишиг-Очир ажилтай гээд явангуут би ганцаараа явж гэртээ орсон. ...Энхтуяа эгчийн гэрт очмоор санагдан ганцаараа яваад ортол өдрийн 13 цаг болж байсан санагдаж байна. Энхтуяа эгч том өрөөндөө жижиг сандал дээр сууж байхаар нь мэндлээд юм ярилцаж байгаад архи ууснаасаа болоод хэсэг хугацаанд манарсан юм. Тэгээд Энхтуяа эгчтэй унтаж хэвтэх юм ярьж уурыг нь хүргэсэн чинь сууж байсан газраасаа босоод намайг яв гэж гэрээсээ хөөнгүүт нь зүгээр зогсож байгаад Энхтуяа эгчийг жижиг өрөө рүү оронгуут араас нь очиж том өрөөний хажууханд газар байсан уяаг авч хоолойг нь боож татаж унагаад эргэж харалгүй гэрээс нь гарч гүйгээд гэртээ харьсан. Тэгээд өмсөж явсан бор өнгийн 2 канттай куртикээ, пүүзээ тайлаад хар өнгийн мөрөн дээрээ зураастай куртик сольж өмсөөд гарсан.

...Би архи ууснаасаа болоод эмэгтэй хүнтэй хурьцал үйлдэх бодол төрж танилцсан эгчийн гэрт орж хурьцал үйлдэх гэж бодсон боловч бүтэхгүй болохоор нь боож алсан гэж бодож байна. Өөр бодох бодол төрөхгүй байна. Би 2 гартаа уяагаа чанга барьж байгаад хоолойг нь нэг ороогоод хүчтэй угзарч нэг татаад хаясан. Би хашаанаас гараад зам уруу чиглэн алхаж байгаад доошоо суугаад бөөлжих гэж оролдсон. Бөөлжиж чадаагүй явсан. ...Би ямар нэгэн зорилго агуулж худлаа ярихыг хүсэхгүй байна. Би тэр хүнийг боож алсан нь үнэн. Гэхдээ согтуу байсан болохоор цохиж зодсон талаараа яг хэлж мэдэхгүй байна. Би их сандарсан байсан. Болсон үйлдлийнхээ талаар бүх зүйлээ дүрслэн үзүүлж чадна” гэх мэдүүлэг /3-хх-16-17/,

- яллагдагчаар 2015.10.26-ны өдөр өгсөн: “...Надаас мэдүүлэг авах үед би шоконд орсон байсан тэгээд юу хэлснээ мэдээгүй. Би хохирогчийн гэрт ороогүй. Би цагдаад энэ хэргийг хийгээгүй гэхэд цагдаа цахилгаан бороохойгоор зодож хэрэг хүлээлгэсэн. Түүнээс би ийм хэрэг хийгээгүй” гэх мэдүүлэг /3-хх-20, 22-23/,

13. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2015.10.14-ний өдрийн тэмдэглэлд: “...Сэжигтэн Мөнх-Эрдэнэ архиа ганцаараа ууж дуусаад хохирогч Б.Энхтуяагийн хашааны хаалгаар орж байшинд нь ороход Б.Энхтуяа том өрөөндөө түшлэгтэй сандал дээр сууж байсан. Би ороод мөн түшлэгтэй сандал дээр суугаад хохирогчтой юм ярьж байгаад хурьцал үйлдэх талаар хэлэхэд намайг гэрээсээ хөөсөн. Тэгээд өөрөө босоод жижиг өрөөндөө орох үед нь би араас нь очиж газраас нарийн уяа аваад хоолойг нь боогоод газар унахад нь гэрээс гарсан гэх тул түүний хэлснээр хохирогч Б.Энхтуяагийн гэрт орж анх хаана суусан, нарийн уяа авсан газар, хоолой боосон зэрэг газрыг дэс дарааллын дагуу гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. ...Б.Энхтуяагийн хашааны арын хаалгаар гараад ертөнцийн зүгээр баруун тийш жалганы хойд талаар 60 орчим метр газар яван хэсэг шорооны дэргэд ирэн би энд бөөлжсөн гэж заасан...” гэжээ /1-хх-98-107/,     

14. Гэрч Б.Ихбаярын

- 2017.01.24-ний өдрийн нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: “...Би өдрөө санахгүй андуураад байна юм уу мэдэхгүй байна. Ямар ч байсан Мөнх-Эрдэнэтэй хамт гараад явсан. Би өөрөө санахгүй байна. Хишиг-Очирыг хэлэхээр санаж байна. Хишиг-Очирт даавуу үзүүлсэн. Тэгэхээр даваа гарагт уулзсан юм байна. Яах аргагүй 32-н тэнд уулзаад бид 3 архи хувааж ууснаа саналаа. Уг нь хөдөө явах гэж байснаа болиод энэ хоёртой хамт Содон хорооллоос салсан. Энэ мэдүүлэг нь зөв” гэх мэдүүлэг /4-хх-215-216/,

- 2017.01.26-ны өдөр өгсөн “...Миний өмнөх зарим мэдүүлэг буруу байсан байна. Жил гаран болчихсон асуудлыг мартаж санаад, хольж хутгаад байсан байна. Хишиг-Очиртой нүүрэлдүүлэн байцаалт өгөх үед Хишиг-Очиртой ярилцаж байгаад болсон асуудлыг санасан. Би яах аргагүй Мөнх-Эрдэнийн хажуу айлд хоноод Мөнх-Эрдэнэтэй хамт гарсан. Санаатай худал мэдүүлэг өгсөн юм байхгүй” гэх мэдүүлэг /4-хх-217/,  

 15. хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-18-31/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-32-41/, Д.Мөнх-Эрдэнийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-43-48/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-49-55/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-хх-56-57/, Д.Мөнх-Эрдэнийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-хх-59-62/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-хх-63-64/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд /1-хх-111-119/, гэрч С.Баярмагнайн мэдүүлэг /4-хх-29/, гэрч Н.Бадамлянхуан мэдүүлэг /1-хх-140/, гэрч Д.Ганбатын мэдүүлэг /1-хх-133/, А.Золбаярын мэдүүлэг /1-хх-143/, Д.Гантөмөрийн мэдүүлэг /1-хх-162/, С.Энхболдын мэдүүлэг /1-хх-163-165/, М.Наранхүүгийн мэдүүлэг /1-хх-168-169, 3-хх-198/, Ц.Зоригтбаатарын мэдүүлэг /1-хх-170-172/, Э.Түвшинтөгсийн мэдүүлэг /1-хх-175-177/, Ж.Цэрэнхүүгийн мэдүүлэг /1-хх-227/, Б.Наранбаатарын мэдүүлэг /1-хх-228/, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг /1-хх-240/, сэжигтэн С.Энхболдын мэдүүлэг /2-хх-240, 242/, С.Энхболдтой холбоотой баримтууд /3-хх-72-81/, шинжээчийн дүгнэлт /2-хх-23, 29, 43, 67, 68, 70, 79, 167/, сэжигтнүүдтэй холбоотой баримтууд /2-184-228/, сэжигтэн Э.Түвшинтөгсийн мэдүүлэг /3-х-6/, сэжигтэн Л.Батдоржийн мэдүүлэг /3-хх-10-11/, сэжигтэн М.Наранхүүгийн мэдүүлэг /3-хх-13/, прокурорын тогтоол /3-хх-170/, албан бичиг /3-хх-177, 182, 183, 189/, хариу мэдэгдэх хуудас /3-хх-186/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /3-хх-207/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-хх-44/, хохирлын баримтууд /3-хх-28-29, 30-32, 4-хх-71-80/, Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3-хх-34-62/, прокурорын ял нэмж сонсгосон тухай тогтоол /4-хх-103-104/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4-хх-250/, прокурорын тогтоол /5-хх-12/ зэргийг уншиж,

 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг таниулан тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь согтуурсан үедээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13-14 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9 дүгээр гудамж, 16а тоотод иргэн Б.Энхтуяатай “бэлгийн харьцаанд орох санал тавихад дургүйцэн гэрээсээ хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгий аргаар буюу хоолойг уяагаар боож амьсгалын хурц дутагдалд оруулж хүнийг санаатай алсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ “Би энэ хэргийг хийгээгүй, цагдаагийн албан хаагчид цахилгаан бороохойгоор зодож дарамталж байж хэрэг хүлээлгэсэн” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасныг бүрэн тогтоогоогүй. Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэж байхад хэргийг Д.Мөнх-Эрдэнэ үйлдсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй. Сэжигтнээр тооцогдсон зарим этгээд худал мэдүүлэг өгч байгааг шалгаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэтгэлцсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-18-31/, нөхөн үзлэгийн тэмдэглэл /1-хх-32-42/, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-4348/, цогцосын үзлэгийн тэмдэглэл /1-хх-49-55/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-59-62/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-98-107/, гэрч Э.Хишиг-Очирын мэдүүлэг /1-хх-150-151, 152-153, 4-хх-33, 203-206, 215-216/, гэрч Б.Лхагвацэрэнгийн мэдүүлэг /1-хх-147-148/, гэрч Б.Ихбаярын мэдүүлэг /4-хх-31-32, 214, 215-216, 217/ зэргээр түүний мэдүүлэг болон өмгөөлөгчийн мэтгэлцсэн үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор хянан хэлэлцсэн ба мөн мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.

Шүүх ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн 2015.10.13-ны өдрөөс 2017.04.17-ны өдөр хүртэл урьдчилан хоригдсон 553 /таван зуун тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраа “оршуулгын зардал 3971600 төгрөг нэхэмжилнэ” гэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон дээрх төлбөрийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн “DSOUARED” гэсэн бичигтэй куртик 1 ширхэг, “XXL Eveliner” бичигтэй гоо сайханы хэрэгсэл 1 ширхэг, Punch гэсэн бичигтэй хуванцар сав, “Viva” гэсэн шошго бүхий лонх 1 ширхэг, таазны дор хөндлөвч модноос зангилаагүй сул үлдээсэн цагаан, хар өнгийн үдээс 1 ширхэг, “Pepsi” гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, “Pepsi” гэсэн бичигтэй хоосон лааз 3 ширхэг, ягаан өнгийн хүүхдийн куртик 1 ширхэг, цагаан шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, цагаан, цэнхэр өнгийн хөшиг 1 ширхэг, улаан, шар өнгийн хүүхдийн өрөөсөн бээлий, улаан өнгийн Вест тамхины хайрцаг, Вест, Парламент, Эссэ тамхины иш, Хараа архины лонх 1 ширхэг, хохирогчийн хүзүүг боомилсон улаан, шар өнгийн бээлий, үдээсний хамт, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, бор хүрэн өнгийн ноосон өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй куртик 1 ширхэг, бор цоохор өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг, амь хохирогчийн гарын хумс, үснээс авсан дээж, өмсөж байсан хувцаснаас илрүүлсэн 3 ширхэг хялгас, хэргийн газраас хураан авсан үс мэт зүйл, Д.Мөнх-Эрдэнийн хувцаснаас авсан үс мэт хялгасууд, Д.Мөнх-Эрдэнийн бэлэг эрхтний үс, гарын хумснууд, сэжигтнээр тооцогдсон Ц.Зоригтбаатар, Т.Сахьяа, С.Энхболд, Л.Батдорж, М.Наранхүү нарын хумснууд, М.Наранхүүгийн үснүүд, П.Баяраагийн толгойн үс, гарын хумснууд, Ц.Зоригтбаатар, С.Энхболдын бэлэг эрхтний үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гайри овогт Дэмбэрэлжавын Мөнх-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 17 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар Д.Мөнх-Эрдэнийн урьдчилан хоригдсон 553 /таван зуун тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Саарал өнгийн DSOUARED гэсэн бичигтэй куртик 1 ширхэг, XXL Eveliner бичигтэй гоо сайхны хэрэгсэл 1 ширхэг, Punch гэсэн бичигтэй хуванцар сав, Вива гэсэн шошго бүхий 750 гр хэмжээтэй лонх 1 ширхэг, хөндлөвч модноос зангилаагүй сул үлдээсэн цагаан, хар өнгийн үдээс 1 ширхэг, Пепси гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, Пепси гэсэн бичигтэй хоосон лааз 3 ширхэг, ягаан өнгийн хүүхдийн куртик 1 ширхэг, цагаан шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, цагаан, цэнхэр өнгийн хөшиг 1 ширхэг, улаан, шар өнгийн хүүхдийн өрөөсөн бээлий, улаан өнгийн Вест тамхины хоосон хайрцаг, Вест, Парламент, Эссэ тамхины иш, Хараа архины лонх 1 ширхэг, хохирогчийн хүзүүг боомилсон улаан, шар өнгийн бээлий, үдээсний хамт, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, бор хүрэн өнгийн ноосон өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй куртик 1 ширхэг, бор цоохор өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг, амь хохирогчийн гарын хумс, үснээс авсан дээж, өмсөж байсан хувцаснаас илрүүлсэн 3 ширхэг хялгас, хэргийн газраас хураан авсан үс мэт зүйл, Д.Мөнх-Эрдэнийн хувцаснаас авсан үс мэт хялгасууд, Д.Мөнх-Эрдэнийн бэлэг эрхтний үс, гарын хумснууд, сэжигтнээр тооцогдсон Ц.Зоригтбаатар, С.Энхболд, М.Наранхүү нарын толгойн болон бэлэг эрхтэний үс, хумс, Т.Сахъяа, Л.Батдорж нарын хумс, П.Баяраагийн толгойн үс, хумсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнээс 3976100 /гурван сая есөн зуун далан зургаан мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраа /РД-УГ5454042511, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 7-84 тоотод оршин суух/-д олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

             

ДАРГАЛАГЧ                           Л.БААТАР

   ШҮҮГЧИД                           Т.АЛТАНТУЯА

Г.МӨНХЗУЛ