| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/03096/И |
| Дугаар | 101/ШШ2021/03331 |
| Огноо | 2021-10-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2021/03331
2021 10 22 101/ШШ2021/03331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны Фидес цамхаг 202 тоот хаягт оршин байрлах “*******” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 б хэсэг, Б.Доржийн гудамж, 13/7 дугаар байр, 20 тоот хаягт оршин суух, Их тамир овогт Уртнасангийн*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 14,623,315.84 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Т.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Батнасан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус компаниас №2019020754 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,100,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь зээлээ зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн.
Үндсэн зээл 8,481,502.61 төгрөг, зээлийн хүү 5,827,283.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 314,529.77 төгрөг, нийт 14,623,315.84 төгрөгийг У.Батнасангаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Батнасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч У.Батнасанд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 14,623,315.84 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
“*******” ХХК болон У.Батнасан нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр №2019020754 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 9,100,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 3.1.4-т зааснаар, зээл, түүний хүүг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлтэй зээлжээ.
Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 451.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.”, 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
“*******” ХХК зээлийн гэрээний дагуу 9,100,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээний хавсралтад заасан графикаар төлөөгүйгээс үндсэн зээл 8,481,502.61 төгрөг, зээлийн хүү 5,827,283.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 314,529.77 төгрөг, нийт 14,623,315.84 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй, шаардаж буй төлбөрийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, төлбөрийн үлдэгдэл, түүнд тооцсон хүүгийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, хэргийн материалтай танилцаагүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч У.Батнасангаас 14,623,315.84 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,066.58 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Батнасангаас улсын тэмдэгтийн хураамж 231,066.58 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА