Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 49/1 байр, 202а тоот хаягт оршин байрлах Дэлгэрфинанс ББСБ ХХКийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 1 дүгээр гудамж, 41 тоот хаягт оршин суух, Ачнууд овогт Шагдарсүрэнгийн Дуламсүрэнд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 702,600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид О.Дэлгэрмаа, хариуцагч Ш.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дэлгэрфинанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш.Дуламсүрэн нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээ зөрчин үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байгаа тул үндсэн зээл 398,700 төгрөг, зээлийн хүү 253,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,600 төгрөг, нийт 702,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Дэлгэрсүрэн шүүхэд болон шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүснэгтийн дугаа бүрэн төлж барагдуулсан. Үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүүтэйгээ 3,250,000 төгрөг болгож төлөх байснаас 3,342,000 төгрөгийг төлсөн. Хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дэлгэрфинанс ББСБ ХХК нь хариуцагч Ш.Дуламсүрэнд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 398,700 төгрөг, зээлийн хүү 253,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,600 төгрөг, нийт 702,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүүтэйгээ 3,250,000 төгрөг болгож төлөх байсныг 3,342,000 төгрөг болгож төлсөн хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Дэлгэрфинанс ББСБ ХХК болон Ш.Дуламсүрэн нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №1307719 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар, зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс, зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх, гэрээний 2.2.4-т зааснаар, зээл буцаан төлөх хуваариас хугацаа хэтрүүлсэн эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үндсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлэх нөхцөлтэй зээлжээ.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Дэлгэрфинанс ББСБ ХХК зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээний хавсралтад заасан графикаар төлөөгүйгээс үндсэн зээл 398,700 төгрөг, зээлийн хүү 253,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,600 төгрөг, нийт 702,600 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан зээлдэгч Ш.Дуламсүрэнгийн зээл төлөлтийн түүх, бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол бүхий нэхэмжлэлийн тооцоо-оор тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх нотлох баримт гаргаагүй, шаардаж буй төлбөрийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, төлбөрийн үлдэгдэл, түүнд тооцсон хүүгийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг буюу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа нотлох баримтаар нотлоогүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Ш.Дуламсүрэнгээс 702,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дэлгэрфинанс ББСБ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Дуламсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 21,413 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дэлгэрфинанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА