Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч А.Лхагваа,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 135 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2407 00000 0158 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт *******,******* тоотод түр оршин суух хаягтай,

******* овогт *******гийн ******* /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гийн гудамжинд “манай хүүхдийг зодсон” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.*******тай хэрүүл маргаан үүсгэж, гарнаас нь татан газар унагааж эрүүл мэндэд нь баруун мөрний атгаалын бүрэн мултрал, баруун эгэм ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.******* нь  шүүхийн   хэлэлцүүлэгт: “...Гэрт байж байсан чинь 2 хүүхэд гүйж ирээд танай охиныг зодож байна гэхээр нь би очсон чинь ээж нь гээд хүн, охин нь ******* байсан. Манай охин уйлчихсан байсан. Тэгээд би очоод 10 настай хүүхдийг зодож яаж байгаа юм гээд нэг алгадсан. Тэр үед ******* гээд охин чулуу шидээд байхаар нь гараас нь татчихсан. Тэгээд газар шүргэсэн. Тэгэнгүүтээ би цагдаа дуудна, наадах чинь дийлдэхгүй байна гээд би цагдаа дуудсан. Тэгэхэд охиныг нь суулгаад машинтай зугтаасан. Би газар дээр нь шийдье гээд цагдаа дуудуулсан байхад зугтаасан. Тэгээд араас нь очсон чинь ээж нь хашааныхаа хаалгыг дарчихсан зогсож байсан. Би уулзаадахъя гэсэн чинь хойд аав нь Жамьянсүрэн гарч ирэхээр нь манай охиныг танай авгай чинь зодсон байна гээд ярилцаж байхад цаанаас нь охин нь ******* мөрөө барьчихсан гараад ирсэн...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед би өөрийн төрсөн дүү ийг хүнсний дэлгүүр рүү ундаанд явуулсан. Хэсэг хугацааны дараа манай дүү амьсгаадчихсан орж ирээд “Намайг өмнө дээрэлхдэг байсан хүүхдүүд гудмаар явуулахгүй байна, миний гарыг бариад энэ хүүхэдтэй зодолд” гэхээр нь манай дүү “Би зодолдохгүй” гэтэл тэр охин нь “Өө ямар суга юм бэ чи” гээд бөгс рүү өшиглөөд “Зодолдож чадахгүй юм бол мөнгө өг” гэж дарамталсан гэсэн. Тэгээд ээж бид хоёр машинтай тэр хүүхдүүд дээр очиж зургийг нь авч “Яагаад манай хүүхдийг дээрэлхэж байгаа юм, дахиж тэгэх юм бол цагдаад өгнө шүү, ингэж болохгүй” гэж хэлсэн. Харин энэ үед нэг хүүхэд нь би аав, ээжийгээ дуудаад ирье гээд унадаг дугуйтай явчихсан. Харин хэсэг хугацааны дараа Соната 6 загварын саарал өнгийн машин ирээд зам хааж зогсоод эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд намайг эрэгтэй нь “чи яагаад манай хүүхдийг зодож байгаа юм” гээд миний зүүн хацар руу баруун гараараа нэг удаа алгадсан. Энэ үед манай ээж тэр хүнийг салгасан. Харин тэр танихгүй эрэгтэй нь манай машин руу чулуу шидэх гээд байсан учраас манай ээж замын хөдөлгөөнд саад учруулж байсан машинаа холдуулах үед тэр эрэгтэй нь, эмэгтэй хоёр хүн том хүүхдийнхээ хамтаар намайг газарт унагааж хөл, гар руу өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалж чулуу барисан. Тэгээд би ээжтэй хамт гэр рүү очтол манай хашааны гадна тэр хүн дахиж ирээд миний хоёр хөлийн гуя хэсэг рүү олон удаа өшиглөж, тухайн үед миний баруун мөр маш хүчтэй өвдөж байсан учир би өөрийгөө хамгаалж чадаагүй. Харин манай намайг хашаанд оруулчхаад хаалгаа хаах гэж байтал тэр эрэгтэй манай ээжийг нэг удаа алгадсан. Мөн манай ээжийг “чи муу олон нөхөр солисон янхан, гичий, писда” гэх мэтээр харааж доромжилсон. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...

...Тухайн үед гэх хүн эхнэр хүүхдийн хамт байсан ба бүгд над руу дайраад байсан. Тэгээд маргалдаж байхад ******* гэх хүн намайг зодох гээд байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд газраас чулуу аваад шидэх гэтэл ******* гэх хүн миний гарнаас бариад хөшөөд татсан. Тэгэхэд миний гар эвгүй болоод хөдөлж болохгүй байсан. Түүнээс хойш миний гар эвгүй болоод хөдлөхгүй байсан учир би ээжтэйгээ хамт яваад өгсөн...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн хүмүүстэй уулзаж учраа олсон. Би гомдолгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 10 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ унтаж байтал 2 жоохон хүүхэд манай гэрт орж ирээд танай охиныг нэг авгай зодож байна гээд гүйгээд ирсэн. Тэгээд би яваад очтол манай найзын эхнэр гэх хүүхэн байсан. Тэгээд би очоод яаж байгаа юм гэтэл “манай охиныг танай охин зодсон” гээд хэлсэн.  Тэгэхээр нь би г самардаад түлхсэн. Тухайн үед нь ******* гэх охинтойгоо байсан...Тухайн үед ******* гэх охин чулуу аваад шидээд байхаар нь би баруун гараас нь бариад хүчтэй татаж болиулсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. *******ын гарын гэмтэл нь намайг татсанаас болж үүссэн байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

                                                                                                                                 

Гэрч Ү.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай 12 настай хүү нь сургуульд сурдаг. Харин манай хүүхдийг *******нд оршин суудаг зарим хүүхдүүд дээрэлхэж, цүнхийг нь ухаж, мөнгө нэхдэг гэж өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. Гэтэл өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүр явчхаад гэртээ “Намайг дээрэлхээд байдаг хүүхдүүд ахиад намайг дээрэлхээд явуулахгүй байна” гэсээр орж ирсэн. Би тэр хүүхдүүдтэй нь уулзах гэсэн боловч байхгүй байсан. Харин 19 цагийн орчимд манай хүүхэд дахиж дэлгүүр явчхаад ирэхдээ “Нөгөө хүүхдүүд байна аа, намайг ерөөсөө явуулахгүй байна, чи манай найзтай зодолд, зодолдохгүй бол мөнгөө өгчхөөд яв гээд бөгс рүү өшиглөж юу ч чадахгүй бацаан байна шдээ” гээд байна гэж гэртээ орж ирсэн. Тэгээд би тэр хүүхдүүдтэй нь очиж уулзсан. Харин тэнд байсан хүүхдүүд тэр охин танай хүүхдийн юмыг булааж цохисон хүүхэд нь энэ гэж нэг охиныг заасан. Гэтэл тэр охин гүйхээр нь би тэр охиныг барьж аваад “Чи яагаад манай хүүхдийг зодож байгаа юм, манай хүүхэд чамд өртэй юм уу, чиний юмыг би бэлдэх ёстой юм уу” гэж загнаад манай хүүхдийг дээрэлхсэн гэх 3 хүүхдийг зогсоож байгаад зургийг нь дарсан. Дахиад манай хүүхдийг дээрэлхэж дарамтлах юм бол цагдаад өгнө шүү гэсэн. Гэтэл тэр үед нэг саарал өнгийн Соната загварын машин маш хурдтай ирээд зүс таних гэх залуу эхнэр, 2 хүүхдийн хамт ирсэн. Тэр эхнэр нь намайг “Чи яагаад миний охиныг зодсон юм” гээд намайг цохих гэхээр нь “Юмны учир ойлгочхоод тэгээрэй” гэж хэлээд машинаа холдуулах гээд машин дээрээ очих үед манай охин *******ыг тэр хүмүүс газарт унагааж зодсон. Би очиж салгаад охин *******ыг машиндаа суулгаад гэртээ ирээд хашаандаа машинаа оруултал тэр гэх зүс таних эрэгтэй нь “чи тэр газартаа буцаж оч муу авгай минь” гээд машинаасаа бүгд буугаад ирсэн. Тэгэхээр нь би хашааны хаалга хаах гэтэл гэх залуу миний зүүн хацарт баруун гараараа 1 удаа алгадаж хэн гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан намайг өшиглөж эхэлсэн. Би буцаагаад гэх зүс таних залууг алгадсан боловч дутуу хүрч майжсан байсан. гэх залуу намайг нэг удаа алгадсан. Харин тэнд байсан хүмүүс миний хоёр хөл рүү өшиглөсөн… гэх зүс таних залуу манай охины нүүр хэсэгт шанаадсан. Эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ нийлж зодсон. Дээрээс дэвссэн. Би харин яг хэн хэдэн удаа хаана нь цохисныг мэдэхгүй байна бүх юм хурдан болж өнгөрсөн. Ямар ч байсан манай охин миний баруун гар эвгүй болчихлоо би гараа даахгүй байна гээд байсан. Тэгээд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлтэл баруун мөрний мултарал, эгэмний ясны хугарал гэж үзсэн. Миний хоёр хөл хөхөрсөн, баруун хацар өвчинтэй, зүүн гарын сарвуу өвдөлттэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байтал нэг хүүхэд ирээд танай охиныг 2 эгч зодож байна гээд гэрт ороод ирсэн. Тэгээд нөхөр *******, нарын хамт очсон. Тэгтэл гэх эмэгтэй ******* гэх охины хамт манай охиныг загнаад байж байсан. Тэгтэл , ******* нар нь бид нар луу дайраад хэрүүл хийгээд байсан. Тэгээд нь муусайн юмнуудад хүүхдээ дээрэлхүүлэхгүй гээд байсан. Намайг очиход манай охиныг үстсэн гээд байсан. Тэгээд маргалдаад хэрүүл болсон. Тэгтэл тэр охин ******* гэх нь дайраад байсан. Тэгээд тэр ******* нь над руу чулуу шидэхээр нь би суугаад намайг оноогүй. Тэгэхээр нь манай нөхөр ******* гарыг нь бариад татаад чулууг нь шидэхийг болиулсан. Тэгээд байж байтал маргалдаад зодолдох гээд байхаар нь манай нөхөр уурлаад цагдаа дуудсан. Тэгтэл гэх хүн *******тай хамт машинаа унаад яваад өгсөн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр араас нь гэрийнх нь гадаа очтол хашааны хаалга бариад оруулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №260 дугаартай дүгнэлтэд:

  1. ийн *******ын биед баруун мөрний атгаалын бүрэн мултрал, баруун эгэм ясны далд хугарал, баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, хөших үйлдлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.
  5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээч эмчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ харин баруун мөрний атгаалын бүрэн мултрал  нь баруун эгэм ясны далд хугарал гэмтэл нь үений хөдөлгөөний эсрэг хөших, татах нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөрний үед нь хамгийн тохироогүй үе учир нь дал , эгэм, атгаал ясны дээд толгойн 3-н уулзвар үе юм гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

  

Хохирогч Б.*******ын биед үзлэг хийсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гийн гудамжинд “манай хүүхдийг зодсон” гэх шалтгааны улмаас Б.*******тай хэрүүл маргаан үүсгэж, гарнаас нь татан газар унагааж эрүүл мэндэд нь баруун мөрний атгаалын бүрэн мултрал, баруун эгэм ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь: Шүүгдэгч Б.гийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “... тэр үед ******* гээд охин чулуу шидээд байхаар нь гараас нь татчихсан чинь замын хажуу талын хашааны буланд унасан. Гэм буруугаа хүлээж байна”  гэсэн мэдүүлэг,  Хохирогч Б.*******ын өгсөн: “...эрэгтэй нь, эмэгтэй хоёр хүн том хүүхдийнхээ хамтаар намайг газарт унагааж хөл, гар руу өшиглөсөн…тэр хүн дахиж ирээд миний хоёр хөлийн гуя хэсэг рүү олон удаа өшиглөж, тухайн үед миний баруун мөр маш хүчтэй өвдөж байсан учир би өөрийгөө хамгаалж чадаагүй... би өөрийгөө хамгаалах гээд газраас чулуу аваад шидэх гэтэл ******* гэх хүн миний гарнаас бариад хөшөөд татсан. Тэгэхэд миний гар эвгүй болоод хөдөлж болохгүй байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ү.гийн өгсөн: “...манай охин *******ыг тэр хүмүүс газарт унагааж зодсон… Ямар ч байсан манай охин миний баруун гар эвгүй болчихлоо би гараа даахгүй байна гээд байсан. Тэгээд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлтэл баруун мөрний мултарал, эгэмний ясны хугарал гэж үзсэн…” гэх мэдүүлэг, гэрч О.ийн өгсөн: “...******* нь над руу чулуу шидэхээр нь би суугаад намайг оноогүй. Тэгэхээр нь манай нөхөр ******* гарыг нь бариад татаад чулууг нь шидэхийг болиулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас, Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.******* нь холбогдсон гэмт хэргийн талаар өөрийн үйлдэл , үр дагаварын талаар хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлэг өгсөн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогчтой маргалдах явцдаа баруун гараас нь татан түүний биед баруун мөрний атгаалын бүрэн мултрал, баруун эгэм ясны далд хугарал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзлээ.

Мөн хохирогчийн биед үүссэн гэмтлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт , шинжээчийн мэдүүлгээр хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл  гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс хохирогчид 500 000 төгрөгийг , Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх Б.*******гийн хэрэг хариуцах чадвартай байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй зэргийг дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн  хохирогчийн зүй бус харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж , учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх буюу 600 000 төгрөгийн торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  болон  битүүмжилсэн  хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн   хуулийн   тусгай  ангийн   11.4   дүгээр   зүйлийн  1   дэх   хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                         

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД