| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 131/2024/00167/И |
| Дугаар | 001/ХТ2024/00329 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00329
Б.Лгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00651 дүгээр шийдвэр,
Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2024/00011 дүгээр магадлалтай,
Б.Лгийн нэхэмжлэлтэй
Э.Эд холбогдох
Гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Л нь Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00651 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Лгийн хариуцагч Э.Эгээс зээлийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01623 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00651 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Эгээс 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. ... гэж, 2 дахь заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгээс улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лд олгосугай. ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1 Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтыг зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн үүргийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж үзсэн боловч давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг зөрчсөн.
Талийгаач С.А нь 2022.01.14-ний өдөр Хаан банктай ЗГ/202................. тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг зээлэхдээ хүү Э.Эгийн өмчлөлийн /эзэмшлийн/ Г-03...... эрхийн улсын бүртгэлийн дугаартай газар, Э.Э болон Э.Д нарын өмчлөлийн Ү-03...........эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, өөрийн болон Д.Этай хамтран өмчлөлийн Ү-03............. дугаартай, 49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, .... БНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэрийн бүх тавилга зэргийг барьцаалсан.
Мөн 2022.09.02-ны өдөр Хаан банктай ЗГ/2022....... тоот Зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг зээлэн бусдын үл хөдлөх эд хөрөнгө болон өөрийн тээврийн хэрэгслийг барьцаалсан байсан боловч 2023.09.29-ний өдөр С.А нас барсан. “Хаан банк” ХК нь зээлийн барьцаа хөрөнгө болох Э.Э, Э.Д нарын өмчлөлийн хашаа байшинг 60,000,000 төгрөгөөр зарж, С.Аийн зээлээс төлсөн. Мөн барьцаанд байсан тээврийн хэрэгслийг хүү Э.Эд өв нээж, Хаан банк худалдан борлуулсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан ба С.А нь зээл авч, өөрийн болон бусдын хөрөнгө барьцаалж хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т хуульд зааснаар өв залгамжлалаар барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээдүүд нь тухайн гэрээгээр барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээхээр зохицуулжээ.
Эд хөрөнгийг өвлөн авснаар өмчлөгч нь болох ба барьцаагаар хангагдах үүрэг биелэгдээгүй нөхцөлд шинэ өмчлөгчийн хувьд барьцааны эрхийн шаардлагыг биелүүлэх буюу өөрөөр хэлбэл өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны үүрэг дуусгавар болохгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр талийгаач С.Аийн Хаан банктай байгуулсан зээлийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг Э.Э хариуцан, өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээсэн.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2024/00011 магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалж болох бөгөөд энэ нөхцөлд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нар нь барьцааны гэрээг байгуулсан дарааллын дагуу өөрсдийн шаардлагаа хангуулах эрхтэй байхаар хуульчилсан. Мөн уг хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг, 535 дугаар зүйлд зааснаар өв хүлээн авсан өвлөгчид эсхүл холбогдох журмын дагуу өвийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан өвийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцахаар зохицуулсан. Үүнээс үзэхэд өвлөгдөх эд хөрөнгө буюу өв барьцаанд байгаа нөхцөлд тухайн өвийг өвлөгч хүлээн авсан, эсхүл татгалзсан, улмаар өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгчид олгосон, холбогдох төрийн байгууллага өвийг шилжүүлэн авсан зэргээс үл хамааран барьцаалагч этгээд өөрийн шаардлагаа өвлөгчийн өвлөн авсан өвөөс хангуулах эрхтэй.
Өвлөх эрхийн гэрчилгээг Э.Эд олгосон ч Хаан банк өөрийн шаардлагаа Э.Эгийн өвлөн авсан өвөөс хангуулсан тухай зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон Хаан банкны албан тоотоор нотлогдож байхад дахин нэхэмжлэгч Б.Лгийн шаардлагыг өвлөн авсан өвийн хэмжээгээр хүлээлгэсэн нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2. 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг зөрчсөн. Өр өвлөгдөх хуулийн зохицуулалт байхгүй тул давж, заалдах шатны шүүх нягтлаагүй зөв дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэл болно.
4.2. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болсон.
Гэтэл давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Э.Эгээс 30,000,000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “... С.Аийн төлөх 30,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хариуцагч нь өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцах ёстой...” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “С.Аийн төрсөн хүү Э.Эгээс энэхүү мөнгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд хянаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байгаа болно.
Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2024/00011 магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00651 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01534 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Э.Эд холбогдуулан 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... С.Ат 2023.08.23-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 2023.12.23-ны өдөр хүртэл зээлсэн. С.Ань 2023.09.29-ний өдөр нас барсан. Хүү Э.Этэй нь 2023 оны 09 сард холбогдоход мөнгийг өгнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Э.Эгээс 2 сарын хүүг тооцолгүйгээр үндсэн төлбөр 30,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. ...” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Миний ээж С.Ань Б.Л гэх хүнээс хэдэн төгрөг зээлсэн талаарх мэдээлэл надад байхгүй. Зээлсэн гэх мөнгийг С.Аийн дансанд шилжүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгэгчээр Э.Э намайг татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Б.Л, Э.Э нарын хооронд гэрээ хийгдээгүй. Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд өв хөрөнгө хүлээж аваагүй хүн үүргийг хүлээх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тайлбарласан.
9. Анхан шатны шүүх хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Б.Л, нас барагч С.А нарын бичгээр хийгдсэн хэлцлийг зээлийн гэрээ гэж үзнэ. Гэрээний дагуу Б.Л С.Аийн дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлж, С.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Б.Л нь шаардах эрхтэй. С.Ань нас барсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Хариуцагч Э.Э нь нас барагч С.Аээс өвлөсөн 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслээр үүргийг хүлээх нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т нийцнэ. Нэхэмжлэгч Б.Л, нас барагч С.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч С.А нас барснаар дуусгавар болсон тул өвлөгч Э.Э нь дуусгавар болсон үүргийг хүлээхгүй. ...” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... Нэхэмжлэгч Б.Л нь Хаан банкны дансаар С.Аийн эзэмшлийн Хаан банкны дансанд 30,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нас барах хүртэл гэрээний төлбөрийг гүйцэтгээгүй байсан ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх байдал тогтоогдоогүй. ... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар хариуцагч Э.Э нь талийгаач С.Аийн хууль ёсны өвлөгч. ... Хариуцагч нь талийгаач С.Аээс ямар эд хөрөнгө өвлөн авсан, өвлүүлэгчийн үүргийг хариуцах эсэх нь маргааны зүйл болсон. ... Э.Э өвлүүлэгчийн эзэмшилд байсан автомашиныг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. ... Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Л нь талийгаач С.Аийн өвийг хүлээн авагч Э.Эгээс С.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар хариуцагч Э.Э нь өвлөн авсан өвийн хэмжээгээр талийгаач С.Аийн үүргийг хүлээх нь зүйтэй. ...” гэж дүгнэсэн байна.
11. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг зөрүүгүй тогтоосон боловч зарим нотлох баримтыг болон өвлүүлэгчийн зээлийн үүрэг дуусгавар болсон эсэх асуудлаар ялгаатай дүгнэж, холбогдох хуулийн заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий хариуцагч талын гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг бүрдүүлж байх тул гомдлыг хүлээн авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
12. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Э.Э нь зээлдэгч С.Аийн хүү бөгөөд С.А нь 2023.09.29-ний өдөр нас барж, өв залгамжлалын харилцаа үүссэн, Э.Э нь С.Аийн хууль ёсны өвлөгч үндэслэлээр ..... БНР улсын дугаартай Lexus RX450H маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг өвлөн авсан, өвлөх эрхийн гэрчилгээнд тус тээврийн хэрэгслийн үнийг 9,000,000 төгрөгөөр үнэлсэн, С.А ба нэхэмжлэгч Б.Л нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж 30,000,000 төгрөгийн үндсэн төлбөр төлөгдөөгүй үлдсэн зэрэг үйл баримтыг тус тус адил тогтоосон. Хариуцагч Э.Э түүний эх С.А 30,000,000 төгрөгийг дансаар хүлээж авсан үйл баримтад маргаагүй боловч энэ нь зээлийн гэрээ болохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.
13. Харин анхан шатны шүүх өвлүүлэгчийн өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр өвлөгч үүргийг хариуцах үндэстэй боловч өвлүүлэгчийн байгуулсан зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу зээлдэгч нас барснаар дуусгавар болно гэж, давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-т заасан үндэслэлээр өвийн зүйлд хадгалагдан үлдэнэ гэж тайлбарлажээ.
14. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт үүрэг дуусгавар болох зарим үндэслэлийг дурдсаны дотор 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан бол” гэх үндэслэл багтжээ. Гэвч мөнгөн хөрөнгийг гаргуулах тухай зээлийн гэрээний шаардлага нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэгт хамаарахгүй. Зээлдэгчид шаардах эрх, авлага, эд хөрөнгө байсан бөгөөд эдгээр нь түүнийг нас барснаар бусад этгээдэд шилжсэн бол түүний эд хөрөнгө, шаардлагыг өвлөн авсан этгээдээс өвлүүлэгчийн өрийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр гаргуулах боломж нээлттэй үлдэнэ. Зээлийн гэрээний харилцаа үргэлжлэхгүй ч зээлийн гэрээ хүчинтэй байх хүртэл хугацаанд бий болсон зээлдэгчийн үүргийг түүний бусдад өвлүүлсэн хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй талаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо өвлүүлэгч С.Аээс шаардах эрх бүхий бусад зээлдэгч, тодруулбал, Хаан банк өөрийн шаардлагаа Э.Эгийн өвлөн авсан өвөөс хангуулсан нь нотлогдож байхад нэхэмжлэгч Б.Лгийн шаардлагыг өвийн хөрөнгөөр дахин хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2. 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг зөрчсөн гэж үзсэн байна.
16. Гэвч С.Аээс авлага бүхий бусад зээлдүүлэгч нь зээлийн барьцаанд тавьсан зээлдэгчийн эсхүл, бусад этгээдийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлээ хангуулсан нь дээр дурдсан тээврийн хэрэгслийн өвлөгчөөс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг үндэслэн үүрэг шаардсаныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өвлүүлэгч С.А нь хэд хэдэн этгээдэд өр зээлтэй, үүрэг үүсгэсэн тохиолдолд шаардах эрх бүхий этгээд бүр Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу шаардлага гаргах хууль зүйн боломжтой хэдий ч энэ үндэслэлээр шаардлагаа тодорхойлж тухайлан маргасан үүрэг гүйцэтгүүлэгчид хамаатай харилцааг л шүүх дүгнэх бөгөөд энэ талаар маргаан үүсгээгүй, байгаа эсэх нь тодорхойгүй шаардлагыг тус маргаанд хамааруулан хийсвэр дүгнэх, энэ үндэслэлээр маргаан үүсгэсэн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхих, удаашруулах хууль зүйн боломжгүй.
17. Нөгөөтэйгүүр энэ хэргийн маргааны зүйл болох ....... БНР улсын дугаартай Lexus RX450H маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашинд Хаан банк, эсхүл бусад зээлдүүлэгч барьцааны эрхтэй болохыг илтгэсэн аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Маргааны зүйл болох ..... БНР улсын дугаартай Lexus RX450H маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг барьцаалж бусад зээлдэгчийн үүргийг хангасан гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Хэрэгт С.Аийн Хаан банктай 2022.09.02-ны өдөр байгуулсан 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангасан барьцааны гэрээ авагдсан байх ба тус гэрээнд заасан барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийн улсын дугаар нь өвийн зүйл болох тээврийн хэрэгсэлтэй адил .... БНР байх боловч тээврийн хэрэгслийн марк болон арлын дугаар зөрүүтэй, хоёр өөр тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байна. Хаан банкны зээлийн гэрээний барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь .... БНР улсын дугаартай, Тоёота Ланд Крузер 200 маркийн, JTMHX05J104084841 арлын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа бол өвийн зүйл болох тээврийн хэрэгсэл нь .... БНР улсын дугаартай Lexus RX450H маркийн мөнгөлөг өнгийн, GYL102401869 арлын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл байна.
Түүнчлэн хэрэгт зээлдэгч Д.Эын Хаан банктай байгуулсан 150,000,000 төгрөгийн зээлийн шугамын гэрээний үүргийг хангах зорилгоор өвлүүлэгч С.Аийн байгуулсан 2022.01.14-ний өдрийн БГХ202247247297 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ авагдсан байх ба тус гэрээнд дурдагдсан барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь мөн л улсын дугаар нь өвийн зүйл болох тээврийн хэрэгсэлтэй адил байх хэдий ч уг барьцааны гэрээнд дурдсанаар барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг 2020.10.20-ны өдөр Монгол Улсад анх удаа бүртгэж байсан бол өвийн зүйл болох тээврийн хэрэгсэл нь 2022.08.25-ны өдөр Монгол Улсад импортлогдсон нь .... БНР улсын дугаартай Lexus RX450H маркийн мөнгөлөг өнгийн, GYL102401869 арлын дугаартай суудлын тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан өвийн зүйл болох нь .... БНР улсын дугаартай Lexus RX450H маркийн мөнгөлөг өнгийн, GYL102401869 арлын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн үүргийг хангахаар барьцаалагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
18. Хариуцагч Э.Эгийн өвлөн авсан .... БНР улсын дугаартай Lexus RX450H маркийн мөнгөлөг өнгийн, GYL102401869 арлын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл нь 9,000,000 төгрөгийн үнэлгээтэй тухайд зохигч маргаагүй, түүнчлэн өвийн хөрөнгөөс С.Аийн үүргийг 9,000,000 төгрөгөөр хангах тухай давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.
19. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан С.Аийн хүү Э.Эгээс өвлөж авсан тээврийн хэрэгслийн үнээр үүргийг хангуулах үндэслэлгүй гэх агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй байх ба зохигчийн хооронд үүссэн маргаанд холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2024/00011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагчийн игэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.18-ны өдөр 158,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА