Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00089

 

К.Х-ыы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэртэй, К.Х-ын нэхэмжлэлтэй, М.Б, М.З нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч М.З-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч М.З, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч нь К.Х мөн болохыг тогтоож, уг байшинг хууль бусаар эзэмшиж байгаа М.Б, М.З нарыг албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Ц сумын 2 дугаар багт амьдарч байхдаа 2003 онд тус багийн нутаг “Могойт” гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий дүнзэн модон байшин барьсан. Уг байшинд гэр бүлээрээ амьдарч байгаад ажил төрлийн байдлаас болж Өлгий суманд нүүж ирсэн. Гэтэл манай байшинг хамаатан болох М.Б, М.З нар хууль бусаар эзэмшиж, байшинд маань дур мэдэн оршин сууж байгаа бөгөөд өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар хууль бус нотлох баримтыг тухайн багийн Засаг дарга болон хөндлөнгийн хүмүүсээр баримтжуулан авч, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар зэхэж байна. Уг байшингийн байрлаж байгаа Ц сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас газар эзэмшүүлэх боломж байхгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Түүнээс болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй. Муратхан гэдэг хүний зөвшөөрлийн дагуу мал төллүүлж байсан. М-ын хүүхдүүдийн хооронд эд хөрөнгө булаацалдсан асуудал гарсан тул бид өөрсдийнхөө 40 м.кв дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Дараа нь хэнийг суулгах эсэхээ өөрсдөө шийднэ. Иймд Ц сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоож, М.Б, М.З нарыг уг байшингаас албадан нүүлгэхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагч М.Б-ын тайлбарт: “Миний бие М.Б одоо Ц сумын 2 дугаар багт оршин суудаг. Ц сумын 2 дугаар багт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг 2004 онд миний хүргэн ах болох А.Е, түүний эхнэр М.З нар 600000.00 төгрөгөөр худалдаж авч одоо хүртэл уг байшинд хаваржиж, намаржиж байгаа болно. Уг байшинтай хамт хадлангийн талбайг авсан. Би Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойтод хүргэн ах А.Е, эгч М.З нартай хамт нэг хашаа хороонд амьдарч байна. Би К.Х-аас дээрх байшинг худалдаж авч байгаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд К.Х-ын надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З-ийн тайлбарт: “Нэхэмжлэгч К.Х нь миний эцэг М-ын төрсөн дүү.  А.М нь 2016 онд нас барсан. 2004 онд М.З, нөхөр Е бид хоёр өрөө дүнзэн байшин, жижиг чулуун хашаа болон хадлангийн талбайг 600000.00 төгрөгөөр худалдсан. 2004 оноос хойш одоо хүртэл нөхөр бид хоёр уг байшинд хамт амьдарч байна. Харин М.Б нь одоо манайхтай хөрш, уг байшинг худалдаж аваагүй тул ямар ч хамаагүй. Нөхөр бид хоёр анх К.Х-аас 5х5 метрийн дүнзэн байшин болон уг байшинд залгаж барьсан 3х5 метрийн дүнзэн байшинг худалдаж авсан бөгөөд одоо К.Х-аас авсан жижиг чулуун хашааг өргөтгөж томруулсан. Бид уг дүнзэн байшинг худалдан аваад 14 жил болж байна. Жил болгон хадлангийн талбайгаас өвс авч, амьдарч байна. Бид Х-аас уг байшинг худалдаж авч, одоог хүртэл хаваржиж, ашиглаж байгаа болохыг Ц сумын газрын даамал Т.Н, багийн дарга М.Д, Б.С, хөрш болох А.Д, А.Т, А.Ж, С.Б, Ж.А, Ч.М, Х.З, М.Т, Х.С, А.Т, К.К, М.Н Т.Б нар мэддэг учир нотариатаар батлуулсан тодорхойлолтуудыг хавсаргав.” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/ хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан хариуцагч М.Б-ын хууль бус эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/ хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшинг чөлөөлж, уг байшингаас М.Б-ыг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.З-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгчийн “Ц сумын 2 дугаар баг Могойтод байрлах 40 м.кв 2 өрөө модон байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэхүү байшингийн хууль ёсны өмчлөгч нэхэмжлэгч мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул өмчлөгчөөр тогтоох боломжгүй хэмээн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа Б.Х-ыг “шударга эзэмшигч” учраас шударга бус эзэмшигчээс эд хөрөнгийг шаардах эрхтэй хэмээн үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Ц сумын 2 дугаар баг Могойтод байрлах 40 м.кв 2 өрөө модон байшинг 2005 онд Б.Х нүүх үед ах М-д худалдаж улмаар М нь хүргэн Е, охин З нарын эзэмшилд өгч 2005 оноос одоог хүртэл тэд /Е, З нар/ эзэмшиж ашиглаж байгаа. мөн М нь 2016 онд нас барснаар түүний эхнэр, хүүхдүүд нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2017 оны намар 13 жилийн дараа Б.Х байшингаа М.З-ээс шаардсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ. Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгөө 12 жилийн турш М-аас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байж түүнийг нас барсны дараа хөрөнгөө нэхэмжилж байгаа нь Б.Х-ыг маргаан бүхий хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “хөрөнгийн хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг” шударга эзэмшигч хэмээн ойлгохоор заасан бөгөөд хуулийн дээрх зүйлээс үзэхэд “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа” эсхүл “эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа” нөхцөлд шударга эзэмшигч гэж үзэхээр байна. Гэтэл Ц сумын 2 дугаар баг Могойтод байрлах 40 м.кв 2

өрөө модон байшинг Б.Х 2005 оноос хойш эзэмшиж ашиглаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хууль ёсны эзэмшигч мөн болох нь нотлогдон тогтоогдоогүй, хуулийн дээрх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад нэхэмжлэгчийг маргаан бүхий эд хөрөнгийн шударга эзэмшигч шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэх боломжгүй.

Хариуцагч М.З түүний нөхөр Е нар нь 2005 оноос өдий хүртэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч М.Б нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй” болохыг шүүх анхаарч үзээгүй.

3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй талаар заасан. Б.Х нь 2005 онд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг М, З нарын эзэмшилд шилжүүлсэн түүнээс хойш 2017 оны 9 сар хүртэл шаардаагүй тул шаардах эрхээ хэрэгжүүлэх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч К.Х нь хариуцагч М.Б, М.З нарт холбогдуулж (1) Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, (2) уг байшинг хууль бусаар эзэмшиж байгаа М.Б, М.З нарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2 дахь шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, уг байшинг хариуцагч М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч М.З нь уг байшинд оршин суугаагүй буюу хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас түүнтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэгдсэн байна.

 

Хариуцагч М.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “би уг байшинг К.Х-аас худалдаж аваагүй, хүргэн ах А.Е, эгч М.З нар худалдан авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, хариуцагч М.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг байшинг 2004 онд бидний эцэг М нь К.Х-аас 600000.00 төгрөгөөр худалдаж авч, нөхөр бид хоёрт өгсөн. Уг байшинг худалдаж аваад 14 жил болж байна, энэ талаар манай хөршүүд сайн мэдэж байгаа, тус байшинд одоо М.Б оршин сууж байгаа.” гэж тайлбарлах боловч К.Х-ын дээрх  байшинг 2004 онд иргэн М худалдан авч, М.З, М.Б нарт өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор хөршүүд нь гэх М.А, Ч.М, Х.З, Б.Д, А.Т, А.Ж, М.Т, Т.Б, М.Н, К.К, А.Т, Х.С, С.Б, Б.С, М.Д нарын үйлдсэн, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т заасан нотолгооны хэрэгслүүдийн аль нэгэнд хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын К.Х-ын хувийн хашаа байшинг үнэлсэн тухай 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тайлан, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.А-ын өгсөн мэдүүлэг, хариуцагч нарын тайлбар зэргээр Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшинг 2004 онд нэхэмжлэгч К.Х нь өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т зааснаар уг хөрөнгийн өмчлөгч нь К.Х мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн К.А, Н.А, Х.М, Х.Ш нарын үйлдсэн, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд хуульд заасан нотолгооны хэрэгсэл биш тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

Хэргийн 22 дугаар талд авагдсан Ц сумын газрын даамал Т.Н-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар маргаан бүхий байшин нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт байршиж байгаа нь тогтоогджээ. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 5.2.-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан тул К.Х нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.-т зааснаар дээрх байшинг түүний хууль ёсны өмч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах боломжгүй бөгөөд дээрх үйл баримт нь тухайн хөрөнгийн хувьд К.Х-ын өмчлөх эрхийг үгүйсгэхгүй тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй гэж үзнэ.

Харин Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшинг К.Х-ын өмч мөн болохыг тогтоосон энэхүү шүүхийн шийдвэр нь тухайн байшингийн хувьд түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалт /маргааны үйл баримтад хамааралгүй/, 75 дугаар зүйлийн 75.1.-т /талуудын хооронд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг үүсээгүй/ заасан зохицуулалтыг шүүх хэрэглээгүй талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч нь К.Х мөн болохыг тогтоосугай.” гэж, 3 дахь заалтын “хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэснийг “хариуцагч М.Б-аас 70200.00 /далан мянга, хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Х-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК