Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1158

 

2020               9             8                                          2020/ДШМ/1157                                        

 

 

Я.Б, П.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тулга,

яллагдагч Я.Бын өмгөөлөгч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/2377 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Галавын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Я.Б, П.О нарт холбогдох эрүүгийн 2006 02387 1594 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Я.Б, 1956 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн байгаль орчинд байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

2. Боржигон овгийн П.О, 1973 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 5 хүүхдийн хамт ............. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

            Я.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Дтай маргалдан улмаар тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            П.О нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Б нь түүний эхнэр А.Дыг алгадаж, цохисны улмаас өмөөрч маргалдан зодож духны зөөлөн эдийн няцрал, ялзарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн хөмсөгний ялзарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Б, П.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Б, П.О нарт холбогдох хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч нар нь тус тусдаа, өөр сэдэлтээр, өөр өөр этгээдэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байтал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол тус тусад нь үйлдсэн мэт боловч нэг дугаарт, нэг хэрэгт, нэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

            Дээрх байдлууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно.

            Иймд яллагдагч П.О, Я.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол П.О, Я.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Л.Галав бичсэн эсэргүүцэлдээ: “... Я.Б, П.О нар нь өөр, өөр этгээдэд халдсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байдаг боловч 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч П.О нь өөрийн эхнэр болох А.Дыг иргэн Я.Б нь алгадаж, цохисны улмаас түүнтэй маргалдаж духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Я.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Дтай маргалдан улмаар тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд нь нэг өдөр, нэг цаг хугацаанд, нэг нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон.

            Иймд эрүүгийн 2006023871594 дугаартай П.О, Я.Б нарт холбогдох гэм буруугийн асуудлыг хавтаст хэргийн хүрээнд, шүүхээр хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход болон тухайн хэргийн оролцогч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байна.

            Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно ...” гэж шүүгчийн захирамжид зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хуульд нийцэхгүй байна.

            Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/2377 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Л.Галав прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмэлт санал байхгүй. ...” гэв.

            Яллагдагч Я.Бын өмгөөлөгч Г.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/2377 дугаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжыг үндэслэлтэй гэж үзэж байна.

            Учир нь прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэх хууль зүйн шаардлагыг огтхон ч хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” Мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгуй шаардлагатай нотлох баримт”-ыг тэмдэглэх хэсэгт тусгана гэж заасны дагуу 2 гэмт хэргийг нэгтгэж нэг яллах дүгнэлтэнд бичсэнээр миний үйлчлүүлэгч Я.Быг ямар нотлох баримтын үндсэн дээр яллаж байгаа, өөрийнх нь биед гэмтэл учруулсан этгээдийг ямар нотлох баримтын үндсэн дээр яллаж байгаа, хэнд хэзээ хаана ямар хохирол учруулсан зэрэг нь ойлгомжгүй, давхацсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэсэн хуулийн заалт болон дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ихэд хэдэн яллагдагч нэг, эсхул хэд хэдэн гэмт хэргийг хамтран уйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэсэн заалтыг прокуророос зөрчсөн гэж үзэж байна. Учир нь дээрх гэмт хэрэг дээрх нөхцөл байдалтай таарахгүй, Очирдаваа болон Я.Б нь хэргийг хамтран үйлдсэн үйлдэл байхгүй учир тус тусдаа мөрдөн байцаалт явуулж хэргийг шалгах ёстой байсан гэж үзэж байна.

            Өмгөөлөгч нарын зүгээс өмгөөллийн гэрээгээ 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр буюу Баасан гарагт гэрээ байгуулж бидний зүгээс хэргийн материалтай танилцахаар дараа долоо хоногийн 1 дэх өдөр буюу 8 дугаар сарын 3-ны өдөр шүүх дээр ирэхэд шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байдаг. Иймд өмгөөлөгч нарын зүгээс урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэй байсан ч нэгэнт прокурорт хэргийг буцаасан учир хүсэлт гаргаагүйг дурдмаар байна.

            Өмгөөлөгч нарын зүгээс хэрэг прокурорт буцсаны дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Л.Галав прокурортой уулзаж 7 дугаар сарын 22-ны өдөр шинээр нотлох баримт болон гэрч асуулгах, үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргаж өгсөн. Учир нь, мөрдөн байцаалтын явцад яллагдагч Я.Бын зүгээс мөрдөн байцаагчид хэрэг гарах үед хийсэн камерын бичлэгийн хуулбарыг Сидинд бичиж өгсөн боловч тэр нь хавтас хэрэгт тусгагдаагүй байсан. Иймд дээрх бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлж, тухайн үед хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулуулах хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн тулд хүсэлт гаргаж өгсөн болно. Иймд хэргийг зайлшгүй прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Я.Б, П.О нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/2377 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Я.Б, П.О нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.  

            Я.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Дтай маргалдан улмаар тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            П.О нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Б нь түүний эхнэр А.Дыг алгадаж, цохисны улмаас өмөөрч маргалдан зодож духны зөөлөн эдийн няцрал, ялзарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн хөмсөгний ялзарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Яллагдагч Я.Б, П.О нар нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэг цаг хугацаанд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нэг нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн ба Я.Б нь П.Огийн эхнэр А.Дыг алгадаж, цохисон гэх үйлдэл, П.О нь эхнэр А.Дыг өмөөрч Я.Бын зодож гэмтэл учруулсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул заавал тус бүрд нь яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тусгаарлаж шийдвэрлэх шаардлагагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг баримтлан хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийж, Я.Б, П.О нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд прокурор Л.Галавын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/2377 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Я.Б, П.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/2377 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Я.Б, П.О нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Я.Б, П.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ