Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.***************** даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч З.***************** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-гийн *****************ид холбогдох эрүүгийн 2440000000041 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны .... дугаар сарын ....-ний өдөр ............. аймгийн ......... суманд төрсөн, ... настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн  хамт ........ аймгийн ...... сумын .... дугаар баг ...... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух хаягтай, Хэнтий аймгийн ...... сумын ........ дугаар баг ........... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************** регистрийн дугаартай Б овогт З-гийн *****************.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.***************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч З.***************** нь согтуугаар 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "*************" хүнсний дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй архийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч О.*************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2024 оны 03 сарын 31-ний өдөр дэлгүүр дээрээ сууж байхад гаднаас 16 цагийн орчим байх гаднаас ногоон өнгийн фудволктой залуу орж ирээд манай дэлгүүрийн архины лангуун дээрээс 0.75 л савлагаатай 1 шил хараа архи аваад гараад гүйчихсэн, би араас нь гараад харахад нэлээн хол очоод машинд суугаад явчих шиг болсон ингээд тухайн үед цагдаад мэдэгдсэн ийм л зүйл болсон. Харин дараа нь буюу маргааш нь ирж уучлал гуйгаад мөнгөө төлсөн. Манай дэлгүүрт одоо хохирол барагдсан ямар нэгэн гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 55-56-р хуудас)

Гэрч Д.*****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр таньдаг айл болох *****************ийнд 11 цагийн орчимд орсон юм. Бид хоёр тэдний гэрт байж байтал гаднаас бас нэг зүс таньдаг ах, дүү хоёр 0,75 литрийн 1 шил Хараа нэртэй архитай орж ирээд тэгээд тэр 3 хувааж уусан би тухайн үед машинтай явж байсан болохоор архи уугаагүй юм. Тэгээд ***************** намайг дэлгүүр ороод өгөөч гээд гуйгаад байхаар нь би Дэнжид байдаг "*************" дэлгүүр орж өгсөн юм. Би гадаа машин дотроо үлдээд ***************** дэлгүүр лүү орсон  юм. Тэгээд  удалгүй дэлгүүрээс гарч ирээд шууд гүйгээд явахаар нь араас нь хөдлөөд очиж машиндаа суулгаад шууд аваад гэрт нь очсон юм. Тэгээд гэртээ оронгуутаа өмдөн дотроосоо 1 шил хараа нэртэй архи гаргаад ирсэн юм. Би тэгээд тухайн үед *****************оос юу болсон бэ? Яасан юм гэтэл надад би дэлгүүрээс архи хулгайлчихсан юм аа гэж хэлсэн." гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)

Гэрч М.***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг очиход худалдагч эмэгтэй сая нэг залуу дэлгүүрээс архи авчхаад тооцоогоо хийхгүй гарч машинд суугаад зугтаачихсан гэж хэлсэн. Би ямар хүн байсан талаар асуугаад хяналтын камерыг шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 31-ний 16 цаг 54 минутад саарал өнгийн жижиг машин ************* дэлгүүрийн гадна талд зогссон 16 цаг 57 минутын үед ногоон өнгийн фудволк, хар өнгийн өмдтэй махлаг эрэгтэй хүн дэлгүүр орж лангуун дээр байсан архинаас 1 шил архи аваад 16 цаг 59 минут 07 секундэд аваад гарч байгаа бичлэг байсан. Би тухайн үед бичлэгийг зургийг дарсан харин бичлэг хийж аваагүй. Тухайн иргэнийг танихгүй болохоор машины дугаараар хайж жолоочийг нь олж тогтоосон. Тэгээд З.***************** гэдгийг мэдээд гэрт нь очиход согтуу гэртээ унтаж байхаар нь цагдаагийн хэлтэс дээр авчаад хүлээлгэж өгсөн." гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас)

Шүүгдэгч З.*****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Би 2024 оны 03 сарын 31-ний өдөр Бор-Өндөр сумын 3 баг ************** тоотод байж байхад ойролцоогоор 11-12 цагийн орчимд манайд зүс таних************оо , *************** гэж хоёр хүн ирсэн би хамт гараад би 2 шил 0.75 хараа архи авч тухайн хоёр хүнтэй хувааж уугаад дууссан. Биднийг архиа уугаад дуусахад үдээс хойш 15, 16 цаг болсон байсан байх. Ингээд би дахиад архи уумаар санагдаад ************* дэлгүүрт орсон чинь нэг худалдагч эмэгтэй сууж байхаар нь би архины хажуугаар явж худалдагчид хэлэлгүй 0.75 хараа архи авч гараад өмдөндөө нуугаад зугтаасан. Дэлгүүрийн худалдагч араас хашхирсан юм шиг байна лээ би тухайн үедээ мэдээгүй, нэлээн халамцуу байсан юм. Тэгээд *****************ын машинд сууж гэртээ хүргүүлээд *****************ыг явуулсан. Би дээрэмдэж авсан архиа гэртээ ирээд ************оо, *******************ээ нартай хувааж уусан ийм л асуудал болсон. Маргааш нь би тухайн дэлгүүрт 19.900 төгрөгийг нь бэлнээр нь төлсөн. Би ************оо, ***************, ***************** нарт дэлгүүрийн худалдагчид хэлэлгүй, мөнгийг нь төлөлгүй архи аваад ирсэн талаараа огт хэлээгүй, тэд мэдээгүй. Намайг мөнгөөрөө аваад ирлээ л гэж бодсон байх. " гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-н 71-р хуу),

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч З.***************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.************* нь “маргааш нь ирж уучлал гуйгаад мөнгөө төлсөн. Манай дэлгүүрт одоо хохирол барагдсан ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх   нөхцөл байдалд тооцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 5 жил хүртэл байхаар тогтоосон тул прокуророос гаргасан “ Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч З.*****************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.*****************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт З-гийн *****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч З.*****************ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар  тэнссүгэй.
  3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч З.*****************ид Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.***************** нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд үүргийн биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл З.*****************ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.*****************