Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/03721

 

 

 

 

 

 

 

2021 11 15 101/ШШ2021/03721

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.Баярмаа, Т.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Ивээл хотхон, 41А байрны 502 тоот хаягт оршин суух, Баатад овогт Цэлмэгийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны 78 дугаар байрны 81 тоот хаягт оршин суух Хулууд овогт Чадраабалын Нэмэхбаярт холбогдох,

Гэм хорын хохирол 1,540,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Нэмэхбаяр нь согтуу үедээ 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын зүүн замд 91-95 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.7, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-д заасныг тус тус зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан намайг мөргөж, миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.Нэмэхбаярын гэм буруу тогтоогдож, шийтгэгдсэн бөгөөд уг тогтоолын Тогтоох хэсгийн 6-д ...цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх эмийн болон эмчилгээний зардал нийт 1,470,120 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Ч.Нэмэхбаяраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний энэхүү үйлдэлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж явцад хохирогч Ц.******* нь надаас эмчилгээний зардалд 7,731,861 төгрөг, бензин шатахууны зардалд 3,019,680 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 400,000 төгрөгийг нийтдээ 11,151,541 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Миний бие хохирогч Ц.*******ын эмчилгээний зардалд баримттай 1,491,860 төгрөгийг өгсөн. Баримтгүй 2.236,000 төгрөгийн эмчилгээний зардлыг тус тус төлсөн бөгөөд шүүхээс хохирогч Ц.*******ын нэхэмжилсэн 7,731,861 төгрөгийн нэхэмжлэлээс 1,491,860 төгрөгийг хасаж 6,240,001 төгрөгийг шүүгдэгч Ч.Нэмэхбаяр надаас эмчилгээний зардалд гаргуулж, хохирогч Ц.*******д олгохоор шийдвэрлэсэн. Харин өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг, бензин шатахууны зардал 3,019,680 төгрөгийг тус тус шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Би, шийтгэх тогтоолд заасан 6,240,001 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүхийн шийтгэх тогтоол гаргахаас өмнө гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүхээс завсарлага авч, шүүхээс завсарлага авсан хугацаанд хохирогч Ц.*******д 6,240,001 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.

Хариуцагч Ч.Нэмэхбаяр би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд татгалзах зүйлгүй. Учир нь, нэхэмжлэгч Ц.******* нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэм хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32020/20231 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/00060 дугаартай шийдвэрээр гэм хорын хохирол арилгуулах иргэний хэрэгт хариуцагчаар татагдвал зохих этгээдэд Ч.Нэмэхбаяр намайг эрэн сурвалжилсан байна. Ийнхүү эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлсөн байх бөгөөд энэхүү хохирол нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцогдох үндэслэлтэй тул энэхүү төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин гэм хорын хохиролд 1,399,920 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх боломжгүй. Учирсан нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргагдсан /хх-ийн 15, 16-33/ баримтууд энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд бүрэн дүүрэн ач холбогдолтой гэж үзэхэд эргэлзээтэй. Учир нь, гэм хэргийн улмаас учирсан тухайн гэмтэл, түүний хор уршгийн улмаас үүссэн аливаа гэмтэлд эмчийн жороор эмчилгээ хийлгэж байсан эсэх нь тодорхой бус, эмчилгээний баримтууд /хх-15, 30-31/-ын зарим огноо нь тодорхой бус эргэлзээтэй, баримтуудын нийт дүн нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүндээ дүйцэхгүй байх тодорхой бус, ойлгомжгүй байх тул гэм хорын хохиролд 1,399,920 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 16-29 дүгээр талд амбулаториор эмчлүүлэгчдийн картууд авагдсан байгаа. Уг картанд 9 удаагийн үзлэг хийсэн огноо, үзлэгийн тэмдэглэл байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 ны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 45,414 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна. Хавтаст хэргийн 32 дугаар талд байгаа баримт нь хавтаст хэргийн 19 дүгээр талд байгаа баримттай нийцэж байна. 50,000 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн эмчийн бичгэн дээр ямар эмнэлгийн ямар эмч бичсэн нь харагдахгүй байсан болохоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан. Гэтэл энэ баримтыг Ачтан эмнэлгийн эмчийн бичсэн бичиг байх тул уг мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэс заслын эмчийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бичсэн бичилтээр Ц.******* хадаас хадуулсан гэж байгаа. Уг бичилттэй холбоотой хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан баримтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд ор хоногийн мөнгө төлсөн баримт гэж байгаа. Хариуцагчаас нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбарыг гаргаж өгсөн. Уг тайлбарыг харахад 70,200 төгрөг болон эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч байгаа гэж байна. Надад олгосон итгэмжлэлээр шүүхэд тайлбар өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, татгалзах эрхүүдийг олгосон. 70,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг харвал эмчилгээнийхээ зардлыг л зөвхөн нэхэмжилж байгаа гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан эмчилгээний хохирлыг шаардаж байгаа болохоос 70,200 төгрөг буюу хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлөх зардлыг нэхэмжлэгч шаардаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага өөр байгаа учраас 70,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас 95,414 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,374,706 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсанаар 15,500 төгрөгийн баримт байгаа. Тэр баримт дээрх эмийн нэршил нь картан дээрх эмийн жоруудтай нийцэхгүй байна. Нэршил нь зөрүүтэй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар гаргаж байна. 40,000 төгрөгийг тайлбарлахдаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр эмнэлэгт үзлэгт орсон мөнгө гэж байна. Эрүүл мэндийн тухай хуулиар иргэн өөрийн оршин сууж байгаа болон түр оршин суугаа анхан шатны болон хорооны эмнэлгээр үйлчлүүлнэ гэж байгаа. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.******* нь Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа баримт байгаа. Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс үйлчилгээ авсан 40,000 төгрөг, 80,000 төгрөгийг эсэргүүцэж байна. 80,000 төгрөгийн баримт дээр сар, өдрийг заачихсан байгаа хэрнээ огноо нь тодорхой бус байгаа. Огноо бичигдээгүй байгаа учраас уг баримтын хүрээнд мөнгө төлөх шаардлага байхгүй. Эдгээр баримтуудын нийлбэр дүнгээр 237,414 төгрөг тодорхойлогдож байна. Бусад нь нотлогдохгүй байна. БНХАУ-аас тархиныхаа эмчилгээнд зориулж эм авсан нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. 2600 юаныг тухайн цаг үеийн ханшаар тооцож төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үндэслэл нь гэвэл эмчийн бичиг байхгүй учраас төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.Нэмэхбаярт холбогдуулан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 1,470,120 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжлуулахад төлсөн зардал 70,200 төгрөг, нийт 1,540,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 95,414 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ч.Нэмэхбаяр нь согтуурсан үедээ, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын зүүн замд 91-95 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.7, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-д заасныг тус тус зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Ц.*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.

Зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон Ц.******* нь хохирлоо арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар, зам тээврийн ослын улмаас Ц.*******д учирсан хохирлыг Ч.Нэмэхбаяр хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нийт 221,400 төгрөгийн хохирол, хариуцагчийн зөвшөөрсөн 95,414 төгрөг, нийт 316,814 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Тухайлбал, хэргийн 30, 33 дугаар талд авагдсан 15,600 төгрөгөөр 2 удаа эм худалдан авсан баримтад бичигдсэн эм нь нэхэмжлэгчид учирсан гэмтэл, эмчилгээнд хэрэглэгддэг, нөхцөл сайжруулсан өрөөнд 40,000 төгрөг төлсөн баримтын он тодорхойгүй боловч уг тодорхойлолтод дурьдаж буй 12 сарын 25-ны өдрөөс 12 сарын 26-ны өдөр нь хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 45,414 төгрөгийн дүн бүхий эмнэлгийн үйлчилгээг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөртэй тохирч байх тул тухайн өдөр эмнэлгийн өрөөгөөр үйлчлүүлж 40,000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэх үндэслэлтэй, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр компьютерт томографийн шинжилгээнд 80,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч гаргасан байна.

Хэргийн 19 дүгээр талд авагдсан эмчийн бичилт дээрх эмийг нэхэмжлэгч худалдан авахад хэргийн 30, 33 дугаар талд авагдсан баримтад бичигдсэн нэртэй эмийг эмийн сангаас олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах нөхцөл байдал үүссэнээс шүүхэд хандаж, улсын тэмдэгтийн хураамж төлснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэстэй.

Харин нэхэмжлэлийн шаардлагын 1,153,306 төгрөгийн тухайд, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол мөн гэж үзэх боломжгүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16.-д тухайлан заасан, эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичиг болох эмийн жороор хэрэглээгүй эм худалдан авахад зарцуулсан зардлыг хариуцагчид ногдуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Нэмэхбаяраас 316,814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,153,306 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, хариуцагч Ч.Нэмэхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 10,154 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Т.БОЛОРМАА