| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
2024 08 19 2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Н.*********** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н ***********ад холбогдох эрүүгийн 2440000000045 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “....”-д туслах ажилтан ажилтай, ам бүл 2, охины хамт Хэнтий аймгийн ... сумын ... баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Б овогт Н-н ***********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*********** нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 1 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******************* тоот дахь гэртээ Б.*****************тэй маргалдан улмаар түүний зүүн гар луу галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.*********** шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
2440000000045 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч Б.*****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр Н.*********** гэх айлд очиход манай найз ********** нөхөр нь болох ***************, Н.*********** нар архи уугаад сууж байсан тэгээд надад архи хийж өгөхөөр нь би тал шил архинаас уухгүй гээд задлаагүй байсан архийг задлаад надад хийж өгсөн тэгээд уугаад юм ярьж сууж байгаад би цахилгаан машин авсан гээд ярьсан чинь Н.*********** над руу чи манайд орж ирээд баярхлаа түй май шаахгүй гээд надтай маргалдаж байгаад босоод усны сав аваад над руу дайрахаар нь би усны савыг нь булааж аваад сандал дээр суулгасан чинь дахин босож яваад тогооны шүүгээнийхээ тэнд очоод зогсож байгаад аргалын авдар дотроосоо дэгээ төмөр аваад намайг цохих гээд далайгаад би зүүн гараараа хаасан тэгээд сайн санахгүй байгаа юмаа нэг ухаан орсон чинь Н.*********** дэгээ төмөртэйгөө миний дээр байж байсан тэгээд би ***********аа дэгээ төмрийг нь аваач ээ гэсэн чинь *************** босч ирээд нөгөө Н.***********ыг миний дээрээс босгоод дэгээ төмрийг нь авсан тэгээд би босоод цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн юмаа. ...Миний зүүн гар хавдартай, хөх эрээн болчоод байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.
Би гомдолтой байна. Цаашдаа гараа сайн үзүүлээд эмчилгээ хийлгээд гарсан зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг (хх-ийн 3-4, 31-р хуудас)
Гэрч Г.***************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шилтэй архи аваад ***********ын толгой руу цохиж байсан. Цохиод тэгтэл *********** галын дэгээ аваад *****************ийг цохих шиг болоод зууралдаад газарт унасан. Би босоод очоод яагаад байгаа юм гээд салгаад тэгтэл ***************** гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас)
Шүүгдэгч Н.***********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Архи талдаа орж байхад *************** гараад дэлгүүр ороод ирье гэсэн. Гараад буцаж орж ирэхдээ ***************** гэх хүүхнийг дагуулаад ороод ирсэн. Би юун танихгүй хүн дагуулаад ороод ирж байгаа юм гэхэд манай эхнэрийн найз байгаа юм. Эхнэр дуудсан гэж хэлсэн. Тэгээд архиа ууж сууж байгаад би ***************** гэх хүүхэнд аягалаад өгтөл би тал шил архи уухгүй гэхээр нь би уурлаад маргаан үүссэн. Би тэгээд чи манай гэрээс яв гээд хөөсөн тэгтэл ***************** босож ирээд намайг 2-3 удаа нүүр рүү алгадсан. Би босоод уурлаад түлхтэл ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгойны ар хэсэгт нэг удаа цохиод авахаар нь би галын аргалын авдар луу очоод галын дэгээ төмөр аваад далайтал өөдөөс орилоод дайрахаар нь төмрөөрөө цохитол зүүн гараараа хаагаад төмөрт цохиулсан. Би дахиад над руу дайрахаар нь газарт унагаад дээрээс дараад байсан. Тэгтэл манай найз *************** миний гараас галын дэгээ төмрийг салгаж аваад бид хоёрыг салгасан. ***************** гэрээс гараад цагдаа дуудсан юм шиг байсан. Удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас)
1. Б.*****************ийн биед зүүн сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний зрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт (хх-ийн 8-9-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.*********** нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******************* тоот дахь гэртээ Б.*****************тэй маргалдан улмаар түүний зүүн гар луу галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.*****************ийн “...Н.*********** над руу чи манайд орж ирээд баярхлаа түй май шаахгүй гээд надтай маргалдаж байгаад босоод усны сав аваад над руу дайрахаар нь би усны савыг нь булааж аваад сандал дээр суулгасан чинь дахин босож яваад тогооны шүүгээнийхээ тэнд очоод зогсож байгаад аргалын авдар дотроосоо дэгээ төмөр аваад намайг цохих гээд далайгаад би зүүн гараараа хаасан тэгээд сайн санахгүй байгаа юмаа нэг ухаан орсон чинь Н.*********** дэгээ төмөртэйгөө миний дээр байж байсан тэгээд би ***********аа дэгээ төмрийг нь аваач ээ гэсэн чинь *************** босч ирээд нөгөө Н.***********ыг миний дээрээс босгоод дэгээ төмрийг нь авсан тэгээд би босоод цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн юмаа" гэх мэдүүлэг,
Гэрч Г.***************ын “...Шилтэй архи аваад ***********ын толгой руу цохиж байсан. Цохиод тэгтэл *********** галын дэгээ аваад *****************ийг цохих шиг болоод зууралдаад газарт унасан. Би босоод очоод яагаад байгаан гээд салгаад тэгтэл ***************** гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ..." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 310 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.*****************ийн эрх чөлөөнд халдаж галын дэгээ төмрөөр зүүн гар луу нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Б.***************** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдолтой байна, эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн хэн алины хууль бус үйлдэл, зан харилцааны доголдол, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч нь шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, дүгнэлтийнхээ үндэслэлээ шүүгдэгч нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж тайлбарлав.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл болох шүүгдэгчийн толгой хэсэгт архины шилээр цохисон үйлдэл нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Н.***********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд шүүгдэгчийг “************ хоршоонд туслах ажилтнаар ажилладаг нь үнэн болно. Өдрийн цалин 50,000 төгрөг” гэх тус хоршооны тодорхойлолт авагдсан тул түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.
Улсын яллагчийн зүгээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын дэгээ төмрийг устгах санал гаргасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд устгаж болохоор заасан. Дээрх галын дэгээ төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй учир шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********ад оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын дэгээ төмрийг шүүгдэгч Н.***********ад буцаан олгосугай.
5. Хохирогч Б.***************** нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.***********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР