Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/170

 

                         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга                  Э.Анхбаяр,

 Улсын яллагч                                 Д.Номин-Эрдэнэ,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.Эрдэнэ-Оргил,

 Шүүгдэгч                                             Б.Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* Ж*******т холбогдох эрүүгийн 2431001110176 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Монгол Улсын иргэн, 1******* оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* сумын Б******* тосгонд төрсөн, эрэгтэй, 30 настай, яс үндэс Б*******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг. ам бүл 5. эхнэр, 3 Дархан-Уул аймаг, Дархан сум .. дүгээр баг, ..-р байрны .. тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Б******* овгийн Б******* Ж*******, Регистрийн дугаар: /*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж******* нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 0220223 дугаартай шийтгэлийн хуудсаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* улсын дугаартай Тоёота айч эйс 250 маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.29%-н согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж******* мэдүүлэхдээ: “... Ээж бид хоёр прокурорт хэрэгт шалгагдаж байхад прокуророос дуудсан, би урьд өдөр нь архи уусан байсан тул явж болохгүй гэхэд прокуророос дуудсан явахгүй бол болохгүй гэж ээжийг хэлэхээр нь машинаа бариад Сэлэнгэд ирээд цагдаад шалгагдаж согтолын зэрэг 1.29 хувь гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэрч Ц.М өгсөн: Би Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг. Болсон явдлын талаар ярихад би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10:00-18:00 цагийн хооронд замын хяналт шалгалтаар Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Нутгийн захиргааны урд байрлах төв зам дээр ажиллаж байх хугацаанд ******* ******* улсын дугаартай Тоёота айч эйс 250 маркийн тээврийн хэрэгслийг зогсоогоод жолоочийг нь шалгасан Жолооч нь Б.Ж******* гэх иргэн машинаа жолоодон өөрийн ээж гэсэн эмэгтэйгийн хамт явж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө нэр цолыг танилцуулаад тандагч багжаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь мэдэгдсэн. Тэгэхээр нь тухайн жолоочийг авч яваад цагдаагийн газар дээр авч ирээд тандагч "Алхокол 7510” маркийн багажаар шалгахад 1.29%-н согтолттой гарсан. Тэгэхээр нь бичиг баримтыг нь хураан авсан тогтоол танилцуулан, өөрийг нь авч явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Ж*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: ... Та болсон асуудлын тэр сарын 14-ний өдрийн 22:00-23:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн 24 сумын 3 дугаар баг Б******* тосгоны Хороолол гэх газарт ганцаараа 0,5 литрийн "Соёрхол" нэртэй архи 1 шилийг талд нь ортол уучхаад "7973*******" улсын дугаартай "Лексус Айч Эйс 250 маркийн тээврийн хэрэгслий жолоодод 5 давхарт байдаг гэр рүүгээ явж байтал эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж Байсан давхар байдаг Б.Баясгалан зогсоосон. Тэгээд цагдаагийн тасаг дээр очоод согтууруулах цацалгаж багж "Драгер" үлээлгээд шалгуултал 1,54%- согтолттой гарсан. Тэгээд жолоодож эрхээ 1 жилээр хасуулж 400000 төгрөгөөр торгуулсан. Дараа нь буюу 2024 оны 03 дугаар сарынг 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерө сумын Б******* тосгонд байдаг 1 найзынхаа хамт 1 литрийн "Эдэн" нэртэй архи 1 шилийг шөнийн 02:00 цаг хүртэл хувааж уусан. Тэгээд хэсэг унтаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08:00-09:00 цагийн үед Сэлэнгэ аймаг руу гараад 1 цагийн үед ирээд Гоё дэлгүүрийн зогсоолд хэсэг унтсан. Тэгэж байгаад "7973*******" улсын дугаартай "Лексус Айч Эйс 250 маркийн тээврийн хэрэгсэлтэй ээжийгээ суулгаад Сэлэнгэ аймгийн прокурорын арын зам дээр 14:00 цагийн орчимд явж байтал замын цагдаа зогсоож шалгасан. Тэгээд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ирээд согтуурал шалгах багж "Драгер" үлээгээд шалгуултал 1,29%-н согтолттой гарсан. Тэгээд миний машиныг журмын хашаанд хийгээд, бичиг баримтыг хурааж авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,

Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 08 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

Жолоочийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмхлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,

Жолоодох эрхийн лавлагаа /хх- ийн 27 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 96 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-36 дугаар хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шийтгэлийн хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 644 тоот шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ялын тооцооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ж******* нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 0220223 дугаартай шийтгэлийн хуудсаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* улсын дугаартай Тоёота айч эйс 250 маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.29%-н согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

            Гэрч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч Ц.М мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/,

            Тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,

            Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 08 дугаар хуудас/,  

            Жолоодох эрхийн лавлагаа /хх- ийн 27 дугаар хуудас/,

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/,

            Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, Шийтгэлийн хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 644 тоот шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

            Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ж*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ. 

Шүүгдэгч Б.Ж******* нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 0220223 дугаартай шийтгэлийн хуудсаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* улсын дугаартай Тоёота айч эйс 250 маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.29%-н согтолттой замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, манссуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ж******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэм хорын хохирлын талаар :

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Ж******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч Б.Ж*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Б.Ж*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт 8400 нэгж буюу 8,400,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ж*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жил буюу 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ж******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1-д зааснаар  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн торгох ялаас эдлээгүй үлдсэн 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3000 нэгж буюу 3,000.000 / гурван сая / ял дээр нэмж нэгтгэн нийт 8400 нэгж буюу 8,400,000 / найман сая дөрвөн зуун мянга / төгрөгийн торгох ял тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж*******ын хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жил буюу 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өд******* хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ