| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0076/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-08-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Л.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э
Иргэдийн төлөөлөгч В.Н
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б
Шинжээч Л.С, Т.О
Гэрч Д.Г, Б.М, Д.О, Д.Г
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-нд Завхан аймгийн ....... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-..., эцэг эхийн хамт амьдардаг, Завхан аймгийн ......... сумын ........ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй ....... овогт Л...... Д....... /РД:.............../
Шүүгдэгч Л.Д нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой Завхан аймгийн ... сумын .... багийн нутаг “...............” гэх газарт иргэн Б.Ш толгой, нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүнийг алах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.1. 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой Завхан аймгийн ........ сумын ......... багийн нутаг “...............” гэх газарт Л.Д, Д.Г, Д.О, Д.Г, Б.М, амь хохирогч Б.Ш нар архи уусан бөгөөд тухайн үед Д.Г Б.Ш одоо яв гэж хэлснээс үүдэн амь хохирогч Б.Ш, Д.Г нар хоорондоо барьцалдаж, Б.Ш Д.Г 1 удаа, Д.Г Б.Ш нэг удаа цохисон байна.
Энэ үед гэрч Д.Г нь Д.Г, Б.Ш нарыг салгаж, Д.Г Б.Ш холдуулж авч явсны дараа Л.Д Д.Г өмөөрөн “Миний ахыг дээрэлхлээ” гэж хэлэн Б.Ш толгой тус газар гараараа 2 удаа цохиж, толгой руу нь өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б “...Б.Ш ... Миний төрсөн дүү байгаа юм... 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед манай ээжийн дүү болох Х надад, Ш .......... сумын нуурын эрэг дээр хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар Х асуух үед, нуурын эрэг дээр хүнд зодуулаад, нас барчихсан байна гэж хэлсэн... 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр орой 19 цагийн үед манай дүү өөрийнхөө.............. дугаарын утсаар ээжийн утас руу залгаад аниатай ярья гэж хэлээд салгасан. Тэрнээс хойш надтай холбогдоогүй...” гэсэн мэдүүлгээр, /1-р хавтас, 70-72-р тал/
Л.Д Б.Ш толгойн тус газар гараараа цохиж, өшиглөснийг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.М “...архийг бид 6 хамт хувааж уугаад сууж байтал юу болсныг сайн мэдэхгүй Ш босож ирээд Г ахыг үзэх үү гэж хэлсэн. Г ах тухайн үед дуугүй сууж байсан. Тэгсэн Ш өмсөж явсан хувцсаа тайлаад мотоцикл дээр тавиад Г ахыг сууж байх үед нь цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд хойш нь унагачихсан... Тэгсэн амь хохирогч Б.Ш Д.Г заамдаж босгож ирээд баруун талын шанаа хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Г Ш яасан овоо банди вэ гэж хэлээд баруун гараараа Ш зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед Г ах ирээд амь хохирогч Б.Ш болон Д.Г нарыг салгаад Д.Г цааш аваад нуурын эрэг рүү явсан. Тэгтэл Л.Д босож ирээд амь хохирогч Б.Ш “ миний ахыг дээрэлхээд байна уу” гэж хэлээд ... зүүн гараараа Ш баруун шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгсэн Ш газар уначихсан. Амь хохирогч Б.Ш нь Д.Г цохиулсны дараагаар салаад зүгээр зогсож байсан. Тэр үед Л.Д босож ирээд амь хохирогч Б.Ш цохисон. Тухайн үед амь хохирогч Б.Ш унасан...” гэсэн мэдүүлгээр, /1-р хавтас 76-78, 162-165, 2-р хавтас, 56-57-р тал/
гэрч Д.Г“...Амь хохирогч Б.Ш нь намайг газар сууж байх үед ирээд урдаас хөлөөрөө миний цээж хэсэгт жийгээд хойш унагаачихсан. Тэгснээ намайг заамдаж босгож ирээд баруун гараараа зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би амь хохирогч Ш зөрүүлээд зүүн шанаа хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Тэгсэн амь хохирогч бид хоёрыг Г ах ирээд салгасан. Би амь хохирогч Б.Ш зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Амь хохирогч Б.Ш бид 2 босоод зогсчихсон заамдалцчихсан байх үед Г ах салгасан. Тухайн үед талийгаач босоогоороо байж байсан...” гэсэн мэдүүлгээр, /1-р хавтас 81-83, 153-155,2-р хавтас 60-61-р тал/
гэрч Д.Г “...архи...уугаад сууж байх үед Ш ...Г өмсөж явсан хувцасны энгэрээс нь заамдаж босгож ирээд зүүн шанаа орчим газар нь баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл Г буцаагаад Ш зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиод авахаар нь би тэр хоёр дээр очиж салгаад Г... холдуулах үед “миний ах руу томордог хэн бэ“ гээд чанга дуу гарахаар нь эргээд хартал Д Ш баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж харагдсан. Тэр үед Г уурлаад очих гэхэд нь би түүнийг болиулж аргадаж байгаад эргээд хартал Ш нүүрээрээ чанх доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр /1-р хавтас 86-88,157-159, 2-р хавтас 52-53-р тал/,
гэрч Д.О “...Талийгаач Б.Ш өмсөж байсан хувцсаа мотоцикл дээрээ тохчхоод, буцаж ирээд Г заамдаж босгож ирээд зүүн шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Харин Г тэр үед зөрүүлээд амь хохирогч Б.Ш зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Д.Г, амь хохирогч Б.Ш нар нь дээр доороо орж ноцолдсон зүйл байхгүй... Л.Д сууж байгаад миний ахыг чи зодох болоогүй шүү гэж босож ирээд Д.Г өмөөрөөд талийгаач М.Ш баруун шанаа хэсэгт зүүн гараараа 2 удаа цохисон. Л.Д эхлээд нэг удаа цохих үед талийгаач газарт унасан. Тэгээд би Д хойш нь татаад салгасан. Тэгээд эргэж очоод мөн талийгаачийн баруун шанаа хэсэгт нь 1 удаа зүүн гараараа цохисон. Тэгэхээр нь би Д хойноос нь татаад салгах үед Д миний хажуугаар гүйж очоод талийгаачийн нүүр хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр, /1-р хавтас 148-149, 2-р хавтас, 64-65, 239-240-р тал/
Эмнэлгийн тусламжийн дуудлагаар хэргийн газар очиход Б.Ш нас барсан байдалтай байсан тухай мэдүүлсэн гэрч Ц.О “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 54 минутын үед гар утсанд дуудлага ирсэн. Манай жолооч над руу утсаар ..... нуурын зах дээр хүн үзүүлье гэж манайд гэрт хүн ирлээ, таныг очоод авах уу гэж хэлсэн. Тэгээд би очиж үзэхэд, амь хохирогч ...... нуурын “.......” гэх газар цээж нүцгэн эрэгтэй хүн нас барсан байдалтай, дээшээ хараад хэвтэж байсан. Намайг очиж үзэхэд, уруул нь цус болсон байсан. Амьсгал, зүрх, судас зогссон, гар ямар ч хариу урвалгүй байсан. ... Дуудлагаар очиход цээж нүцгэн амнаас нь цус гарсан байдалтай уруул хэсэг нь цус болсон байсан өөр биед ил харагдах шарх сорви харагдаагүй. ...Г, Д, Г, О, М нар байсан. ... цэнхэр мотоцикл дээр нас барсан хүний цамц нь харагдаж байсан. Амь хохирогчоос холгүй зайд архины шил байсан санагдаж байна. Өөр эд зүйл ойр орчимд харагдаагүй....” гэсэн мэдүүлгээр, /1-р хавтас, 105-106-р/ тал болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
1.Л.Д үйлдлийн улмаас Б.Ш амь хохирсон болох нь Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн .......... дугаартай шинжээчийн “ 1. Амь хохирогч Б. Ш цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт, Дээд эрүүний баруун зүүн 1-р шүд булгарч уналт. Баруун хацар шанаанд цус хуралт, цээжний урд зулгаралт гэмтэл учирсан байна.
2. Амь хохирогч Б. Ш цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт. Дээд эрүүний баруун зүүн 1-р шүд булгарч уналт. Баруун хацар шанаанд цус хуралт, цээжний урд зулгаралт гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Нас барсны дараа гэмтэл учраагүй байна.
3. Амь хохирогч Б. Ш цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт, Дээд эрүүний баруун зүүн 1-р шүд булгарч уналт. Баруун хацар шанаанд цус хуралт, цээжний урд зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчтэй цохилтын улмаас үүснэ.
4. Амь хохирогч Б.Ш цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Амь хохирогч Б.Ш нь гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна.
6. Амь хохирогч Б.Ш дээд эрүүний баруун, зүүн 1-р шүднүүд унасан байна. Дээрх шүднүүд нь нэг удаагийн хүчтэй цохилтын улмаас үүссэн байна. Дээд эрүүний буйланд цус хуралт үүссэн буйл шинэ шархтай байх тул амьд байх үед үүссэн гэмтэл болно. Нас барсны дараа гэмтэл үүсээгүй байна.
7. Амь хохирогч Б.Ш цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус хуралт, цус харвалтууд гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд эрүүний баруун зүүн 1 дүгээр шүднүүд булгарч уналт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацар, шанаанд цус хуралд цээжний урд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
8. хэргийн газраас хурааж авсан 2 ширхэг шүд нь шинэ унасан шүд, амь хохирогчийн дээд эрүүний буйланд шинэ шарх байх тул амь хохирогч Б.Ш шүд байх боломжтой” гэсэн дүгнэлтээр, шинжээч Т.О “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №........... дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Амь хохирогч Б.Ш биед учирсан тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүлийн тархмал их хэмжээний цус хуралт болон ховдол доторх цус хуралт нь нэг болон хэд хэдэн удаагийн хүчтэй цохилтын улмаас үүсэх боломжтой. Амь хохирогч Б.Ш биед учирсан баруун хацар, баруун шанаа, цээжний урд зулгаралт зэрэг гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин дээрх гэмтлүүд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Хүч үйлчилсэн газар нь баруун хацар, шанаа хэсэгт хүчтэй цохилтын улмаас баруун шанаа, хацар хэсэгт цус хурсан байна. Амь хохирогч Б.Ш тухайн тархины хүнд гэмтлийг авсны дараагаар шууд үхэх боломжтой. Амь хохирогчийн гадна биеийн үзлэг хийх үед дээд эрүүний баруун 1-р шүд, зүүн 1-р шүд шинээр булгарч унасан цусан тавтай байсан тул тухайн шүднүүд нь амь хохирогчийн шүд байх боломжтой...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
1.3. Шүүгдэгч, гэрч нартай хамааралгүй, хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хохирогч Б.Ш үхэлд хүргэсэн “тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдал” гэмтэл нь толгойд өшиглөх үед үүсэх боломжтой бөгөөд уг гэмтлийн үед хүн босох, суух, зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй гэдэг нь тогтоогджээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан бүх талаас нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд гэрч Д.Г амь хохирогч Б.Ш зүүн шанаанд цохисны дараа тэднийг Д.Г салгаж холдуулсан ба ийнхүү салгах үед Б.Ш биед гэмтэл учраагүй байсан байна.
Харин шүүгдэгч Л.Д хохирогч Б.Ш толгойд гараараа цохиж, толгой руу нь өшиглөсний дараа Б.Ш идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй болж газар доошоо харж унасан гэдгийг тухайн үед хамт байсан гэрчүүд болох Б.М, Д.Г, Д.Г, Г.О нар тууштай мэдүүлж байх тул шүүгдэгч Л.Д үйлдлийн улмаас хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл учирсан гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн толгойд гараар цохих болон өшиглөхөд хүний амь хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Л.Д амь хохирогчийн толгой тус газар гараараа цохиж, өшиглөсөн үйлдэл болон хохирогч Б.Ш тархины хүнд гэмтэл, их бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Д нь хохирогч Б.Ш Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “амьд явах”-эрхийг зөрчиж түүний толгойд шууд санаатай цохиж өшиглөсөн үйлдлийн улмаас Б.Ш амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
1.4 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч В.Н шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Д зодоонд оролцсон байна. Хохирогч унахад Д цохисны улмаас унасан гэж хэлсэн гэрч байхгүй байна. Зодоонд оролцсон нь буруутай гэж бодож байна ” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрч Д.Г цохисон үйлдлийн улмаас хохирогч газар унасан эсэх, мөн хохирогчийг Л.Д зүүн гараараа цохиж унагаасан гэх байдал эргэлзээтэй байна. Иймд Л.Д зүүн гарын цохилтын хүчийг дахин шинжээч томилж тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Хэрэг болох үед байсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шууд тусган мэдүүлсэн гэрчүүд болох Б.М, Д.Г, Д.Г, Д.О нарын мэдүүлгээр Л.Д амь хохирогчийн толгойд цохиж өшиглөснөөс хойш амь хохирогч ямар нэгэн үйлдэл хийгээгүй мөн түүнийг өөр бусад хүн ч цохиж зодоогүй нөхцөл байдал нотлогддог бөгөөд тэднийг хувийн сонирхлоор худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болно.
1.5 Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 8,455,776 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал 685,425 төгрөг нийт 9,141,201 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролтой холбоотой гэх нийт 3,517,927 төгрөгийн баримт гаргаж хэрэгт хавсарган өгсөн ба 5,623,274 төгрөгийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн байна.
Шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох нотлох баримтуудын хууль ёсны байдал, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэсний үндсэн дээр нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа дараах зардлуудыг шүүгдэгч Л.Д гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдсон 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Шүтээн шашны дэлгүүрээс худалдан авсан шашны эд зүйлийн үнэ 43000 төгрөгийн, зураг жааз худалдан авсан 24000 төгрөгийн,
хэргийн 2 дугаар хавтасны 22 дугаар хуудсанд 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 36500 төгрөгийн, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 76587 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21950 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15000 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 11100 төгрөгийн 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 8100 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 62780 төгрөгийн, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 30000 төгрөгийн, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 65000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон шатахуун худалдан авсан зардлууд,
хэргийн 2 дугаар хавтасны 23 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдсон ХХК-ниас 178000 төгрөгийн, 38500 төгрөгийн бараа авсан зардлууд,
хэргийн 2 дугаар хавтасны 24 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдсон 2023 оны 07 дугаар сарын 15-нд 116260 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 15-нд 30000 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 17-нд 30000 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 12-нд 88449 төгрөгийн шатахуун худалдан авсан зардлууд,
хэргийн 2 дугаар хавтасны 25 дугаар талд авагдсан 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 347300 төгрөгийн, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр -аас худалдан авсан хөвөнгийн үнэ 3800 төгрөг, хийдэд 2023 оны 07 дугаар сарын 29 ний өдөр уншуулсан номын зардал 17500 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ном уншуулсан зардал 33500 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан 92593 төгрөгийн зардлууд,
хэргийн 2 дугаар хавтасны 25 дугаар талд авагдсан дэлгүүрээс 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 968448 төгрөгийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 264200 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан, зардлууд нь амь хохирогчийн оршуулахтай холбогдон гарсан зардлууд тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирсэн зардал болох 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 100000 төгрөгийн, 120100 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 123730 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 70000 төгрөгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 61600 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 102000 төгрөгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 107995 төгрөгийн шатахуун худалдан авсан зардлууд нийт 3,287,992 төгрөгийн зардал нь баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгчээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, амь хохирогчийг оршуулахтай холбоогүй дараах зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал:
2 дахь хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан 2 гэж дугаарлагдсан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хүнсний бүтэгдэхүүн худалдан авсан 95,123 төгрөгийн зардал, 4 гэж дугаарлагдсан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гахайн шарсан мах, пирожки, өндөгний салат 20800 төгрөгөөр худалдан авсан зардал нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал гэж үзэхгүй.
22 дугаар талд авагдсан 14 гэж дугаарласан зураг жааз 24000 төгрөгөөр худалдан авсан баримт нь 21 дүгээр талд авагдсан 3 гэж дугаарлагдсан баримттай давхацсан.
24 дүгээр талд авагдсан 18 гэж дугаарласан 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 26 минутад буюу хэрэг гарахаас өмнөх цаг хугацаанд худалдан авсан 90012 төгрөгийн шатахууны зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул баримтаар ирүүлсэн нэхэмжлэлээс 229935 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтгүй нэхэмжилсэн оршуулахтай холбогдон гарсан зардлаа болон сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 3,287,992 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоосон хохирлыг хүлээж авсан тухай мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3217930 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 70065 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
2.1 Шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугийн хувьд тухайн үед болсон хэргийн үйл баримтыг тодорхой тогтоож өгөх хүсэлт гаргаснаас өөрөөр маргаагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.
Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх дээрх заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас (мөрдөн шалгах, прокурор, шүүх) хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед болон мөрдөн шалгах ажиллагааны үед Л.Д нь хэргийн үйл баримтын талаар маргаж байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг нь хүний амьд явах жам ёсны эрхэд халдсанаараа хор уршиг нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй хүнд гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч шүүхээс тогтоосон амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлснөөр хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэхгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.3 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 38 размерийн ялуу бакал гутлыг шүүгдэгч буцаан авах хүсэлт гаргасан учир уг гутлыг шүүгдэгчид буцаан олгож, шүд мэт зүйл-2 ширхэг, мөнгөлөг саарал өнгийн хуванцар савны хэсэг-1 ширхэг, хүрэн бор өнгийн логотой “ ARKHI” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн архины шил 1 ширхгийг цаашид ашиглах боломжгүй тул устгаж, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө 403 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч нь баримтгүй нэхэмжилсэн оршуулахтай холбогдон гарсан зардал болон сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Л...... Д........ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д оногдуулсан 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Д шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 403 /дөрвөн зуун гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч Л.Д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүд мэт зүйл-2 ширхэг, мөнгөлөг саарал өнгийн хуванцар савны хэсэг-1 ширхэг, хүрэн бор өнгийн логотой “ ARKHI” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн архины шил 1 ширхгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн 38 размерийн ялуу бакал гутлыг шүүгдэгч Л.Д буцаан олгосугай.
7. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршиг болон баримтгүй нэхэмжилсэн амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
П.ДОРЖБАЛ