| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2016/09025/И |
| Дугаар | 001/ХТ2024/00255 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00255
“С” сургуулийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалтай
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596,937,740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С” сургууль нь хариуцагч “Б” ХХК, Б.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596,937,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул “Б ” ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах “С” сургуулийн нэхэмжлэл, “С” сургуулиас 1,457,284,598 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “С” сургууль нь хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,300,589 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 814,073 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас дутуу төлсөн 6,969,930 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “С” сургуулиас 177,421,157 төгрөг гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,279,863,441 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “... 56.1 ...” гэсний дараа “56.2” гэж, “... үлдээж, ...” гэсний дараа “нэхэмжлэгч “С” сургуулиас 1,045,056 төгрөг гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгож,” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалын сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү гомдлыг ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд: Магадлалын үндэслэх хэсгийн 4-т “Хариуцагч нар нь нэхэмжлэгч С сургуулиас нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч “Б” ХХК нь нэмэлт ажил гүйцэтгэх болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч С сургуульд мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн шинжээчийн дүгнэлтүүдэд нэмэлт ажлын талаар тусгагдсан байх боловч давж заалдах шатны шүүхээс тус дүгнэлтүүдэд үндэслэн аливаа төлбөр гаргуулах боломжгүй болохыг дээр дурдсан.” гэжээ. Бодит байдалд “Б” ХХК болон “С” сургуулийн хооронд байгуулсан 2013.06.06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг “С” сургуулиас гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан билээ. “Б” ХХК нь “С” сургуультай 2013.06.06-ны өдөр ”С” сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаанд “С” сургуулийн зүгээс гэрээгээ зөрчиж санхүүжилт өгөхгүй байх, бидний ажлыг булааж, өөр компанид өгөх, биднийг ажлын талбайгаас хөөх зэрэг үйлдэл гаргаж, гэрээгээ удаа дараалан зөрчиж байсан боловч манай компанийн зүгээс ажлаа хийж гүйцэтгэж байсан болно. Иргэний хуулийн 343-р зүйлд заасны дагуу “С” сургууль “Б” ХХК-ийн хооронд 2013.06.06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэг м.кв-ыг 600 доллароор нийт 1,560,000 ам.доллароор хийхээр буюу Иргэний хуулийн 344.1-д заасны дагуу тохирсон үнэлгээ юм. С сургуулийн хүсэлтээр спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан 3 давхар барилгын төсөв нь 1,802,304,000 төгрөг болно. Гэрээнээс гадуур манай компанийн хийсэн нэмэлт ажил 167,719,478 төгрөг болно. Үүнийг иргэний шүүхээс томилогдсон шинжээч нар тогтоосон. Нэмэлт ажлын талаар манай компаниас “С” сургуульд 2013.07.24-ний өдрийн 13/72 тоот албан бичиг, 2013.07.31-ний өдрийн 13/75 тоот албан бичиг зэргээр Иргэний хуулийн 345.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн учраас нэмэлт ажлын санхүүжилтийн талаар шаардах эрхтэй байхад давж заалдах шатны шүүх үнэлээгүй. Магадлалын үндэслэх хэсгийн 4.1-д “Өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч ХХК нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 7,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор гарах зайлшгүй зардалд хамаардаггүй болно.” гэжээ. Бодит байдалд “С” сургууль гэрээний үүргийн зөрчил гаргаж, үүнийгээ нуухын тулд шүүхэд худал хэлж, тэр байтугай ажлын хөлс материалын зардлын үлдэгдлийг өгөхгүйн тулд эрүүгийн 3 зохиомол хэрэгт гүтгэж байсан учраас МУ-ын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ хамгаалуулахын тулд хууль зүйн туслалцаа хүсэж, өмгөөлөгч авсан юм. Өөрөөр хэлбэл, овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэдэг Монгол ардын зүйр үг байдагтай адил “С” сургууль үүргийн зөрчил гаргаагүй бол, шүүхэд худал хэлээгүй бол, эрүүгийн 3 зохиомол хэрэгт гүтгээгүй бол өмгөөлөгчийн зардал гарахгүй байсан. Тийм учраас гэрээний зөрчил гаргасан “С” сургуулиас нэхэмжлэх эрхтэй юм.
Магадлалын үндэслэх хэсгийн 4.2-т “Улсын комиссын барьцаа төлбөр 63,105,672 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь уг шаардлагын үндэслэлээ “барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа захиалагч нь ажлын хөлсний 5 хувийг хариуцагчид өгөх байсан, уг 5 хувийг санхүүжилтээсээ хасаж олгож байсан учраас нийт олгогдсон санхүүжилтээс 5 хувиар тооцож тус төлбөрийг гаргуулна” гэж тайлбарласан. Гэвч талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 10 сард цуцлагдаж, хариуцагч ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, улсын комисс болон захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул 63,105,672 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.” гэжээ. Бодит байдалд манай компанийн “С” сургуультай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг өргөтгөлийн барилгад оруулсан нийт зардал 1,820,840,171 төгрөг болсон бөгөөд үүнээс “С” сургуулиас Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 9.3 дах заалтын дагуу хийсэн ажлынхаа 95% буюу 1,199,007,774 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 5%-ийг улсын комисст өгсний дараа авах барьцаа 63,105,672 төгрөгийн бодит хохирол учирсан юм. Өөрөөр хэлбэл, манай компани улсын комисст өгсний дараа авах 5%-ийн барьцаа 63,105,672 төгрөгөө хүлээн авах үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Магадлалын үндэслэх хэсгийн 4.4-т “Гэвч зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаа нь гэрээ цуцлагдсан 2013 оны 10 сараас хойших огноотой байхаас гадна хариуцагч нь дээрх зээлийн гэрээнүүдэд тусгагдсан мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хүлээн авч, нэхэмжлэгч сургуультай байгуулсан гэрээт ажилд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч өөр этгээдүүдтэй зээлийн гэрээ байгуулсныг С сургуультай байгуулсан гэрээт ажилд зарцуулагдсан гэж шууд дүгнэх боломжгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд хохирол гэх 761,379,855 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэжээ. Бодит байдалд манай талаас шүүхэд гаргаж өгсөн гуравдагч этгээдүүдтэй байгуулагдсан зээлийн гэрээ, мөнгө өгсөн, авсан баримт, бусдаас бараа материал худалдаж авсан, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд нь С сургуулийн өргөтгөлийн барилгад хэрэглэгдсэн, барилгатай шууд хамаарал бүхий баримтууд болохыг Х.Баярбадрал, Я , Б.Ганболд нараар нотлуулахын тулд эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй мөртлөө ийм дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, “С” сургуулиас авч чадаагүй ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөрийг өгөхийн тулд Б.Б-ийн өмчлөлийн байрыг сольж зөрүүнд 220 сая төгрөг авч, үлдэгдэл төлбөрийг Я , Б.Ганболд нараас зээлж, эдгээр зээлийг төлөхийн тулд Х.Баярбадралаас дахин зээл авч төлсөн нь холбогдох баримтуудаар нотлогдож байхад, мөн Х.Баярбадралтай байгуулсан зээлийн гэрээнүүд нотариатаар батлагдсан хуулбаруудаар нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй юм.
Магадлалын үндэслэх хэсгийн 4.9-д “Давж заалдах шатны шүүх дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “СБД II хороо “С” сургуулийн өргөтгөлийн барилга 2013 оны 10 дугаар сарын зарлагын баримт” нэртэй хавтас бүхий баримтыг үндэслэл болгосон бөгөөд тус хавтаст банкны шилжүүлгийн баримт, гуравдагч компаниас бараа материал худалдан авсан зарлагын баримт, “Б” ХХК-ийн өөрийн санхүүгийн баримтууд гэсэн гурван төрлийн баримт багтсан байна. Эдгээр баримтаас “Б” ХХК-ийн өөрийн үйлдсэн санхүүгийн баримтуудыг эргэлзээтэй гэж үзэхээр байх тул банкны шилжүүлгийн баримт болон гуравдагч компаниас бараа материал худалдан авсан зарлагын баримт зэргийг үндэслэл болгов.” гэжээ. Бодит байдалд давж заалдах шатны шүүх манай компанийн санхүүгийн баримтуудын ямар шалгаан, нөхцөлөөр эргэлзээтэй хэмээн үнэлээгүй нь үндэслэлгүй юм. Тухайн үед буюу 2013 онд банкны картаар буюу бэлэн бусаар хийдэг тогтолцоо одоогийнх шиг хийдэг байгаагүй учраас зарлагын баримт гаргаж, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг байсан үе юм. Тийм ч учраас санхүүгийн анхан шатны бүртгэлийг орлого, зарлагын баримтуудаар хийхээс өөр аргагүй байсан юм. Манай компанийн "С" сургуультай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг өргөтгөлийн барилгад оруулсан ажлын хөлс, материалын зардал 1,651,120,693 төгрөг болсон бөгөөд үүнээс "С" сургуулиас 1,199,496,000 төгрөг авсан бөгөөд нийт 621,344,171 төгрөгийн бодит хохирол гэж үзэж нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүхээс 177,421,157 төгрөгөөр хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343-р зүйлд заасны дагуу "С" сургууль "Б" ХХК-ийн хооронд 2013.06.06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэг м.кв-ыг 600 доллароор нийт 1,560,000 ам.доллароор хийхээр буюу Иргэний хуулийн 344-р зүйлийн 344.1-д заасны дагуу тохирсон үнэлгээтэй учраас Иргэний хуулийн 352-р зүйлийн 352.5.1-д зааснаар шаардах эрхтэй юм.
4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Магадлалын үндэслэх хэсгийн 5.1-д “Шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан нөхцөл байдал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэргийг харгалзан “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох” хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь “С” сургуулийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох гэрээг цуцалсантай холбоотой хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.” гэжээ. Бодит байдалд анхан шатны шүүхэд "С" сургуулийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Б болон "Б" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдсэн боловч уг иргэний хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бөгөөд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг болон 2 хэрэг бүртгэлтийн хэрэг нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой буюу иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой юм. Өөpөөp хэлбэл, "C" cypryyлийн захирал Д нь намайг эрүүгийн гурван зохиомол хэрэгт гүтгэн, хууль хяналтын байгууллагаар 2365 хоног "яллагдагч, шүүгдэгч" нэртэйгээр шалгуулж байхад надад "Манай компани энэ өргөтгөлийн барилгыг Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан учраас улсын комиссын бүрэлдэхүүнд орж, уг барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө. Тэр үед ямар нэгэн байдлаар "С" сургуулийн удирдлагуудтай эвлэрнэ. Эвлэрвэл энэ бүх маргаан эцэслэгдэж дуусна" гэсэн итгэл үнэмшил байсан юм. Гэтэл энэ итгэл үнэмшлийг "С" сургуулийн захирал Д эвдэж, “Г" ХХК, "Э" ХХК-тай хуурамч гэрээ, дотор цахилгааны тусгай зөвшөөрөлгүй "М" ХХК-тай гэрээ хийж, Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн манай компанийн баримт бичиг, эд зүйлийг ашиглаж, "Г" ХХК-ийг уг ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, "Б" ХХК ерөнхий гүйцэтгэгч байсан бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан юм. Манай компанийн "С" сургуультай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг өргөтгөлийн барилгад оруулсан ажлын хөлс, материалын зардал 1,651,120,693 төгрөг, гэрээнээс гадуур хийсэн нэмэлт ажил 169,719,478 төгрөг, нийт зардал /санхүүгийн баримтаар/ 1,820,840,171 төгрөг болсон бөгөөд үүнээс "С" сургуулиас 1,199,496,000 төгрөг авсан бөгөөд нийт 621,344,171 төгрөгийн бодит хохирол уг эрүүгийн хэргийн улмаас хохирсон гэж манай компанийн зүгээс үзэж, эрүүгийн журмаар нэхэмжилж байгаа болно. Энэ хэрэг бүртгэлтийн хэрэгт "Б" ХХК-ийн захирал Б.Б-ийг хохирогчоор тогтоосон төдийгүй 2021.05.14-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.05.21-ний өдрийн 5/542 хариу мэдэгдэх хуудас болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2021.05.21-ний өдрийн 26иа2/3769 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мөн АТГ-т шалгагдаж буй "С" сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын гишүүдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгагдаж буй эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон тус тус шалгагдаж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл. "Иргэний нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлээс тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно" гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг тус тус зөрчсөн. Эдгээр эрүүгийн хэрэг болон хэрэг бүртгэлтийн хэргүүд нь “С” сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бөгөөд энэ иргэний хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой.
Манай компани "С" сургуулийн өргөтгөлийн барилгын талбайгаас 2013.10.25-ны өдөр хөөгдсөний дараа СБДИХАШШ-д ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 496,434,898 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсэн хянагдаж байх хугацаанд компанийн захирал Б.Б-т "С" сургуулийн гомдлоор эрүүгийн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дахь хэсэг, мөн хуулийн 65.1.8 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг шалгагдаж дууссаны дараа шийдүүлэхээр нэхэмжлэлээ татан авсан. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын 2018.05.21-ний өдрийн хуралдаанаас "Б" ХХК-ийн захирал Б.Бийг цагаатгасан учраас 2019 оны 12 сард энэ иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин одоо "Б" ХХК болон "С" сургуулийн хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй эрүүгийн хэрэг нэг, хэрэг бүртгэлтийн хэрэг гурав шалгагдаж байгаа учраас эрүүгийн хэрэг шалгагдаж дууссаны дараа иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхэд удаа дараалан тавьсан боловч хүсэлтийг хүлээж авдаггүй юм. Дээд шүүхийн 2024.04.09-ний өдрийн 001/ХТ2024/00067 дугаар тогтоолын хянавал хэсгийн 10.1-д “…Хэрэгт байгаа баримтаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдөөгүй, 2016.11.11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш талууд тэгш эрхтэй оролцож, мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, зохигчийн гаргасан нийт 194 хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн, үүнээс 69 хүсэлт нь нотлох баримт гаргах, бүрдүүлэх, шинжээч томилох, гэрч асуулгах тухай, 16 хүсэлт нь өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчөөс татгалзах хүсэлттэй холбоотой байна. Түүнчлэн иргэний хэрэг үүсгэснээс хойш нийт 74 шүүх хуралдаан явагдсан ба зохигчийн аль алиных нь хүсэлтээр 68 удаа шүүх хуралдаан хойшилж байжээ” гэсэн сүржин дүгнэлт хийсэн байна. Яагаад энэ олон хүсэлт гаргав. Шүүх хуралдаан яагаад олон удаа хойшлов гэдэгт процессын алдаа гарсан эсэх талаар дүгнэлт хийдэггүй юм бэ? Өөрөөр хэлбэл, хариуцагч компанийн захирлыг эрүүгийн хэрэгт шалгаж байхад давхар иргэний хэрэг үүсгэдэг, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг үүссэн, мөн эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний шүүх шийдэх гэж улайран дайрдаг, ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсөө тохирсон байхад шинжээчийг шүүх томилохдоо барилгын норм дүрмээр тогтоохыг шаарддаг зэрэг процессын алдаа гарч байсан учраас, мөнгө, эрх мэдэл, танил талтай "С" сургуулийн эрх ашгийг иргэний шүүх хууль бусаар хамгаалж байсан учраас манай компани Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ хайж хүсэлтүүд гаргаж байсан. Иймд энэ хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл байхад анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй.
4.3.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд: "Б" ХХК, “С” сургуулийн хооронд байгуулсан 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг “С” сургуулиас гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан билээ. “С" сургууль нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөгийг өгөхгүйн тулд ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалж, барилгын талбайгаас 2013.10.25-ны өдөр хөөж явуулснаас хойш 11 жил өнгөрчээ. "С" сургуулийн захирал Д гийн 2013.10.24-ний орой хийсэн утасны бичлэгт "Би ер нь одоо маргаашаас танайхыг оруулахгүй. Тэгэхээр ажилчдаа хэл. Тэх үү. заавал ингээд хэрүүл хийгээд яах вэ? Хуулиараа шүүхээрээ явъя. Энийг л хэлэх гэсэн юм" гэсэн яриа нь анхнаасаа манай компанийн 496 сая төгрөгийг өгөхгүй санаа зорилготой байсан байдаг. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хангалттай явуулж, эрүүгийн хэрэгт "чанаргүй барилга барьсан" гэж 5.2 жил, 6 жил, 8 жилийн чанга дэглэмд яллах санал гаргуулж хохироож хэлмэгдүүлж байсан. "С" сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж гүйцэтгэсний төлөө "С" сургуулийн эрүүгийн журмаар гаргасан гомдлоор ЭХТА-ийн 148.4-т заасан "Залилан мэхлэх" гэмт хэрэгт 756 хоног, ЭХТА-ийн 111.1-д заасан "Хүний нэр төр гутаасан" гэмт хэрэгт 413 хоног, ЭХТА-ийн 174.1-д заасан "Чанаргүй барилга барьсан" гэмт хэрэгт 1186 хоног, "Яллагдагч, шүүгдэгч"-ээр шалгуулж, анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоолгож, харин УДШ-ийн 2018.05.21-ний өдрийн эрүүгийн танхимын шүүх хуралдаанаас цагаатгагдсан билээ. Ингээд эрүүгийн хэрэг дууссан учраас сөрөг нэхэмжлэл гаргасан боловч харамсалтай нь иргэний хэргийн анхан шатны шүүх удаа дараалан манай компанийг буруутгаж, үндэслэлгүйгээр 100-210 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байсан учраас давж заалдах шатны шүүх буцааж байсан болно. Харин 2024.05.22-ны өдөр давж заалдах шатны шүүхээс "С" сургуулийн зүгээс гэрээний зөрчил гаргаж, гэрээ цуцалсан болохыг тогтоосонд маш ихээр баяртай байгаа боловч харамсалтай нь 2013 оны авч чадаагүй ажлын хөлс болох ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг, хохирол 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,478 төгрөгөөс 177,421,157 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа юм уу ?
"С" сургуулийн захирал нь 2013 оны авч чадаагүй ажлын хөлс болох ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөгийг өгөхгүйн тулд эрүүгийн гурван хэрэгт үндэслэлгүйгээр гүтгэн 5 жил болж, нийтдээ 11 жил болсны дараа 177 сая төгрөг манай компанид өгч байгаа нь ямар их ашигтай ажиллаж байгаа, түүнд нь хууль хяналтын байгууллага оролцож байгаад үнэхээр эмгэнэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 151,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг, нийт 620,840,171 төгрөгийг 2013 онд доллар 1490 төгрөг байсан ханшаар тооцоход 416,671 доллар болж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн 177,421,157 төгрөгийг өнөөдрийн ханш 3402 төгрөгөөр тооцоход 52,152 доллар болж байна. Эдгээр тооноос харахад л захиалагч нар гүйцэтгэгч компанийг хөөж явуулж, гүйцэтгэлийн мөнгийг өгөхгүй хохироовол захиалагч нарт ямар их ашигтай, барилгачдын хөдөлмөрийг үгүйсгэдэг, үнэгүйдүүлдэг, мөнгө, эрх мэдэл, танил талтай захиалагчдад давуу байдал үүсгэдэг зэрэг манай барилгын салбарт оршиж буй хатиг бэтгийн нэг жишээ нь "Б" ХХК, "С" сургуулийн хоорондох маргаан болж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн дагуу мөн хуулийн 172.2.1 дэх хэсэг, 172.2.2 дахь хэсэг, 172.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байгааг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, манай сургуулийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 177,421,157 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэглээгүй тул ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 272.2.3-т заасныг тус тус үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
5.1.С сургууль өөрийн суралцагчдын сурч боловсрох орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Б ” ХХК-тай 2013.06.06-ны өдөр тус сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэвч “Б ” ХХК-аас 2013.10.21-ний өдөр 13/120 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг манай сургуульд ирүүлсэн бөгөөд 3 хоногийн дараа буюу 2013.10.25-ны өдөр 13/125 тоот гэрээ цуцлагдсан талаарх мэдэгдлийг ирүүлснээр 2013.06.06-ны өдөр байгуулагдсан С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ “Б” ХХК-ийн санаачилгаар цуцлагдсан. “Б” ХХК нь 2013.10.21-ний өдөр гэрээг цуцалж, барилгын талбайг орхин явсны улмаас манай сургуулийн өргөтгөлийн барилга дутуу баригдсан бөгөөд спорт заалны барилга баригдаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан ажлын үр дүнг хүлээн авч чадаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “Б” ХХК-аас ирүүлсэн 2013.10.21, 2013.10.25-ны өдрийн мэдэгдлийг нотлох баримтаар үнэлээгүйн улмаас манай сургуулийг гэрээг цуцалсан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, гэрээгээ цуцалж, барилгын талбайг орхин явсан “Б ” ХХК-ийг гэм буруугүй хэмээн дүгнэсэн. Учир нь “Б ” ХХК-аас ирүүлсэн 2013.10.21-ний өдрийн 13/120 тоот мэдэгдэл нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд буюу гэрээ хэний санаачилгаар цуцлагдсан болохыг тогтооход чухал ач холбогдол бүхий бичгийн нотлох баримт тул давж заалдах шатны шүүх энэхүү мэдэгдлийг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нотлох баримтаар үнэлэх ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна. “Б” ХХК нь түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасны дагуу манай сургууль гэрээ цуцлагдсаны улмаас өөрт учирсан хохирол болон гарсан зардлыг “Б” ХХК-аас шаардах эрхтэй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх ёстой.
5.2.Ийнхүү “Б” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирсон санхүүжилтийг төлөх үүрэгтэй болохоос биш “Б” ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажилд нь санхүүжилт олгох үүрэггүй. Учир нь “Б” ХХК нь 2013.06.06-2013.10.21-ний өдрийг хүртэлх хугацаанд 981,834,121 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болох нь хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд харин манай сургууль нь 2013.06.07-2013.12.29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг олгосон болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт болон шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Манай сургууль нь “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 981,834,121 төгрөгийн ажлаас 112,039,253 төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул “Б” ХХК нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаас илүү авсан дээрх санхүүжилтийг буцаан төлөх үүрэгтэй юм. Нөгөөтээгүүр, “Б” ХХК нь “С” сургуулиас 112,039,253 төгрөгийн санхүүжилтийг илүү авсан атал давж заалдах шатны шүүх “С” сургуулиас 177,421,157 төгрөгийн санхүүжилтийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйн улмаас “С” сургууль нь 289,460,410 төгрөгийг “Б” ХХК-д үндэслэлгүйгээр төлж хохирол хүлээх үр дагаварт хүрэх юм.
5.3.“Б” ХХК нь 2013.10.21-ний өдрийг хүртэлх хугацаанд 981,834,121 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд манай сургууль 2013.09.20-ны өдрийн байдлаар нийт 1,101,502,000 төгрөгийн санхүүжилтийг “Б” ХХК-д олгосон байсан тул 2013.10.21-ний өдөр гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд дахин санхүүжилт олгох үүрэггүй юм. Учир нь 2013.06.06-ны өдөр байгуулагдсан “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1-д “Гүйцэтгэгч ажлыг зохих үе шаттайгаар гүйцэтгэсний дараа гэрээний санхүүжилтийг төлөх зарчмыг баримтална" гэж заасан бөгөөд “Б” ХХК нь гэрээг цуцлах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг 2013.09.20-ны өдрийн байдлаар бүрэн авсан байсан юм. Мөн “Б ” ХХК-ийг гэрээгээ цуцлах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг 2013.09.20-ны өдөр манай сургууль бүрэн олгосон байсан тул “С” сургуулийг удаа дараа санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй гэх “Б” ХХК-ийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр, “Б” ХХК нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг урьдчилж 2013.09.20-ны өдөр авсан байсан тул 2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1-д заасны дагуу 2013.10.21-ний өдөр гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд манай сургуулиас санхүүжилт нэхэмжлэх, нэхэмжлэл ирүүлэх үндэслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, 2013.09.20-ны өдрөөс хойш удаа дараа санхүүжилт олгоогүй гэх гомдол, шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул манай сургуулийг санхүүжилт олгоогүй хэмээн дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.
5.4.“Б” ХХК дээрх байдлаар 2013.06.06-ны өдөр байгуулагдсан “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны улмаас талуудын хооронд маргаан үүссэн бөгөөд талуудын хооронд үүссэн маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх дараах байдлаар шийдвэрлэж байсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.22-ны өдрийн 02921 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-аас 119,119,374 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.22-ны өдрийн 02397 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 00785 дугаар шийдвэрээр “Б” ХХК-аас 202,130,974 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн 01060 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 03391 дүгээр шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 00087 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Энэхүү магадлалд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан ба Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дээр дурдсанчлан анхан шатны шүүхийн 2 удаагийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан атал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 01100 дугаар магадлалаар өмнө нь шийдвэрлэж байсан шүүхийн дүгнэлтийг эрс үгүйсгэж, үндэслэлгүйгээр шийдвэр гаргаад байна. Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “С” сургууль санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан байсан бол өмнө нь анхан шатны шүүх манай сургуулийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хоёр ч удаа хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 2 удаа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхгүй байсан нь илэрхий юм. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г уг маргааныг өмнө нь давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд 2 удаа даргалагч, илтгэгч шүүгчээр оролцож байсан ба 2024.05.22-ны өдөр 3 дахь удаагаа хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүйгээр манай сургуулийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Б” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь туйлын хардлагыг төрүүлж байна. Хэрэв манай сургууль хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байсан бол давж заалдах шатны шүүх 3 удаа дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэхгүй байсан нь ойлгомжтой юм.
5.5.Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.22-ны өдрийн 02397 дугаар магадлал, 2022.05.30-ны өдрийн 01060 дугаар магадлалаар шинжээч томилох шаардлагатай хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу анхан шатны шүүх 2 удаа хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд дээрх дүгнэлтийг үндэслэн маргааныг шийдвэрлэж байсан. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 00087 дугаар магадлалаар дахин шинжээч томилох шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба Улсын дээд шүүх хэрэгт авагдсан дүгнэлтийн хүрээнд маргааныг хянан хэлэлцэх боломжтой хэмээн дүгнэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатын шүүх 2024.05.22-ны өдөр 4 дэх удаа энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчиж, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй хэмээн нотлох баримтаар үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, хариуцагч “Б” ХХК-д удаа дараа давуу байдал бий болгохын тулд хэргийг хянан хэлэлцэхээс дээрх байдлаар зайлсхийж ирсэн бөгөөд 2024.05.22-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар огт үнэлэлгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсанчлан, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолыг ноцтой зөрчиж, манай сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироогоод байна. Иймд Монгол Улсын дээд шүүх шударга, үнэнийг тогтоон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 01100 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.05.22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон "анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн" нь үндэслэлгүй байх ба энэ нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 127.2.2-т заасан үндэслэлд хамаарч байна. Үүнийг дараах байдлаар тодруулъя. Үүнд:
6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч С сургууль нь сурагчдынхаа сурч боловсрох орчныг таатай болгох зорилгоор хариуцагч “Б” ХХК-тай 2013.06.06-ны өдөр С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан. Тус гэрээг хариуцагч “Б” ХХК нь 2013.10.21-ний өдөр үндэслэлгүйгээр цуцалж, ажлаа орхиж явсан байдаг. Улмаар хариуцагч нь “С” сургуульд холбогдуулан 2013.10.31-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, өнөөдөр уг маргаан ийнхүү 11 дэх жилдээ үргэлжилж байна. “С” сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2016.11.11-ний өдөр иргэний хэрэг үүссэнээс хойш дараах байдлаар шийдвэрлэгдсэн байдаг. Үүнд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Н үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу анхан шатны шүүхэд дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Н үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж, анхан шатны шүүхэд дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч Х үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хүлээн авч, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэж, 2024.05.22-ны өдрийн 210/MA2024/01100 дугаар магадлал гарсан. Дээр дурдсанчлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг бол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024.05.22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж өөрчлөлт оруулсан нь хоёр шатны шүүх Иргэний хуулийг хэрэглэсэн боловч гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзахтай холбогдсон зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан "хууль хэрэглээний зөрүү"-г гаргасны улмаас тус маргааныг зохих ёсоор үндэслэлтэй, шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал, магадлалын хянавал хэсгийн 2.11-т: "...нэхэмжлэгч “С” сургууль нь гэрээт ажлыг актаар хүлээн авсан боловч хууль буюу гэрээнд зааснаар санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасантай холбоотойгоор хариуцагч "Б" ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй..." гэх дүгнэлт хийсэн нь бодит байдалд огт нийцэхгүй, давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээр огтхон ч тогтоогддоггүй. “С” сургуулийн зүгээс гэрээ болон хуулиар хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилт хийх гол үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж ирсэн байтал түүнийг үүргийн зөрчил гаргасан хэмээн давж заалдах шатны шүүхээс, харин анхан шатны шүүхээс талууд гэрээг ердийн журмаар харилцан тохиролцож цуцалсан хэмээн хоёр өөр байдлаар нэг хуулийг хэрэглэж тайлбарлаж дүгнэж байгаа нь учир дутагдалтай, ойлгомжгүй байна. “С” сургуулийн зүгээс гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж байсан ба нэг ч удаа үүргийн зөрчил гаргаж байгаагүй байтал магадлалын хянавал хэсгийн 2.8-д нэхэмжлэгчийг үүргийн зөрчил гаргаж байгаа талаар хариуцагч албан бичгээр мэдэгдэж тухайн албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Хариуцагчаас нэхэмжлэгч нь гэрээ хийснээс хойш нэг л удаа албан бичиг хүлээн авч байсан ба энэ нь зөвхөн хариуцагчаас ирүүлсэн гэрээ цуцлах тухай 2013.10.21-ний өдрийн мэдэгдэл юм. Нэхэмжлэгч нь дээрх албан бичгээс өөр аливаа мэдэгдлийг хариуцагчаас авч байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагч нь хэрэгт авагдсан 2013.10.21-ний өдрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг л өгснөөс биш бусад хэрэгт авагдсан хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх албан бичиг, мэдэгдлийг нэхэмжлэгч авч байгаагүй бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдгээрийг өөрөө нөхөн үйлдэж гарган өгсөн баримт гэж нэхэмжлэгчээс үзэж байгаа болно.
Магадлалын хянавал хэсгийн 2.4 болон 2.5-т "... нэхэмжлэгч “С” сургууль нь 2013.10.12-ны өдрийг хүртэл гэрээт ажлыг актаар хүлээн авсан атлаа 2013.09.20-ны өдрөөс хойш санхүүжилт хийх үүргээ биелүүлээгүй.... Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй..." хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан байна. Хариуцагч нь ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгч байгаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь санхүүжилт хийх үүргээ нэг ч удаа зөрчиж байгаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс эдгээрийг буруугаар үнэлж, дүгнэн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Магадлалын хянавал хэсгийн 2.12, 2.13. 2.14 болон 2.15-т дурдсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, магадлалын хянавал хэсгийн 2.15-аар талууд гэрээгээр чөлөөтэй харилцан тохиролцсон гэрээ цуцлах журмын талаарх тохиролцоог Иргэний хуулийн 225.1, 225.2 дахь хэсэгтэй нийцэхгүй гэж үзэн тус хуулийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир дутагдалтай байна. Үүн дээр хяналтын шатны шүүхээс зохих зөв дүгнэлтийг хийж, хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай байна.
6.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийн тухайд: Энэхүү гомдлын эхэнд дурдсанчлан давж заалдах шатны шүүхээс 3 дахь удаагаа хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг харилцан баталгаажуулсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай..." гэж дүгнэж байсан атлаа хяналтын шатны шүүхээс хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхэд өмнөх дүгнэлтээ үгүйсгэж, хариуцагчийг зөвтгөж, нэхэмжлэгчийг буруутгаж буюу хэт нэг талыг барьж, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх, дүгнэх журмыг зөрчиж байгаад гомдолтой байна. Хэрэв давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэн дүгнэсэн буюу нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй бол магадлал үндэслэлгүй гарахгүй байсан нь тодорхой юм. Магадлалын хянавал хэсгийн 3.4-т хэрэгт гурван удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй ноцтой зөрчлийг гаргасан болохыг харуулж байна. Учир нь 2016.11.11-ний өдөр иргэний хэрэг үүссэн уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа биш, харин 2 л удаа шинжээч томилогдсон байдаг. Тодруулбал, шүүгчийн захирамжийн дагуу Ү болон бүрэлдэхүүнтэй шинжээчид болох П, А, Э нар юм. Харин 2016.11.11-ний өдөр иргэний хэрэг үүссэн уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Ю” ХХК-ийг шүүгчийн захирамжаар томилоогүй ба энэ баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн. Тиймээс энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан "шинжээчийн дүгнэлт бус", харин мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан "бичмэл нотлох баримт" юм. Гэтэл шүүх үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт гэж дүгнэж, ноцтой зөрчил гаргасан байна. Магадлалын хянавал хэсгийн 3.4-т хэрэгт гурван удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан гэж дүгнээд эдгээр дүгнэлтүүд нь үнийн дүнгийн хувьд эрс зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байна гэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй, шударга бус байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа л шинжээч томилогдсон ба эхний удаад Ү шинжээч томилогдсон. Шинжээч Үйн гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу бүрэлдэхүүнтэй буюу шинжээч П, А , Э нарыг шүүхээс томилж, 2 дахь удаагийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Дээрх шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, шинжээчийн дүгнэлтийг нь тайлбарлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн дээр дурдсан дүгнэлтэд заасан "шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй" гэх асуудлыг тайлбарлуулж, тэд яагаад зөрүүтэй байгаа талаар мэргэжлийн этгээдийн хувьд зохих хариу, тайлбарыг шүүхэд өгсөн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг үнэлж, дүгнэж авч үзэхгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нар нь мэргэжлийнхээ хүрээнд хэнээс ч хараат бусаар ажиллаж, дүгнэлтээ гаргадаг бие даасан, хараат бус этгээд юм. Тиймээс барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэл, төсвийг тогтоож буй шинжээч нарын дүгнэлт үг, үсэг, тоо, тооцоолол нь яг адилхан гарна гэж огтхон ч байхгүй юм. Хэрэв шинжээч нарын дүгнэлт үг, үсэг, тоо, тооцоолол яг адилхан гарна гэж үзвэл хэзээ ч энэ төрлийн маргаан шийдвэрлэгдэхгүйгээс гадна шинжээчийн бие даасан байдал алдагдах нь ойлгомжтой юм. Хэрэгт авагдсан, сөрөг нэхэмжлэлийн зарим буюу хангагдсан хэсгийг нотолж буй Б ХХК-ийн гаргаж өгсөн баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхдээ хэрхэн, яаж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байгаа эсэх талаас нь үнэлэлгүй, ноцтой зөрчил гаргасан. Мөн хариуцагчаас шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийн зардал болон нотариатын хураамж нэхэмжилснийг яагаад хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй үлдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэгч яагаад, ямар үндэслэлээр хариуцаж байгаа нь ойлгомжгүй, учир дутагдалтай байна. Дээр нэг бүрчлэн тодорхой дурдсан үндэслэл бүрийг хяналтын шатны шүүхээс хянан үзэж, зохих зөв дүгнэлтийг хийж өгөхийг хүсье. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн 596,937,140.08 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн тул ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасныг тус тус үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
7.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд: Иргэний хуулийн 351.1.1, 351.1.2 дахь хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн. Магадлалын хянавал хэсгийн 2.3-т "хариуцагч “Б ” ХХК нь 10 дугаар сарын 10-ны өдөр дотор бохир ус, халаалтын системийг угсрах, 10 дугаар сарын 12-ны өдөр дээврийн ажлыг тус тус гүйцэтгэж, захиалагч буюу “С” сургуулийн захирал Д д актаар хүлээлгэн өгсөн боловч 2013.09.20-ны өдрөөс хойш санхүүжилт олгогдоогүй, 2013.10.18-ны өдөр заслын ажлыг гүйцэтгэж, акт үйлдсэн боловч тус актад захиалагч тал гарын үсгээ зураагүй болох нь “С” сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын ил ба далд ажлын акт, фото зураг нэртэй хавтас бүхий баримтын 122 дугаар талд авагдсанаар тогтоогдож байна" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “Б ” ХХК нь эдгээр өдрүүдэд давж заалдах шатны шүүхийн дүгнээд буй барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй, ил ба далд ажлын акт огт үйлдээгүй болох нь хэрэгт хавсаргагдсан Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлээр тогтоогддог. Тухайлбал, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн 2013.10.10-ны өдрийн ажлын тэмдэглэл, 2013.10.12-ны өдөр гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл, 2013.10.18-ны өдөр гүйцэтгэсэн ажлын тэмдэглэлд “Б” ХХК эдгээр өдрүүдэд дотор бохир ус, халаалтын системийг угсрах, дээврийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь тэмдэглэгдсэн байдаг ба тухайн ажилд ил ба далд ажлын акт бичигдээгүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх 2013.10.10-ны өдөр "дотор бохир ус, халаалтын систем угсрах ажил, 2013.10.12-ны өдөр дээврийн ажил, 2013.10.18-ны өдөр дотор заслын ажлыг “Б” ХХК гүйцэтгэж, улмаар ил ба далд ажлын акт үйлдсэн, тухайн актыг “С ” сургуульд хүлээлгэн өгсөн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг үнэлэлгүй орхигдуулсан. /ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн дүгнэлт хийж, улмаар Иргэний хуулийн 351.1.1, 351.1.2 дахь хэсгийг зөрүүтэй буюу буруу тайлбарлан хэрэглэсэн/
7.2.Давж заалдах шатны шүүх 2013.10.10, 2013.10.12, 2013.10.18-ны өдрийн ажилд ил ба далд ажлын акт бичигдсэнийг “С” сургууль гарын үсгээ зураагүй хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь ямар ч нотлох баримтад үндэслээгүй бөгөөд “С” сургууль гарын үсэг зураагүй гэх үйл баримтыг баримтаар нотлон тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд эдгээр өдөр гүйцэтгэсэн гэх ажилд бичигдсэн ил ба далд ажлын актыг “С” сургуульд нэхэмжлэх болон гүйцэтгэлийн тайлангийн хамт хүргүүлсэн эсэх ил ба далд ажлын актад “С” сургууль гарын үсэг зураагүй /зурахаас татгалзсан/ гэх үйл баримтыг хариуцагч “Б” ХХК нотлох үүрэгтэй болохоос биш давж заалдах шатны шүүх нотлох баримтгүйгээр “Б ” ХХК-ийн өмнөөс “С” сургуулийг буруутгах үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, Барилгын тухай хууль /2008 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу ил ба далд ажлын акт нь захиалагчийн өмч бөгөөд гүйцэтгэгч нь ил ба далд ажлын актыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлын ил ба далд ажлын актыг “Б” ХХК нь өнөөдрийг хүртэл захиалагч “С” сургуульд хүлээлгэн өгөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнээд буй ил ба далд ажлын акт гэх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь ил ба далд ажлын актыг “С” сургуульд ирүүлж байгаагүй болох нь тус актыг өнөөдрийг хүртэл эх хувиар нь өөртөө хууль бусаар хадгалсаар байгаа “Буран цутгамал” ХХК-ийн эс үйлдэхүйгээр тогтоогдох бөгөөд “С” сургууль нь өөрт байхгүй ил ба далд ажлын актад гарын үсэг зурах, гарын үсэг зурахаас татгалзах ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой, илэрхий юм.
7.3. Магадлалын хянавал хэсгийн 2.7-д "Хариуцагч “Б” ХХК нь гэрээний 9.2.4-т зааснаар гүйцэтгэсэн ажлыг захиалагчид актаар хүлээлгэн өгч, санхүүжилт хүссэн нэхэмжлэхийг тухай бүр захиалагчид хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэхээр тогтоогдсон" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн дүгнээд буй дээрх нэхэмжлэхүүдийг “С” сургуулийн захирал Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-аас шүүхэд гаргаж өгсний дараа анх харсан талаараа удаа дараагийн шүүх хуралдаанд тайлбарлан мэдүүлсэн байдаг ба эдгээр санхүүжилтийн нэхэмжлэхийг “С” сургуульд тухайн үед нь хүлээлгэн өгсөн болохоо “Б ” ХХК нь баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, дээрх санхүүжилтийн нэхэмжлэхийг цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК шүүхэд ирүүлсэн, мөн тухайн баримтуудыг хариуцагч нь хэзээ ч үйлдэх бүрэн боломжтой баримт юм. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.3.2-т “Далдлагдах ажлыг хяналтын инженер шалгах үед далд ажлыг фото зургаар баталгаажуулж нэг хувийг захиалагчид гурав хоногийн дотор өгнө. Далд ажлын актыг баталгаажуулахаар урьдчилан бэлтгэсэн байна", 9.2.1-д "Гүйцэтгэгч ажлыг зохих үе шаттайгаар гүйцэтгэсний дараа гэрээний санхүүжилтийг төлөх зарчмыг баримтална", 9.2.4-т "Тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол ажлын хөлсийг захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг баталгаажуулсны үндсэн дээр гүйцэтгэгчээс холбогдох шаардлагыг хангаж ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу төлнө", 9.4.1-д "Хяналтын инженерээр баталгаажсан ил далд ажлын актууд", 9.4.2-т "Гүйцэтгэлийн тайлан", 9.4.3-т "Захиалагчийн зөвшөөрөл” гэж тус тус заасан ба гүйцэтгэгч “Б” ХХК нь гэрээний дээрх зохицуулалтын дагуу ажлын гүйцэтгэлийн акт, ил далд ажлын актыг захиалагч болох “С” сургуулиар хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр санхүүжилтийн нэхэмжлэхийг ирүүлэх үүрэгтэй. Гэрээний 9.4.1-д заасан ил ба далд ажлын актууд, 9.4.2-т заасан гүйцэтгэлийн тайлан, 9.4.3-т заасан захиалагчийн зөвшөөрлийн хамт ирүүлсэн санхүүжилтийн нэхэмжлэхийн дагуу санхүүжилтийг “Б” ХХК-д олгох үүрэгтэй болохоос биш ил ба далд ажлын акт, гүйцэтгэлийн тайлангүй дан ганц нэхэмжлэхийг үндэслэн санхүүжилт олгох үүрэг гэрээгээр хүлээгээгүй байна. “Б” ХХК нь санхүүжилтийн нэхэмжлэхийг 2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.3.2. 9.2.1, 9.2.4, 9.4.1-9.4.3-т заасны дагуу буюу гэрээгээр харилцан тохиролцсон журмын дагуу ирүүлж байгаагүй ба гэрээний 9.4.2-т заасан гүйцэтгэлийн тайлан гэх ямар ч баримт энэ хэрэгт байхгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1, 9.2.4, 9.4.1, 9.4.2, 9.4.3-т заасан зохицуулалтыг үнэлэлгүй орхигдуулсан бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан. “Б” ХХК гэрээнд заасан журмын шаардлага хангасан нэг ширхэг ч санхүүжилтийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлээгүй нь санхүүжилтийн нэхэмжлэхийг холбогдох шаардлага хангасан баримтын хамт “С” сургуульд ирүүлж байгаагүй болохыг, “Б” ХХК-ийн тайлбар үндэслэлгүй болохыг тус тус нотолдог.
7.4.Магадлалын хянавал хэсгийн 2.5 дахь хэсэгт "... “С” сургуулийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т заасан ажлын үр дүнг хугацаанд хүлээн авч, зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй" хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “С” сургууль нийт 1,199,007,774 төгрөгийн санхүүжилт олгосноос 2013.09.20-ны өдрийн байдлаар 1,101,502,000 төгрөгийн санхүүжилтийг “Б” ХХК-д аль хэдийн шилжүүлчихсэн байсан ба харин “Б” ХХК нь 2013.06.07-2013.10.19-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 981,834,121 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Дээрхээс дүгнэвэл, “Б” ХХК нь 2013.10.21-ний өдөр гэрээг цуцлах хүртлээ хийж гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг аль хэдийн бүрэн авсан байсан болох нь хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар тогтоогддог бөгөөд 2013.09.20-ны өдрөөс хойших хугацаанд санхүүжилтийн нэхэмжлэхийг “С” сургуульд ирүүлэх бодит үндэслэл байгаагүй, санхүүжилтийг удаа дараа олгоогүй гэх “Б” ХХК-ийн тайлбар болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт энэхүү үйл баримтаар няцаагддаг. Өөрөөр хэлбэл, “С” сургууль нь санхүүжилтийг 2013.10.21-ний өдөр гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлаас 119,667,879 /1,101,502,000-981,834,121=119, 667,879/ төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон байсан ба энэ тохиолдолд “С” сургуулийг санхүүжилт олгох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. 2013.10.21-ний өдөр “Б” ХХК гэрээг цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынх нь санхүүжилт урьдчилан олгогдсон байсан болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байгаа ба энэ тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2.1-д заасны дагуу “С” сургууль нь “Б” ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажилд санхүүжилт олгох үүрэг үүсэхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т заасныг буруу тайлбарлаж буюу анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэж “С ” сургуулийг санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
7.5.Магадлалын хянавал хэсгийн 2.11-д "... Дээрхээс дүгнэвэл “С” сургууль нь гэрээт ажлыг актаар хүлээн авсан боловч хууль буюу гэрээнд зааснаар санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасантай холбоотойгоор... ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, “С” сургууль нь “Б ” ХХК-тай 2013.06.06-ны өдөр тус сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасны дагуу ажлын үр дүнг бүрэн хүлээн авах ёстой. Өөрөөр хэлбэл, “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил бүрэн дууссан нөхцөлд ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Гэвч “Б ” ХХК нь 2013.10.19-ний өдрөөс эхлэн барилгын талбайг орхин явж, 2013.01.21-ний өдөр 13/120 тоот мэдэгдэл, 2013.10.25-ны өдөр 13/125 тоот мэдэгдлийг тус тус ирүүлж, ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул “С” сургууль ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй болсон бөгөөд эдгээр баримтууд нь гэрээ цуцлагдсан үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичгийн нотлох баримт юм. Нөгөөтээгүүр, “Б” ХХК-аас дээрх албан бичгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан тохиолдолд “С” сургууль нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хэрэгцээ, шаардлага байхгүй бөгөөд “С” сургууль гэрээ цуцлах санал гаргасан, эсхүл гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тухайлбал, “С” сургууль нь боловсрол, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд тухайн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах зорилгоор 2013.06.06-ны өдрөөс 216 хоногийн хугацаанд барьж гүйцэтгүүлэхээр гэрээг байгуулсан ба “Б” ХХК гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны улмаас ажлын үр дүнг хүлээн авч чадаагүй.
7.6.Мөн магадлалын хянавал хэсгийн 2.12-т "... нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-аас гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа буюу 2013.10.22-ны өдөр “Х” ХХК-тай Аюулгүй байдлыг хангах гэрээ, 2013.11.17-ны өдөр “Г” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн үл баримт тогтоогдсон ..." хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй байна. Учир нь гүйцэтгэгч “Б” ХХК нь дээрх байдлаар мэдэгдэл өгч, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж Барилгын тухай хууль /2008 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан үүргээ зөрчиж барилгын талбайг эзэнгүй орхин явсан болох нь хэрэгт хавсаргагдсан барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлээр тогтоогддог тул захиалагчийн зүгээс өөрийн сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд хүүхэд болон суралцагчид орж бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн аюулгүй байдал болон өргөтгөлийн барилгын чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор нэн даруй “Х” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Х” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулсан нь “Б” ХХК-аас гаргасан гэрээ цуцлах саналыг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн үйл баримт биш бөгөөд харин “Б” ХХК ажил гүйцэтгэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, барилгын ажлын талбайг орхин явсан энэ тохиолдолд тухайн өргөтгөлийн барилгын ажлын талбайн харуул хамгаалалтыг хариуцах, мөн барилгын талбай эзэнгүй байсны улмаас бусад этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх /урьдчилан сэргийлэх/ нөхцөлийг хангах үүргийг захиалагч талаас хэрэгжүүлсэн юм. Мөн “Б ” ХХК нь 2013.10.21-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “С” сургуульд ирүүлэхээсээ өмнө буюу 2013.10.19-ний өдрөөс эхлэн барилгын талбайг орхин явсан болох нь хэрэгт хавсаргагдсан Барилгын ажил угсралтыг гүйцэтгэсэн тэмдэглэлээр тогтоогддог. Ийнхүү “Б” ХХК нь барилгын талбайг орхин явсан, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг удаа дараа ирүүлсэн, “С” сургуульд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан тул “С” сургууль гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэх арга хэмжээ авах ямар ч боломжгүй болсон бөгөөд ийнхүү гэрээ цуцлагдсанаас нэг сарын дараа “Г ” ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, улмаар 3 жилийн дараа буюу 2016.08.26-ны өдөр өргөтгөлийн барилгыг хэсэгчлэн улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг.
7.7.Магадлалын хянавал хэсгийн 2.14-т "Дээрх гэрээний заалтын агуулгаас үзвэл захиалагч буюу “С” сургууль 5 ба түүнээс дээш удаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдлийг гүйцэтгэгч буюу “Б” ХХК-аас өгөх, ингэхдээ хугацааг 7, 14, 21 хоногийн давтамжтай буюу хэт урт, тодорхой бус тогтоосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах ерөнхий зарчимд нийцээгүй байна" хэмээн дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэсэн. Учир нь 2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд байгуулсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. 225.2-т гэрээнээс татгалзах нарийвчилсан хугацааг хуульчлан заагаагүй ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.2 дахь заалт нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн болно. Гэвч давж заалдах шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх хөндлөнгийн байх байр суурийг алдагдуулж, хэт нэг талыг барьж буюу хүчин төгөлдөр эсэх асуудлын талаар огт маргаж байгаагүй гэрээний заалтыг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгчтэй маргаж Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь байж боломгүй дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын маргаагүй асуудлын талаар дүгнэлт хийх, гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд байгуулагдсан гэрээний заалтыг хуульд үндэслэлгүйгээр буюу өөрийн дур зоргоор хүчин төгөлдөр бус гэж дүгнэх эрх хэмжээгүй юм.
7.8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Магадлалын хянавал хэсгийн 4.5-д "...шинжээчийн төлбөр 3,870,000 төгрөг, нотариатын зардал 1,088,900 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК нь дээрх төлбөрүүдийг нэхэмжлэгч “С” сургуулиас шаардах эрхтэй байна" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан болох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдох тул дээрх төлбөрийг “С” сургуулиас шаардах эрх үүсэхгүй. Мөн шүүхийн практикт шинжээчийн хөлсийг хүсэлт гаргасан талаар төлүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь хариуцагчийн хүсэлтийг үндэслэн гарсан тул дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.
7.9.Магадлалын хянавал хэсгийн 4.8-д "... “Б ” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг “С” сургуулиас шаардах эрхтэй тул санхүүжилт зогссон 2013.09.20-ны өдрөөс ажил хүлээлцэх мэдэгдэл өгсөн 2013.10.25-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан зардал болох 172,462,257 төгрөгийг нэхэмжлэгч “С” сургуулиас гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгох нь зүйтэй" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “Б ” ХХК нь “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг 2013.10.21-ний өдөр, тус гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг 2013.10.25-ны өдөр тус тус ирүүлсэн бөгөөд 2013.06.06-2013.10.21-ний өдрийг хүртэлх хугацаанд 981,834,121 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Энэ тохиолдолд буюу гүйцэтгэгч өөрийн санаачилгаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т заасны дагуу “Б” ХХК нь дээрх төлбөрийг шаардах эрхгүй юм. Нөгөөтээгүүр, “Б” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нотлох үүргээ 10 жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй. Тухайлбал, “Б“ ХХК-аас нотлох баримтаар ирүүлсэн гэрээ болон төлбөрийн баримт, кассын зарлагын баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3.1.4 болон 7 дугаар зүйлд нийцэхгүй буюу эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Б нь мөнгө олгохыг хүссэн өргөдлийг өөрөө өөртөө бичсэн байдаг ба “С” сургуулийн өргөтгөлийн барилгад зарцуулагдсан гэх мөнгөн хөрөнгө нь санхүүгийн дэмжих баримтгүй ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 болон 8.3-т заасан журнал, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл хөтлөх журмаар тус тус нотлогдоогүй. Нөгөөтээгүүр, “С” сургууль нь барилгын ажлын санхүүжилт болох 1,199,007,774 төгрөгийг “Б” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлсэн бөгөөд тус санхүүжилтийг сургуулийн өргөтгөлийн барилгад зарцуулаагүй буюу 2013.09.20-2013.10.25-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б” ХХК нь 172,462,257 төгрөгийн зардал гаргаагүй болох нь “Б” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогддог. Тухайлбал, “С” сургуулиас олгосон санхүүжилтийг хүлээн авдаг байсан “Б” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн данснaac 2013.09.20-2023.12.29-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын бараа, материалын зардалтай холбоотой нийт 16,808,750 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр бусдад шилжүүлсэн байдаг ба ажлын бусад санхүүжилтийг Б.Б нь өөртөө бэлнээр гаргуулан авсан болох нь уг дансны хуулгаар тогтоогддог. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнээд буй 172,462,257 төгрөгийн зардал нь санхүүгийн дэмжих баримтгүй бөгөөд эдгээр цаг хугацаанд хийгдсэн гүйлгээг 2013.09.20-2013.10.18-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын зардал гэж үзэх боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “Б” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээ нь 981,834,121 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр гүйлгээ нь дээрх төсөвт ба өмнө нь гүйцэтгэсэн ажлын бараа, материалын зардлыг 2013.09.20-ны өдрөөс хойших хугацаанд шилжүүлсэн байна.
7.10.“Б ” ХХК нь 2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу “С” сургуулиас олгосон 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг гагцхүү өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй. Гэтэл “Б” ХХК нь “С” сургуулиас олгосон санхүүжилтийг өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажилд бүрэн зарцуулаагүй болох нь Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгаар тогтоогддог бөгөөд 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК-ийн захирал Б.Б нь “С” сургуулиас олгосон санхүүжилтийг бэлнээр авч захиран зарцуулсан атлаа нийт 1,457,284,598 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн хэмээн хууль зүйн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан юм.
7.11.2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу “С” сургууль нь 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч “Б” ХХК 2013.10.19-ний өдрийг хүртэлх хугацаанд 981,834,121 төгрөгийн ажил гүйцэтгэж, харин 112,039,253 төгрөгийн санхүүжилтийг “С” сургуулиас илүү авсан болох нь хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Ийнхүү “Б” ХХК нь “С” сургуулиас 112,039,253 төгрөгийн санхүүжилтийг илүү авсан атал давж заалдах шатны шүүх “С” сургуулиас 177,421,157 төгрөгийн санхүүжилтийг дахин гаргуулахаар шийдвэрлэсний улмаас “Б” ХХК нь нийт 289,460,410 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйн улмаас “С ” сургууль нь 289,460,410 төгрөгийг “Б” ХХК-д үндэслэлгүйгээр төлж хохирол хүлээх үр дагаварт хүрээд байна.
7.12.“Б ” ХХК нь 2019.10.22-ны өдөр “С“ сургуульд холбогдуулан сөpөr нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөрчсөн буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно", 76.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан. Гэвч “Б” ХХК нь 2019.10.22-ны өдрийг хүртэлх хугацаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй ба шүүх хуралдаанд энэ талаар тайлбар гаргасан боловч ямар нэгэн дүгнэлт хийгээгүй буюу дээрх хуулийг хэрэглээгүй.
7.13.Үндсэн нэхэмжлэлийн тухайд: “Б” ХХК-аас ирүүлсэн 2013.10.21-ний өдрийн 13/120 тоот мэдэгдлийг гэрээ цуцлах тухай санал байсан хэмээн дүгнэх тохиолдолд шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д "Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ", мөн хуулийн 204.2-т "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана" гэж тус тус заасан ба ажил гүйцэтгэгч “Б ” ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1. 204.2 дахь хэсгийг тус тус зөрчиж 2013.06.06-ны өдрийн “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалсан. Тухайлбал, “Б” ХХК нь 2013.10.21-ний өдөр 13/120 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “С” сургуульд ирүүлсэн бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасны дагуу гэрээг цуцлах хугацааг “С” сургууль тогтоох ёстой атал “Б” ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасныг зөрчиж, гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлснээс ердөө 3 хоногийн дараа буюу 2013.10.25-ны өдөр 13/125 тоот "Барилга угсралтын ажлын гэрээг цуцалсан тухай" мэдэгдлийг захиалагч “С” сургуульд дахин ирүүлсэн ба а энэхүү мэдэгдлийн 1 дэх заалтаар 2013.06.06-ны өдрийн гэрээг “Б” ХХК өөрийн санаачилгаар цуцалсан болохоо тодорхой дурдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр, гэрээ цуцалсан мэдэгдэл ирүүлсэн хугацаа, гэрээ цуцалсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан юм.
7.14.“Б ” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.1 дэх хэсгийг тус тус зөрчиж ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна. Учир нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д "Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй", мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж тус тус заасан ба захиалагч “С” сургууль нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, ажил гүйцэтгэгчээс нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд “Б” ХХК-ийн зүгээс 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл “Б” ХХК-аас ирүүлсэн гэх мэдэгдэл /2013.10.21, 2013.10.25-ны өдрийн мэдэгдлээс бусад мэдэгдэл/-үүдийг “С” сургууль нь ажил гүйцэтгэгчээс огт хүлээн авч байгаагүй ба тухайн мэдэгдлүүдэд дурдсан үйл баримтууд нь үндэслэлгүй бөгөөд дээрх мэдэгдлийг анх шүүх дээр харсан болохоо шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан байдаг. “Б” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1, 9.2.4, 9.4.1, 9.4.2, 9.4.3-т тус тус заасны дагуу төлбөрийн нэхэмжлэхийг “Б” ХХК ирүүлэх ёстой боловч гэрээнд заасан журмын дагуу нэг ч удаа ирүүлж байгаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүжилтийн мэдэгдэл гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Нөгөөтээгүүр, “Б ” ХХК нь 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг өөрийн санаачилгаар, дээр дурдсан үндэслэлгүйгээр шалтгаанаар цуцалсан тул Иргэний хуулийн225 дугаар зүйлийн 225.4.3-т заасны дагуу “Б” ХХК-д 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрх үүсэхгүй. “Б” ХХК нь “С” сургуультай байгуулсан 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг 2013.10.21-ний өдөр дээрх байдлаар үндэслэлгүйгээр цуцалж, барилгын талбайг орхин явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. “Б” ХХК нь 2013.10.19-ний өдөр барилгын ажлын талбайг хаяж явсан болох нь хэрэгт хавсаргагдсан барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл энэхүү тэмдэглэлээр “Б” ХХК нь 2013.10.19-ний өдрөөс хойш барилгын талбайд ажиллаагүй буюу ажил гүйцэтгээгүй болох нь тогтоогддог атал энэхүү тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлээгүй. Тухайлбал, Захиалагч “С” сургууль нь 2013.06.07-2013.12.29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг “Б” ХХК-д олгосон атал “Б” ХХК нь 2013.06.06-2013.10.21-ний өдрийг хүртэл буюу гэрээгээ цуцалж, барилгын талбайг хаяж явах өдрийг хүртлээ нийт 981,834,121 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
Нэгэнт, “Б” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалж, барилгын ажлын талбайг хаяж явсан тул гүйцэтгэсэн ажлын хөлснөөс илүү хөлс авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль зүйн үндэслэл “Б” ХХК-д байхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна", мөн хуулийн 343.3-т "Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ" гэж тус тус заасан боловч “Б” ХХК нь “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг гүйцэт бариагүй, спорт заалны барилгын ажлыг огт хийгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т тус тус заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэж, улмаар захиалагч “С” сургуульд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул зөвхөн өөрийн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирсон хөлсийг авах эрхтэй болохоос биш өөрийн гүйцэтгээгүй, захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй ажлын хөлсийг авах буюу өөртөө үлдээх эрх буюу хууль зүйн үндэслэл байхгүй болно". Мөн “Б” ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу өргөтгөлийн барилгын ослын шатыг хийж гүйцэтгэсэн байх ёстой боловч энэхүү ослын шатыг хийж гүйцэтгээгүй тул “С” сургууль нь 2015 онд “У” ХХК-тай аваарын шат хийлгэх гэрээг байгуулж, 46,000,000 төгрөгөөр дутуу хийсэн ажлыг бусад этгээдээр хийж гүйцэтгүүлэн зардал гаргасан байдаг. Мөн “Б ” ХХК нь 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, “С” сургуулийн өмчлөлд ажлын үр дүнг шилжүүлээгүйн улмаас “С” сургууль нь суралцагчдыг спорт заалаар хангах, автобус түрээсийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т "Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй" гэж заасан ба энэ тохиолдолд захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг төлөх ёстой болохоос биш гүйцэтгэгчийн хийж гүйцэтгээгүй ажилд нь илүү хөлс төлөх учиргүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй буюу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн юм.
7.15.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Магадлалын хянавал хэсгийн 3.4-т "Хэрэгт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан ба хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг “Ю” ХХК нь 354,835,752 төгрөгөөр, шинжээч Ү нь 981,834,121 төгрөгөөр, шинжээч П нар нь 1,043,526,082 төгрөгөөр тус тус үнэлсэн буюу эдгээр дүгнэлтүүд үнийн дүнгийн хувьд эрс зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байна" хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн байна. Тухайлбал, “Ю” ХХК-ийн дүгнэлт нь “С” сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гарсан шинжээчийн дүгнэлт биш бөгөөд “Б” ХХК нь “С” сургуульд холбогдуулан 2015 онд нэхэмжлэл гаргасан байсан ба уг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дээрх шинжээчийн дүгнэлт гарсан “Б” ХХК нь дээрх нэхэмжлэлээ татан авсан болно. Энэхүү баримт нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргуулсан баримт юм. Харин хариуцагч “Б” ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.22-ны өдрийн 05209 дүгээр захирамжаар шинжээч томилсон боловч шинжээчээр томилогдсон “Шонхор үнэлгээ аудит” ХХК шинжээчээр ажиллахаас татгалзсан байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.05.09-ний өдрийн "Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай" 8363 дугаар захирамжаар Ү-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба хариуцагчийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхээс 2018.12.17-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, улмаар шинжээч А нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр шинжээч дүгнэлт гарсан үйл баримт болон шинжээчийн дүгнэлтүүд хэрхэн зөрүүтэй талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа илтэд зөрүүтэй хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай хэмээн удаа дараа дүгнэсэн атлаа эдгээр дүгнэлтийг илтэд зөрүүтэй гэх үйл баримт болон дүгнэлтийн зөрүүг баримтад үндэслэн тогтоолгүйгээр үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Хэрэв давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт илтэд зөрүүтэй гэж дүгнэж буй тохиолдолд шинжээчийн дүгнэлтийн аль хэсэг нь хэрхэн зөрүүтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой атал ямар ч дүгнэлт хийгээгүй ба үүний улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг /112,039,253 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нөгөөтээгүүр, Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй тул дахин шинжээч томилуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 00087 дугаар магадлалыг Монгол Улсын дээд шүүх хүчингүй болгож, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үнэлж, хэргийг шийдвэрлэх талаар тогтоолд заасан. Гэвч давж заалдах шатны шүүх Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын заалтыг үл хэрэгсэн зөрчиж, шинжээчийн дүгнэлтийг үнэлэхээс татгалзсанаараа хэргийг хянах үүргээ дахин биелүүлээгүй. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй буюу тус тогтоол болон ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчин хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.22-ны өдрийн 01100 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2 дахь заалтыг үндэслэн дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:
8.1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс гаргасан санхүүгийн анхан шатны баримт, дансны хуулгаар нотлогдсон хохирол, зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж няцаахгүйгээр зөвхөн хариуцагч талын тайлбар, үндэслэлийг баримтлан шийдвэр гаргасан.
8.2.Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах байр сууринаас оролцсон боловч давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар талуудын үндсэн маргаанд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн. Тухайлбал, магадлалын 1.7-д маргаж буй асуудлын талаар шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа "гэрээ цуцалсан, гэрээний үүрэг зөрчсөн" гэх маргааны хүрээнээс хальж өөрийн санаачилгаар хэргийн оролцогчдын нарийвчлан тохиролцоогүй асуудлаар тэдгээрийн өмнөөс ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн хуваарийн талаар дур мэдэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Ингэхдээ захиалагч талын огт хүлээн аваагүй ажлын гүйцэтгэлийг үндэслэлтэй байсан мэтээр дүгнэж зөвхөн хариуцагч талын тайлбарыг баримтлан хянавал хэсгийн 2.3-2.11 дэх хэсэгт хэргийн нэг талыг илт баримталсан дүгнэлт хийсэн байна.
8.3.Хэргийн оролцогчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх өөрийн санаачилгаар "хүчин төгөлдөр бус хэлцэл" гэсэн дүгнэлт хийж хариуцагчийн гэрээ цуцалсан үйлдлийг үндэслэлгүй зөвтгөсөн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх өөрөө дур мэдэн дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан байна.
8.4.Гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд талууд үүргийн гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд захиалагчийн шилжүүлсэн төлбөр болон барилгын ажлын үнэлгээний зөрүүг харилцан буцаах үүрэг үүснэ. Гэрээ бүрэн хэрэгжээгүй цуцлагдсан, талууд энэ талаар маргаагүй тул гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэх шалтгаар нотлох баримтаар үнэлэхээс татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна. Шинжээч нь өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагад тулгуурлан барилгын ажлын норм дүрэм зохиох аргачлалыг баримтлан дүгнэлт гаргасан бөгөөд бараа, ажил, үйлчилгээний тухай бүрд тогтоосон төсөвт өртгийн үнэлгээг тодорхой интервалаас сонгодог тул заавал ижил үнийн дүн гарах боломжгүй юм. Дашрамд дурдахад шинжээч нар үнэлгээг гаргахдаа харьцангуй хариуцагч талд ашигтай буюу дээд үнэлгээг баримтлан гаргасан болно.
8.5.Давж заалдах шатны магадлалын 4.8 дахь хэсэгт "гарсан зардал болох" гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь ажил дүгнэж тооцоо нийлснээс хойш нэмэлтээр бий болсон зардал гэдэг нь юугаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч талын оролцоо байхгүй тул шүүх өөрөө дур мэдэн зохиох нөхцөл байдалд хүргэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.09.12-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00987 тогтоолоор зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.
ХЯНАВАЛ:
10.Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын С сургууль нь хариуцагч “Б” ХХК болон Б.Б нарт холбогдуулан нийт 596,937,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “... “Б” ХХК нь С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга барих ажлыг 2013.06.06-ны өдрөөс эхлэн 2014.01.15-ны өдрийг хүртэл гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч 2013.10.21-ний өдөр захирал Б.Б нь гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдлийг бичгээр өгч гэрээг цуцалсан. Ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч ажлаа хаяж явахдаа гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд, доголдолгүй хийх үүргээ биелүүлээгүй, зарим ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн, мөн ажлыг гүйцэтгэхдээ зах зээлийн болон жишиг үнэлгээнээс илүү төлбөр авч манай компанид хохирол учруулсан гэж тайлбарлан, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр дараах шаардлагыг гаргасан. а/.ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохирол буюу спорт заалны түрээсийн төлбөр 78,790,000 төгрөг, автобусны түрээсийн төлбөр 5,400,000 төгрөг, ус, дулаан, цахилгаан, харуул хамгаалалтын төлбөр 52,553,610 төгрөг, нийт 136,743,610 төгрөг, б/.Ослын шатыг өөр этгээдээр гүйцэтгүүлэхэд гарсан зардал, дотор заслын ажил хийхдээ нойтон шавар дээр эмульс түрхсэн доголдол болон дутуу гүйцэтгэлийг арилгахад гарсан зардал, дутуу хийж гүйцэтгэсэн хаалга болон цонхны ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан зардал, техникийн давхрыг цоолсон доголдлыг арилгуулахад гарсан зардалд нийт 143,638,348 төгрөг, в/.Ажил гүйцэтгэгч нь барилгын гадна өнгөлгөө /фасад/-ний ажлын төлбөр гэх 23,083,850 төгрөгийг 2013.12.29-ний өдөр хүч хэрэглэх аргаар хэлцэл хийж /жагсаал цуглаан зохион байгуулж/ авсан, дээврийн ажилд илүү төсөв зохиох байдлаар нэмэлт төлбөр авч 14,207,678 төгрөг, арматур худалдаж авахдаа зах зээлийн үнээс илүү үнээр худалдан авч 167,225,000 төгрөг, ажлын гүйцэтгэлийн жишиг үнэлгээнээс илүү төлбөр авч 112,039,253 төгрөг буюу нийт 316,555,781 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тус тус тодорхойлсон.
Нэхэмжлэлийн шаардлагын нийт хэмжээ нь 596,937,740 төгрөг байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.
Хариуцагч “Б” ХХК болон Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, С сургуультай түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр гэрээ байгуулсан тул дутуу гүйцэтгэсэн, мөн зах зээлийн болон жишиг үнэлгээнээс илүү төлбөр авсан гэж байгаа нь үндэслэлгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдгээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, гэрээ цуцалсны дараах ус, дулаан, цахилгаан, харуул хамгаалалтын зардлыг “Б” ХХК хариуцах үндэслэлгүй, гэрээ цуцлагдсанд С сургууль буруутай тул спорт заал, автобусны түрээсийн төлбөрийг хариуцахгүй, зөвшөөрөлтэйгөөр жагсаал цуглаан хийсэн учир үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж тайлбарлаад, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба С сургууль үндэслэлгүйгээр гэрээг цуцалснаас шүүх, нотариат, өмгөөлөгч, шинжээчийн зардал төлсөн, бусдаас өндөр хүүтэй зээл авсан, мөн нэмэлт ажил тохирсон боловч түүний хөлсийг төлөөгүй, шинжээчийн тогтоосон зардлаас илүү ажил хийсэн тул илүү ажил болон материалын хөлсийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаад, а/.барилгад зарцуулсан материал, ажлын хөлсний төлбөрт 451,120,693 төгрөг, б/.нэмэлт ажил гүйцэтгэсний хөлс, зардалд 169,719,478 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлээр тус тус, в/.гэрээг цуцалснаас учирсан хохиролд 836,444,427 төгрөгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэлээр нийт 1,457,284,598 төгрөгийг нэхэмжлэгч “С” сургуулиас гаргуулна гэжээ.
11.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанд хэн нь буруутай байсан, цуцалснаас талуудад бодит хохирол учирсан эсэх, гэрээний дагуу нэгэнт төлсөн төлбөрийг гэрээ цуцлагдсаны дараа зах зээлийн болон жишиг үнээр тооцож, зөрүүг буцаан шаардах эрхтэй эсэх, ажил гүйцэтгэгч тоо хэмжээний болон чанарын доголдолтой хөрөнгө захиалагчид шилжүүлсэн эсэх, мөн ажил гүйцэтгэгч гэрээнээс гадуур нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн эсэх, захиалагч ажлын хөлсийг дутуу төлсөн эсэх, үндэслэлгүйгээр хүч хэрэглэж захиалагчаас илүү төлбөр авсан эсэх” гэсэн хүрээнд тус тус дүгнэлт хийсэн байна.
12.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
12.1.Талууд 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг үндэслэн маргасан ба гэрээний 1.4-т гэрээний үүрэгтэй холбоотой нөгөө талдаа мэдэгдэл өгөх журмыг харилцан тохиролцсон байх боловч 2013.10.21-ний өдрийг хүртэл буюу “Б” ХХК-аас гэрээ цуцлах мэдэгдэл өгөх хүртэл уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа мэдэгдлийг харилцан бие биедээ өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Харин хариуцагч “Б” ХХК 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч “С” сургуульд хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан байх тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх бөгөөд мэдэгдэлд графикийн дагуу санхүүжилт өгөөгүй, өөр компаниар ажил гүйцэтгүүлж, ажлын талбайгаас хөөсөн зэрэг үүргийн зөрчлүүдийг дурдсан боловч хариуцагч тал мэдэгдэлд бичигдсэн энэ үндэслэл буюу гэрээний 9.2-9.6-д заасан журмаар төлбөр нэхэмжилсэн тухайгаа баримтаар нотлоогүй. Захиалагч ажил гүйцэтгэгчийн дээрх гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээж авсны маргааш нь буюу 2013.10.22-ны өдөр болон 2013.11.17-ны өдрүүдэд тус тус өөр этгээдтэй барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ, харуул хамгаалалтын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар “Х” ХХК болон “Г” ХХК-тай гэрээ байгуулсан захиалагч “С” сургуулийн үйлдэл нь ажил гүйцэтгэгч “Б” ХХК-ийн гэрээ цуцлах саналыг бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн” гэж үзнэ гээд “2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар талуудын дотоод хүсэл зориг болон түүний гадаад илэрхийлэл нэгдсэн тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг талууд харилцан тохиролцож, ердийн журмаар цуцалсан гэж үзнэ” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.
12.2.Гэрээ цуцлах сэдэлтийн талаар дүгнэхдээ “...нэхэмжлэгч...чанарын шаардлага хангахгүй цахилгааны утсыг барилга угсралтын ажилд ашигласан, барилга барих тусгай зөвшөөрөлгүй туслан гүйцэтгэгчийг ажиллуулсан, ажлаа хийлгүй удаа дараа хаяж явсан, 2013.10.21-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгч барилгын ажлын талбайг хаяж явсан гэж тайлбарласан байх бөгөөд ажил гүйцэтгэгчийн гаргасан гэх дутагдлыг захиалагч тал мэдсэн боловч аливаа мэдэгдэл, шаардлага хүргүүлэлгүй, гэрээг цуцлах санал гаргалгүйгээр ажлыг цааш үргэлжлүүлснээс үзвэл, дээрх дутагдлыг захиалагч тал гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гэж үзээгүй болохыг харуулж байна.
Нэхэмжлэгч ... удаа дараа ажлаа хийлгүй хаяж явсан хэмээн гүйцэтгэгчийг буруутгасан тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Түүнчлэн, талууд зөвхөн ажил хүлээлгэж өгөх, авах эцсийн хугацааг тохиролцсон байх тул завсрын гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Гэрээг цуцлах саналыг анх 2013.10.21-ний өдөр “Б” ХХК-ийн зүгээс гаргасан ба “С” сургуулийн зүгээс гэрээг цуцлах санал гаргаагүй, мөн цаашид энэ саналыг гаргах байсан гэх үйл баримт нотлох баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Түүнчлэн, гэрээг цуцлах саналыг анх гаргасан талыг шууд буруутай гэж үзэх боломжгүй ба харин санал гаргасан нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байсан эсэх нь чухал юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2013.10.21-ний өдрөөс өмнө ажлаа хаяж явсан гэсэн тайлбараа хуульд зааснаар баримтаар нотолж чадаагүй.
Хариуцагч “Б” ХХК нь гэрээ цуцлах сэдэлтийн талаар “...гэрээний явцад өөр гүйцэтгэгч нар /Я ХХК, У ХХК, С ХХК/-ыг 2013 оны 9 сарын эхээр давхар ажиллуулж гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжилсэн төлбөрийг захиалагч тал цаг тухайд нь, бүрэн гүйцэд өгөөгүй хэмээн тайлбарласан ба нэхэмжлэгч тал өөр гүйцэтгэгч нарыг ажиллуулсан талаар маргаагүй байна. Гэвч “Б” ХХК нь тухай бүр гэрээг цуцлах мэдэгдэл өгөлгүй эдгээр гүйцэтгэгч нартай 2013.10.22-ны өдрийг хүртэл хамт ажилласан нь ажил гүйцэтгэгчийн зүгээс дээрх зөрчлийг гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гэж үзээгүй ба өөр гүйцэтгэгч хамт ажиллуулахыг хүлээн зөвшөөрч байсан байна. Ажил гүйцэтгэгчээс гэрээний 9.4-т заасан баримтуудыг гаргаж өгснөөр захиалагч “С” сургуулийн зүгээс төлбөр төлөх үүрэгтэй ба ийм баримтуудыг өгсөн болохоо нотлоогүй тул төлбөр төлөх хугацаа хожимдуулсан гэж захиалагчийг буруутгах боломжгүй юм.
Хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцээний хүрээнд гэрээ цуцлагдсан явдалд талуудын хэн алиныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ.
12.3.Нэхэмжлэгч нь нийт 596,937,740 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас шаардсан ба ажлыг дутуу, доголдолтой гүйцэтгэсэн, техникийн давхрыг цоолсон гэх үндэслэлээ “С” сургууль баримтаар нотолж чадаагүй тул 44,586,272 төгрөгийн шаардлагыг хангахгүй. Түүнчлэн “С” сургууль нь гэрээний ердийн хэрэгжилтийн явцад спорт заал, автобус хөлслөх гэрээг тус тус гуравдагч этгээдүүдтэй байгуулж, төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн нь ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай шалтгаант холбоогүй, гэрээг цуцалсанд талуудыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул спорт заалны түрээсийн төлбөрт 78,790,000 төгрөг, автобус түрээсийн төлбөрт 5,400,000 төгрөг, нийт 84,190,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Мөн “Б” ХХК 2013.12.12-ны өдөр жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогоогүй тул 2013.12.29-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй ба энэ үндэслэлээр “Б” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, 23,083,850 төгрөгийг буцаан гаргуулах боломжгүй. Ажлын төсөвт өртгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнээр тогтоосон тул илүү төлсөн 167,225,000 төгрөгийг нэхэмжилсэн тухайд “...гэрээнд материалын зардлыг хэн хариуцах, ямар үнээр худалдан авах талаар тохиролцоогүй байхад зардлыг хожим зах зээлийн үнээр тооцож гаргуулах боломжгүй” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь ... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын өртгийг 981,834,121 төгрөгөөр тогтоосон. Гэтэл “С” сургууль нь нийт 1,199,007,774 төгрөг шилжүүлсэн тул үндэслэлгүй илүү авсан төлбөр болох 112,039,253 төгрөг шаардана” гэсэн хэсгийг дүгнэхдээ “...талууд нийт ажлын хөлс, гүйцэтгэх ажил, эцсийн хугацааг ерөнхий байдлаар тохирсон, мөн гэрээ цуцлагдсанд хэн аль нь буруугүй нөхцөлд өмнө хийсэн зарим ажлын хөлс, материалын зардлыг жишиг үнэлгээгээр тооцож, зөрүүг нь буцаан шаардах эрхгүй тул илүү төлсөн гэх 112,039,253 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй” гэж, мөн “...цахилгаан, ус, дулааны зардлыг гэрээ цуцлагдсанаас хойш төлсөн зардал гэж нэхэмжлэгч тал өөрөө тайлбарлах боловч талууд 2013.12.29-ний өдөр уулзаж, тооцоо нийлэхдээ ус, цахилгааны төлбөрийг суутгаж авсан, талууд 2013.12.14-ний өдөр уулзаж, “С” сургууль нь дээврийн болон өрлөгийн ажлын хөлсөнд нийт 71,341,200 төгрөгийг “Б” ХХК-д төлөхөөр, “Б” ХХК дээвэр болон өрлөгийн ажлын ил далд ажлын актууд, бараа материалын гарал үүслийн бичгийг эх хувиар хүлээлгэн өгөхөөр бичгээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан байх ба хожим 2 удаа ажил гүйцэтгэгчтэй уулзахдаа хохирол төлбөрийн талаар яриагүй байна. Иймд гэрээгээр тохирсон ажлын чанарын болон тоо хэмжээний доголдлыг арилгахад гарсан зардал, гэрээг цуцалснаас учирсан хохирол, илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт нийт 596,937,740 төгрөг шаардсан “С” сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзжээ.
13.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Ажлын хөлс, материалын зардал 451,120,693 төгрөг, нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг, шинжээчийн төлбөр 3,870,000 төгрөг, нотариатын зардал 1,088,900 төгрөг, улсын комиссын барьцаа төлбөр 63,105,672 төгрөг, бусдаас авсан зээлийн хүү буюу хохирол 761,379,855 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг С сургуулиас шаардсан.
13.1.Хариуцагч “Б” ХХК болон Б.Б нар нь ажлын хөлс, материалын зардлыг дутуу төлсөн гэх боловч энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй буюу “Б” ХХК нь 2013.12.14, 29-ний өдрүүдэд 2 удаа захиалагч “С” сургуультай уулзаж, тооцоо нийлэхдээ бусад ажлын хөлс, зардлын талаар тооцоо нийлж баримтжуулаагүй, нөгөө талаас, талууд нийт ажлын хөлс, гүйцэтгэх ажил, эцсийн хугацааг ерөнхий байдлаар тохирсон, мөн гэрээ цуцлагдсанд хэн аль нь буруугүй нөхцөлд өмнө хийсэн зарим ажлын хөлс, материалын зардлыг жишиг үнэлгээгээр тооцож, зөрүүг буцаан шаардах эрхгүй тул “С” сургуулиас 451,120,693 төгрөгийг гаргуулах боломжгүй.
13.2.Хариуцагч нар нь гэрээгээр тохироогүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй. Эрүүгийн хэрэгт авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь иргэний хэргийн нотлох баримтын эх сурвалжид хамаардаггүй учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хөлс шаардах эрхийн хүрээнд “С” сургуулиас 169,719,478 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
13.3.Гэрээг цуцалснаас учирсан хохирол буюу шүүхийн зардал, нотариатын зардал, шинжээчийн төлбөр, бусдаас авсан зээлийн төлбөр зэрэгт нийт 836,444,427 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд “...ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанд захиалагч “С” сургууль буруутай болохыг “Б” ХХК-ийн зүгээс баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан шаардах эрхийн хүрээнд “С” сургуулиас 836,444,427 төгрөгийг гаргуулах боломжгүй. Түүнчлэн, талууд 2013 оны 12 сард 2 удаа уулзалт хийж, тооцоо нийлсэн гэсэн байх тул ажлын хөлсийг захиалагч дутуу төлсөн, захиалагч “С” сургуулийн буруугаас гэрээ цуцлагдаж, ажил гүйцэтгэгчид бодит хохирол учирсан, гэрээгээр тохироогүй нэмэлт ажлыг захиалагч хийлгэсэн гэж үзэхэд эргэлзээтэй” гэсэн дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
14.Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талууд ажил гүйцэтгэх гэрээг ердийн журмаар цуцалсан гэж дүгнэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, мөн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлах талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой” гэж үзжээ.
14.1.Нэхэмжлэгч “С” сургууль нь 2013.10.12-ны өдрийг хүртэл гэрээт ажлыг актаар хүлээн авсан атлаа 2013.09.20-ны өдрөөс хойш санхүүжилт олгоогүй шалтгаанаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул “С” сургуулийг ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. “Б” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг захиалагчид актаар хүлээлгэн өгч, санхүүжилт хүссэн нэхэмжлэхийг тухай бүр захиалагчид хүргүүлж байсан нь тогтоогдсон. “Б” ХХК нь “С” сургуульд 2013.10.15-ны өдөр “... гэрээний ажлын үе шатны санхүүжилт 2013.09.20-ны өдрөөс хойш хийгдээгүй бөгөөд 2013.10.04-ний өдрийн нэхэмжлэхийг 5 хоногийн дотор шийдвэрлэж өгнө үү” гэх албан бичгийг, 2013.10.21-ний өдөр гэрээт ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан боловч 2013.09.20-ны өдрөөс хойш санхүүжилт олгогдоогүйгээс гадна, захиалагч нь манай компанийг цааш ажиллуулахгүй гэж мэдэгдэн, ажлын талбайгаас хөөсөн, иймд гэрээний 10.2-т заасны дагуу гэрээ цуцлах болсныг мэдэгдье, 5 хоногийн дотор комисс гарган тооцоо нийлж, хохиролгүй болгож өгнө үү” гэх албан бичгийг тус тус хүргүүлжээ. Мөн “Б” ХХК нь гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлснээс 4 хоногийн дараа “С” сургуульд “... барилга угсралтын гэрээг цуцалсантай холбоотойгоор барилга хүлээн авах комисс томилж, тооцоо нийлнэ үү” гэх албан бичгийг дахин хүргүүлсэн, эдгээр албан бичгүүдийг нэхэмжлэгч хүлээн авсан байна” гэж үзээд нэхэмжлэгч “С” сургууль нь гэрээт ажлыг актаар хүлээн авсан боловч хууль буюу гэрээнд зааснаар санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасантай холбоотойгоор хариуцагч “Б” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдахад хариуцагч “Б” ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй, харин нэхэмжлэгч ”С” сургууль гэрээнд зааснаар санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан гэж үзсэн байна.
14.2.”С” сургууль нь 2013.09.20-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлж санхүүжилт хийх талаар ямар нэгэн үр дүн гаргаагүй, гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа буюу “Х” ХХК-тай “Аюулгүй байдлыг хангах гэрээ”, 2013.11.17-ны өдөр “Г” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн нь хариуцагч “Б” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, санхүүжилттэй холбоотойгоор үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзжээ.
14.3.Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 10.2-т захиалагчийн буруугаас гэрээг цуцлах талаар заасан агуулгыг үзвэл захиалагч буюу “С” сургууль 5 ба түүнээс дээш удаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдлийг гүйцэтгэгч буюу “Б ” ХХК-аас өгөх, ингэхдээ хугацааг 7, 14, 21 хоногийн давтамжтай буюу хэт урт, тодорхой бус тогтоосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах ерөнхий зарчимд нийцээгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч гэрээний агуулга хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх шаардлага тавигддаг. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 07 сарын хугацаатай байх бөгөөд захиалагч “С” сургууль нь 5 ба түүнээс дээш удаа төлбөрөө төлөөгүй тохиолдол нь хэдий хугацааг хамрах нь тодорхой бус, улмаар гэрээ цуцлах мэдэгдэл өгөх хугацааг дахин нэмэлтээр тогтоосон нь хуульд нийцээгүй байх тул талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 10.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй тул “Б” ХХК нь гэрээг цуцлахдаа гэрээний 10.2-т заасан журмыг баримтлаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, гомдлыг үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн байна.
14.4.Гэрээ цуцлагдахад хариуцагч “Б” ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй байх тул үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, мөн талууд анхнаасаа барилгын ажлын төсөвгүй, гүйцэтгэх ажлын нэгж үнийг гэрээгээр тохиролцоогүй байх тул хариуцагчаас дотор заслын ажлын зардал 43,184,644 төгрөг, аваарын шат хийлгэсэн зардал 46,000,000 төгрөг, өргөтгөлийн хаалганы зардал 36,711,520 төгрөг, өргөтгөлийн цонхны төлбөр 16,340,556 төгрөг, илүү төлсөн арматур төмрийн үнэ 167,225,00 төгрөг, техникийн давхрын ажлын зардал 1,401,628 төгрөг гаргуулах үндэслэлгүй. Түүнчлэн фасадын материалын зөрүү 23,083,850 төгрөг, дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг, цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг, усны төлбөр 3,732,861 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд 2013 оны 12 сард хоёр удаа уулзалт хийхдээ фасад, дээврийн ажлын хөлсийг тооцож, нэхэмжлэгч “С” сургууль нь хариуцагч “Б” ХХК-д төлөх ажлын хөлснөөс 6,7,8,9 сарын ус, цахилгааны төлбөрийг хасаж тооцсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь дээрх 4 төрлийн төлбөрийг хариуцагчаас дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад давж заалдах шатны шүүх шинжээч Үйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 112,039,253 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.
15.Хариуцагч нарын нэхэмжлэгч “С” сургуулиас нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн байна.
15.1.Нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөг гаргуулах шаардлагын тухайд “Б” ХХК нь нэмэлт ажил гүйцэтгэх болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч “С” сургуульд мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн шинжээчийн дүгнэлтүүдэд нэмэлт ажлын талаар тусгагдсан байх боловч давж заалдах шатны шүүхээс тус дүгнэлтүүдэд үндэслэн аливаа төлбөр гаргуулах боломжгүй гэжээ. “Б” ХХК нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 7,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч “энэ нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор гарах зайлшгүй зардалд хамаардаггүй болно” гэсэн үндэслэл заажээ. Түүнчлэн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 10 сард цуцлагдаж, хариуцагч “Б” ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, улсын комисс болон захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул Улсын комиссын барьцаа төлбөр 63,105,672 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Мөн зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаа нь гэрээ цуцлагдсан 2013 оны 10 сараас хойш огноотой байхаас гадна хариуцагч нь зээлийн гэрээнүүдэд тусгагдсан мөнгөн хөрөнгийг хүлээн авч, “С” сургуультай байгуулсан гэрээт ажилд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул бусдаас авсан зээлийн хүү буюу хохирол 761,379,855 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтүүдийг хийжээ.
15.2.“Шинжээчийн төлбөр 3,870,000 төгрөг, нотариатын зардал 1,088,900 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК нь дээрх төлбөрүүдийг нэхэмжлэгч “С” сургуулиас шаардах эрхтэй” гэжээ. Түүнчлэн ажлын хөлс, материалын зардал 451,120,693 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь уг шаардлагын үндэслэлээ нэмэлт ажилтай нийлээд нийт 1,820,840,171 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, нэхэмжлэгч “С” сургууль нь ажлын хөлсөнд 1,199,007,774 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч “Б” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч “С” сургуулиас шаардах эрхтэй тул санхүүжилт зогссон 2013.09.20-ны өдрөөс ажил хүлээлцэх мэдэгдэл өгсөн 2013.10.25-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан зардал болох нийт 172,462,257 төгрөгийг нэхэмжлэгч “С” сургуулиас гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “СБД II хороо “С” сургуулийн өргөтгөлийн барилга 2013 оны 10 дугаар сарын зарлагын баримт” нэртэй хавтас бүхий баримтыг үндэслэл болгож, ...гурван төрлийн баримт баримтаас “Б” ХХК-ийн өөрийн үйлдсэн санхүүгийн баримтуудыг эргэлзээтэй гэж үзэхээр байх тул банкны шилжүүлгийн баримт болон гуравдагч компаниас бараа материал худалдан авсан зарлагын баримт зэргийг үндэслэл болгосон гэжээ.
15.3.Давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлээс шинжээчийн ажлын хөлс 3,870,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1,088,900 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 172,462,257 төгрөг, бүгд 177,421,157 төгрөгийг нэхэмжлэгч “С” сургуулиас гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан байна.
16.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад хууль хэрэглээний өөр өөр дүгнэлт хийж, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ялгаатай шийдвэрлэсэн байх бөгөөд зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
17.Талууд 2013.06.06-ны өдөр 1,560,000 ам.долларын үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Б” ХХК нь “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг технологийн дагуу, чанартай гүйцэтгэн, 2014.01.15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “С” сургууль нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн гэж зөв дүгнэсэн байна.
18.Ажил гүйцэтгэх гэрээний 2-т гэрээний нийт үнэ /НӨАТ орсон/ 1,560,000 ам.доллар гэсэн боловч талууд материалын нэр төрөл, ажлын нэгж үнийг тодорхойлоогүй, ажлын хуваарь, гүйцэтгэлийн төлөвлөгөөг гэрээгээр тохиролцоогүй, мөн ажлын төсөв зохиохгүйгээр зөвхөн ажил хүлээлгэн өгөх, авах эцсийн хугацааг тодорхойлж ажлыг эхлүүлсэн үйл баримт тогтоогджээ.
19.Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тухай болон хариуцагч тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй, улмаар нэхэмжлэгч талаас уг ажлыг хүлээж авч ашигласан үйл баримт тогтоогдсон байна. Талуудын хэн аль нөгөө талын үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцалсан гэж маргасан, түүнчлэн гүйцэтгэсэн ажлын үнэлгээ буюу хэмжээ, гэрээ цуцалснаас хохирол учирсан эсэх нь мөн маргааны гол зүйл болжээ.
20.Анхан шатны шүүх зохигчийн аль аль нь гэрээ цуцлахад буруутай гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг аль алиныг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх гэрээ цуцлагдахад нэхэмжлэгч тал буруутай гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан байна.
21.Нэхэмжлэгч “С” сургуулийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв ба “...захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан байх ба хожим 2 удаа ажил гүйцэтгэгчтэй уулзахдаа хохирол төлбөрийн талаар яриагүй байна. Иймд гэрээгээр тохирсон ажлын чанарын болон тоо хэмжээний доголдлыг арилгахад гарсан зардал, гэрээг цуцалснаас учирсан хохирол, илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт нийт 596,937,740 төгрөг шаардсан “С” сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзлээ.
22.Давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...гэрээ цуцалсан явдалд нэхэмжлэгч талыг буруутай” гэх агуулгаар дүгнэснийг /Тогтоолын 14.1./ хяналтын шатны шүүхээс үгүйсгэх, буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
23.Сөрөг нэхэмжлэлээс 172,462,257 төгрөгийг хангах үндэслэлээ “...2013 оны 9 сараас хойших хугацаанд хийсэн ажлын тоо, хэмжээг хариуцагч тал баримтаар нотолсон, нэхэмжлэгч энэ ажлын зардлыг буюу хөлсийг төлөөгүй” /Тогтоолын 15.2/ гэсэн агуулгатай дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүхээс өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт байгаа баримтыг харьцуулан үзэхэд талууд гэрээг байгуулахдаа ажлыг багцаар нь үнэлэн үнэлгээ тогтоосон боловч үе шат бүрийн гүйцэтгэл буюу төсвийг тодорхой тохироогүй, гэрээнд тухайлан заагаагүй байна.
24.Хэрэгт “Ю” ХХК-ийн 2015.01.21-ний өдрийн №04 шинжээчийн дүгнэлт, хөндлөнгийн шинжээч Үйн дүгнэлт /III-xx-17-31/, Шинжээч П, А, Э нарын 2019.05.31-ний өдрийн дүгнэлт /VI-xx-15-62/ тус тус авагдсан ба шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр хариуцагчийн хийсэн ажлын нийт тоо хэмжээ, хувийг тогтоох боломжтой байх бөгөөд энэ тухайд талууд маргасан гэж үзэхээргүй байна. Харин гүйцэтгэлийн үнийн дүнг өөр өөрөөр гаргасан тул зохигч энэ тухайд маргаантай байна.
25.Ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийг 1,560,000 доллароор тохирч, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан, хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд “... ажил гүйцэтгэх гэрээний дагуу 3 давхар барилгын төсөв нь 2016 м.кв нь 600 ам.доллар буюу 1,802,304,000 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил хийсэн. “С” сургууль 1,199,800,574 төгрөгийг өгсөн” гэж /IX-xx-15 дахь талын ар/, түүнчлэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд “гэрээт ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг гаргасан байна.
26.Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг харьцуулахад 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэд зааснаар “...дугаарлаж бичсэн ажлын гүйцэтгэлийн биелэлтийн хувийг зохигч талууд өөрсдөө тооцсон” гэсэн байна.
27.Дээрх тооцооллын хүснэгтээс харахад “...газар шорооны ажил 100 хувь, суурийн ажил 100 хувь, дотор заслын ажил 60 хувь, цонхны ажил 65 хувь, дотор холбоо дохиоллын ажил 50 хувь, шалны цутгалт 100 хувь ...” гэх мэтээр нийт 15 төрлийн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг гаргасан байна. Үүнийг хариуцагчийн гэрээт ажлаас 80 хувийг гүйцэтгэсэн гэх тайлбартай харьцуулан үзвэл хариуцагч “Б” ХХК нь гэрээт ажлын 65 хувийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
28.Иймээс талуудын гэрээгээр тохирсон ажил нийт 1,802,304,000 төгрөг байх бөгөөд түүний гүйцэтгэлийг 65 хувиар тооцоход ажил гүйцэтгэгч тал нь 1,171,497,600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, хариуцагч компанийг нэмэлт ажлыг хийсэн гэж үзэх баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас энэ тухайд няцаасан баримтыг гаргаагүй, шинжээчид нэмэлт ажлыг хийсэн гэж дүгнэсэн боловч хэмжээ нь өөр өөр байх тул сөрөг нэхэмжлэлд заасан хэмжээгээр нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөгийг захиалагчаас гаргуулах нь зөв гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, нийт гүйцэтгэх ёстой байсан ажлыг хариуцагчийн хийсэн ажлын хэмжээтэй харьцуулбал 1,341,217,076 төгрөгийн ажлыг хийсэн гэж үзэх бөгөөд энэ нь үндсэн болон нэмэлт ажлын нийлбэр дүн болно.
29.Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний дагуу төлсөн нийт төлбөр нь 1,199,476,000 төгрөг байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар үлдэх 141,741,076 төгрөгийг төлөх үүрэг “С” сургуульд үүснэ. Мөн хариуцагч улсын комиссын барьцаа төлбөр буюу барьцааны 5 хувь болох 63,105,672 төгрөг нэхэмжилснээс 59,974,800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй буюу гэрээний зүйл болсон барилгыг улсын комисс хүлээж авсан үйл баримт тогтоогдсон ба хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээгээр энэ мөнгийг захиалагч төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн буруугаас үүдсэн хохирол гэж өмгөөлөгчийн хөлс 7,000,000 төгрөгийг хангах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д нийцнэ.
30.Иймээс нэхэмжлэгч “С” сургуулиас нийт 208,715,876 төгрөгийг гаргуулж, хариуцагч талд олгож, сөрөг нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01100 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “С” сургуулиас 208,715,876 төгрөг гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,248,568,722 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,300,589 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 814,073 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” сургуулиас 1,201,529 төгрөг гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгож, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 6,969,930 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 6,557,270 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 4,187,695 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД