Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч Б.Нямдорж,

Шүүгдэгч С.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сумьяагийн Баттулгад холбогдох эрүүгийн 201722000164 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өөлд Сумьяагийн Баттулга, 1965 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 54-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РД65052113 дугаартай,

Шүүгдэгч С.Баттулга нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.Нямдоржийн эрүүг хутгаар зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Баттулга нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 54-17 тоот өөрийн гэртээ Б.Нямдоржтой маргалдаж, түүний эрүүг хутгаар зүсч бие махбодид нь эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.Баттулгын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 08-р сард би дүү Б.Нямдоржоос Мустанг маркийн мотоциклийг нь хөдөө явна гэж гуйж авсан юм. Тэгээд мотоциклийг Улаан-Уул сумын харьяат Эрдэнээ гэх залууд өгч явуулсан чинь Эрдэнээ мотоциклийг нь унагаагаад эвдээд хаячихсан байсан. Тэгэхээр нь Нямдоржид хүнд өгөөд явуулсан чинь эвдэлчихсэн байна гэж хэлэхэд би эвдэрчихсэн мотоцикль авахгүй мөнгийг нь олж өгөөрэй гэсэн. Тухайн үед хэдэн төгрөг гэдгээ тохиролцоогүй байсан. Тэгээд би Эрдэнээг мөнгийг нь өгөөд мотоциклио өөрөө ав би хүнд нь мөнгийг нь өгнө гэж хэлэхэд Эрдэнээ надад 150.000 төгрөг өгчихөөд бусдыг нь нэхэхээр нь олж өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш Эрдэнээтэй одоо хүртэл уулзаагүй. Надад олдохгүй байгаа юм. Би Эрдэнээгээс авсан мөнгөн дээрээ самар жимсэнд явж мөнгө олоод Нямдоржид мотоциклийн оронд 400.000 төгрөг өгье гэхэд Б.Нямдорж 1.000.000 төгрөг өг гэхээр нь би өгч чадахгүй, явах газраараа яваад аваарай гэж хэлсэн юм. Түүнээс хойш Нямдорж надтай огт уулзаагүй байж байгаад 2017.03.13-ны өдөр айл цай уулгаад гэртээ байж байтал гаднаас Нямдорж согтуу Гончигоо гэх залуутай гэрт орж ирэхээр нь би Нямдоржийг гадаа гаргаж уулзаад ах нь мөнгийг нь 2017.03.15-ны орчим өгье хүүхэд гадаадаас мөнгө өгч явуулна гэсэн гээд салсан юм. Тэгээд 2017.03.15-ны үдээс хойш гэртээ унтаж байсан чинь эхнэр дуудаад сэрээхээр нь босоод хартал Цэдэндамба, Нямдорж хоёр ирчихсэн сууж байсан. Тэгснээ Нямдорж би мөнгөө авмаар байна гэхээр нь би хүүхэдтэйгээ утсаар ярьж чадаагүй байна гэхэд Цэдэндамба эгч би чиний хүүхдийг хоолонд нь хүргэж өгсөн, чи муу ингэж болохгүй, цагдаагийн газар руу хамт явна гэхээр нь би за тэгье гээд хувцсаа өмсөөд цагдаагийн газар руу явах гээд гэрийн гадна гартал Нямдорж би танай гэрийг чинь шатаана гэхээр нь би эргэж гэртээ ороод утсаа аваад гарах гэтэл шургуулганы хажууд хутга харагдахаар нь аваад айлгах санаатай гартал Цэдэндамба Нямдоржийг аваад хашааны хаалган дээр очиж байхаар нь араас нь очоод Нямдоржийн мөрнөөс татаад хутгаа далайтал Нямдорж надтай барьцалдаж аваад гараараа хутгыг дээш нь саваад эрүүгээ зүсчихсэн юм. Тэгээд тэр хоёр гэрт ороод эхнэрийн утсаар цагдаа дуудна гэхээр нь би зугтаагаад явчихсан юм...гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Нямдоржийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 06-р сард би 13-р багт айлын хашаанд мотоциклио тавиад ажил хийж байсан юм. Гэтэл Баттулга намайг байхгүйд гэрт очоод эхнэрт нь энэ манай дүүгийн мотоцикль байна, би хөдөө явж ямаа дөхүүлчихээд аваад ирье гэж хэлээд мотоциклийг аваад явсан байсан. Би араас нь очоод Баттулга ахаа мотоциклио авъя гэтэл ах нь хөдөө явж ямаа авч ирчихээд өгье гэж хэлэхээр нь би за өгчих байх гэж бодоод явсан. Тэгээд би Галт сум руу явж 1 сар орчим болчихоод Мөрөнд ирээд Баттулгатай уулзах гэсэн чинь гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би хот руу барилгын ажилтай болоод явчихаад 2016 оны 11-р сард ирсэн юм. Тэгээд Баттулгатай уулзахад чиний мотоциклийг хүн унагаагаад сэг болчихсон ах нь мөнгийг нь төлж барагдуулна гэсэн. Тэгээд 2017.03.13-ны өдөр С.Баттулгын гэрт очиход хүмүүс цай уулгаж байхаар нь Баттулгаас мөнгөө нэхэхэд 2 хоногийн дараа хүрээд ир 400.000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд явсан. Тэгээд 2017.03.15-ны өдөр эгч Цэдэндамбын хамт Баттулгын гэрт очсон. Бид хоёрыг гэрт ороход Баттулга орондоо унтаж байсан. Тэгснээ сэрээд босохоор нь эгч Цэдэндамба би танай хүүхдийг хоолонд нь хүргэж байхад чи манай дүүгийн мотоциклийг алга болгоод байхдаа яадаг юм гэсэн чинь тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь Цэдэндамба эгч цагдаа дуудлага өгнө гэтэл Баттулга босч ирснээ миний цээж рүү өшиглөхөөр нь би Баттулгатай барьцалдаж авсан. Намайг цохихоор нь би Баттулгын дээр нь дарж унасан. Цэдэндамба эгч чи хүн цохиж болохгүй шүү гэхээр нь за гээд би гадаа гарсан. Гэрээс гараад явж байтал Баттулга миний араас гараа атгачихсан хүрээд ирэхээр нь бид хоёр барьцалдаж аваад байж байтал Цэдэндамба эгч наадахын чинь гарт нь хутга байна гэхээр нь хартал Баттулга хутгаараа миний эрүүг зүсчихсэн. Тэгээд Цэдэндамба эгч цагдаагийн газар руу дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Г.Цэдэндамбын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017.03.15-ны өдрийн 15 цагийн орчимд би дүү Б.Нямдоржийн хамт Мөрөн сумын 13-54-17 тоотод Баттулгын гэрт очсон юм. Бид хоёр Баттулгаас мотоциклийн мөнгө авах гэж очсон. Баттулга өөрөө манай дүү Нямдоржид 400.000 төгрөг ирж ав гэж хэлсэн байсан. Бид хоёрыг гэрт ороход Баттулга гэртээ унтаж байсан. Тэгснээ хөнжлөө сөхөөд сэрээд над руу харсан. Тэгэхээр нь би Баттулгад чи манай дүүг дуудсан байна. Мотоцикль нь хаана байна, мөнгийг нь авахгүй чи хэд хоногийн өмнө надтай уулзаад мотоцикль нь байгаа гэж хэлж байсан, мотоциклийг нь авъя гэтэл Баттулга тэр мотоцикль нь одоо сэг болчихсон, би Нямдоржид 400.000 төгрөг өгнө гэж тохирсон гэхээр нь миний дургүй хүрээд би чиний охиныг хоолонд нь хүргэж өгсөн. Төрийн сангийн зээлээр сургаж тус болж байхад чи миний ядарч яваа дүүгийн эд хөрөнгийг авч алга хийдэг хэн юм гэж хэлэхэд Баттулга уурлаад орноосоо босож ирээд Нямдоржийн аав, ээж ирээгүй байхад та юу юм, та бос гар гэж хөөсөн. Баттулга босч ирээд хувцсаа өмсөөд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь цагдаа дуудлаа гээд цагдаа руу залгаад дуудлага өгөх гэтэл Баттулга Нямдоржийн алцаа руу нь өшиглөсөн. Тэгсэн чинь Баттулга, Нямдорж хоёр хоорондоо ноцолдсон, эхнэр нь гараад явсан. Тэр хоёр барилцаж аваад маргалдаад байсан. Тэгэхээр нь Нямдоржийг аваад гадаа гарсан. Би Нямдоржийг аваад хашаанаас гарах гээд явж байтал Баттулга гартаа хар өнгийн иштэй балиус хутга барчихсан явж байхаар нь наадах чинь хутгатай байна, Нямдоржоо гэж хэлсэн чинь Нямдорж, Баттулга хоёр татаж чангаалцаад байснаа Баттулга хутгаад далайж байснаа нэг мэдсэн чинь Нямдоржийг эрүүнээс цус гоожчихсон. Бид хоёр Баттулгын хашаанаас гараад Нямдоржийн ах Лхамсүрэнг болон цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Д.Тэрбишийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017.03.15-ны өдрийн 15 цагийн орчимд гэртээ байж байтал гаднаас Нямдорж орж ирээд Баттулга ахтай уулзана гэхээр нь би Баттулга унтаж байна, битгий сэрээгээрэй гэхэд Нямдорж миний утсыг аваад хүнтэй утсаар яриад байсан. Баттулга сэрээд орноос босоход  Цэдэндамба би чиний хүүхдийг сургуульд сургаж хоолонд нь хүргэж өгсөн. Чи намайг тэглээ гэж миний дүүгийн эд хөрөнгийг авч  байгаа юм уу гээд Баттулга тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Цэдэндамба би цагдаа дуудна, гурвуулаа цагдаа дээр очно гэсэн чинь Баттулга босч ирээд Нямдорж тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад байхаар нь би гэрээс гараад явсан. Гадаа гараад байж байтал Нямдорж, Баттулга нар гэрээс гарч ирээд хоорондоо маргалдаад байснаа Нямдорж нохойны сав барьж аваад Баттулгыг цохих шиг болсон. Баттулгын завжнаас нь цус гарчихсан байсан. Тэгсэн чинь Цэдэндамба чи энэ нөхрөө ав гээд байсан. Нэг харсан чинь Нямдоржийн эрүүнээс цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Нямдоржийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Нямдоржийн биед зүүн эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.

5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Баттулга нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол 200.000 төгрөгийг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон С.Баттулгад өгсөн гэх мотоциклийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай, ажлын хэсэг нь 13 см урттай, 2.5 см өргөнтэй, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд Сумьяагийн Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Сумьяагийн Баттулгад 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай, ажлын хэсэг нь 13 см урттай, 2.5 см өргөнтэй, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон С.Баттулгад өгсөн гэх мотоциклийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баттулгад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМСҮРЭН