Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/03839

 

 

 

 

 

 

2021 11 24

101/ШШ2021/03839

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайзын 23а гудамж, 62а тоотод оршин суух, Хатгин овогт Баяраагийн ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайзын 23а гудамж, 76 тоотод оршин суух, Мэргэд овогт Ганбаатарын******* /рд:/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.Гантогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* миний бие нь*******той анх 2009 онд танилцан дотносож хамтран амьдарч улмаар 2010 онд бид хоёр дундаасаа охин Анужинг төрүүлсэн юм. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж батлуулаагүй байсан юм. Хамтран амьдрагч******* маань архис согтууруулах ундаа байнга хэрэглэж ажил төрөл хийхгүй, улмаар зан ааш нь эвдэрч намайг хэл амаар доромжлон энэ байдал нь улам хүндэрч надад гар хүрч цохиж зодох зэргээр хамт амьдрах боломжгүй болж надад аюултай нөхцөл байдал үүссэн учраас арга буюу 2013 оноос хойш бид хоёр тус тусдаа амьдрах болсон юм. Охин Анужин одоо 11 настай, сургуульд сурдаг, 2013 оноос хойш миний асрамжинд өсч торнисон.******* нь тусдаа амьдарснаас хойш охиноо асран хамгаалж тэжээн тэтгэх үүргээсээ зугатаж явсаар өдий хугацаанд хүрсэн. Энэ талаар огт тоохгүй байна.

Иймд охин Анужинд төрсөн эцэг*******гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдрах болоод олон жил өнгөрсөн бөгөөд охины эхийн зүгээс хүүхдээ надруу болон манай аав, ээжтэй уулзуулдаггүй болно. Охины өвөө, эмээгийн зүгээс ядаж зундаа охиныг маань өөрсдөн дээрээ авч амраах ихээхэн сонирхолтой байдаг боловч өнөөдрийг хүртэл охин маань голдуу эхийн талын өвөө, эмээ дээрээ Дорнод аймагт байдаг болно.

Өнгөрсөн хугацаанд миний бие охиндоо хичээлийн шинэ жил эхлэх болон төрсөн өдрүүдэд өөрт байх боломжоор мөнгө явуулдаг байсан бөгөөд нэхэмжлэлд огт өгдөггүй байсан хэмээн худал тайлбар хийсэн байна.

Иймд миний зүгээс охиныхоо ирээдүйд илүү хэрэгтэй байх хэмээн үзэж эхийн асрамжид үлдээх, сар бүр хуульд заасн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.Гантогоод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   

Б.*******, Г.Гантогоо нар нь 2009 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарсан байх ба тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Анужин төрсөн. Хүүхэд эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, Өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Охин Г.Анужингийн төрсний гэрчилгээнд эцэг Г.Гантогоогоор бүртгэгдсэн байх ба хариуцагч нь уг үйл баримтад маргаагүй, охин Г.Анужинг өөрийн төрсөн охин мөн талаар тайлбарласан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж,

38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Г.Гантогоогоос охин Г.Анужинг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байх ба уг шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Мэргэд овогт*******гийн Анужинд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Гантогоогоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Гантогоо нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Гантогоогоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид тооцон 60,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ