Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/03136

 

 

 

 

 

2021 10 13

101/ШШ2021/03136

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10-70 тоотод оршин суух, Овоо овогт Очирбатын ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 24-47 тоотод оршин суух, Ихэр овогт Гончигийн******* /рд:/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 23,467,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г.Даваахүүгээс 2011 онд үйлдвэрлэсэн Subaru Forester маркын автомашиныг /265,500 км гүйлттэй/ бэлэн мөнгөөр 22,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Г.Даваахүү надад машинаа худалдахдаа хөдөлгүүрт асуудал байхгүй, сайн мотортой гэж худалдсан ч бодит байдал дээр масло их иддэг мотор муутай машин байна. Иргэн Г.Даваахүүтэй 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сансрын ШТС ард Дарь-Эх орчимд уулзаж машиныг нь үзэхэд хянах санбар дээр нь нэг шар гэрэл ассан байсан тэр ямар учиртай гэрэл асаад байгааг асуухад урд нэмэлт гэрлийн өрөөсөн нь асахгүй байсан тэрнийх байх тэрийг нь солиулчвал зүгээр болно гэсэн. Үнэхээр ч зүүн урд талын нэмэлтийн гэрэл болон подварын гэрэл асахгүй байсан болохоор нь би ламп нь шатсан болохоор асаад байгаа юм байлгүй асахгүй байгаа гэрлийн лампнуудыг нь солиод тавьчихаар зүгээр болчих юм байна гэж итгэсэн. Дараа нь машины копудыг сөхөж үзэхэд мотор дээгүүр ямар нэгэн тосорхуу зүйл цацарч асгарсан байсан. Юу асгарсан юм бэ гэж намайг асуухад Г.Даваахүү цоройлгож ачаад шил арчигчийн шингэний савнаас шингэн гоожсон байна лээ, орж ирсэн машин ямар ч асуудалгүй, сая сайн машин мэддэг хүн дээр очиж үзүүлээд ирлээ нэг сэвчээний толгой жижигхэн хагарсан байна тэрийг яваана даа солиулчвал өөр асуудалгүй, одоо мотороо угаалгаад асаагаад үз өөр энэ тэндээсээ тос гарч байгаа юм байхгүй гэсэн. Моторын тосны түвшин хэмжигчийг /шуп/ сугалж үзэхэд тос нь их дундхан бас өтгөрч харласан байсан. Г.Даваахүү тос солиогүй байгаа моторын тосоо солиулаад зүгээр гэсэн. Тэгээд хамт сансарт байх авто угаалгын газар очиж моторыг нь усаар шүршиж угаалгасан. Би гол нь мотор асуудалгүй бол наймаа хийе, та дүү хүүгээ хуурахгүй биз дээ, харахад гайгүй л хүн шиг харагдах юм гэхэд Г.Даваахүү юу гэж дээ би шатрын холбооны гүйцэтгэх захиралаар ажилладаг, миний эгч дүү гурван охин шатрын дэлхийн аварга гэж охидуудынхаа нэрийг хэлсэн. Би энэ үгэнд нь итгэж дохитой томоотой хүн шиг байна, арай муу юм аа сайн гэж зарахгүй байлгүй гээд машиныг нь худалдаж авахаар болсон. Тэгээд орж ирсэн машин нэр шилжүүлэхэд заавал оношилгоонд орсон байхыг шаарддаг гээд Хөсөг трейд орж оношилгоонд оруулахад оношилгооны хүн нь ковидоос сэргийлж зөвхөн нэг хүн буюу эзэн нь ор гээд намайг оруулаагүй. Г.Даваахүү машиныг оношилгооноос гаргаж ирээд зүгээр тэнхлэг тохиргоо тааруулмаар юм байна гэсэн. Би оношилгоонд нь өөрийн биеэр байлцаж чадаагүй болохоор өөрөө төлбөрөө төлөөд оношлуулж үзье гээд Доктор авто сүлжээний яармаг дахь салбар дээр очиход манай энэ салбарт мотор оношлохгүй зөвхөн явах эд ангийн оношлогоо хийдэг гэсний дагуу явах эд ангийг нь оношлуулсан. Гарны тулк, хойд даравч резин, накалад солих хэрэгтэй юм байна гэсэн. Ингээд орой болж ажлын цаг тарсан байсан тул маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г.Даваахүүтэй хамт Авто тээвийн үндэсний төв ороход Г.Даваахүү АТҮТ-ийн нэг ажилтан дээр очоод нэг хүний нэр хэлээд тэрний найз нь байна, чамд хэлсэн үү. Энэ машины гаалийн нэг баримтынх нь эх хувь байхгүй байгаа юм. Бичиг баримтыг нь энэ хүний нэр дээр шийлжүүлээд өгчих гэсэн. Тэгэхэд тэр АТҮТ-ийн ажилтан Г.Даваахүү энэ бичгийн эх хувийг нь авчирж өгөх хүртэл та авсан машинаа гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүй тухай тайлбарлаж, Г.Даваахүүгээр хүсэлт бичүүлж авсны дараа миний нэр дээр болгож өгч байсан. Ингээд Subaru Forester маркын /56-83 УАР/ автомашиныг миний нэр дээр шилжүүлэн өгч, Би Г.Даваахүүгийн Хаан банкны 5024591589 тоот данс руу 22,500,000 төгрөгийг шийлжүүлж өгсөн. Орж ирсэн машин гэж байж улсын дугаар авахад хил гаалийн бичиг баримт нь дутуу танил талаараа дамжуулж байж надад шилжүүлж өгсөн машин нь одоо масло идээд байгаагаас харахад үнэхээр орж ирсэн машин байсан гэхэд эргэлзээтэй байна. Би мөн өдөртөө 4 ширхэг шинэвтэр дугуй 250,000 төгрөгөөр авч тавиад унахгүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонсголонд байрлах Lux Oil Auto Center дээр очиж моторын тос солиулж тосны түвшингийн хамгийн дээд зурааст нь хүргэсэн. Үүний дараа урд нэмэлт гэрлийн ламп, подварын лампыг сольж асдаг болгосон. Гэвч хянах сабар дээр асч байсан шар гэрэл унтраагүй. Мөн моторын тос солиулснаас хойш нэг их унаагүй байж байтал 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр УОК-с хөл хорьсон тул автомашин унах боломж байгаагүй. 2021 оны 02 сарын 23-наас хойш хот дотор ойр зуур унасан. Өглөө бүр машинаа асаахаасаа өмнө моторын тосны шупийг татаж тосны түвшинг шалгаж үзэж байхад моторын тос маш хурдан дундарж байгаа нь ажиглагдаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр моторын тосны түвшин талаасаа доогуур очсон байсан тул Иргэн Г.Даваахүүтэй утсаар холбогдож энэ тухай мэдэгдсэн. Гэрээ цуцалъя, та надад масло их иддэг мотор муутай машин худалдсан байна гэдгийг нь хэлсэн. Тэр зөвшөөрөөгүй. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр моторын масло шупний хамгийн доод түвшинд хүрсэн тул 1 литр масло нэмж хэвийн түвшинд хүргэсэн. Анх машин худалдаж авсаны маргааш буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр моторын тос солиулахад км-ийн заалт 265,500 байсан бол 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тос нэмэх үед 266,380 км явсан байв. Энэ нь анх моторын тос солиулснаас хойш 46 хоногийн дараа 1000 км хүрэхгүй яваад моторын тос нь илт багасч, шуп буюу тос хэмжигчийн хамгийн доод түвшинд очиж тос нэмэх шаардлага үүссэн. Үүнээс харахад capын хугацаанд 950 км орчим яваад тос нь илт багасч нэмэх шаардлага үүсч байна гэдэг нь яах аргагүй мотор муудсаныг харуулж байна. Ердийн нөхцөлд хүн машиныхаа хөдөлгүүрийн тосыг хавар солиулснаас хойш өвлийн тос хийх хүртэл бараг тос нэмдэггүй, хөдөө гадаа олон мянган км явсан тохиолдолд бага зэрэг тос нэмнүү гэхээс ийм богино хугацаанд нэмүүлдэггүй. Би өмнө нь мөн үүнтэй ижил загварын автомашин унаж байсан ба тэгэхэд хавар тос солиулснаас хойш 6000-7000 км явсны дараа тос нь бага зэрэг дундарч литр хүрэхгүй тос нэмж байсан. Субару засварын газруудтай холбогдож масло идээд байгаа моторыг засч болох эсэхийг асуухад 2011 оны форестер фб20, 25 гэсэн гинжтэй хөдөлгүүртэй байдаг бөгөөд засч болдоггүй, задлаад засал авахгүй гэсэн. Subaru service-ийн засварчин орж ирсэн мотор сольж тавьж болно, мотор нь 5,000,000 төгрөг, тавих ажпын хөлс нь 200,000 төгрөг гэсэн. Гэвч хууртагдаж хөдөлгүүр муутай машинд хамаг мөнгөө өгсөн учир одоо надад дахин 5,000,000 гаруй төгрөгөөр хөдөлгүүр солиулах боломж үнэхээр байхгүй байна. Би бөөрний архаг дутагдалаар олон жил шаналж байгаа гемодиализын эмчилгээнд тогтмол ордог хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Сүүлийн 2 жил тасралтгүй аппаратанд орж байгаа. Тогтмол хийлгэж байгаа гемодиализын эмчилгээнээс болоод асуудлыг тал бүрээс бодитой харж чадалгүй, хөдөлгүүр муутай, тос их иддэг машинаа сайн машин мэтээр ярьж байсан автомашины ченжийн үгэнд итгэж хохирсонд гомдолтой байна. Г.Даваахүүтэй асуудлаа эв зүйгээр шийдвэрлэхийг хичээж 2021 оны 03 сарын 18-ны өдөр утсаар дахин холбогдож нөхцөл байдлыг тайлбарлаж, та машинаа аваад миний өгсөн мөнгийг өгчих машинд чинь хийж сайжруулсан зүйлсийн үнийг авахгүй гэж гуйсан. Гэвч тэр зөвшөөрөөгүй, харин ч ...кольц, хуруувч резин солиулчихаач наадах чинь засч ядаад байх юу байсан юм гэж засварын газрын хүний утас өгсөн. Мөн моторондоо кольц, хуруувч резин, сальник бэхжүүлэгч шингэн хийчих гэж зөвлөсөн. Би хүнд өвчтэйн дээр бусдад хууртагдаж байсан мөнгөө хөдөлгүүр муутай машинаас өгч хохирсонд сэтгэл зүй маш хүнд байна.

Иргэн Г.Даваахүүтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд шилжүүлсэн 22,500,000 төгрөг, машиныг худалдан авсанаас хойш 4 ширхэг өвлийн дугуй 250,000 төгрөг, хойд даравч резин 50,000 төгрөг, урд хоёр накалад 55,000 төгрөг, нэмэлт гэрлийн ламп 15,000 төгрөг, подварын ламп 1000 төгрөг, шалавч 35,000 төгрөг, багажны шалавч 47,000 төгрөг, нийт 22,953,000 төгрөгийг түүнээс гаргуулан надад өгч, автомашиныг нь Г.Даваахүүгийн нэр дээр шилжүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж, масло тосны үнэ, оношлогооны төвийн ажлын хөлс нийт 514,535 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч Г.Даваахүүтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Г.Даваахүүгээс нийт 23,467,535 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн О.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зарын дагуу холбогдож, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад орж ирсэн Subaru forester маркийн автомашиныг ирж үзээд, худалдан авах санал тавьсан. Манай улсад орж ирсэн номероо аваагүй евро стандартын зөв рультэй Subaru forester автомашины зах зээлийн үнийн хувьд 25,000,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгийн хооронд худалдан борлогдож байгаа. Худалдан авагч О.*******д 25,000,000 төгрөгөөр худалдахаар санал болгосон худалдан авагч мөнгө төгрөгийн боломж муу, одоо байгаа мөнгө нь 22,500,000 төгрөг байгаа гэж гуйсаар байгаад худалдан авсан. Миний хувьд мөнгөний хэрэг их байсан учир маргаан бүхий тээврийн хэрэгслийг хямдруулан өгсөн. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг Авто тээврийн үндэсний төвийн харьяа тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо хийлгэж, мөн Доктор серверт автомашины үзлэг оношилгоо хийлгэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдан авч, тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Автомашиныг хүлээлгэн өгөх, хүлээн авахдаа автомашины зүүн урд талын нэмэлт гэрлийн ламп шатсан, хянах дээр ассан шар өнгөтэй мэдээллийн гэрэл гэх мэт эвдрэлийг зах зээлийн үнээс хямд зарсан учир өөрийн зардлаар засуулаад авна гэж тохирсон.

Худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах үед автомашины хөдөлгүүр нь доголдолтой байгаагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах гэж зүйлийнхээ мэдээллийг бүрэн өгсөн. Үүний дагуу худалдан авагч нь өөрөө үзэж, шалгаж байгаад худалдан авсан. Тухайн үед гэрээ хийгдээгүй, нэрийг нь шилжүүлж өгсөн. Форестор хэвийн ажиллагаатай, унахад доголдолгүй, гуравдагч оронд 222,000 км явсан байсан, цоо шинэ машин биш. Шинжээчийн дүгнэлт, оношилгооны баримтуудаас харахад мотор хэвийн гэх дүгнэлтийг анхны шинжээч гаргасан. Хөсөг трейд ХХК мөн мотор тэнцсэн гэдэг. Хорт бодис нь өндөр гэсэн болохоос мотор асуудалтай гэж дүгнээгүй. Моторт шаталт үүсээд гарсан бодисыг катализатор шүүдэг. Үүнээс шалтгаалж утааны исэл нь өндөр гэдгийг тодорхойлсон. Нэхэмжлэгч талаас гаргасан тодорхойлолт нь мөн үүнийг илэрхийлдэг. Моторын яг юу эвдэрсэн бэ. Масло идэж байна гэдгийг шинжээч хэлээгүй, нэхэмжлэгч л хэлдэг. Нэхэмжлэгч мотор нь чанарын шаардлага хангахгүй гэдгийг үндэслэлээ болгосон. Моторыг доголдолтой байна гэдгийг шинжээч нар тогтоогоогүй. Катализатороос болж доголдол үүссэн байж магадгүй гэж бодож байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй заасан. Өөрөөр хэлбэл катализаторын мэдрэгчийг солих юм бол асуудалгүй, моторын доголдолд хамааралгүй гэдгийг хэлэх гээд байна. Тэр нь 80,000-90,000 төгрөгийн хооронд байгаа байх. Доголдол нь ноцтой биш бөгөөд зорилгыг бүрэн хангаж байвал доголдолд тооцохгүй. Доголдолтой гэж үзэж байгаа дээр шүүх сайн дүгнэлт хийгээрэй. Доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Г.Даваахүүд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 22,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 453,000 төгрөг, нийт 22,953,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 273,700 төгрөгөөр, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 176,145 төгрөгөөр, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 64,690 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 23,467,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. /хх-ийн 62, 144, 157 дугаар тал/

 

Уг шаардлагаа шүүх хуралдаанд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн автомашины үнэ 22,500,000 төгрөг, хохиролд 967,535 төгрөг, нийт 23,467,535 төгрөг гаргуулна гэж тодруулж нэхэмжилснийг хариуцагчаас доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Даваахүү нь 2011 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн Субару форестер маркийн, JF2SHFGC0BH782360 арлын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч О.*******д хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч О.******* нь тээврийн хэрэгслийн үнэ 22,500,000 төгрөг төлөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 22,500,000 төгрөг төлсөн, хариуцагч нь тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Талуудын маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Даваахүү нь Солонгос Улсаас захиалан импортоор 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад оруулж, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт үйлдэж нэхэмжлэгч О.*******гийн өмчлөлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 25 дугаар тал, ар тал, 28, 39-40 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талууд уг гэрээг амаар байгуулах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдан авсан тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь чанарын шаардлага хангаагүй, анх худалдан авах үед уг доголдлыг мэдэх боломжгүй байсан. Хөдөлгүүрийн тос хийгээд 1000 км хүрэхгүй дуусдаг, ердийн үед хавар солиулснаас хойш өвлийн тос хийх хүртэл тос нэмдэггүй, доголдолтойн улмаас цаашид ашиглах боломжгүй гэж,

 

Хариуцагч нь ...чанарын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь анх худалдан авах үедээ доголдол байгаа эсэхийг шалгаж авах үүрэгтэй. Анх худалдан авах үедээ оношлогоонд хамтдаа оруулсан, үзэж шалгаад авсан гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлохоор 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт /Баянгол салбар/-ийг хэрэгт цуглуулж өгсөн. Уг техникийн дүгнэлтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед тээврийн хэрэгслийн хөдөлгүүр доголдолгүй гарсан болох нь тогтоогдоно гэж тайлбарласан. /хх-ийн 37 дугаар тал/

 

Уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж, тухайн үед цар тахлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт /Баянгол салбар/ гаргахдаа ...хоёр хүн зэрэг орж болохгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай гэсэн тул тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Даваахүү өөрөө жолоодон техникийн хяналтын байр руу орсон, би гадаа нь хүлээж байсан. Ингээд Г.Даваахүү уг дүгнэлтийг гаргуулаад гарч ирсэн. Уг дүгнэлтийг гаргуулах болсон шалтгаан нь улсын дугаар авахын тулд хэлбэр төдий үзүүлээд ийм дүгнэлт гаргуулсан гэж тайлбарласан.

 

Талууд дээрх дүгнэлтийг харилцан зөрүүтэй тайлбарлаж, маргасан тул шүүх маргааны зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон. Шинжээч Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт /Баянзүрх салбар/-ын мэргэшсэн инженер Э.Мөнхсайхан, Г.Батмөнх, Б.Ербулан нараас ...Уг автотээврийн хэрэгсэл нь 2498сс-тэй багтаамжтай FB25B загварын хөдөлгүүртэй бөгөөд Солонгос улсад үйлдвэрлэсэн KEG-50 багажийн тусламжтайгаар хөдөлгүүрийн бензин утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг шалгаж үзэхэд утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ нь СО-нүүрс төрөгчийн дутуу исэл стандартын зөвшөөрөгдөх хэмжээ 0,3 байхаас 1,22 гэж зааж байгаа ба энэ нь очлуур, очлуурын утас, асаалтын ороомгийн гэмтлээс шалтгаалсан байх магадлалтай. НС-нүүрс төрөгчийн хэмжээ стандартад 0-200 байхаас 374 зааж байгаа нь цилиндрийн бүслүүрийн элэгдлээс шатаах камерт тослох материал орсноос үүдэлтэй байх боломжтой. Уг автотээврийн хянах самбарт хөдөлгүүрийн гэмтлийн check engine гэрэл ассан байсан бөгөөд Launch X435 маркийн компьютер оношлогооны багажаар шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь PO420 Catalyst system efficiency below threshold гэсэн алдаа зааж байсан энэ нь каталазитор буюу яндангийн хорт утааг шүүгчийн мэдрэгч ажиллагаагүй болсныг заадаг болно. Тонон төхөөрөмжийн тусламжтайгаар шалгахад тухайн хөдөлгүүр нь стандартын шаардлага хангахгүй байна гэж дүгнэлт ирүүлсэн. /хх-ийн 97-100 дугаар тал/

 

Шинжээч Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт /Баянзүрх салбар/-ын гаргасан дээрх дүгнэлтийг хариуцагч тал үгүйсгэж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт /Баянгол салбар/-ыг шинжээчээр томилсон ба уг салбарын мэргэшсэн инженер Г.Өлзийбаяр, Л.Ганбат, Э.Золбоо нараас ...Subaru Forester маркийн 56-83 УАР улсын дугаартай автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн ялгарч байгаа утааны хорт бодисын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. MNS5013:2009 стандартын дагуу БНСУлсад үйлдвэрлэгдсэн KEG-500 маркийн бензин утааны хорт бодис шалгагч багажаар үзэхэд бензин утаан дахь хорт бодисын нүүрс төрөгчийн дутуу ислийн хэмжээ СО нь бага эргэлт дээр 2.69 /стандарт 0.3/, их эргэлт дээр 2.58 /стандарт 0.2/, нүүрс ус төрөгчийн хэмжээ НС нь 492 /стандарт 200/ байна. Автомашины нүүрсэн яндан нь үйлдвэрийн бус гагнууртай байгаа нь НС буюу нүүрс ус төрөгчийн хэмжээнд нөлөөлнө гэж дүгнэлт ирүүлсэн. /хх-ийн 147-150 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч нараас ирүүлсэн дээрх дүгнэлтүүдээс үзэхэд талуудын маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна. Мөн тухайн тээврийн хэрэгслийн яндан /каталазитор/, хорт утаа шүүгч зэрэг эд анги нь мөн чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд худалдагч Г.Даваахүү нь стандартын шаардлага хангаагүй хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг худалдан авагч О.*******д шилжүүлсэн байх ба тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь гол эд анги байна.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт ...доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно. гэж заасан. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь гол эд анги болохын хувьд бусад эд ангитай нэгдмэл зориулалтаар ашиглагдах бөгөөд хөдөлгүүргүйгээр тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй юм.

 

Худалдан авагч О.******* нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтад заасан нөхцөл үүсээгүй, хөдөлгүүрийн доголдлыг нүдээр ил харагдах байдлаар мэдэх боломжгүй, ердийн нөхцөлд тээврийн хэрэгслийг тодорхой урт хугацаанд жолоодох замаар мэдэх боломжтой байна. Худалдан авагч нь худалдан авах үедээ тээврийн хэрэгслийг удаан хугацаанд жолоодох замаар доголдлыг илрүүлэх боломжгүй байсан байна. Учир нь, худалдан авсаны дараа цар тахлын хатуу хөл хорионы улмаас унах боломжгүй нөхцөл байдал үүсч, хөл хорио тавигдсаны дараа тээврийн хэрэгслийг унах замаар доголдлыг илрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

 

Хэдийгээр талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй боловч худалдагч Г.Даваахүү нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь эд зүйлийн мэдээллийг бүрэн өгсөн гэж маргах боловч тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид худалдан борлуулсанаас үзэхэд энэ хугацаанд хариуцагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь доголдолгүй байсан болохыг бүрэн тогтоосон эсэх нь эргэлзээтэй, худалдан авагчид эд зүйлийн мэдээллийг бүрэн өгөх боломжтой байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт тус тус заасан биет байдлын доголдолгүй эд зүйл хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, түүнтэй холбоотой гарсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар 6 сарын дотор шаардлага гаргахаар байна.

 

Зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөх эрхийг шилжүүлж авсан ба нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлагаа шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан болох нь баталгаат шуудангийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 18 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, зохигчид гэрээний зүйлийн үнэд 22,500,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүйн дээр энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул дээрх мөнгөн хөрөнгийг худалдагч Г.Даваахүүгээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Субару форестер маркийн, JF2SHFGC0BH782360 арлын дугаартай, 56-83 УАР улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч О.*******гээс буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохиролд өвлийн 4 ширхэг дугуйны үнэ 250,000 төгрөг, хойд даравч резин 50,000 төгрөг, урд хоёр накалад 55,000 төгрөг, гэрлийн ламп 15,000 төгрөг, подварын ламп 1,000 төгрөг, шалавч 35,000 төгрөг, багажны шалавч 47,000 төгрөг, сэвчэ 150,000 төгрөг, хөдөлгүүрийн тос 123,000 төгрөг, 69,000 төгрөг, 10,500 төгрөг, 14,550 төгрөг, 13,095 төгрөг, оношлогооны хөлс 25,000 төгрөг, 44,000 төгрөг, 38,500 төгрөг, масло хийлгэсний зардал 26,190 төгрөг, нийт 967,535 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай байсан, нэхэмжлэгч нь өвлийн дугуй авч шинээр суурилуулсан талаар хэн аль нь тайлбарласан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас анх автомашиныг авах үед байсан зуны дугуй байгаа эсэхийг тодруулахад ...анх байсан байдлаар байгаа гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг биет байдлаар буюу анх худалдан авах үед байсан зуны 4 ширхэг дугуйн хамт буцаан өгч, өвлийн 4 ширхэг дугуйг өөртөө авч үлдэх боломжтой гэж үзэхээр байна. Иймд дугуйны үнэд нэхэмжилсэн 250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн хойд даравч резин 50,000 төгрөг, шалавч 35,000 төгрөг, багажны шалавч 47,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...автомашиныг жолоодон явах үед хурд тааруулах зорилгоор хойд даравч резин 50,000 төгрөгөөр худалдан авч суурилуулсан, мөн тухайн автомашинд тохируулан шалавч, багажны шалавч зэргийг авсан гэж тайлбарласан. Эдгээр эд зүйлийг нэхэмжлэгч нь автомашиныг хэрэглэх үедээ өөрийн хүсэл зориг, өнгө үзэмжид нийцүүлэн, өөртөө тохируулан худалдан авсан эд зүйлүүд байх ба тухайн эд зүйлүүдийг автомашиныг хүлээлгэн өгөхдөө салган авч үлдэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, эдгээр эд зүйлийг худалдан авахад хариуцагчийн буруутай үйлдэл байсан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн подварын ламп 1,000 төгрөг, тосны үнэ 69,000 төгрөг, 10,500 төгрөг, 14,550 төгрөг, 13,095 төгрөг, оношлогооны хөлс 25,000 төгрөг, 44,000 төгрөг, 38,500 төгрөг, масло хийлгэсний зардал 26,190 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч нь хөдөлгүүр доголдолтойн улмаас удаа дараа тос худалдан авч хийсэн гэж тосны үнэ нэхэмжилсэн боловч тухайн тосыг нэхэмжлэгч автомашиныг өөрийн хэрэгцээнд хэрэглэх үедээ хийсэн гэж үзэхээр байна. Нөгөө талаар, хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн 14, 115, 162 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд хэн худалдан авсан болох нь тодорхойгүй кю-ар код бүхий баримтууд байх ба тухайн баримтуудын дагуу худалдан авсан гэх масло, тосыг талуудын маргаан бүхий тээврийн хэрэгсэлд хийсэн гэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

 

Оношлогооны хөлсөнд нэхэмжилсэн мөнгөн хөрөнгүүдийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд өөрөө хувиараа холбогдох газруудад хандаж, тээврийн хэрэгслийг оношлуулсантай холбоотой зардлууд байна. Иймд уг мөнгөн хөрөнгийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал гэж үзэхэд учир дутагдалтайн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсон байхад нэхэмжлэгч нь шинжээч томилсон цаг хугацаанд өөрийн хүсэлтээр хувиараа очиж оношлуулсан зардлууд байна. /хх-ийн 101, 131, 158-161 дүгээр тал/

 

Харин урд хоёр накаладны үнэ 55,000 төгрөг, гэрлийн ламп 15,000 төгрөг, сэвчэ 4 ширхэг 150,000 төгрөг, хөдөлгүүрийн тос 123,700 төгрөг, нийт 343,700 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Учир нь хариуцагч тал автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үед гэрлийн ламп шатсан байсан, урд хоёр накалад болон сэвчэ солих шаардлагатай байсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Нэхэмжлэгч нь хоёр накалад 55,000 төгрөг, гэрлийн ламп 15,000 төгрөг, сэвчэ 4 ширхэг 150,000 төгрөгөөр тус тус худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 80, 126-127 дугаар тал/

 

Дээрх гэрлийн ламп, накалад, сэвчэ зэрэг эд зүйлүүд нь маргаан бүхий тээврийн хэрэгслээс салган авч үлдэх боломжгүй, тухайн эд зүйлүүдийг нэхэмжлэгч нь шинээр авч суурилуулсаны үр шим нь автомашинд үлдэж байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгсэлд хөдөлгүүрийн тос хийлгэж, түүний ажлын хөлс нийт 123,700 төгрөгийн зардал гаргасан болох нь хэргийн 52 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон тул дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулав.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г.Даваахүүгээс автомашины үнэ 22,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 343,700 төгрөг, нийт 22,843,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 623,835 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс Субару форестер маркийн, JF2SHFGC0BH782360 арлын дугаартай, 56-83 УАР улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2021/05354 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Г.Даваахүүгээс нэхэмжлэл хангагдсан хэсэг болох 22,843,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Даваахүүгээс 22,843,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д, нэхэмжлэгч О.*******гээс Субару форестер маркийн, JF2SHFGC0BH782360 арлын дугаартай, 56-83 УАР улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулж хариуцагч Г.Даваахүүд тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 623,835 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Даваахүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 272,168 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ