Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03444

 

 

 

 

 

 

 

 

2021 10 29

101/ШШ2021/03444

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 71 тоотод оршин суух, Харчин овогт Банзрагчийн ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам, 103/1, 22 тоотод оршин байрлах,******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Компанид учирсан хохирол 3,746,491 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Эрдэнэсаруул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, гэрч Б.Жавзандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие******* ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үсчингийн албан тушаалд орж ажилласан. Ажлын цаг 9-9 цаг хүртэл тасралтгүй ээлжийн амралтаа авах завгүй ажиллаж ирсэн. Үндсэн цалин 800,000 төгрөг ба үндсэн цалин дээр илүү цагийн хөлсийг тооцуулж авдаг. Үндсэн цалин болон илүү цагийн хөлс сард нийлээд 6,000,000 төгрөгийн цалинтай байсан. Гэвч 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлж байгаагаа амаар мэдэгдсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалаа авах гэхэд өгөөгүй. Ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгаагаа хэлээгүй. Б.******* нь 7 хоногийн 5 өдөр нь ажиллаж, 2 өдөр нь амардаг байсан. Иймд Б.*******г үсчингийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 18,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан гаргасан.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Олох байсан орлогоо хэрхэн яаж тодорхойлж гаргаж байгаа нь ойлгомжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн******* ХХК-д үсчингээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс үсчингийн суудлаар буюу ажлын байр багаж хэрэгслээр хангаж ажилласан. Бид хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс олгож байсан ба мөн өөрийнх нь зуучилсан буюу үйлчлүүлэгч нараас олсон орлогын тодорхой хэмжээгээр хөлс олгож байсан болно. Б.*******г ажилладаг салбарынхаа бүх ажилтнуудтай таарахгүй маргалддаг, дадлага хийхээр ирсэн 16 настай охинтой хүртэл таарахгүй маргаан үүсгэсэн учраас мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж өөрийн салоны салбар 3-р эмнэлгийн салбар дээр ажиллах үүрэг даалгавар өгсөн. Гэвч захирлаас өгсөн даалгаврыг биелүүлэхгүй өөрийн хүсэлтээр ажлаас гарах санал тавьсан. Ажлаа 3 өдөр тасалж авсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болсон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл болох ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Манай компанийн зүгээс хөдөлмөрийн хуульд зааснаар 30 хоног ажиллаж байж ажлаа хүлээлгэж өг гэсэн боловч ажлаа хүлээлгэж өгөөгүй тэр чигээрээ ажлаа орхин явсан. Компанийн удирдлага болон Б.*******гийн хоорондын харилцаа ямар ч асуудалгүй сайн байсан. Үргэлж бие биедээ талархаж сайхан харилцдаг байсан ба Б.*******гийн хүсэлтээр 2 ч удаа мөнгөн зээл олгож цалингаас нь бага багаар авч хувийн амьдралд нь зохих хэмжээгээр дэмжлэг туслалцаа үзүүлж байсан болно. Б.******* өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа ба ажлаа хүлээлгэн өгсөн тохиолдолд компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргаж өгөхөд бэлэн байгаа болно. Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг компанийн зүгээс төлсөн байгаа болно. Б.******* нь үндэслэлгүй 18,000,000 төгрөг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компанийн ажилтан Б.******* нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж ажлаа дур мэдэн орхиж явсан. Хөдөлмөрийн хуульд заасан өөрийн санаачилгаар ажлаас гарж байгаа тохиолдолд 1 cap ажиллах үүргээ биелүүлэхгүйгээс комланид тухайн сард учирсан шууд хохирол болох 3,746,491 төгрөгийг Б.*******гаас нэхэмжилж байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Гэрээний харилцаа буюу хөлсөөр ажиллах, түрээсийн, зуучлалын гэрээний харилцаанууд үүссэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Дэсарон ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь компанид учруулсан хохирол 3,746,491 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Дэсарон ХХК-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21/042 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т заасныг тус тус үндэслэн Б.*******г захирлын үүрэг даалгавар биелүүлэхгүй, үл тоомсорлон 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлэн 3 хоног дараалан ирээгүй ажил тасалсан тул 2021 оны 08 сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 123 дугаар тал/

 

Хэдийгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гарсан байх боловч ажил олгогчоос 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажилтаныг ажлаас чөлөөлж байгаагаа амаар мэдэгдсэн талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа мэдэгдээгүй, 08 сарын 22-ны өдөр намайг ажлаас чөлөөлж байгаагаа амаар мэдэгдсэн, ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зөрчил гаргаагүй гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Б.******* нь захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажиллуулахаар заасан салбарт очиж ажиллахаас татгалзсан, 3 өдөр ажил тасалсан, ажлаа хүлээлгэж өгөөгүй зэрэг нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болсон. Мөн талуудын хооронд хөлсөөр ажиллах, түрээсийн гэрээ, зуучлалын гэрээ тус тус байгуулагдсан. Б.******* нь гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалсан гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б.*******г 13 дугаар хороолол, дунд зам Натур худалдааны төвийн үсчингийн албан тушаалд хугацаагүй томилсон байна. /хх-ийн 5-8 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хамаардаг. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд ажилтан Б.*******г үсчингийн албан тушаалд хугацаагүй, сарын 800,000 төгрөгийн үндсэн цалинтай, ажлын орлогын хувиар илүү цагийн хөлс урамшуулал олгох, ердийн ажлын цаг өдөрт 8 цаг, цалин хөлсийг сар бүрийн 5, 20-ны өдрүүдэд олгохоор тохиролцсон байна.

Ажил олгогч******* ХХК-иас үсчингийн албан тушаалд ажлын байрны тодорхойлолт гарсан, уг тодорхойлолтыг ажилтан Б.*******д танилцуулж байсан гэж тайлбарлаж байсан ба уг баримтыг шүүх хэрэгт нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч үсчингийн ажлын байрны тодорхойлолт гаргаагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай андуурсан байна гэх тайлбар гаргаж, хэрэгт хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар цуглуулж өгсөн.

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, талуудын тайлбар зэргээс үзэхэд ажилтан нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгсэл буюу үсчингийн суудалд ажил олгогчийн удирдлага дор баталсан норм, үнэлгээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажиллаж байсан байх ба зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ, түрээсийн гэрээ, зуучлалын гэрээ тус тус үүссэн гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасны дагуу ажил албан тушаалаа гүйцэтгэж, сард 2 удаагийн давтамжтайгаар цалин хөлсөө авч байсан байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр хөлсний хэмжээг тухай бүрт өөрсдөө тогтоож, ажил үүргээ гүйцэтгэж дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгож, ажилтан нь цагийн хуваарь хамаарахгүйгээр өөрийн боломжоор гэрээнд заасан хугацаанд багтааж ажил үүргээ гүйцэтгэдэг болно.

 

Мөн хариуцагч нь үсчингийн суудлыг Б.*******д түрээслүүлж байсан, тэрээр үйлчлүүлэгчдийг олж ирж үйлчилдэг байсан гэх тайлбар гаргаж, түрээсийн болон зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж маргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бол, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын хооронд дээрх түрээсийн болон зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ нь эдгээр гэрээний шинжийг агуулаагүй байна. Үсчингийн суудал нь ажилтан Б.*******гаар хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгүүлэхээр ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн багаж хэрэгсэл байна. Ажилтан Б.******* нь ажил олгогчийн ашиг сонирхолын төлөө бусад этгээдтэй хэлцэл хийхээр холбож өгөх үүргийг хүлээгээгүй байна.

 

Ажил олгогч******* ХХК-иас ажилтан Б.*******г хамт ажилладаг бусад ажилтан нартай зан харилцааны хувьд таардаггүй гэх үндэслэл зааж, уг үндэслэлээр ажилтаны ажиллаж байсан салбараас өөр салбарт түүнтэй харилцан тохиролцохгүйгээр шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж, уг шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг ажилтан хүлээн зөвшөөрөөгүй нь түүнийг ажлаас чөлөөлөх шалтгаан болсон болох нь талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. /хх-ийн 71, 124, 2-р хх-ийн 80-81 дүгээр тал/

 

Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч Б.*******г тус компанийн 3 дугаар эмнэлгийн салбарт байрлах гоо сайханы салонд шилжүүлэн ажиллуулахыг зөвшөөрөөгүйгээс 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлж байгаагаа ажил олгогчоос мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Ажилтан Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгож, тус өдрөөс хойш ажилдаа очоогүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал авах хүсэлтийг гаргаж байсан байна. Гэтэл ажил олгогч нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны ажилтаныг ажлаас чөлөөлж байгаагаа илэрхийлж, тус өдрөөс хойш ажилтаныг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон атлаа уг өдрөөс хойш 3 хоног ажилдаа ирээгүй нь ноцтой зөрчилд хамаарна гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачилгаар цуцалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тушаалд заах учиртай. Гэтэл амаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, ажил хүлээлцэх хугацааг бичгээр тушаал гаргаж зааж өгөөгүй атлаа ажилтаныг ажил хүлээлгэж өгөөгүй гэх тайлбар мөн нь үндэслэлгүй.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасныг ажил олгогч хэрэгжүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөж гаргасан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

Тодруулбал, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Хэрэгт авагдсан авагдсан баримтуудаар ажилтан Б.*******г ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Хэдийгээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч энэ тохиолдолд амаар ажилтныг ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн, ажилтан ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгож ажилдаа ирээгүй үйл баримт тогтоогдсон. Иймд ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажилтаныг ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан. Иймд ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Б.*******г******* ХХК-ийн үсчингийн ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан. Ажилтаны цалинг 600,000 төгрөгөөс тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх боловч үүнийг талууд ...бага хэмжээгээр шимтгэл төлөхөөр тохиролцож шийдсэн, бодитоор үндсэн цалин 800,000 төгрөг дээр байгууллагад оруулсан орлогын 30 хувийг нэмж тооцуулан цалин хөлс авдаг болох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тооцооны хуудас, цалин олгосон хүснэгт, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. Талууд ажилтны цалинг дээрх байдлаар тохирсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж заасантай нийцэж байна. /хх-ийн 33-57, 72-76, 89-108, 128-249, 2-р хх-ийн 1-78 дугаар тал/

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зохицуулахдаа ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохоор дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор зохицуулсан.

 

Хариуцагчаас гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.*******г 6 дугаар сард 3,387,617 төгрөг, 7 дугаар сард 5,343,755 төгрөг, 8 дугаар сард 4,373,926 төгрөгийн цалин тус тус авсан гэж тайлбарласан ба уг тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн бөгөөд уг үйл баримт нь хэрэгт авагдсан цалин олгосон хүснэгт, тооцооны хуудас зэргээр мөн тогтоогдсон. Иймд ажилтаны 1 сарын дундаж цалин хөлсийг тооцож үзвэл 3,387,617+5,343,755+4,373,926=13,105,298 төгрөг, 13,105,298 төгрөг : 3 сар = 4,368,432 төгрөг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс уг шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 2 сар ажилгүй байсан тул хариуцагчаас 8,736,864 төгрөг /4,368,432 х 2 сар/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Мөн ажилтан Б.*******д олговол зохих цалин олговор болох 8,736,864 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч******* ХХК-д даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, ажилтан Б.******* нь ажиллаж байсан бол 3,746,491 төгрөгийн орлого олох байсан гэж сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Ажил олгогчоос ажилтаныг ажлаас үндэслэлгүй халж, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ажиллах нөхцөл боломжоор хангаагүй атлаа ажиллаж байсан бол орлого олох байсан гэх үндэслэл зааж дээрх мөнгөн хөрөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй гэж заасан. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******г хариуцагч******* ХХК-ийн үсчингийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч******* ХХК-иас 8,736,864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,263,436 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******д олгох 8,736,864 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч******* ХХК-д даалгасугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.*******гаас 3,746,491 төгрөг гаргуулах тухай хариуцагч Дэсарон ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224,939 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ