Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2021/01607/И |
Дугаар | 184/ШШ2021/01982 |
Огноо | 2021-08-26 |
Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2021/01982
2021 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 184/ШШ2021/01982 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С... хаягт оршин суух, эрэгтэй, Б... овогт Ч...ийн Н... /регистрийн дугаар:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С... өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөрт тооцуулж, С... тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах эрхтэйг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М..., М.Ү... шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н...ны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н... нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан Со... тоот хаягт байрлах орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон. Дуудлага худалдаа дууссан өдрөөс хойш 3 хоногийн дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Н...тай холбогдож, Таны шалгарсан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тул уг дуудлага худалдааг түдгэлзүүлж байна. Тиймээс та хүсэлтээ өгөөд, дэнчингээ буцааж авч болно гэсний дагуу Ч.Н... дэнчингээ буцааж авсан. Ч.Н...ны ялсан дуудлага худалдааг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/... дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0001/ХТ2020/... дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч О.И... 2021 оны 3 дугаар сарын эхээр ... дугаар утсаар холбогдож, мөнгөө тушаагаад байраа аваарай гэж хэлсэн. Ч.Н... нь мөнгөө бэлдээд, шийдвэр гүйцэтгэгчтэй ярихад Шийдвэр гараагүй байна. Би шийдвэрийг нь гарахаар тань руу ярина гэж хэлсэн байсан. Ингээд Ч.Н...тай дахиж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдоогүй бөгөөд 2 дахь албадан дуудлага худалдааг дахин зарласан болохыг тус газрын цахим хуудаснаас олж мэдсэн. Тэр даруй дуудлага худалдааг хүчингүй болгож, өгнө үү гэсэн гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан боловч 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэ төлөөгүй гэсэн үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзсан. Ч.Н... нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бичиг хэргийн ажилтантай холбогдож, гомдлын хариу гарсныг мэдээд өөрийн цахим хаягаар хүлээн авсан. Гомдол хүлээж авахгүй гэсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй тул хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан бөгөөд удаа дараа утсаар холбогдоход судалж байна гэсэн үндэслэлээр гомдлын хариуг хойшлуулж, шалтгаангүй удааж байгаад дуудлага худалдаа болсон өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 04/1096 дугаар албан бичгээр дэнчингийн мөнгөө буцаан авсан тул гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Ч.Н...д мэдэгдэлгүй явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин 2 дахь албадан дуудлага худалдааг үндэслэлгүйгээр зарласан байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан хугацаанд хөрөнгийн үнийг тушаагаагүй гэсэн үндэслэлээр гомдол хүлээж аваагүй бол шийдвэр гүйцэтгэх албанаас дэнчингийн мөнгөө буцааж авсан тул гомдол үндэслэлгүй байна гэсэн зөрүүтэй хариу өгсөн. Ч.Н...ы ялсан албадан дуудлага худалдааг хүчинтэй эсэх дээр иргэний хэргийн шүүхэд маргаан үүссэн байхад дуудлага худалдаа дуусгавар болсон гэж үзэж хуульд заасан хугацааг тоолон, мөнгө тушаагаагүй, дэнчингээ буцааж авсан гэх үндэслэл гаргаж байгаа нь холбогдох хуулиудыг зөрчиж байна. Хэрвээ Ч.Н...ныг мөнгөө тушаагаагүй учраас ялагч гэж үзэхгүй байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дараагийн оролцогчид санал болгох ёстой үйлдлийг ч хийхгүйгээр шууд дуудлага худалдааг хүчингүй болгож дахин зарлаж байгаа нь албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашигласан үйлдэл болсон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх үйлдэл нь хууль бус үйлдэл болохыг тогтоож, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Ч.Н...ны ялсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөрт тооцож, уг орон сууцыг худалдан авах эрхтэйг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/... дугаар шийдвэрээр С.Д..., С.Д... нараас 89,015,537 төгрөг гаргуулж, Эко... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөр төлөгч С.Д...ын барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар Со... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Ч.Н... 81,000,000 төгрөгийн саналаар дуудлага худалдааны ялагчаар тодорсон. Төлбөр төлөгч С.Д... нь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2019/... дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 580 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Албадан дуудлага худалдааны ялагч Ч.Н... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хөрөнгийн үнийг төлөөгүй бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр дэнчингийн мөнгийг буцаан авсан. Тухайн хугацаанд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, хойшлуулах, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт өөрчлөлт орсон, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байсан. Ч.Н... нь дэнчинд 4,500,000 төгрөг тушаасан байсан ба 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл хөрөнгийн үнэ болох 76,500,000 төгрөгийг төлсөн бол дуудлага худалдааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох бүрэн боломжтой байсан. Гэтэл тухайн хугацаа нь өнгөрсөн байхад дахин миний өмчлөлд шилжүүл гэдэг нь хууль бус шаардлага юм. Мөн Ч.Н...д 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаанд оролцоход нь эрх, үүргийн тайлбарлаж, гарын үсэг зуруулсан ба дуудлага худалдааны ялагч болбол хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлөх үүрэгтэйг тайлбарласан. Гэтэл Ч.Н... нь хуульд заасан хугацаанд хөрөнгийн үнийг тушаагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлд 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах нөхцөлийг тодорхой заасан. Зөвхөн анхны албадан дуудлага худалдааны ялагч хөрөнгийн үнийг төлөөгүй бол 2 дахь үнийн санал болгосон хүнд хөрөнгийг санал болгоно гэдэг зохицуулалт үйлчилнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75.1.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна гэж хуульчилсан. Ч.Н...ны хувьд өөрт нь мэдэгдээгүй гэдэг зүйл ярьдаг хэдий ч мэдэгдсэн учраас бичгээр гомдол гаргаж, гомдол үндэслэлгүй гэсэн хариу хүлээн авсан. Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсаныг тогтоосон учраас анхны албадан дуудлага худалдааны ялагчид мэдэгдэж, хөрөнгийг шилжүүлэх гэж хувийн хэргийг шалгатал төлбөр төлсөн баримт авагдаагүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нийтэд мэдээлж, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаа болсон. Ч.Н... нь 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нийтэд мэдээлсэн зараас 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах гэж байгааг олж мэдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Учир нь Ч.Н... нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлынхоо хариуг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчинтэйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
Төлбөр төлөгч С.Д..., С.Д... нарын төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Со... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22... дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан борлуулахаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байна.
Дээрх дуудлага худалдаанд нэхэмжлэгч Ч.Н... оролцож, Со... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22... дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэд 81.000.000 төгрөгийн үнэ санал болгосноор уг дуудлага худалдааны ялагч болсон байна. /хх 103-114 дүгээр тал/
Нэхэмжлэгч Ч.Н... нь дээрх дуудлага худалдаанд оролцохдоо Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.17, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т зааснаар 4.500.000 төгрөгийн дэнчинг дуудлага худалдаа зохион байгуулж буй этгээд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн байна. Энэ нь тухайн хөрөнгийг үнэ хаялцах замаар худалдан авах гэрээний санал гаргасан гэж үзэх үндэслэл болно. /хх 59 дүгээр тал/
Улмаар, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.20-д зааснаар үнэ хаялцуулах ажиллагаанд оролцсон этгээд болох Ч.Н... нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэлд тухайн өдөр нь гарын үсэг зурснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. /хх 103-114 дүгээр тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12, 71.10-т зааснаар дуудлага худалдааны ялагч болсон Ч.Н... нь 14 хоногийн дотор гэрээний үнэ болох 81.000.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх үүрэгтэй байсан ба энэ үүргийг хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ч.Н... 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх 60 дугаар тал/
Гэтэл дуудлага худалдааны ялагч Ч.Н... нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй байх ба улмаар гэрээ байгуулсны нотолгоо болгож төлсөн дэнчингийн 4.500.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санхүүгээс буцаан авсан байна. Энэ нь дуудлага худалдааны ялагч Ч.Н... гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болох юм. /хх 69-70 дугаар тал/
Нэхэмжлэгч нь дэнчингийн мөнгийг буцааж авах хүсэл зориггүй байсан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шаардсаны дагуу уг мөнгийг буцаан авсан гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн тайлбарыг үнэн зөв гэж үзэх боломжгүй болдог.
Түүнчлэн, дуудлага худалдааны ялагч болсны дараа уг дуудлага худалдаатай холбоотой асуудлаар төлбөр төлөгч нараас шүүхэд гомдол гаргасан тул гэрээний үнэ болох 81.000.000 төгрөгийг төлөөгүй хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй байна.
Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд дуудлага худалдааны талаар сонирхогч этгээдээс шүүхэд гомдол гаргасан бол ялагч үнийг төлөхөөс татгалзаж болохыг хуульчлаагүй байна.
Мөн Нэхэмжлэгч Ч.Н... 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оролцож, Со... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22... дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бүрэн хэмжээгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх үүрэг хүлээсэн байна.
Гэтэл дээрх хугацаа өнгөрснөөс хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2019/... дугаартай захирамжаар уг хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул төлбөрийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй юм.
Ийнхүү нэхэмжлэгч буюу гэрээ байгуулсан этгээд болох Ч.Ням-Оюун хөрөнгийн үнэ буюу гэрээний үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг хөрөнгийг худалдан борлуулахаар хоёр дахь дуудлага худалдааг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан бай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.3-т заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Ням-Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.3, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанаас Со... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаанаас Ч.Н...ны ялагч болсон хэсгийг хүчинтэйд тооцож, дээр дурдсан орон сууцыг худалдан авах эрхтэй болохыг тогтоолгох тухай Ч.Н...ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР