Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, түүний өмгөөлөгч: Л.Батбаяр,

Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000200065 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / *******/ ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*******ад Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны 18 цаг 00 минутын орчимд 89-12 БНА улсын дугаартай улаан өнгийн Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9.6-д шар гэрлэн дохио нь гэрлэн дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд /энэ дүрмийн 8.18-т заасан зогсох газар руу/ нэвтрэн орохыг хориглоно, мөн 8.18 дэх Гэрлэн дохио буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам"/1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-н өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг тэмдэглэл байхгүй бол тухайн явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-т заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно гэсэн заалт; Мөн дүрмийн 12 дугаар зүйл, Тээврийн хэрэгслийн хурд 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна; Мөн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 16.3-т Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогсон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1 дэх заалтыг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Нэгдэлчин Зочид буудлын гэрлэн дохиотой замын уулзварын явган хүний гарц хэсэгт явган зорчигч *******ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед баруун нүдний торлог ховхрол, хараа бууралт, харааны мэдрэлийн эмгэгшил гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хх-ийн 46-54 дүгээр хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хх-ийн 56-61 дүгээр хуудас, насанд хүрээгүй хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мэдүүлэг, 1-р хх-ийн 33-35, 62-63, 103-104, 108-109 дугаар хуудас, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мэдүүлэг 1-р хх-ийн 121-122 дугаар хуудас, гэрч *******, нарын мэдүүлэг хх-ийн 124-128, иргэний хариуцагч ийн мэдүүлэг 1-р хх-ийн 117-118, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 22/11 дугаартай дүгнэлт, гэрэл зэргийн үзүүлэлтүүд 1-р хх-ийн 132-136 дугаар хуудас, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 149-152/,  2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 202403 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 192-197/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 92/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Гэхдээ хэргийн газрын ослын бичлэгээс дүгнэхэд бага насны хүүхдийн асран хамгаалагч харгалзан дэмжигч нь хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д заасан “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна”гэснийг зөрчсөн байх үндэслэтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь эмчилгээ бусад зардал болох 300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.*******аас 300.000 төгрөгийг гаргуулж  харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэн ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гарах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Мөн насанд хүрээгүй хохирогч ******* нь уг гэмтлийн улмаас Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэж уг үйлчилгээний зардал 2.117.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч Д.*******аас 2.117.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч Д.******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж нэг жил зургаан /1 жил 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж нэг жил зургаан /1 жил 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх буюу зан үйлээ засах сургалтад 6 сарын хугацаагаар хамрагдах албадлагын арга хэмжээ ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар  тухайн үеийн үйл баримтыг бичиж хуулбарласан гэх СД, шүүгдэгч Д.Галдбадрахын 1431987 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг хураан авсаныг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул уг шийдвэрийг биелүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.98 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******ад Эрүүгийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж нэг жил зургаан / 1 жил 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.******* зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 300.000  төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т, 2.117.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар насанд хүрээгүй хохирогч *******, хууль ёсны төлөөлөгч ******* нараас цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гарах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.*******ын 1431987 дугаартай жолоочийн үнэмлэх, СД-ийг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ