| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/000 |
| Огноо | 2024-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай эхнэр *******тай маргалдаж, хэл амаар доромжилж, түүний зүүн гарын мөр хэсэгт, баруун хөл зэрэгт гар, хөлөөрөө халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд эхнэр ын биед халдаж цохиж зодсон.....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багт гэрт байж байхад манай нөхөр ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний зүүн гар руу цохиж, зүүн хөл рүү өшиглөсөн. Мөн хувцаснаас зуурч аваад намайг гичий, янхан, банзал гэх зэрэг элдэв нэгээр хэлж хэрүүл маргаан хийсэн. Мөн цагаан сарын шинийн 2 буюу 2024 оны 2 дугаар сарын 11-ний шөнө гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надаас хэрүүл нэхсэн. Тухайн үед гэр гал түлээд нэлээн халчихсан байсан. ******* өөрөө нуруугаа янданд түлчихсэн. Тэгснээ намайг зайл чамтай чамгүй үүр цайна янхан, гичий гэх зэргээр хэлээд бид хоёр хэрүүл маргаан хийгээд гэрийнхээ баруун талын орон дээр сууж байхад манай нөхөр ******* миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа алгадсан чинь манай хүүхэд босч ирээд чирээд аавыгаа салгасан. Хүүхэд салгаагүй бол намайг дахиад зодох гээд дайраад байсан. Би зугтаагаад дүүгийндээ очиж болсон зүйлийн талаар ярьж тэнд хоносон. Тухайн үед би манай хөгжлийн бэрхшээлтэй бага хүүхэд *******, нөхөр ******* бид 3 байсан өөр хүн байгаагүй. Манай хүүхэд ******* намайг аав нь цохиж, зодохыг хараад босч ирээд салгасан....гэх мэдүүлэг / хх-ийн 06-08/,
....Манай нөхөр ******* 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө намайг 2022 оны 08 дугаар сард би яг өдрийг нь сайн санахгүй байна хэл амаар доромжилж цохиж зодож байсан ер нь архи согтууруулах ундаа хэрэглэх болгондоо гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг би тэр болгоныг хэн нэгэнд хэлдэггүй. Тэр үед намайг хардаад тэрнээс болж бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад намайг цохиж зодсон. Манай нөхөр намайг ажил хийлгэхгүй ажил хийе гэхээр нь хавь ойрын хүмүүстэй хардаад байдаг. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн…..2024 оны 2 дугаар сарын 7-08-ны шөнө Улаанбаатар хотоос сумын төвд гэртээ ирж хоноход 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ээж надад аав чинь шөнө архи уучхаад чамайг ирэхээс өмнө намайг цохичихсон гээд надад биеэ үзүүлсэн. Тэгсэн чинь ээжийн зүүн талын мөр хэсэгт нь хөхөрсөн байсан. Би тухайн үед аавд та яагаад архи уугаад ээжийг зодож байгаа талаар хэлэхэд дуугараагүй. Тэгээд би хөдөө эмээгийнд очоод цагаан сарын шинийн 1-ний өдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 10-ны орой гэртээ ирж хоночхоод шинийн 2-ны өглөө буюу 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр найзындаа очиж байж байгаад шөнө 1 цагийн орчимд хашаагаар орж ирэхэд ээж урдаас гарч ирснээ аав чинь миний нүүр рүү алгадчихлаа гэхээр нь нүүрийг нь харахад нүд хэсэгт нь хөхрөөд хавдчихсан харагдсан. Би ээжийг дагуулж алхаад дүүгийнд нь хүргэж өгчхөөд гэртээ орж ирэхэд аав архи уугаад нэлээн согтчихсон сууж байсан. Тухайн үед нүд нь хөхөрсөн харагдаж байсан, өөр шарх сорив харагдаагүй. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ зан ааш нь өөрчлөгдөөд нэлээн ууртай болоод ээжтэй хэрүүл маргаан хийдэг болсон байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /,
5. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Манай эгч цагаан сарын өмнө буюу 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр манайд уйлчихсан орж ирсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэчхээд элдвээр хэлээд юм хийлгэхгүй юм гээд нэлээн сууж байгаад гэр рүүгээ явсан. Би цагаан сарын шинийн 2 буюу 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр эгч болон нөхөр ******* нарын хамт Баянхонгор аймаг руу золголтоор яваад орой 23 цагийн орчимд ирсэн. Би гэртээ ирээд амрах гээд шөнө 3 цагийн орчимд манай эгч нэлээн уйлчихсан баруун нүд нь хөхрөөд хавдчихсан хүүхэдтэйгээ орж ирсэн. Би юу болсон талаар асуухад ******* гэртээ байж байгаад намайг зодоод 2 удаа нүүр рүү алгадчихлаа гэж хэлсэн. Би хүүхэд нь гараад явсны дараа эгчтэйгээ ярилцаж байхад цагаан сарын өмнө 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ******* зодсон гээд надад хувцсаа тайлаад цохисон газрыг нь харуулахад эгчийн зүүн мөр нэлээн хөхрөлттэй, зүүн хөл хэсэгтээ хөхөрчихсөн, баруун мөр орчимдоо хөхөрчихсөн байсныг харуулсан. Тухайн үедээ эгч надад хэлэх гэж орж ирээд хэлж чадалгүй гараад гэртээ харьсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,
6. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би хохирогч ыг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үзсэн. Үзэхэд хохирогч 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бусдад зодуулж, толгой өвдөж байна гэх зовиуртай үзүүлсэн. Тухайн үед үзэхэд ын зүүн мөрөнд 8x7 сантиметр цус хуралттай байсан... Цус хуралт болон зулгаралт нь 9-тийн дүрмээр гарын алга хэсгийг хамарсан. Түүнээс дээш цус хуралт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн:....1. *******ын биед зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 33-34/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 37-47/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай эхнэр *******тай маргалдаж, хэл амаар доромжилж, түүний зүүн гарын мөр хэсэгт, баруун хөл зэрэгт гар, хөлөөрөө халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, нарын мэдүүлэг, шинжээчийн 118 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий хохирогч *******ыг хардах болон бусад шалтаг шалтгаан гаргаж түүнийг зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол байхгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ