| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2019/02241/И |
| Дугаар | 184/ШШ2021/02134 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2021/02134
| 2021 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2021/02134 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Д... овогт М...ын Ц... /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... хаягт байрлах Х... ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч,
Хариуцагч: ... хаягт бүртгэлтэй Н...ХХК /регистрийн дугаар: .../,
Хариуцагч: ... тоот хаягт бүртгэлтэй С... ХХК /регистрийн дугаар: …/,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Ө... овогт Б...ын У... /регистрийн дугаар: …/,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х... овогт Д...ын Н... /регистрийн дугаар: .../,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Т… овогт Б...ийн Б... /регистрийн дугаар: .../,
Хариуцагч: ... хаягт оршин суух, эрэгтэй, Б... овогт Б…ийн Ня... /регистрийн дугаар: .../,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Д... о... овогт Г...ийн Л... /регистрийн дугаар: .../ нарт холбогдох,
С... хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх, уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н..., хариуцагч Н... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х…, хариуцагч С… констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э..., хариуцагч Б.У...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С..., хариуцагч Д.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц...гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц... нь 1995 оноос нутагтаа түүхий эдийн бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, 2000 онд бизнесийн үйл ажиллагаагаа тэлж 5 ажилтантай болсон ба тэдний нэг нь Д.Н... юм. Улмаар Д.Н...г Улаанбаатар хотод нүүлгэн шилжүүлж суурин ажиллуулах болсон. Д.Н... нь миний явуулсан түүхий эдийг тосон авч, миний зөвшөөрсөн үнэ ханшаар худалдан борлуулж, орлогыг миний дансанд шилжүүлдэг байсан. 2010 оны эхээр түүхий эд авах, хадгалах газар, агуулахтай болохоор Д.Н...гээр дамжуулан Ц д... ХХК-ийн захирал Г.Ц..., түүний нөхөр П.Э...ын Т... ХХК-иудтай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 50х100 хэмжээтэй 5000 м.кв талбайтай газрыг 13.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 13.000.000 төгрөг төлсөн. Ингээд П.Э... болон Д.Н... нар нь хөөцөлдөж, газрын эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон юм. Үүний дараа уг газар дээр байрлах 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай, Х... банкны өмчлөлд байдаг байрыг худалдах зар гарсныг мэдээд Д.Н...г явуулж Х... банкны эдийн засагч Т...тай уулзуулсан. Д.Н... нь агуулахын үнэ болох 46.800.000 төгрөгийг төлчихвөл чиний нэр дээр шилжүүлж болно гэж байна гэж хэлсэн. Ингээд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надаас Д.Н... нь Хаан банкны ... тоот дансаар 46.800.000 төгрөг, мөн үйлчилгээний хураамж 550.000 төгрөгийг шилжүүлэн авч Х... банкны тусгай активын газрын ... тоот дансанд тушаасан. Үүний дараа Д.Н... нь мөнгө тушаасан, одоо чиний нэр дээр шилжүүлэх үлдсэн гэж хэлээд баримтыг эх хувиар нь надад өгсөн болно. Д.Н... нь Х... банкнаас нэр шилжүүлэхэд саад гарсан учраас эхлээд Ц д... ХХК /одоогийн Н... ХХК/ руу шилжүүлээд дараа нь чам руу шилжүүлэх боллоо гэж хэлсэн. Ингээд 2010 оны 12 сарын 20-ны өдөр Х... банк болон Ц д... ХХК нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай 4-4/555 дугаартай гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн Ү-... дугаар бүхий хөрөнгийн гэрчилгээг Ц д... ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Энэ өдөр нь би Ц д... ХХК-ийн захирал Г.Ц...тай уулзахад удахгүй агуулах, газрыг чиний нэр дээр шилжүүлж өгнө, түр хүлээж бай гэж хэлсэн. Үүнээс хойш би уг газар, агуулахыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулах болсон юм. Гэтэл Ц д... ХХК-ийн захирал Г.Ц...гийн нөхөр, Т... ХХК-ийн захирал П.Э... нь 948 м.кв талбайтай агуулахын гэрчилгээг хуурамчаар үйлдэн давхар гэрчилгээ гаргуулан авч М... ХХК-ийн барьцаанд тавьсан асуудлаар залилангийн гэмт хэрэгт шалгуулж, уг хөрөнгийг шилжих боломжгүй болгосон байсан. Ингээд би шүүхэд хандах гэтэл Д.Н... би энэ бүхнийг эхлүүлсэн тул би учрыг нь олж өгнө та ажлаа хийж бай гэж хэлээд өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг авсан. Улмаар өмгөөлөгч Г.Б... гэх хүнийг авч 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатайгаар хийлгэж авсан. Ингээд Д.Н...гээс байнга юу болж байна гэж асуухад санаа зоволтгүй, өмгөөлөгч хөөцөлдөж байгаа гэдэг байсан. Ингээд намайг асуугаад байхаар Д.Н... 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гараар Х... банкны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 948 м.кв талбайтай агуулахыг худалдан авахаар М.Ц...гаас 46.800.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 550.000 төгрөг авч Х... банкны ... тоот дансанд шилжүүлсэн нь үнэн болно гэж бичиж өгөөд явсан. Дараа нь Д.Н... надаас авсан итгэмжлэлээрээ шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг мэдээд 2014 оны 4 сарын 1-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж шүүхээр шийдвэрлэж байх хугацаанд Ц д... ХХК-ийн захирал Г.Ц... нь маргаан бүхий хөрөнгийг С... констракшн ХХК-д 100.000.000 төгрөгөөр худалдсан мэт гэрээ байгуулж, тус компанид хөрөнгийг шилжүүлсэн байсан. Үүний дараа С... констракшн ХХК мөн шүүхэд хэрэг хянагдаж байхад иргэн Б.У...т 2016 оны 9 сарын 21-ний өдөр 200.000.000 төгрөгөөр худалдсан мэт гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Энэ үйл явдалд Д.Н... оролцсон. М.Ц... нь Х... банкны өмчлөлийн дээрх хөрөнгийн үнэ болох 46.800.000 төгрөгийг 2010 оны 12 сарын 17-ны өдөр төлж худалдаж авсан. Гэтэл Х... банк нь худалдсан хөрөнгийг шилжүүлэхдээ эхлээд Ц д... ХХК-д, дараа нь худалдан авагчид шилжүүлэхээр 2010 оны 12 сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр бус гэрээ хийснээс үүдээд уг хөрөнгө Ц д... ХХК, түүнээс С... констракшн ХХК, Б.У... нар руу үндэслэлгүйгээр шилжсэн. Энэ нэхэмжлэлийг анх 2014 оны 11 сарны 20-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл уг хэрэг шийдэгдээгүй ба сүүлд нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Хариуцагч нарын зарим нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг тул одоо Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан болно. Энэ шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б.У...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С... уг хөрөнгийг битүүмжилсэн болохыг мэдсэн атлаа дахиад цаашаа Д.Н..., Б.Б..., Б.Ня... нарт зарсан мэт гэрээ байгуулж шилжүүлсэн, дараа нь Д.Н..., Б.Б..., Б.Ня... нар нь мөн л Г.Л...д хөрөнгө зарсан мэт хуурамч гэрээ байгуулж хөрөнгийг шилжүүлсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 948 м.кв талбай бүхий газрыг зарах талаар хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг хөрөнгийг М.Ц... өмчлөх эрхтэй болохыг хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц д... ХХК-ийн Х... банктай 2014 оны 6 сарын 2-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийг авсан ба маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Ц д... ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн шүүхээс шийдвэр гарч Ц д... ХХК-иас 87.545.346 төгрөг гаргуулахаар болсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг Х... банканд шилжүүлэн өгч Ү-2201014010 дугаартай гэрчилгээ гаргаж өгсөн. 2010 оны 12 сарын 20-ны өдөр иргэн Д.Н... нь дээрх хөрөнгийг худалдан авахаар 46.800.000 төгрөг төлж төлбөрийн баримт дээр ... регистрийн дугаар болон ... дугаарын утас тэмдэглүүлсэн байдаг. Үүний дагуу үл хөдлөх хөрөнгийг эхлээд Ц д... ХХК руу, дараа нь иргэн Д.Н...н нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож 2010 оны 12 сарын 20-ны өдөр 4-4/555 дугаартай гэрээг Ц д... ХХК-тай байгуулсан. Дээрх гэрээний дагуу хөрөнгийг Ц д... ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн ба ингэснээр Х... банкны Д.Н...н өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Х... банкнаас Д.Н...н өмнө хүлээсэн үүргээ Ц д... ХХК-д шилжүүлсэн гэж үзэж болохоор байна. Улсын бүртгэлийн байгууллагаас 2012 оны 1 сарын 20-ны өдөр 9/429 дугаартай албан бичгээр гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ц д... ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн боловч Т... ХХК өмчлөх эрхийг давхардуулан гаргасан, хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлсэн гэж мэдэгдсэн. Иргэн Д.Н... нь өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж Захиргааны шүүхэд хандан Х... банкны нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгож, өөрийн нэр дээр гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандаж өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Х... банк нь Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр, иргэний шүүхэд хариуцагчаар тус тус оролцсон. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц д... ХХК-ийн төлбөрт төлсөн 46.800.000 төгрөгийг тус компаниас буцаан авсан гэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Д.Н... татгалзсан. Мөн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ энэ үндэслэлээр татгалзсан. Иргэн Д.Н... нь 2014 оны 3 сарын 31-ний өдөр Х... банкны эрх хүлээн авагчид хандан 46.800.000 төгрөгийг Ц д... ХХК-иас буцаан авсан тул нэхэмжлэлээсээ татгалзсан, цаашид гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн. Эндээс үзэхэд Ц д... ХХК нь Х... банкнаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Н...н өмчлөлд шилжүүлэхээр үүрэг хүлээн шилжүүлж авсан боловч Д.Н...тэй харилцан тохиролцож өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн буюу 46.800.000 төгрөгийг Д.Н...д төлснөөр Д.Н...н өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон байна. Түүнчлэн, Х... банк, Ц д... ХХК, Д.Н... нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээд буюу Д.Н... нь Х... банкны өмнө хүлээсэн Ц д... ХХК-ийн төлбөрийн үүргийг өмнөөс нь гүйцэтгэж, дараа нь Ц д... ХХК нь тус үүргийг Д.Н...н өмнө гүйцэтгэсэн гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгч М.Ц... нь тухайн хөрөнгийг худалдан авах талаарх хүсэлтийг Х... банканд гаргаагүй, банк нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй ба Х... банк болон Ц д... ХХК-ийн хооронд байгуулсан 4-4/555 дугаартай хэлцлийн улмаас М.Ц...д ямар нэг сөрөг үр дагавар учраагүй болно. Нэхэмжлэгч М.Ц... болон хариуцагч Д.Н... нарын хооронд 46.800.000 төгрөг өгч, авалцсантай холбоотой харилцаа нь тусдаа шийдвэрлэгдвэл зохих харилцаа юм. Түүнчлэн уг хөрөнгийн өмчлөх эрх Б.У...ын нэр дээр бүртгэлтэй байна Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй этгээдийг хэлнэ гэж заасан. Н... ХХК нь нэхэмжлэгч М.Ц...тай эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй тул түүний эрх ашиг сонирхлыг манай компанийн зүгээс хохироосон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тус компани Иргэний хуульд заасны дагуу 2015 оны 8 сарын 26-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулан Г.Ц...гаас Ц д... ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдаж авсан. Ингэснээр тус компанийн үйл ажиллагаа дуусгавар болж компанийн өмч, эзэмшлийн газар Н... ХХК-д шилжсэн. Ц д... ХХК, Н... ХХК-ийн эдгээр үйл ажиллагаанаас хамааран нэхэмжлэгч М.Ц...гийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн, үүнээс хамааран 2015 оны 8 сарын 26-нд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ энэ гэрээний дагуу хувьцаа худалдан авснаараа нэхэмжлэгч М.Ц...гийн өмнө Н... ХХК-ийн үүрэг хүлээх үндэслэлгүй байна. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.2-т худалдан авагч нь шилжүүлэн авсан хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээх ба энэхүү гэрээнд гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгүүлснээр тус эрх, үүрэг үүснэ гэж заасан байх тул энэ гэрээнд хамааралгүй этгээд болох М.Ц...гийн өмнө Н... ХХК үүрэг хүлээхгүй. 2015 оны 8 сарын 26-ны хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс өмнөх харилцаанаас үүссэн хариуцлагыг Ц д... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Ц... хариуцах ёстой. Ц д... ХХК-ийн хувьцааг худалдаж авахаас өмнө холбогдох лавлагааг авсан ба уг тодорхойлолтод итгэж үнэмшин тус компанийн хувьцааг худалдаж авсан бөгөөд Г.Ц... энэ тухай бидэнд мэдэгдээгүй юм. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны хувьцаа худалдах худалдан авах гэрээнд хамааралгүй бөгөөд энэ газрыг бид эзэмшдэггүй, худалдан аваагүй, бодит байдалд хаана байдгийг нь мэдэхгүй, өрийг залгамжлах хэлэлцээргүй болно. Мөн нэхэмжлэгч М.Ц... нь Х... банктай гэрээ байгуулаагүй, даалгаврын гэрээтэй холбоотой дотоод харилцааны талаарх маргаанаа Д.Н...д холбогдуулан шийдвэрлүүлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С... констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани хоёрдогч түүхий эдийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2014 оны 3 сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт гэх газарт байрлах 5000 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар Т... ХХК-тай, мөн уг газар дээр байрлах 948 м.кв талбайтай агуулахыг худалдан авахаар Ц д... ХХК-тай яриа хэлэлцээр хийж эхэлсэн. Улмаар Т... ХХК-тай гэрээ байгуулан 5000 м.кв газрын эзэмших эрхийг 2014 оны 6 сард хууль ёсоор шилжүүлж авсан. С... констракшн ХХК нь 948 м.кв талбайтай агуулахыг Ц д... ХХК-иас 100.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2014 оны 8 сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед уг хөрөнгийн өмчлөгчөөр Ц д... ХХК байсан. Уг гэрээг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Ийнхүү С... констракшн ХХК нь Иргэний хуулийн 109.2, 110.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийг хуулийн дагуу олж авсан. С... констракшн ХХК болон Ц д... ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээг Х... банк болон Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнд үндэслэн хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. С... констракшн ХХК нь өөрийн өмчлөлийн 948 м.кв талбай бүхий хөрөнгийг Б.У...т 200.000.000 төгрөгөөр худалдахаар 2016 оны 9 сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан. Б.У... нь үнийг бүрэн төлсөн тул гэрээг холбогдох хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хөрөнгийн өмчлөх эрх Б.У...т шилжсэн. Б.У... болон С... констракшн ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь С... констракшн ХХК болон Ц д... ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд үндэслээгүй болно. Ийнхүү С... констракшн ХХК хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан болон бусдын өмчлөлд шилжүүлсэн үйлдэл нь тус бүрдээ Иргэний хууль болон холбогдох бусад хуульд бүрэн нийцсэн тул С... констракшн ХХК болон Ц д... ХХК нарын хооронд байгуулагдсан хэлцэл болон С... констракшн ХХК болон Б.У... нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд М.Ц...гийн нэхэмжлэлийн С... констракшн ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.У...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.У...ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба С... констракшн ХХК-аас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгөөр маргаан бүхий газрыг худалдаж авсан. С... констракшн ХХК-ийн өмчлөлд байгаа газрыг хууль бус гэдгийг Б.У... мэдэх боломжгүй. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын бүртгэлийн газраас маргаан бүхий газар нь С... констракшн ХХК-ийн өмчлөлд байна гэсэн лавлагаа ирсэн. Хууль бус гэдгийг мэдээгүй байхдаа Б.У... газрыг худалдаж авсан. Б.У... С... ХХК нарын хооронд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн шиг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгээгүй бөгөөд Б.У... нь газрыг худалдаж авахдаа үр дүнг нь хүсэж байсан. Тийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар 200,000,000 төгрөгөө өгөөд, өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хийсэн Арилжааны гэрээг Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 57.2 дахь хэсгийг юу гэж ойлгож нэхэмжлэлдээ бичсэн нь тодорхойгүй байна. Шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Гэтэл шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон эрх зүйн акт нь хэрэгт авагдаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 145,000,000 төгрөг юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 46,800,000 төгрөг гэдэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрийн үлдэгдэл хэсэг юм. Тухайн өр төлбөрийг төлснөөр өөрийнхөө өмчлөлд хөрөнгийг авах ёстой гэж үзэж болохгүй. Газрын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт газрыг хуульд заасан аргаар эзэмшинэ гэж заасан. Нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ нэг ч удаа гарч байгаагүй. Тус эрхийн гэрчилгээ нь анхнаасаа Ц д... ХХК-д байсан. Тухайн үед газрын эзэмшигч нь Х... банкны эрх хүлээн авагч байсан. Ингээд Ц д... ХХК төлбөрийн үлдэгдлийг шилжүүлсэн учраас Ц д... ХХК-д эзэмшлийг шилжүүлсэн. Д.Н... нь Ц д... ХХК-ийн 46,800,000 төгрөгийн өр төлбөрийг Х... банканд төлсөн. Тус 46,800,000 төгрөг нь Д.Н..., М.Ц... хоёрын хэнийх нь мөнгө байх нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. М.Ц... хууль бусаар мөнгө шилжүүлсэн бол Д.Н...гээс шаардах эрх нь нээлттэй юм. Нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг нь зөрчигдсөн нь нэхэмжлэлд дурдагдаагүй байна. Б.У... нь С... констракшн ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ хийж, хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь болсон. Б.У... нь өөрөө хууль ёсны дагуу Д.Н... болон Б.Б..., Б.Ня... нарт шилжүүлж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт ... тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай 8 агуулах бүхий объект болон газрыг иргэн Д.Н... би өөрийн мөнгөөр худалдаж авсан. М.Ц...гийн газар ав гэж надад шилжүүлж өгсөн гэх мөнгө нь миний Хаан банкны дансаар М.Ц... руу шилжүүлсэн 2010 оны 10 сарын 12-ны өдрийн 48.000.000 төгрөг юм. Миний мөнгөөр өөртөө газар авна гэж итгэж байгаа бол энэ нь М.Ц...гийн эндүүрэл юм. Хэрэв М.Ц... надад 46.800.000 төгрөг өгсөн юм бол өнөөдрийг хүртэл яагаад надаас 46.800.000 төгрөгөө нэхэмжлэхгүй байгаа юм бэ. Би М.Ц...д холбогдуулаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад өнөөдрийг хүртэл уг мөнгөө надаас нэхэмжлэхгүй байгаа. Харин би өөрийнхөө өгсөн 48.000.000 төгрөгийг М.Ц...гаас буцаан авсан даруйдаа Х... банкнаас одоо маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан юм. Д.Н... миний бие 1998 оноос эхлэн түүхий эдийн бизнес эрхэлж байгаа бөгөөд 2003 оноос эхлэн иргэн М.Ц...тай хамтран бизнес эрхлэх болсон. Уг бизнесийг эхлүүлсэн цагаас хойш ашиг орлого нэмэгдэж Говь-Алтай аймагт түүхий эдийн агуулах барьж ашиглалтад оруулж тэндээс түүхий эд бэлтгэн Улаанбаатар хот руу нийлүүлдэг болсон. Д.Н... миний бие 2007 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж М.Ц...д Говь-Алтай аймаг дахь түүхий эдийн агуулахыг хариуцуулан өөрөө Улаанбаатар хотод түүхийн эдийн агуулах авах зорилго тавин ажиллаж байсан. Ингээд Эмээлт түүхий эдийн захад ажилладаг таньдаг хүмүүсээс зарах агуулах байгаа эсэхийг сураглаж байтал Ц д... ХХК агуулах худалдан гэсэн мэдээлэл олж аваад уг агуулахын манаачаас эзэн Г.Ц...гийн дугаарыг аваад холбогдоход агуулахыг газрын хамт худалдана энэ объект Х... банкны барьцаанд байгаа тэнд уулзъя гэсэн. Ингээд очиход Х... банкны хуулийн хэлтсийн ажилтан Ц д... ХХК-ийн зээлийн үлдэгдэл болох 46.800.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Үүний дараа миний бие өөрийн 46.800.000 төгрөгийг банкны данс руу 2010 оны 12 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Мөн Ц д... ХХК-ийн захирал Г.Ц... 17.650.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд агуулах, газрыг худалдан авсан үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны дараа 2010 оны 12 сарын 21-ний өдөр газар, агуулахыг иргэн Д.Н... надад бүрэн чөлөөлж өгсөн бөгөөд тэр цагаас би шударгаар эзэмшиж байсан. Иргэн М.Ц... нь 2010 оны 9 сарын 2-ны өдөр Т... ХХК-ийн захирал Э.Анхбаяр, Э.Энхбаяр нартай гэрээ байгуулж, уг гэрээгээ үндэслэн иргэн Д.Н... надад итгэмжлэл олгосон, уг газар, газар дээрх агуулахыг эзэмших эрхтэй гэж маргаан үүсгэсээр өнөөдрийг хүрсэн. Иргэн Д.Н... надад олгосон итгэмжлэлийн үндэслэл болж буй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний объект болох газар нь агуулахын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 2 сарын 6-ны өдрийн 7/504 тоот албан бичигт: Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх нь 2009 оны 2 сарын 5-ны өдрөөс түдгэлзүүлэх гэж дурдсанаар М.Ц..., Т... ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус болохыг нотолдог. Т... ХХК нь 2007 оны 9 сарын 14-ний өдрийн 909 тоот захирамжаар албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад бусдад төлөх төлбөртөө шилжүүлэхээр болсон, эзэмших эрхийн хугацаа нь дууссан газрын гэрчилгээг үндэслэн иргэн М.Ц...д шилжүүлэхээр 2010 оны 9 сарын 2-ны өдөр иргэн М.Ц...тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байдаг. Уг гэрээний зүйл болох газар нь эзэмших эрхийн доголдолтой буюу эзэмших эрхийн хугацаа нь 2010 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дууссан, тийм доголдолтой гэдгийг газар эзэмшигч этгээд өөрөө мэдэж байсан, тухайн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бусдад төлөх төлбөртөө шилжүүлэхээр албан ёсны хүсэлтээ зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас 2010 оны 9 сарын 2-ны өдрийн М.Ц... болон Т... ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Дээрх хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 2012 оны 6 сарын 27-ны өдөр иргэн Д.Н... надад итгэмжлэл олгосон байх тул 2010 оны 9 сарын 2-ны өдрийн иргэн М.Ц... болон Т... ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б... 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй.
Хариуцагч Б.Н...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадулам 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй.
Хариуцагч Г.Л... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ц... нь Б.У..., Д.Н..., Б.Ня..., Б.Б... нарт холбогдуулж, Арилжааны гэрээ-г Д.Н..., Б.Б..., Б.Ня... болон Г.Л...д холбогдуулж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Д.Н...тэй харилцан тохиролцсоны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. М.Ц... гэгчийг танихгүй, түүнтэй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд орж байсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн Эмээлт гудамж ... тоот хаягт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмнөх өмчлөгч нь Д.Н... гэгч байхдаа өөрийн өмчийг бусдад худалдах, шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг П... интернэшнл ХХК-д итгэмжлэлээр олгосон ба уг итгэмжлэлийн дагуу П... интернэшнл ХХК-иас Г.Л... миний өмчлөлд шилжин ирсэн. Д.Н...гээс П... интернэшнл ХХК-д олгосон итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр, итгэмжлэл олгосон этгээд болон гуравдагч этгээдийн зүгээс тухайн итгэмжлэлтэй холбоотой ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, хүчин төгөлдөр итгэмжлэл байдаг. Тус хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу хууль ёсоор Г.Л... миний өмчлөлд уг үл хөдлөх хөрөнгө шилжиж ирсэн. Маргаан бүхий хөрөнгө М.Ц...гийн өмч гэж тогтоогдоогүй, түүний өмч гэдгийг нотлох баримт байхгүй атал Г.Л... миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие М.Ц...тай гэрээ байгуулах болон бусад байдлаар ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй, М.Ц...гийн өмчийг шилжүүлж авсан зүйл байхгүй тул хариуцагч биш гэж үзэж байна. Иймд Г.Л... надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие болон миний өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ц... нь Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон Д.Н... нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,
Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон Н... ХХК /хуучнаар Ц д... ХХК/-д холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,
Н... ХХК болон С... констракшн ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,
С... констракшн ХХК болон Б.У... нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Б.У...т шилжсэн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах,
Б.У... болон Д.Н..., Б.Ня..., Б.Б... нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Арилжааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,
Д.Н..., Б.Ня..., Б.Б... болон Г.Л... нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Г.Л...д шилжсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргажээ.
Нэхэмжлэгч М.Ц...гийн шүүхэд гаргасан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэл, хамтран хариуцагч татах замаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзвэл, тэрээр хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчид даалгах, мөн уг хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу бүх хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дараах дүгнэлтийг хийлээ.
1. Нэхэмжлэгч М.Ц..., хариуцагч Д.Н... болон хариуцагч Х... банк ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа
Шүүх хэрэгт авагдсан дараах баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэгч М.Ц... нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох этгээдээс худалдан авах хэлцэл хийх, хэлцэлд төлөөлөх, төлбөрийг төлөх, өмчлөх эрхийг М.Ц...д шилжүүлэн өгөх үйлдлийг Д.Н...гээр хийж гүйцэтгүүлэхээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулсан байна гэж үзлээ. Үүнд:
- Хариуцагч Д.Н...гээс нэхэмжлэгч М.Ц...д бичиж өгсөн: Х... банкны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Эмээлтэд байрлах 948 м.кв агуулахын зориулалттай барилгыг худалдан авахаар М.Ц...гаас 46.800.000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн 550.000 төгрөг авч, Х... банкны тусгай активын ... тоот дансанд шилжүүлсэн нь үнэн болно гэх бичмэл баримт /хх (1)-13 дугаар тал/,
- Х... банкны Тусгай активын хэлтэст 46.800.000 төгрөг тушаасан Кассын орлогын баримт-д: ....Ц д... ХХК-ийн зээлийн төлбөр... ... ... хэмээн бичиж, Д.Н... гарын үсэг зурсан бичмэл баримт /хх (1)-14 дүгээр тал/,
- ...... дугаарыг Монхорын Ц... ашиглаж байгаа болох нь үнэн... гэсэн агуулга бүхий Ньютел компанийн 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Тодорхойлолт баримт /хх (1)-23 дугаар тал/,
- Хаан банкны 5... данснаас 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Н...н 5... дугаартай дансанд 46.800.000 төгрөг, 550.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх (1)-15 дугаар тал/,
- Хариуцагч Д.Н...н дансанд 46.800.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 5... дугаартай дансны хамтран эзэмшигчээр М.Ц... бүртгэгдсэн, гүйлгээг М.Ц... хийсэн талаарх Хаан банкны 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаартай тодорхойлолт /хх (1)-16 дугаар тал/,
- Маргаан бүхий агуулахын барилга байрлаж байгаа газар болох 5000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч М.Ц... худалдаж авахаар газрын эзэмшигч Т... ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ баримт /хх (1)-17 дугаар тал/,
- 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Н...н үйлдсэн: Миний бие Д.Н... нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын түүхий эд бэлтгэлийн Өгөөж төвийн эзэн М.Ц...гийн түүхий эд барааны борлуулалтын ажил үүргийг 2000 оноос хойш одоог хүртэл 13 дахь жилдээ гүйцэтгэж байгаа нь үнэн болно гэсэн бичвэр бүхий бичмэл баримт /хх (1)-119 дүгээр тал/,
- ...Говь-Алтай аймгийн Өгөөж төвийн эзэн М.Ц... нь борлуулагчаар Д.Н...г ажиллуулж байсан нь үнэн болно... гэх агуулга бүхий Говь-Алтай аймгийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт баримт /хх (1)-22 дугаар тал/,
- Маргаан бүхий хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай хөрөнгийг 2010 оноос хойш өөрийн эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа талаарх нэхэмжлэгч М.Ц...гийн тайлбар болон уг тайлбарыг нотолсон Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны зориулалтаар склад түрээслэх гэрээ-нүүд /хх (1) 27-60 дугаар тал/,
- Р... аудит ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөрийн Хараат бус аудиторын дүгнэлт, түүний хавсралтууд /хх (1) 69-116 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 053 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /хх (2) 115-129 дүгээр тал/,
- Өмгөөлөгч М.Ц...ийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт /хх (2) 197 дугаар тал/,
- Өмгөөлөгч М.Ц... М.Ц... болон Д.Н... нартай байгуулсан 2012 оны 6 сарын 12-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ баримт /хх (2) 199 дүгээр тал/,
- Нэхэмжлэгч М.Ц...гаас, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, түүхий эдийн аж ахуйн хашаа болон 5000 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй холбоотой асуудалд нотариат газрын алба болон холбогдох байгууллагад төлөөлөн лавлагаа авах материал гаргуулан авах, нотлох баримт бүрдүүлэх, уг газартай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралд оролцох, хүсэлт тайлбар гаргах, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг 3 жилийн хугацаатай хариуцагч Д.Н...д олгосон 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Итгэмжлэл баримт /хх (2) 201 дүгээр тал/,
- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд Ц д... ХХК /одоогийн Н... ХХК/-ийн захирал Г.Ц...гийн хэлсэн: ...М.Ц... нь надаас худалдаж аваад миний өрийг дарсан. Би тэрийг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад нь саад учруулаагүй. Ганцхан би М.Ц...гаас авсан мөнгөө буцаагаад өгсөн тул объектийг авах эрхтэй гэж ойлгосон... гэх тайлбар /хх (2) 230 дугаар тал/,
- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч А.Номинчулууны мэдүүлсэн: ...Д.Н... нь М.Ц...гийн ажилтан байсан, Улаанбаатар хотод ирсэн түүхий эдийг борлуулдаг байсан...нэхэмжлэгч М.Ц... нь уг агуулахыг 2010 оноос хойш бүтээгдэхүүн авч ирж эзэмшиж байгаа, манаач нь Баагий гэдэг хүн байгаа... гэх мэдүүлэг /хх (3) 3 дугаар тал/,
Дээр дурдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болно.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ нь хэлбэрийн хувьд амаар болон бичгээр байгуулагдаж болдог ба мөн талууд харилцан тохиролцсон бол хариу төлбөргүй байж болдог байна. Иймд М.Ц... болон Д.Н... нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
Дээрх даалгаврын гэрээний дагуу Д.Ц... нь Х... банк ХХК-иас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа өөрийн төлөөлөгч болох Д.Н...гээр дамжуулан хэлцэл хийжээ. Энэ бол төлөөлөгч /Д.Н.../, төлөөлүүлэгч /М.Ц.../-ийн хооронд үүссэн дотоод харилцаа юм.
Харин М.Ц..., Д.Н... нараас гадагш чиглэсэн харилцаанд буюу Х... банк ХХК-тай хийсэн хэлцлийн тухайд, хариуцагч Х... банк ХХК нь нэхэмжлэгч М.Ц...тай гэрээ байгуулж байгааг мэдээгүй, мөн хариуцагч Д.Н... нь М.Ц...г төлөөлж хэлцэл хийж байгаагаа Х... банк ХХК-д мэдэгдээгүй байна.
Хариуцагч Х... банк ХХК-ийн хувьд тус банкны тусгай активын дансанд бүртгэгдсэн 46.800.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах хүсэл зоригтой байсан, 46.800.000 төгрөгийг дансаараа хүлээн авсан тул эд хөрөнгийг хэнд худалдах, өмчлөх эрхийг хэнд шилжүүлэн өгөх нь ач холбогдолгүй байжээ.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т: Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ., 65 дугаар зүйлийн 65.3-т: Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна. гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар Х... банк ХХК болон Д.Н... нарын хоорондын тохиролцоо /хэлцэл/, түүнээс гарах аливаа эрх зүйн үр дагавар төлөөлүүлэгч болох М.Ц...д үүснэ.
Иймд, нэг талаас нэхэмжлэгч М.Ц... нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар Х... банк ХХК болон Ц д... ХХК /Н... ХХК/ нарын хооронд хийгдсэн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ, энэ гэрээнд үндэслэж хийсэн бусад гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах эрхтэй ба нөгөө талаас, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х... банк ХХК-иас шилжүүлэхийг шаардах, хожим өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бусад хариуцагч нарын хувьд өмчлөх эрхтэй болохоо хүлээн зөвшөөрүүлэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй юм.
2. Нэхэмжлэгч М.Ц..., Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч, Ц д... ХХК /хариуцагч Н... ХХК/ нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа
Хариуцагч Х... банк ХХК нь хариуцагч Н... ХХК /хуучнаар Ц д... ХХК /-тай байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-ний дагуу Ц д... ХХК-д 70.000.000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсны дотор маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө багтсан ба уг хөрөнгөд хамаарах ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх (1) 153-158 дугаар тал/
Ц д... ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1022 дугаартай шийдвэрээр Ц д... ХХК-иас 87.545.346 төгрөгийг гаргуулан Х... банканд олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1696 дугаартай Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эрх бүхий байгууллага хийж гүйцэтгэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч Х... банк ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь хариуцагч нарын тайлбар, гэрч Г.Ц...гийн: ...тэр үед өмчлөгч нь Х... банк байсан... гэх мэдүүлэг, 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Х... банк ХХК-ийн нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтуудаар тус тус тогтоогдож байна. Мөн эдгээр үйл баримтыг талууд үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар тогтоогдсон гэж үзнэ. /хх(2) 143, (3) 37 дугаар тал/
Хариуцагч Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргажээ. Уг тайлбараас үзвэл Х... банк ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Н... буюу М.Ц...д худалдан борлуулж, тусгай активын дансанд хуримтлагдсан 46.800.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах хүсэл зоригтой байжээ.
Хариуцагч Х... банк ХХК дээрх хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийхдээ ноцтой төөрөгдсөн байна. Тухайлбал, Х... банк ХХК нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан хэлцлийн гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан: ...тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг эхлээд Ц д... ХХК-ийн нэр дээр шилжүүлээд дараа нь иргэн Д.Н...н нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон... гэх тайлбар, Х... банк ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан: ... тухайн үед яагаад Д.Н...н нэр дээр шилжүүлээгүй Ц д... ХХК-ийн нэр дээр шилжсэн юм бол гэдэг асуулт гарч ирнэ... Д.Н... өөрөө тухайн үед банкны дотоод хяналтад 1-2 удаа гомдол гаргасан учраас шалгалт хийсэн гэж дүгнэсэн байсан...үүнээс харахад үүнийг авахаар явж байгаа юм байна гэж харсан... гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.
Мөн дээрх үйл баримт нь хариуцагч Д.Н...н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан: ...Миний бие 2010 оны 12 сард үл хөдлөх хөрөнгө зарна гэсэн зарын дагуу хариуцагч тал болох Х... банкин дээр очиж уулзсан ...банкны тусгай активын хэлтсийн хуульч Г.Туул нь уг хөрөнгө манай банкны өмчлөлд байдаг гээд бичиг баримтуудыг үзүүлсэн...иргэн Д.Н... та уг хөрөнгийг худалдаж авах бол манай дансанд 46.800.000 төгрөгийг тушаагаад ир гэсний дагуу уг мөнгийг тушаасан... гэх агуулга бүхий нэхэмжлэл болон Д.Н...н 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан: ...би өөрийн өгсөн 48.000.000 төгрөгийг М.Ц...гаас буцааж авсан даруйдаа Х... банкнаас одоо маргаад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан ... гэх тайлбараар давхар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Х... банк ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч атлаа тухайн хөрөнгийг Ц д... ХХК-иар дамжуулан Д.Н... буюу М.Ц...д шилжүүлэх ёстой гэж үзэж, Ц д... ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэх гэрээг бичгээр байгуулж, эрхийн хувьд төөрөгдсөн байна.
Харин дээрх гэрээний нөгөө тал болох Ц д... ХХК /одоогийн Н... ХХК/-ийн хувьд энэ гэрээг байгуулахад болгоомжгүй хандсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Ц д... ХХК нь Х... банк ХХК-тай байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-ний дагуу өөрт аливаа эрх, үүрэг үүсэх боломжгүй, гэрээний зүйл болох маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж цааш С... констракшн ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн байна.
Хариуцагч Н... ХХК буюу хуучнаар Ц д... ХХК-ийн дээрх үйлдлээс үзвэл тэрээр Х... банк ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг байгуулахдаа болгоомжгүй төөрөгдсөн бус, санаатай хүсэл зоригийн дутагдал бий болгосон гэж үзэхэд хүргэж байна.
Дээрх үйл баримт нь мөн Ц д... ХХК /Н... ХХК/-ийн төлөөлөгч Г.Ц...гийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан: ...М.Ц... надаас худалдаж аваад миний өрийг төлсөн. Би тэрийг хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбараар тогтоогдож байна.
Харин Ц д... ХХК-ийн төлөөлөгч Г.Ц... хожим шүүхэд гэрчээр дуудагдахдаа: ...Х... банкнаас таны энэ хөрөнгийг зараад 46.800.000 төгрөгөө авна, үлдэгдэл зөрүүг нь та өөрөө аваарай гэдэг тохиролцоо хийсэн... гэж мэдүүлсэн байх боловч түүний энэ мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь, тэрээр өмнө Ц д... ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу төлөөлөгч байсан ба маргаан бүхий хөрөнгийг бусдад худалдан борлуулах гэрээнд гарын үсэг зурсан этгээд байна.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан ноцтой төөрөгдөл нь хүсэл зоригоо илэрхийлж буй этгээдийн болгоомжгүй хандлагатай холбоотой байдаг.
Гэтэл 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлэх үед нэг тал болох Х... банк ХХК болгоомжгүй хандсан бол нөгөө тал болох Ц д... ХХК-ийн хувьд санаатай хүсэл зоригийн дутагдлыг бий болгосон байна.
Ийнхүү гэрээний нэг тал болгоомжгүй төөрөгдөж, нөгөө тал санаатай дутагдал үүсгэсэн, үүний улмаас гуравдагч этгээд /М.Ц.../-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол уг гэрээг тухайн эрх ашиг нь хөндөгдсөн этгээд /М.Ц.../-ийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлтэй адилтгаж үзэх боломжтой.
Иймд, нэхэмжлэгч М.Ц...гийн хувьд Х... банк ХХК болон Ц д... ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх нь зүйтэй.
3. Хариуцагч Н... ХХК /Ц д... ХХК/-С... констракшн ХХК, С... констракшн ХХК-Б.У..., Б.У...-Д.Н..., Б.Ня..., Б.Б..., Д.Н..., Б.Ня..., Б.Б...-Г.Л... нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.
Х... банк ХХК болон Ц д... ХХК /хариуцагч Н... ХХК/-ийн хооронд хийгдсэн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл тул уг хэлцлийг огт хийгдээгүйтэй адилтгаж үздэг. Энэ тохиолдолд тухайн хэлцлийн үндсэн дээр аливаа өмчийн шилжүүлэг хийгдэх боломжгүй юм.
Иймд хариуцагч С... констракшн ХХК, Б.У..., Д.Н..., Б.Б..., Б.Ня... болон хариуцагч Г.Л... нарын хэн аль нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хуулийн дагуу олж аваагүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д: Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно., мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д: Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж тус тус заажээ.
Хариуцагч С... констракшн ХХК, Б.У..., Д.Н..., Б.Б..., Б.Ня..., Г.Л... нарыг хуулийн дээрх үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, 2010 оноос хойш Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24629 дугаартай захирамж гарч, нэхэмжлэгчийг тухайн хөрөнгө болон газар дээр үйл ажиллагаа явуулахыг хориглох хүртэл нэхэмжлэгч М.Ц... нь маргаан бүхий хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгасан болох нь хэрэгт авагдсан Ажлын байрны зориулалтаар склад түрээслүүлэх гэрээ, гэрч Ч.Дагиймаа, А.Номинчулуун нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх (1) 27-62, хх (3) 2-5 дугаар тал/
Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч буй этгээдүүд болох С... констракшн ХХК, Б.У..., Д.Н..., Б.Ня..., Б.Б..., Г.Л... нарын хувьд тухайн хөрөнгийг очиж үзээгүй, өөр этгээдийн эзэмшилд байгааг мэдээгүй буюу эрхийн талаар доголдолтой болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
Түүнчлэн, хариуцагч Д.Н... нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шаардсан нэхэмжлэлийг анх 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж байсан байна.
Мөн Ц д... ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч М.Ц...гийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж байснаас үзвэл энэ өдрөөс өмнө нэхэмжлэгч М.Ц... шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байжээ. Үүнээс хойш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдсан байна.
Гэтэл хариуцагч С... констракшн ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар шүүхэд маргаан үүссэнээс хойш буюу 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ц д... ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж авсан, хариуцагч Б.У..., Д.Н..., Б.Ня..., Б.Б... болон Г.Л... нар нь мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.
Дээрх тохиолдолд мөн л хариуцагч нар маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан, улсын бүртгэл үнэн зөв болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.
Ийнхүү хариуцагч С... констракшн ХХК, Б.У..., Д.Н..., Б.Ня..., Б.Б..., Г.Л... нар нь өмнөх өмчлөгчийг эрхгүй этгээд болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдгээ нотолж чадаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид нь өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг.
Иймд өмчлөх эрхийг хожим шилжүүлж авсан С... констракшн ХХК, Б.У..., Б.Ня..., Д.Н..., Б.Б..., Г.Л... нарыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан үндэслэлээр хамгаалах боломжгүй гэж үзлээ.
4. З...ХХК-ийн барьцааны эрхийн тухай
Нэхэмжлэгч М.Ц... нь хариуцагч нараас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Харин З... ХХК нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан ипотек эзэмшигч буюу тухайн хөрөнгөд хамаарах зарим эрхийг эзэмшиж байгаа этгээд байна.
Өмчлөгчийн эрх нь ипотекийг багтаасан илүү өргөн хүрээтэй эрхээс гадна ипотек нь тухайн хөрөнгөд хамаарах, зарим эрх тул хөрөнгийн өмчлөх эрх хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжихэд ипотек эзэмшигчийн зөвшөөрөл шаардагдахгүй юм. /Иргэний хуулийн 171 дүгээр зүйл/
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэн нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг шийдвэрлэхэд ипотек эзэмшигч Зууннайман-Ойл ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.
5. Нэхэмжлэгч М.Ц... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй талаар
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3-т заасан үндэслэлээр Х... банк ХХК болон М.Ц... /Д.Н...гээр төлөөлүүлж/ нар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу худалдан авагч М.Ц... хөрөнгийн үнэ болох 46.800.000 төгрөгийг төлсөн байна.
Х... банк ХХК болон М.Ц... /Д.Н...гээр төлөөлүүлж/ нар худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгээр байгуулаагүй боловч худалдагч тал болох Х... банк ХХК нь энэ хүсэл зоригоо 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулах замаар бичгээр илэрхийлсэн байна. Харин энэ гэрээг байгуулахдаа Х... банк ХХК ноцтой төөрөгдөж, өөр этгээдийн өмнө хүсэл зоригоо илэрхийлжээ.
Худалдан авагч М.Ц...гийн хувьд, тэрээр гэрээний үнэ болох 46.800.000 төгрөгийг төлсөн ба бусад этгээдийн үүргийн зөрчил, буруутай үйлдлийн улмаас худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж чадаагүй байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т: Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заажээ.
Тодруулбал, Х... банк ХХК-ийн хувьд ноцтой төөрөгдөж өөр этгээдийн өмнө хүсэл зоригоо илэрхийлсэн, хэнтэй гэрээ хийх нь Х... банк ХХК-ийн хувьд ач холбогдолгүй байсан, мөн М.Ц... нь гэрээний үнийг төлсөн ба шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэж байгаа тул М.Ц... болон Х... банк ХХК-ийн тохиролцоог хуулийн дээрх зохицуулалтын дагуу бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэнтэй адилтган үзэх боломжтой юм.
Иймд нэхэмжлэгч М.Ц... нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар Х... банк ХХК болон Ц д... ХХК /Н... ХХК/ нарын хооронд хийгдсэн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ, энэ гэрээнд үндэслэж хийсэн бусад гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэхийг шаардах, мөн бүх хариуцагч нарын хувьд өмчлөх эрхтэй болохоо хүлээн зөвшөөрүүлэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй юм.
Дээрх шаардах эрхүүдийг нэхэмжлэгч М.Ц... нь хэрэгжүүлэх боломжтой, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгч М.Ц...гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6.Бусад
Хариуцагч Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон хариуцагч Б.Ня..., Б.Б..., Г.Л... нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, эдгээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч М.Ц... нь Х... банк ХХК-Ц д... ХХК-ийн хооронд байгуулагдсан 46.800.000 төгрөгийн үнэ бүхий гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах шаардлагадаа 391.950 төгрөг, Н... ХХК /Ц д... ХХК/-С... констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож үр дагаврыг арилгуулах шаардлагадаа 657.950 төгрөг, С... констракшн ХХК-Б.У... нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах шаардлагадаа 1.157.950 төгрөг, Б.У...-Д.Н..., Б.Б..., Б.Ня... нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож үр дагаврыг арилгуулах шаардлагадаа 657.950 төгрөг, Д.Н..., Б.Б..., Б.Ня...-Г.Л... нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах шаардлагадаа 257.950 төгрөг, өмчлөх эрхээ хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагадаа 391.950 төгрөг, нийт 3.515.700 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байжээ.
Нэхэмжлэгч нь нийт 4.931.600 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 1.415.900 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэлээр 391.950 төгрөгийг Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон Н... ХХК-иас, 657.950 төгрөгийг Н... ХХК болон С... констракшн ХХК-иас, 1.157.950 төгрөгийг С... констракшн ХХК болон Б.У... нараас, 657.950 төгрөгийг Б.У... болон Д.Н..., Б.Б..., Б.Ня... нараас, 257.950 төгрөгийг Д.Н..., Б.Б..., Б.Ня..., Г.Л... нараас, 391.950 төгрөгийг Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч, Н... ХХК, С... констракшн ХХК, Б.У..., Д.Н..., Б.Б..., Б.Ня..., Г.Л... нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Ц...д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.2, 56.1.10, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х... банк ХХК болон Ц д... ХХК /Н... ХХК/ нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ, Ц д... ХХК /Н... ХХК/-С... констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, С... констракшн ХХК-Б.У... нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Б.У...-Д.Н..., Б.Ня..., Б.Б... нарын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Арилжааны гэрээ, Д.Н..., Б.Ня..., Б.Б...-Г.Л... нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ (Үл хөдлөх эд хөрөнгө)-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Ц...г тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.931.600 төгрөгөөс 3.515.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.415.900 төгрөгийг улсын орлого /Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс/-оос, 391.950 төгрөгийг Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон Н... ХХК-иас, 657.950 төгрөгийг Н... ХХК болон С... констракшн ХХК-иас, 1.157.950 төгрөгийг С... констракшн ХХК болон Б.У... нараас, 657.950 төгрөгийг Б.У... болон Д.Н..., Б.Б..., Б.Ня... нараас, 257.950 төгрөгийг Д.Н..., Б.Б..., Б.Ня..., Г.Л... нараас, 391.950 төгрөгийг Х... банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч, Н... ХХК, С... констракшн ХХК, Б.У..., Д.Н..., Б.Б..., Б.Ня..., Г.Л... нараас тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Ц...д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР