Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 133/ШШ2021/00119

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 133/ШШ2021/00119

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: : Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт баг, 3-8 тоотод оршин суух, У овогт Н-н Б-ийн  нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Б 2020 оны 1-р сард Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт жолоочоор ажилд орсон юм. Гэтэл 2020 оны 12-р сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга И.Гантулга нь намайг нийгмийн даатгалын өртэй байгууллагын ажлын байрны тоог цөөрүүлж байна гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Иймд Н.Б намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраар хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч Н.Бийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот Говь-Алтай аймгийн нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын тушаалаар байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй, нийгмийн даатгалд өртэй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу баримталсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангах хуулийн зорилттой. Энэ хуулийн дагуу миний үйлчлүүлэгчийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгээр аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэсэн заалтыг зөрчсөн буюу нэг сарын өмнө мэдэгдээгүй. Мөн Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 17 дахь заалтад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т заасан ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэсэн заалтыг зөрчсөн. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын А/703 дугаартай захирамжийн хавсралтад орон тоо цөөрүүлсэн хавсралт Засаг даргын захирамжийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч тухайн захирамж нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Гэтэл миний үйлчлүүлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа. Иймд хөдөлмөрийн хуулийг зөрчиж миний үйлчүүлэгчийг ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэж өгүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын ажлыг хүлээж авсан. 2020 оны 12 дугаар сарын үед нийгмийн даатгалын 33.000.000 төгрөгийн өртэй, хувь хүний орлогын албан татварын 13.000.000 төгрөгийн татварын өртэй байгууллага хүлээж авсан. 2020 оны 12 дугаар сарын 15-нд захирамжийн төсөл бэлтгэгдээд аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод ажилтай явж байгаад дугаар авч чадаагүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дугаар олгогдсон. Тэгээд танай байгууллага гэрээ байгуулсан ажилтнуудтайгаа ярилцаад бүтцийн өөрчлөлт хийж өр зээлнээсээ гарах ёстой гэсэн. Хамгийн гол нь Н.Б өөрөө алга байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Н.Б Засаг даргын Тамгын газрын ямар дугаартай, ямар машин хариуцдаг юм бэ? Ямар үйлчилгээнд явж байсан талаар асуумаар байна. Өмнөх хүн нь 2020 оны 01 дүгээр сард ажилд аваад жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогчийн хувьд жилийн дараа буюу 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож хуулийг баримталж ажилласан. Засаг даргын Тамгын газар дээр Н.Б гэдэг хүний барьж байсан машин нь байдаггүй. Хариуцсан машин байгаагүй. Тэгээд хамгийн сүүлд ажилд орсон гэдэг утгаар нь орон тоог цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Б нь Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Г нь ...аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/703 дугаар захирамжаар нийт 33 орон тоотой ажиллахаар батлагдсан тул Н.Батбилэг... нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно... гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Н.Б нь Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс жолоочоор ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай Жолооч Н.Б, Э.Н нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, нэхэмжлэгчийн 1487941 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ. Нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газар нь Н.Б-тэй 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, жолоочоор ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.4.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Н.Батбилэгийг ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа ...Засаг даргын Тамгын газар дээр Н.Б гэдэг хүний барьж байсан машин нь байдаггүй. Хариуцсан машин байгаагүй. Тэгээд хамгийн сүүлд ажилд орсон гэдэг утгаар нь орон тоог цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон... гэжээ.

Маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалын үндэлэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд мэдэгдэх хуудсыг ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, баталгаажуулахаар хуулиар зохицуулжээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр-нд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын бүтэц орон тоог баталсан аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/75 дугаар захирамжийн хавсралтад нийт 40 орон тоотой буюу жолооч-6 байсныг аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/703 дугаартай захирамжаар нийт 33 орон тоотой ажиллахаар баталж Жолооч-4 болгон жолоочийн орон тоог хоёроор цөөрүүлсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч Н.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн буюу Говь-Алтай аймгийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/703 дугаартай Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамж гарахаас өмнө орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Тухайлбал хуульд заасан журмыг баримтлаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захирамжийн төсөл бэлтгэж бүтэц орон тоо шинэчлэн баталсан боловч аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод ажилтай байсан учраас 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар авч, гарын үсэг зуруулсан... гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч орон тоо цөөрүүлсэн захирамж албажаагүй байхад мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ажиллагааг хийхгүйгээр ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд тухайн байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаагүй байхад орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, мөн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгч Н.Батбилэгийг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд Н.Б-ийн хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 02 сар 08 хоногийн олговор 1.766.372 /нэг сая долоон зуун жаран зургаан мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Н.Б-т олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 10, 11, 12 дугаар сарын цалин 2.233.950 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.766.372 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.212 /дөчин гурван мянга хоёр зуун арван хоёр/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 113.412 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулж, өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийг оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан У овогтой Н-ийн Б-ийг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2 сар, 08 хоногийн олговорт сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 02 сар 08 хоногийн олговор 1.766.372 /нэг сая долоон зуун жаран зургаан мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Н.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.974.176 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.537 /дөчин зургаан мянга таван зуун гучин долоо/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 116.737 /нэг зуун арван зургаан мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ