Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1130

 

      У.А-, О.Д- нарт холбогдох

                                                                       эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал,

шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Ч.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/1466 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр У.А-, О.Д- нарт холбогдох эрүүгийн 1709008850036 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. У.А-, 1998 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоосон ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            2. О.Д-, 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            У.А-, О.Д- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21-22 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний хажууд иргэн Б.Батчимэгийн баруун хацарт 2 удаа алгадаж унагаан хүч хэрэглэн довтолж Хаан болон Төрийн банкны виза карт, бэлэн 20.000 төгрөг, “Samsung Galaxy S2” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг авч, Төрийн банкны виза картнаас 720.000 төгрөгийг уншуулан авч нийт 794.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: У.А-, О.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.А-, О.Д- нарт холбогдох хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцээд 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ялаар, шүүгдэгч О.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. Энэхүү нөхцөл байдал нь тус шүүх шүүгдэгч У.А-, О.Д- нарт холбогдох хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөлд хүргэж байна. Нөгөөтээгүүр шүүгдэгч У.А-, О.Д- нарын дээрх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг нь тус шүүхэд шилжүүлж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй ижил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байх бөгөөд тэдгээрийн үйлдсэн хэргүүдийг тус бүртээ шийдвэрлэх тохиолдолд хэд хэдэн шийтгэх тогтоолоор тэдгээрт ял оногдуулах нь эрх зүйн байдал дордох нөхцөл үүсч байгаагаас гадна, тэдгээрт холбогдох хэргүүдийг тус бүрд нь шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад зөрчилтэй асуудлууд тулгарч болзошгүй зэрэг асуудлууд гарч байгааг анхаарах нь зүйтэй. Үүнээс гадна шүүх хуралдаанд шүүгдэгч У.А-ээс “Чингэлтэй дүүргийн цагдаа дээр бас дээрмийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Энэ талаарх баримт байгаа. Энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нарт хэлсэн боловч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.” гэж мэдүүлж байх тул уг мэдүүлэг үнэн зөв эсэх талаар холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

            Шүүгдэгч У.А-, О.Д- нар нь уг гэмт хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон...” гэх үндэслэлээр тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой байна. Мөн шүүгдэгч У.А- нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт эрүүгийн хэрэгт холбогдон шалгаж байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөвийг шалгах нь зүйтэй гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолтой У.А-, О.Д- нарын 17 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс тэдгээрт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэхдээ магадлалын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүгдэгч хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлвэл хэрхэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Ганболор, У.А- нар нь хэрэв өөр гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлвэл дээрх зүйл хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой байна.” гэж дүгнэсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргүүд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдэхээс өмнө прокурорт шалгагдаж байсан. Прокурорын хяналтын шатанд энэ асуудлыг ярьсаар байтал хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Сүхбаатар дүүргээс гадна Чингэлтэй дүүрэгт дахиад өөр хэрэгт шалгагдаж байгаа асуудал яригддаг. Гэтэл энэ талаар огт ажиллагаа явуулалгүйгээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Прокурор нь яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ёстой. Миний үйлчлүүлэгчийн зарим үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзээд ял оногдуулсан атлаа зарим үйлдлийг нь тусад нь гэмт хэрэгт тооцож ял оногдуулах нь эрх зүйн байдлыг дордуулна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Ч.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Н.Энхжаргалтай санал нэг байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос У.А-, О.Д- нарыг “Бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21-22 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний хажууд иргэн Б.Батчимэгийн баруун хацарт 2 удаа алгадаж унагаан хүч хэрэглэн довтолж Хаан болон Төрийн банкны виза карт, бэлэн 20.000 төгрөг, “Samsung Galaxy S2” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг авч, Төрийн банкны виза картнаас 720.000 төгрөгийг уншуулан авч нийт 794.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...урьд шүүгдэгч У.А-, О.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. Шүүгдэгч нарын урьд шийдвэрлэгдсэн хэрэг нь тус шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй ижил байх бөгөөд тэдгээрийн үйлдсэн хэргүүдийг тус бүртээ шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд эрх зүйн байдал нь дордох нөхцөл үүсэхээс гадна, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад зөрчилтэй асуудлууд тулгарч болзошгүй байгааг анхаарах нь зүйтэй. Үүнээс гадна, шүүх хуралдаанд шүүгдэгч У.А-ээс “Чингэлтэй дүүргийн цагдаа дээр бас дээрмийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нарт хэлсэн боловч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.” гэж мэдүүлсэн тул уг мэдүүлэг үнэн зөв эсэх талаар холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Хэргийн материалаас үзэхэд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.А-, О.Д- нарын 17 хүнд холбогдох эрүүгийн 1808054590702 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолоор У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ялаар, О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн дээрх хэргийг хүлээн авч 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020/ДШМ/985 дугаартай магадлалаар уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн У.А-, О.Д- нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Шүүгдэгч У.А-, О.Д- нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу “Дээрэмдэх” гэмт хэрэгт удаа дараагийн үйлдлээр холбогдсон байх ба зарим үйлдэлд нь тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр ял шийтгүүлсэн байна.

Тэдгээрийн холбогдсон “2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21-22 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний хажууд иргэн Б.Батчимэгийн баруун хацарт 2 удаа алгадаж унагаан хүч хэрэглэн довтолж Хаан болон Төрийн банкны виза карт, бэлэн 20.000 төгрөг, “Samsung Galaxy S2” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг авч, Төрийн банкны виза картнаас 720.000 төгрөгийг уншуулан авч нийт 794.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэг нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй болно.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус хуульчилсан тул тэдгээрийн холбогдсон нэг төрлийн гэмт хэргүүд тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Гэвч холбогдсон зарим хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын зүгээс өөр бусад гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа асуудлаа мэдэгдээгүй нь өөрсдийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагаварыг үүсгэх ба харин энэ талаар мэдэгдсээр байхад шүүх тусад нь шийдвэрлэвэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд үл нийцнэ.   

Иймээс шүүгдэгч У.А-, О.Д- нарыг холбогдуулан шалгаж буй хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/1466 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                      ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН