Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2017/0150

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2017/0150

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүргийн 00 дугаар хороо, сургуулийн 00-000а тоотод оршин суух Ц.М,

Хариуцагч: Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /хуучнаар Цэргийн төв эмнэлэг/

Хариуцагч: Тагнуулын ерөнхий газар,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс,

Нэхэмжлэлийн шаардлага: Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгаа болон 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай" Б187 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, Ч дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох тухай" 147 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Тагнуулын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Н.У, нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч П.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.М миний бие нь Тагнуулын ерөнхий газрын авто баазад жолоочоор 2000 оноос хойш төрийн албан хаагч, ахлах ахлагч цолтойгоор тасралтгүй 14 жил ажилласан. 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад ходоодноос цус алдаж, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт түргэнээр хүргэгдэн эмнэлэгт хэвтсэн. Нэг хоногийн дараа буюу 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмнэлгээс өвчтөн шилжүүлэх хуудсаар Улсын нэгдсэн төв эмнэлгийн нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасагт шилжин хэвтэж ходоодны шархны цус алдалт оношоор 6 хоног эмчлүүлсэн. Биеийн байдал сайнгүй, ажлаа хийх чадваргүй байсан учир Шастины нэрэмжит гуравдугаар нэгдсэн эмнэлгийн элэг цөсний тасагт 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэвтэж, 12 хоног эмчилгээ хийлгэн, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эмнэлгээс гарсан. Цэргийн алба хаагч байсан учир Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын эмчид үзүүлж 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 10 хоногийн эмчийн магадалгаа аваад 5 хонож байтал эмч нарын зөвлөгөөний хурлаар ороход ...төрийн алба чухал уу, эрүүл мэнд чухал уу гэж хөдөлмөр зохицуулалт заавал хийлгэх шаардлагатай... гээд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цэргийн эмч нарын комиссын 42 тоот магадалгаагаар цэргийн албанд тэнцэхгүй гэсэн шийдвэр гаргасан байсан. Ц.М-ий биеийн байдал муу байсан учир ямар шийдвэр гарсныг мэдээгүй. Тэгээд тус шийдвэрийг аваад хаашаа явах вэ гэхэд өрхийн эмнэлэг дээрээ оч гэсэн. Би тухайн үед хаана ханддаг, ямар хүмүүс ямар шийдвэр гаргадаг вэ гэдгийг мэдэхгүй байсан. Хүүгийн маань бие муу байсан болохоор өрхийн эмнэлэг дээр очиход цэргийн нэгдсэн эмнэлгээс ирсэн хүн байна. Хөдөлмөр зохицуулалт хийх шаардлагатай гээд өдөр 11 цагт дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр оч гэсний дагуу очиход эмч нарын зөвлөгөөнөөр орно гэсэн. Улмаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэсэн 14 эмчийн гарын үсэгтэй акт гарсан. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэсэн шийдвэр нэгэнт гарсан, биеийн байдал муу байсан учраас эргээд Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очилгүй, Нэгдүгээр эмнэлгийн элэг цөсний тасагт үзүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ний өдрииг хүртэл 16 хоног хэвтэж эмчлүүлж байх хугацаанд элгэнд 7.2х7.3 см хэмжээтэй Монголд эмчлэгдэх боломжгүй элэгний хорт хавдартай гэж оношлогдож, Улсын клиникийн нэгдүгээр нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/187 дугаар тушаал гарч, намайг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед миний төрсөн дүү Ц.Мөнхбат 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Энэтхэг улс явж, амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр ээж, эхнэр, донорын хамт явах гэж байсан тул Энэтхэг улс руу амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулахаар дүүгийн хамт ар гэрийнхэн авч явсан. Бидний хувьд нэг гэр бүлийн төрсөн ах дүү хоёр хоёулаа зэрэг элэг суулгах хагалгаанд орохоор Энэтхэг улсын Меданта эмнэлэг рүү явахаар болсон нь эдийн засаг болон сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байсан. Би төрийн байгууллагад 14 жил ажилласан. Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн эмч нар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д цэргийн албан хаагч өвчилсөн осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй, 16 дугаар зүйлийн 1-д хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар нь тогтоогдох хүртэлх хугацаанд олгоно, мөн 16 дугаар зүйлийн 2-д хөдөлмөрийн чадвараа түр алдах тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 13 долоо хоногоос хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмж олгож болно гэж заасныг, мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох журам-ын 2.1.2, 2.1.4, 2.1.6, 2.1.14, 2.16-дах заалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 2 дугаар хавсралт Эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комиссын дүрэм-ийн 4.1-д дэх заалт буюу холбогдох шинжилгээнүүдийг бүрэн хийж, өвчтөний оношийг баталгаатай болгосон байх гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй, буруу шийдвэрээс болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, 27.1.8-д зааснаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах гэсэн заалтад хамрагдаж чадалгүй хохирсон..

Иймд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн цэргийн эмч нарын комиссын 42 тоот магадалгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байх бөгөөд тухайн үед миний биеийн байдал хүнд байсан, дахин эмнэлэгт хэвтэж онош тодруулан монголд эмчлэгдэх боломжгүй онош тогтоолгож, Энэтхэг улс руу 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр явж, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монголд ирсэн учир дээрх шийдвэрт гомдол гаргаж чадаагүй.

Ингээд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссын 42 тоот шийдвэр нь буруу эсэх, миний хууль ёсны эрх зөрчигдсөн эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газар хандтал даатгуулагч Ц.М нь ердийн болон хорт хавдар өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан үедээ харьяа цэргийн эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн хуудас буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхээ эдлээгүй байна гэж дүгнэсэн.

Миний бие улсад тасралтгүй 13 жил 5 сар ажиллаж Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байсан бөгөөд хөдөлмөрийн чадвараа түр алдан Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэхээр явахад ямарч тэтгэлэг авч чадаагүй ажлаасаа халагдсан явдал нь эдийн засаг болон сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байна. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар эмчилгээ хийгээгүй, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй, шинжилгээ хийж, нарийн оношийг тогтоогоогүй байж 42 дугаар магадалгааг гаргаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрччихөөд түүнийгээ хамгаалж, хууль бус баримт бүрдүүлээд өөрсдийгөө өмөөрөөд, хязгаарлагдсан эрхтэй субъект гарсан шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаад харамсаж байна.

Цэргийн эмч нарын комиссын хууль бусаар гарсан 42 дугаар магадалгааг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын дарга Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д заасан томилж чөлөөлөх эрхтэй гэсэн эрх олгогдсон заалтыг баримтлан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн.

Тухайн үед Ц.М өөрөө ч ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ ч мэдээгүй, биеийн эрүүл мэндийн байдал нь муу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Энэтхэг улс руу явсан, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт зоригоо илэрхийлээгүй байхад өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, цэргийн албанд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан зэргийг үндэслээд тушаал гаргасан. Гэтэл Ц.М хүсэлтийг гаргаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, дүрэм, журмаа зөрчиж, хууль бусаар гарсан цэргийн эмч нарын комиссын 42 дугаар шийдвэрийг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын дарга тушаал гаргасан. Тушаалыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Уг тушаалын 2 дахь заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл Ц.М-ийн ажлыг хүлээлцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн зүгээс элэгний хатуурал өвчтэй гэдэг дээр маргаагүй. Цэргийн эмч нарын комиссын гаргасан акт буюу эх сурвалж нь алдаатай учраас шүүхээр энэ нөхцөл байдлыг дүгнүүлэх шаардлага үүсээд байгаа бөгөөд төрийн албан хаагчийн цалингаа аваад явах, гадаадад эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлын 60-аас дээш хувь олгогдох, 6 сарын 182 хоногийн акттай байсан бол эхний 3 сар ажилласан, дараагийн 6 сар акттай байх хугацаанд ээлжийн амралтаа авах бүтэн жилийн эрхээ эдлэх боломжийг олгож өгнө үү.

Мөн Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэр нь тухайн үед өвчний оношийг нарийн тогтоогоогүй байхдаа гаргасан хууль бус 42 дугаар шийдвэрээ засаж, оношийг тухайн үед нь тодруулсан байсан мэтээр сүүлд нөхөж гаргасан хууль бус шийдвэр юм.

Бидний зүгээс үнэн тогтоогдоосой, бусдын эрх битгий ингэж зөрчигдөөсэй, хүний төлөө ажилладаг ёс зүйтэй эмч нар байгаасай гэдэг үүднээс үнэний төлөө энэ бүхнийг ярьж байна. Энэтхэг улсын Medanta эмнэлэг нь хүний амь насыг аврах гэсэн уриатайгаар ажлаа хийдэг. Гэтэл манай улсын эмч нар хүний амь нас аврах биш өөрсдөөсөө холдуулдаг, дүрэм журмаа бүгдийг зөрчсөн хэрнээ түүнийгээ хамгаалахын тулд худлаа баримт бүрдүүлдэг.

Иймд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссын 42 тоот магадалгаа /өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй гэсэн шийдвэр/ болон хууль бусаар нөхөж, гаргасан Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэр, Цэргийн эмч нарын комиссын алдаатай шийдвэрийг үндэслэн гарсан Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай" Б187 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс 147 дугаар актыг гаргахдаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ажиллах журамд заасан дарааллыг зөрчиж, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч нар эмнэлэг магадлах комиссоор оруулах бичилт хийгээгүй байхад эмнэлэг хөдөлмөрийн магадалгаа гарсан. Мөн эмч нарын зөвлөгөөний хурлаар өвчтөнийг оролцуулаагүйгээр актыг гаргаж, холбогдох журмыг хэрэгжүүлээгүй байна гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дүгнэлтэд дурдсан.

Ц.М-ийг үхэж магадгүй гэж үзээд хурдан группд оруулсан гэж үзэж байна. Тэрнээс биш ажлаа хийгээд 1.400.000 төгрөгийн цалинтай байсан хүн нэг өдрийн өмнө ч гэсэн бага тэтгэмж авахыг хүсэхгүй.

Иймд холбогдох дүрэм, журмыг зөрчиж гарсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох тухай" 147 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү.

Ц.М элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Энэтхэг улсад амжилттай хийлгээд ирэхэд ажил байхгүй, халамж тэтгэмж байхгүй учраас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг дахиж сунгуулахаас өөр арга байгаагүй учир дээрх асуудлуудыг хөөцөлдөж, шийдвэрлэж дуусах хүртэл үргэлжлүүлж сунгуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст гаргаж, эмнэлэг хөдөлмөрийн магадалгааг эмч нар сунгасан гэжээ.

Хариуцагч Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.М нь 2011 оноос эхлэн элэгний хатуурал ба түүний хүндрэлүүд, ходоодны шархлаа, бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл зэрэг өвчнүүдийн даамжралын улмаас Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, холбогдох шинжилгээ, дүгнэлтэд үндэслэн хэвтэн эмчлүүлж, байнгын эмчийн хяналтад байсан. Биеийн эрүүл мэндийн байдал дунд, хүндэвтрийн улмаас дээрх эмнэлгүүдийн амбулаториор болон өрхийн эмнэлгээр үйлчлүүлэн, жилд 6-аас доошгүй удаа 3-22 хоног ажлаас чөлөөлсөн эмчийн магадалгаа авч, эмийн эмчилгээ хийлгэж ирсэн. Ахлах ахлагч Ц.М-ийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгээр цаашид групп тогтоолгох, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч 2013 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн үзлэгээр группийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн ажилладаг байгууллага болох Тагнуулын ерөнхий газрын эмчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгээр хөдөлмөр зохицуулалт хийх, өрхийн эмнэлгийн эмч хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувийг тогтоолгохоор эмнэлэг хяналтын комисст илгээх саналуудыг тус тус гаргаж байсан. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн поликлиникээр 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлчлүүлэхэд нарийн мэргэжлийн эмчийн болон зөвлөх эмч нарын үзлэг, холбогдох шинжилгээ, зөвлөгөө авсан тухай материал, эрүүл мэндийн дэвтэр зэргийг үндэслэн Ц.М нь цаашид цэргийн жинхэнэ албыг үргэлжлүүлэн хаахад биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй байгаа нь нотлогдсон. 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж, түүний хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар 12 сарын хугацаатайгаар тогтоосон. Иргэн Ц.М-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн цэргийн албан хаагчид хөдөлмөрийн чадвар түр алдаж өвчилсөн, осолд өртсөн тохиолдолд нэг удаагийн эмнэлгийн магадалгааны дээд хязгаар нь 91 хоногоос, хорт хавдар болон сүрьеэгээр өвчлөхөд 182 хоног эмнэлгийн магадалгаа олгох байсан гэжээ. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны Журам батлах тухай" 124 тоот тушаалын 2 дугаар зүйлийг 1.6-т заалтын дагуу ахлах ахлагч Ц.М-д 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн 10 хоногийн эмнэлгийн магадалгаа олгосон. Дээрх хуулийн 2.16-д зааснаар Цэргийн албан хаагч хөдөлмөрийн чадвар түр алдаж өвчилсөн, осолд өртсөн тохиолдолд нэг удаагийн дээд хязгаар нь 91 хоногоос хэтрүүлэхгүйгээр эмнэлгийн хуудас олгоно гэсэн нь заавал дээд хязгаар болох 91 хоногийн магадалгаа олгоно гэсэн утга биш юм. Ц.М-ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахиж, мэргэжлийхээ үүргийг биелүүлж Элэгний хатуурал өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэсэн нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй учир дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг шийдвэр нь Ц.М-ийг цэргийн албанд ажиллах эрхийг хааж, боосон зүйл байхгүй. Энэ хүний ажиллаж байгаа алба нь төрийн онцгой алба учир байнгын бэлтгэл, хөдөлгөөн шаардлагатай байдаг бөгөөд тухайн онош нь цэргийн албанд тэнцэхгүй байх журамтай учраас комисс хууль, дүрмийнхээ дагуу цэргийн албанд тэнцэхгүй гэдэг дүгнэлт гаргасан. Уг магадалгаа нь энэ хүний амь насыг хамгаалсан байтал түүнийг үгүйсгэж байгаад харамсаж байна.

Хэрэв Цэргийн эмнэлгийн комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулна гэвэл 3 сайдын баталсан ... цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн дүгнэлт гаргахад харгалзах өвчин эмгэгийн жагсаалт /27/-ыг хүчингүй болгох шаардлагатай.

Би цэргийн хүн. Өнөөдөр 33 дахь жилдээ цэргийн албанд ажиллаж байна. Ингэхдээ бид нар тайлбар тавих эрхгүйгээр тушаалын дагуу энэ үүргийг гүйцэтгэдэг. Цэргийн алба гэдэг нь хуульд заасан төрийн албаны онцлог төрөл бөгөөд цэргийн жинхэнэ албан хаагч нь хуулиар эрхээ хязгаарлуулсан субъектүүд байдаг. Тагнуулын байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах зорилго бүхий байгууллага бөгөөд Монгол Улсын нүд чих болсон газар юм. Энэ байгууллагад ажиллаж байгаа бол цэргийн албан хаагч гэх нэг тодотголд орж байгаа бөгөөд хүссэн хүсээгүй Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын цэргийн нэгдсэн эмнэлгийн комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Комисс таныг цэргийн албанд тэнцэхгүй өвчин байна гэсэн шийдвэр гаргасан болохоос таны бусад ажиллах эрхийг хаагаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Харин Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэр нь Ц.М гадаад оронд элэг шилжүүлэн суулгаад ирлээ, санхүү мөнгөний асуудал их байна, бидэнд тус болж бичиг хийж өгөөч, энэ бичгийн дагуу Тагнуулын ерөнхий газраас тусламж авч бага ч гэсэн нийгмийн асуудлаа шийдмээр байна гэж гуйсны дагуу гаргаж өгсөн тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 42 дугаар магадалгаа нь хуулийн дагуу гарсан акт гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд буцаад албандаа ороход нээлттэй юм гэжээ.

Хариуцагч Тагнуулыг ерөнхий газрын дарга Б.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгаагаар Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2010 оны 115/58/103 тоот тушаалын 27 дугаар заалтыг үндэслэн Ц.М-ийг өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэсэн, мөн өөрийнх нь Тагнуулын ерөнхий газрын даргад 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл зэргийг үндэслэн Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан тохиолдолд офицер, ахлагчийг нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно гэж заасан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т биеийн эрүүл мэндээр, 19 дүгээр зүйлийн 2-т Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/187 дугаар тушаалаар Ц.М-ийг ажлаас чөлөөлж, түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Ц.М нь Тагнуулын ерөнхий газрын даргад гаргасан хүсэлтийг өөрөө гаргаагүй, гарын үсэг зураагүй гэдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ч гарын үсэг нь тохирохгүй байна гэдэг. Тухайн үед хүсэлтийг ах, дүү, найз нөхөд нь зурсан уу, сайн дурын үндсэн дээр аав, ээж нь зурсан уу, эсхүл манайхаас албан шаардлагаар дарамталж зуруулсан эсэх нь тодорхойгүй тул шинжээчийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ц.М-ийг ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан учраас чөлөөлсөн. Тухайн үед Элэгний хатууралтай гэдэг эмнэлгийн магадалгаа гарсан байхад манай байгууллагын зүгээс хөдөлмөрийн зохицуулалт хийгээгүй бол цус алдаж байсан хүн өдийд амьд байх байсан уу. Мөн Ц.М нь 2010 оноос хойш өвдсөн, биеийн эрүүл мэнд хүндэвтэр байсан учраас эмчийн магадалгаа авч, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд жилд 6-аас доошгүй удаа 3-22 хоногийн хугацаатай маш олон удаа чөлөө авч байсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, Ц.М-ийн эрүүл мэндийн дэвтэр болон холбогдох дүгнэлтүүдээс үзэхэд хэвтэн эмчлүүлж, байнга эмчийн хяналтад байсан, мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмчийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгээр цаашид групп тогтоолгох гэж, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгээр группийн асуудлыг шийдвэрлэх гэсэн байдаг. Мөн Тагнуулын ерөнхий газрын эмчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгээр Яаралтай хөдөлмөрийн зохицуулалт хийх гэж шийдвэр гаргаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Улмаар өрхийн эмнэлгийн эмч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоолгохоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст санал гаргасан байдаг. Түүнээс биш гэнэт ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй бөгөөд 5-6 жилийн өмнөөс биеийн эрүүл мэндийн байдлын хувьд тун тааруу байсан тул эмнэлгийн зүгээс энэ хүнийг бодож дүгнэлт гаргасныг үндэслэн журмын дагуу цэргийн албанаас чөлөөлсөн.

Ц.М-ийн хувьд тус албанд 10-аад жил ажилласан, тэтгэвэр тогтоолгох нөхцөл байсан хэдий ч эмчилгээ нь гайгүй болж, эдгэрнэ гэдэг утгаар ажлаас нь түр чөлөөлж, тэтгэмжийг олгосон. Эдгэрсэн тохиолдолд буцаад ажилдаа орох боломжтой. Байгууллагын зүгээс тушаал гарсны дараа хорт хавдартай гэдгийг нь мэдээд алба хаагчид сайн дурын үндсэн дээр хандив өгч, гадаадад эмчлүүлэх зардлын асуудлаар Эрүүл мэндийн яаманд хүртэл хүсэлт гаргаж, бүх талаас нь харж үзэхийг хичээсэн. Эдгээр нөхцөл байдал нь Ц.М-ийг байгууллагын санаачлагаар халаагүй гэдгийг харуулж байгаа бөгөөд өөрийнх нь эрүүл мэндийг бодсоны үүднээс хөдөлмөрийн зохицуулалт хийж, эрх бүхий акт, баримтуудыг үндэслэж тушаал гарсан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Н.У нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Ц.М Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын хурлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон.

Ц.М нь цэргийн жинхэнэ албан хаагч бөгөөд Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмж авах эрхтэй. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно, мөн хуулийн 11 дүгээр зүйлд  Цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно гэж заасны дагуу Ц.М-д хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохдоо Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комисс нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын хамтарсан 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтыг шинэчлэн батлах тухай 274/137 дугаар тушаал, Засгийн газрын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Дүрэм батлах тухай 304 дүгээр тогтоол болон холбогдох Нийгмийн даатгалын болон Тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн Ц.М-ийн онош, биеийн байдал, өөрийнх нь хүсэлт зэргийг харгалзан үзэж, Элэгний цирроз өвчин болох нь тогтоогдсон тул хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон.

Ц.М нь хөдөлмөрийн магадлалын комиссын хурлаар оруулсан өрхийн эмч болон комиссын гишүүдэд Би эрүүл мэндийн байдлаас болоод ажлаасаа халагдчихлаа, эм тариа, эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг амаар илэрхийлсэн тул Ц.М-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоож, тэтгэвэр олгосон нь хууль, тогтоомж зөрчөөгүй.

Ц.М нь хагалгаанд орж ирснийхээ дараа хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг нэмүүлье гэсэн хүсэлт гаргасны дагуу манайхаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувь болгож, өөрчлөн тогтоосон. Ингэхдээ элэгний төвийн эмч нараас нарийн тодруулга авахад Эхний нэг жилийн дотор ямар ч боломж байхгүй, цусны замын нарийсал, халдвар, цус алдалтын хүндрэл нь дархлаа байхгүй, хөдөлмөр хийж байгаа тохиолдолд хүний элэг өөриймсөхгүй ховхрох, элэгний өвчлөл үүсэх магадлалтай учраас 1 жилийн дотор хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөдөлмөр зохицуулалт шаардлагатай ба түүнээс дээш хугацааны дараа өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхэлж болно гэсэн хариуг өгсөн учраас сунгалтыг хийсэн.

Манай байгууллага нь Ц.М-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо ямар нэгэн хууль, журам зөрчсөн зүйл байхгүй. Харин энэ хүн хүссэн үедээ группээ цуцлуулах хүсэлт гаргах боломжтой. Гэтэл группээ цуцлуулах хүсэлт гаргаагүй, харин сунгуулаад яваад байгаа юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь тус шүүхэд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /одоогийн нэршлээр Цэргийн төв эмнэлэг/, Тагнуулын ерөнхий газрын дарга, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан Эмнэлгийн хуудас олгох журмын дагуу магадалгаа олгоогүй болох нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу олголтыг тооцуулах, Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгааг хүчингүй болгуулах, мөн Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор, тэтгэмжийг нөхөн гаргуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэр /акт/-ийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.М нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шаардлагаа Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгаа болон 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэр /акт/-ийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /одоогийн нэршлээр Цэргийн төв эмнэлэг/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тухайн захиргааны актад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгаагаар[1] Ц.М-ийн өвчний үндсэн онош нь элэгний хатуурал, үүдэн венийн гипертензийн хам шинж гэж оношлогдож, Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар тушаалын 27 дугаар заалтыг үндэслэн дээрх өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь хорт хавдар гэсэн онош тодроогүй байхад цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэр гаргасан нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2002 оны 680 дугаар тушаалаар баталсан Цэргийн эмч нарын комиссын ажиллах журам-ын 3.2-т ... өвчний оношийг үзлэг, шинжилгээгээр бүрэн нотлох ... гэснийг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох журам-ын 2.16-т Цэргийн албан хаагч хөдөлмөрийн чадвар алдаж өвчилсөн ... тохиолдолд нэг удаагийн дээд хязгаар нь 91 хоногоос, хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 182 хоногоос тус тус хэтрүүлэхгүйгээр эмнэлгийн хуудас олгоно гэснийг тус тус ноцтойгоор зөрчсөн, ... энэ нөхцөл байдлаас улбаалан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан иргэн миний хуулиар олгогдсон эрхүүд зөрчигдсөн гэж маргажээ.

Харин нэхэмжлэгч нь элэгний хатуурал өвчтэй байсан талаар маргаагүй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.М-ийг элэгний хатуурал өвчтэй гэж анх 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт оношлогдсон бөгөөд онош тавьсан эмч группийн асуудал шийдвэрлүүлэх гэсэн саналыг гаргаж байжээ.[2] Мөн өөрийн ажилладаг байгууллага болох Тагнуулын ерөнхий газрын эмчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгээр[3] хөдөлмөр зохицуулалт хийх шаардлагатай гэсэн саналыг гаргаж байжээ.

Нэхэмжлэгч Ц.М-ийн элэгний хорт хавдар гэсэн онош нь дээрх магадалгааг гарсны дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр 28-ны хооронд Улсын клиникийн төв эмнэлгийн элэг цөсний тасагт хэвтэж эмчлүүлж байх хугацаанд тогтоогдож, улмаар нэхэмжлэгч нь Энэтхэг улсын Medanta эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж, элгээ солиулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 115/58/103 дугаар тушаалаар батлагдсан Иргэнийг цэргийн албанд тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад баримтлах журам-ын 1 дүгээр хавсралтын жагсаалтын 27 дугаарт элэгний хатуурал өвчний онош тогтоогдсон иргэнийг цэргийн албанд тэнцүүлэхгүй байхаар заажээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2002 оны 680 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн эмч нарын ажиллах журам-ын 5.1-д зааснаар Цэргийн эмч нарын комисс нь Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүн, иргэдийг цэргийн албанд тэнцэх, тэнцэхгүйд мэргэжлийн санал, дүгнэлт гаргах эрхтэй байх бөгөөд дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд амбулаторийн эмч нарын эрүүл мэндийн үзлэг, холбогдох шинжилгээ дүгнэлтэд үндэслэн элэгний хатуурал гэсэн оношоор нэхэмжлэгч Ц.М-ийг цэргийн албанд тэнцэхгүй гэж дүгнэсэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-д Эмч, эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн холбоотой ... асуудлаар магадалгаа гаргана гэснийг болон Иргэнийг цэргийн албанд тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад баримтлах журам болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2002 оны 680 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн эмч нарын ажиллах журам-ын холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.М нь тухайн маргаан бүхий актыг гаргах үед элэгний хатуурал өвчний оноштой болох нь тогтоогдсон, түүнчлэн Иргэнийг цэргийн албанд тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад баримтлах журам-ын 1 дүгээр хавсралтын өвчин эмгэгшлийн жагсаалтын 27 дугаарт элэгний хатуурал өвчин тогтоогдсон иргэнийг цэргийн албанд тэнцэхгүй байхаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн элэгний хорт хавдар гэсэн онош тодроогүй байхад цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэр гаргасан нь хууль бус гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр: Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 дугаар тушаалаар[4] Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 19 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Цэргийн эмч нарын магадалгаа, өөрийнх нь өргөдлийг тус тус үндэслэн биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй болсон тул Тагнуулын ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалт, хангамжийн газрын жолооч, ахлах ахлагч Ц.Мө-ийг 2014 оны 04 дүгээр 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.М нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... хууль бус магадалгаа, дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан. Үүний улмаас эмнэлгийн хуудас олгогдож магадалгаатай байх хугацаагаар ажлын байр хэвээр хадгалагдах буюу төрийн албанаас халагдахгүй байх төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар тагнуулын байгууллагын албан хаагч /ахлагч/ нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарч байх бөгөөд төрийн тусгай албан хаагчийн хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гэж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан тохиолдолд офицер, ахлагчийг нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болох-оор заажээ.

Нэхэмжлэгч Ц.М-ийг элэгний хатуурал өвчтэй гэж анх 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт оношлогдсон бөгөөд эмчлэгч эмч нар группийн асуудал шийдвэрлүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх шаардлагатай гэсэн саналыг тус тус гаргаж байсан, улмаар Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгаар дээрх өвчний улмаас цэргийн албанд тэнцэхгүй болох нь тогтоогдсон, хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Цэргийн эмч нарын комиссын магадалгаа, дүгнэлтийг үндэслэн түүнийг Тагнуулын ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалт, хангамжийн газрын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Тагнуулын ерөнхий газрын дарга нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг биеийн эрүүл мэндийн улмаас цэргийн албанд тэнцэхгүй гэж үзэж, ажил, албан тушаалаас нь чөлөөлснийг хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх боломжгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хуульд өөрөөр заагаагүй... тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг мөн хуулийн 24.1.1-24.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж болох хэдий ч хуульд өөрөөр заасан тохиолдолд тэрхүү хуулийн зохицуулалтыг харгалзан үзэх ёстой.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуульд цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан тохиолдолд офицер, ахлагчийг нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болохоор заасан байх тул цэргийн жинхэнэ албан хаагч Ц.М-ийг энэхүү үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас чөлөөлснийг шүүх буруутгах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн улмаас цэргийн албанд тэнцэхгүй болох нь нэгэнт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дан ганц түүнийг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Тодруулбал Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуульд заасан цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэл нэхэмжлэгчийн хувьд бий болсон байх тул нэхэмжлэгчийн чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ... ажлын байр хэвээр хадгалагдах буюу төрийн албанаас халагдахгүй байх төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн гэсэн тайлбар үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл Иргэнийг цэргийн албанд тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад баримтлах журам-ын 2.3.2-т зааснаар Цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тухайн офицер, ахлагч эрүүл мэндээр цэргийн албанд Тэнцэхгүй нь тогтоогдвол дүгнэлтийг Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын штабт хүргүүлнэ гэж заасны дагуу Цэргийн эмч нарын комиссын 42 дугаар магадалгааг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн, хариуцагч Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн эмч нарын комиссын магадалгаа, дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий актаар түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгож, ажлаас чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Тагнуулын ерөнхий газраас олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон гэж үзвэл иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Гурав: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 147 дугаар актаар[5] Ц.М-ийг элэгний хатуурал өвчний улмаас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоожээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно, 15 дугаар зүйлийн 1-д Цэргийн албан хаагч өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй, 16 дугаар зүйлийн 1-д Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл ... олгоно гэж тус тус тодорхойлон заажээ.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч Ц.М-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын[6] шалтгаан нөхцөл, хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж, 147 дугаар актаар түүний элэгний хатуурал өвчний улмаас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх комисс дахин хуралдаж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 12 сарын хугацаагаар Ц.М-ий хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон[7], улмаар Ц.М-ийг элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх комисс дахин хуралдаж, түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар 80 хувиар тогтоосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмчийн болон Цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2008 оны 274/137 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооход баримтлах Ердийн өвчний жагсаалт-д заасны дагуу элэгний хатуурал өвчний онош тогтоогдсон Ц.М-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг 70 хувиар тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэж, уг актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ц.М нь элэгний хатуурал өвчтэй гэж анх 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт оношлогдсон бөгөөд онош тавьсан эмч группийн асуудал шийдвэрлүүлэх гэж, мөн Тагнуулын ерөнхий газрын эмчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгээр хөдөлмөр зохицуулалт хийх шаардлагатай гэсэн саналуудыг тус тус гаргаж байсан, Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгаагаар түүнийг элэгний хатуурал өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэсэн, түүнчлэн Ц.М-ийн өвчний онош болох элэгний хатуурал, элэгний хорт хавдарын аль аль нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтад хамаарагдаж байх тул уг актыг хууль бус гэж үзэхгүй.

Харин хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 304 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм-ийн 5.4-д Комисс эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг явуулахдаа даатгуулагчийн асуудлыг өвчний оношийн үндэслэлийг нягтлан, ялган оношлолт хийж, эмчлэгч эмч болон эмнэлгийн эмчилгээний чанарын хяналтын комиссын саналыг харгалзан ... шийдвэрлэх гэснийг зөрчсөн, өөрөөр хэлбэл уг дүрмийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй байгаа боловч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлүүдээр уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /одоогийн нэршлээр Цэргийн төв эмнэлэг/ нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тухайн захиргааны актад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /Цэргийн төв эмнэлэг/, Тагнуулын ерөнхий газрын дарга, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан гаргасан Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадалгааг хүчингүй болгуулах, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэр /акт/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД Н.ДАМДИНСҮРЭН

Л.ӨЛЗИЙЖАРГАЛ