| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0113/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002670087 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Тоёота приүс 20 маркийн 13-20 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Номундалай сургуулийн явган хүний гарц дээр явган зорчигч *******ыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед зүүн чамархайн ясны 3 см үргэлжилсэн хугарал, хатуу хальсан доор болон субарахнойд зайд цус хуралт, тархи доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн сарвуу, 3,4 дүгээр хурууны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн яллагдагчаар татах тухай 2314002670087 дугаартай тогтоолтой танилцсан, би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн 2 дүгнэлттэй танилцсан, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би тухайн 2 дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, мөн би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул тухайн хэргээ түргэн шуурхай шийдүүлмээр байна. ...гэх мэдүүлэг / хх-ийн 106-107 /,
2. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:...Би өглөө гэрээсээ 07 цаг 40 минутын үед Баянхонгор сумын 5 дугаар баг 1-149 тоот гэрээсээ гараад өөрийнхөө 13-20 УЕМ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүүхдээ Номгон буюу 2 дугаар сургуульд хүргэж өгчхөөд тэгээд Баянхонгор сумын 1 дүгээр багт байдаг 107-р байранд хүн хүргэж өгчхөөд тэгээд Есөн-Эрдэнэ захын уулзвар ороод төв зам руу нийлээд тэгээд урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгээд өгсөж явж байгаад Номундалай сургуулийн явган хүний гарц орчимд явж байтал гэнэт хүүхэд машины урдуур гүйгээд ороод ирсэн тэгээд би тоормосоо гишгэсэн тэгээд би тэр хүүхдийг мөргөчихсөн юм. Тэгээд мөргөчхөөд 103-руу залгасан чинь утас болохгүй байсан тэгэхээр нь би 102-руу өөрөө залгаад хүүхэд мөргөсөн талаараа цагдаад хэлсэн. Тухайн миний мөргөсөн хүүхдийн ангийн хүүхэд нь бололтой нэг хүүхэд манай ангийн хүүхэд байна шүү дээ гэж хэлээд таксинд суугаад мөргүүлсэн хүүхдийг таксинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд цагдаа ирсэн тэгээд хэмжилт хийсэн ийм зүйл болсон. Би өчигдөр ажлаасаа 20 цагийн үед тараад тэгээд гэртээ харьсан. эртээ очоод онц зүйл хийгээгүй байж байгаад 23 цагийн үед унтсан. Өглөө хүүхэд хичээлтэй байдаг учраас эрт унтдаг юм. Надаас өөр хүн надтай хамт яваагүй би ганцаараа явсан 20 гаран 27, 28 орчим километр цагийн хурдтай явж байсан. Явган хүний тэмдэг хараагүй гэхдээ явган хүний гарцын цагаан зураас байсан тэр явган хүний гарцын цагаан зураасаар хүүхэд гүйгээд л гараад ирсэн.....гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Мэдүүлэг өгөхгүй гэв.
4. Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн өдөр би 06 цаг 50 минутын үед босоод 48 дугаар байранд байдаг эгч *******ын гэрээс гараад тэгээд хичээлдээ алхаад ганцаараа сургууль руугаа явсан. Тэгээд явж байгаад сургуулийн баруун талын засмал замын явган хүний гарцаар гарах гээд тухайн зам нь 2 урсгалтай бөгөөд эхний доошоо уруудсан замаар гарцаараа гарсан. Тэгээд дээшээ өгссөн замаар гарах гээд алхаж явтал тэгээд л юу болсон бэ гэдгийг би санахгүй байгаа, тэгээд нэг сэрсэн чинь л эмнэлэгт ирсэн байсан. Би явган хүний гарцаар гарсан, гарсан биш гарах гээд л явж байсан, машин ирж байсан эсэх, ямар хурдтай явж байсан гэдгийг би санахгүй байна. Би хурдан машин ирж байх юм бол заавал өнгөрөөж байж гардаг юм аа. Би түргэн эдгээд хичээлдээ явж хэвийн амьдралдаа ормоор байна. Би гомдолтой байна /хх-ийн 26-27/,
.... Би эмнэлэгт хэвтсэн, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор бол эмнэлэгт хэвтээгүй харин гадуур эм, тариа хэрэглэж байгаа. Эмчилгээ хийлгэхдээ дандаа улсын эмнэлгээр хийлгэсэн, хувиараа эм, тарианы мөнгө болон бусад урсгал зардалд 1,680,000 орчим төгрөгийн зардал манай зүгээс гаргасан. Манай ээж Баацагаан суманд амьдардаг бөгөөд Баянхонгор аймаг руу ирж очиж зардалд зардлын мөнгө ордог, миний толгой байнга өвдөөд байгаа учир толгойгоо үзүүлж харуулмаар байна. Би нийтдээ буруутай жолоочоос 2,500,000 төгрөг нэхэмжилж байна. Тус 2,500,000 төгрөгийн 1,680,000 төгрөг нь эмчилгээний урсгал зардалд орсон юм. Бусад хүүхдүүдтэй адилхан байж чадахгүй байгаа, хичээлээсээ их хоцрогдолтой байгаа, эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Миний толгой ачаалалтай үед үе үе өвдөөд гэнэт гэнэт хатгаад өвдөөд байгаа. Цаашид Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж харуулж явмаар байна, сэтгэл санаа бие махбодоороо хохирсондоо гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Өнөөдөр өглөө миний дугаар луу 08 цаг 20 минутын үед манай охины ангийн багш нь над руу 4 удаа залгасан байсан. Тэгээд 5 дахь удаа залгахад нь би авсан чинь танай охин ******* нь зам дээр машинд мөргүүлчихсэн 103 дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэй, хадам ээжтэй хамт Баацагаан сумын төвөөс Баянхонгор аймагт 09 цагийн үед гараад аймагт 14 цагийн үед ирсэн. Тэгээд аймагт ирээд шууд 103 дээр эрчимтийн тасагт ирсэн тэгээд хүүхдийнхээ хэвтэж байгаа өрөөнд ортол манай хүүхэд ухаангүй хэвтэж байсан. Одоогоор юм ярьж чадахгүй байгаа эмч нь тархиндаа гэмтэл авсан, цус хуралттай, толгой хэсэгт яс хугарсан, тархины хавантай байна гэсэн онош тавьсан. Би эрүүл саруул ийм хүүхдээ ийм болгосонд гомдолтой байна би хүүхдээ тээвэрлэж болно гэвэл хот руу авч явмаар байна. Би хүүхдээ эрүүл саруул болгож авмаар байна буруутай жолоочоос хүүхдийн эмчилгээний зардалд орох мөнгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
.....Манай охин зам тээврийн осолд ороод эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад Эрчимт эмчилгээний тасгаас мэс заслын тасаг рүү шилжин хэвтсэн. Мэс заслын тасаг рүү 11 цагийн үед шилжин ороод хэвтэж байтал манай хүүхдийн эмчилгээ хийгдэхгүй шилжин орсон цагаас хойш 4-5 цаг орчим эмчилгээ нь орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би эмчтэй уулзаж асуутал би танай хүүхдийн эмчилгээг цаанаасаа батлахгүй байна, та нар өөрсдөө явж уулз гэж хэлсэн тэгэхээр нь би эгч т хэлээд гэж эмчтэй утсаар ярьсан чинь хүүхдийн тасаг дээр ажилтай явж байна гэж хэлсэн байсан тэгээд манай эгч эмнэлгийн дарга тай орж уулзсан чинь эмчилгээ нь ирээгүй байна цохох гэхээр над дээр харагдахгүй байна гэж хэлсэн байсан, тэгээд буцаад эмч дээр иртэл одоо ахиад явуулчихлаа гэж хэлсэн тэгээд эмч цохолт хийгээд тэгээд манай охины эмчилгээ орж ирээд хийгдсэн. Үндсэндээ бол эмч эмч нар нэг нь эмчилгээ цохсон гэж хэлээд нэг нь эмчилгээ илгээсэн гэж хэлээд эмчилгээ нь батлагдахгүй байсаар байгаад манай хүүхдэд хийгдэх ёстой байсан эмчилгээ тэр өдрөө 4-5 орчим цагаар хоцорч хийгдсэн. Ийм зүйл болоод байхаар нь л би засгийн газрын 1111 дугаар руу залгаж гомдол гаргасан юм аа. Яг танагдаж хагадсанд эсэх талаар би мэдэхгүй ээ харин эрчимт эмчилгээний тасгаас шилжиж мэс заслын тасаг руу шилжин орж хэвтэх үед ямар нэгэн эмчилгээ хийгдэхгүй удаад байхаар нь л би гомдол гаргасан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, тухайн үед нь хүүхдийн биеийн байдал тааруу тэгээд эмчилгээ хийгдэхгүй удаад байхаар нь сандраад л засгийн газрын 1111 дугаар руу гомдол гаргасан юм, би бага зэрэг сандраад түргэдээд тэр дугаар руу залгаж гомдол гаргасан байсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна, би хүүхдийнхээ хохирсон хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байна....гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай хүүхдийн ангийн багш нь над руу “танай хүүхэд осолд орсон байна гэж” ярьсан. Манай хүүхэд ирэхэд сэхээнд ухаангүй байсан. Баянхонгор аймагт хагалгаанд орсон ч бие нь дээрдэхгүй Улаанбаатар хот руу явсан. Одоо толгой нь байнга өвддөг. Манай хүүхэд сэтгэл санаагаар их унадаг. Манай охин ахлах ангийн хүүхэд учраас ангийн багш нь хичээлд нь явуулаарай гэж хэлсэн болохоор одоо манай хүүхэд хичээлдээ явж байгаа боловч хичээл дээрээ их ядрахаараа толгой нь өвдөөд хичээлээсээ чөлөө аваад хүрээд ирдэг. Шүүгдэгчийн эхнэр нь эмнэлэгт байх цагаас эхлэн утсаар их дарамталсан. Хохирол төлсөн гэсэн байна. Энэ талаар хэлэхэд гаднаас эм тариа авхуулж байсан болохоос идэж уух зүйл авхуулаагүй. Би гомдолтой байна. Шүүгдэгчтэй хамт Улаанбаатар хот руу 1 удаа эмчилгээнд явсан. Замын зардал болон Берланд эмнэлгийн зардлыг төлсөн. Манай охины толгой байнга өвдөөд байгаа. Сэтгэл санааны хувьд хэцүү байна. Улаанбаатар хотоос хэзээ ирснээ сайн санахгүй байна. Шинэ жил дөхсөн байсан. Шүүгдэгчийн хохирол төлсөн гэж гаргаж өгсөн баримтын заримыг нь мэдэхгүй байна.. Хохирол төлсөн гэсэн байна. Энэ талаар хэлэхэд гаднаас эм тариа авхуулж байсан болохоос идэж уух зүйл авхуулаагүй. Нийт 1,632,377 төгрөг нэхэмжилж байгаа. Би гомдолтой байна гэв.
7. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:... Би овогт ийн /РД:/ нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 1,523,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
8. Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр би хичээлдээ ганцаараа явж байсан тухайн үед өглөөний 08 цаг 04 минут болж байсан манай хичээл 08 цаг 00 минутаас орох байсан тэгээд би хичээлээсээ хоцорчихсон бага зэрэг яараад явж байсан. Тэгээд Номундалай сургуулийн хажуу талын явган хүний гарцаар гарах гээд явж байтал тэр явган хүний гарц дээр нэг хүн машинд мөргүүлчихсэн байсан. Тэгээд харсан чинь манай ангийн охин *******ын хувцастай ижилхэн хувцастай охин байсан тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн тэгээд явган хүний гарцаараа гарчхаад явган хүний замаар алхаж явсан чинь мөн байсан тэгээд би хүүе ээ манай ангийн хүүхэд байна шүү дээ гэсэн чинь Алтанзулыг мөргөсөн жолооч нь өө тийм үү чи таньдаг юм уу гэсэн тэгээд сургуулийн зогсоолоос нэг том биетэй цагдаа ах гүйгээд ирсэн. Тэгээд тэр цагдаа нь бид хоёрыг тэнд явж байсан нэг машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан тэгээд тэр цагдаа ах тэндээ хэмжилт хийнэ гээд үлдсэн тэгээд бид 2 эмнэлэг дээр ирсэн ийм л зүйл болсон. Явган хүний гарцаар гарч явсан тэр явган хүний гарц орчимд өөр гарах газар байхгүй битүү хайстай байдаг юм. Би тэр тээврийн хэрэгслийг яг ямар хурдтай явж байсан гэдгийг бол нүдээрээ хараагүй гэхдээ явган хүний гарц нэлээн өнгөрөөд зогссон байсан болохоор хурдтай явж байсан гэж бодож байгаа тэгээд бас тэр машинаас Алтанзул их хол газарт унасан байсан тэгэхээр их хүчтэй мөргөсөн гэж би бодож байгаа. Машинууд зөндөө байсан явган хүний замаар хүмүүс явж байсан гэхдээ яг миний таньдаг хүн бол байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 /,
9. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаартай::... 1. *******ын биед зүүн чамархайн ясны 3 см үргэлжилсэн хугарал, хатуу хальсан доорх болон субарахнойд зайд цус хуралт, тархи доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн сарвуу, 3, 4 дүгээр хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 /,
9. Баянхонгор аймгийн “Майхан цахир” авто сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн:...Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслээс үүдэн хүний эрүүл мэнд хохирсон учраас зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна. Мөн дүрмийн 12.2 дахь хэсэг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч ******* нь мөн дүрмийн 5 дугаар зүйлийн “Явган зорчигчийн үүрэг 5.2 дахь заалт “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн боломжтой бол гэрэл ойлгох шинэ чанар бүхий хувцас хэрэгсэл эд зүйлстэй явбал зохин гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн осол гарахад хүргэсэн шууд нөлөөлсөн хүчин зүйл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэж байна....гэх дүгнэлт /хх-ийн 66-68/ болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 99-100/, Баянхонгор аймаг Нэгдсэн эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 56/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 86/, өмгөөлөгч Б.Бурмаагийн хүсэлт /хх-ийн 97/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-г хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 101/, хохирлын баримт /хх-ийн 102-113/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09/58 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 40-41/, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приүс 20 маркийн 13-20 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Номундалай” сургуулийн баруун талын засмал замын явган хүний гарц дээр явган зорчигч насанд хүрээгүй *******ыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед зүүн чамархайн ясны 3 см үргэлжилсэн хугарал, хатуу хальсан доор болон субарахнойд зайд цус хуралт, тархи доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн сарвуу, 3,4 дүгээр хурууны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч *******, насанд хүрээгүй гэрч М.Номин-эрдэнийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 522 дугаартай дүгнэлт, Авто инженер мэргэжилтэй, шинжээч Ж.Ягааны 02 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар гарч байсан 2007 оны 08 дугаар сарын 08-ний өдөр төрсөн настай *******ыг авто машинаа зогсож өнгөрүүлэх дүрмийн заалтыг хэрэгжүүлэлгүй түүнийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь өөрийн төрсөн охин *******ын цаашид гарах эмчилгээний зардалд Нийт 1,632,377 төгрөг нэхэмжилж байгаа, мөн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх талаар илэрхийлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж шүүгдэгч *******ыг насанд хүрээгүй хохирогч *******ын эмчилгээний зардалд 2.920.170 төгрөгийг өмнө нь төлсөн гэж дүгнэж, эмчилгээний зардал төлснөөс хойш нотлох баримтаар тогтоогдож гаргасан зардал 1.670.377 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Мөн насанд хүрээгүй хохирогч ******* нь эмнэлгийн байгууллагаас эмчилгээ хийлгэж уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.523.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч *******аас 1.523.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх Шинжилгээний тухай 40 дүгээр зүйлийн 40.1-д Шинжилгээний байгуулллага… 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих /-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана..., гэж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална…” гэж хуульчилсан заалтад насанд хүрээгүй хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршиг хамаарч байна гэж үзлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268,А/275 дугаартай хамтарсан “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.3-д энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч уг тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасныг үндэслэн насанд хүрээгүй хохирогч *******ын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд зааснаар тавдугаар зэрэглэлээр тогтоож хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарт 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр танилцуулж гарын үсэг зуруулж талууд харилцан зөвшөөрсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн шинжээчийн 1. *******ын биед зүүн чамархайн ясны 3 см үргэлжилсэн хугарал, хатуу хальсан доорх болон субарахнойд зайд цус хуралт, тархи доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн сарвуу, 3, 4 дүгээр хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт болон Улсын дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлд заасан “нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасан “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэснийг баримтлан насанд хүрээгүй хохирогч *******ын сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг дөрөвдүгээр зэрэглэл буюу хөдөлмөрийн чадвар алдалт 15-30 хувь алдсанд хамаарна гэж дүгнэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Учир нь насанд хүрээгүй хохирогч *******ыг сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг мөрдөгч нь тавдугаар зэрэглэлд хамаарах талаар хүснэгтээр тогтоосон боловч уг зэрэглэл нь энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги их хэмжээгээр буюу 100 хувь алдагдсанаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хор уршиг учирсан байхыг шаардах бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна...” гэж дүгнэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгчийн “...Манай охин ахлах ангийн хүүхэд учраас ангийн багш нь хичээлд нь явуулаарай гэж хэлсэн болохоор одоо манай хүүхэд хичээлдээ явж байгаа боловч хичээл дээрээ их ядрахаараа толгой нь өвдөөд хичээлээсээ чөлөө аваад хүрээд ирдэг...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэж насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцийн эмгэгийн зэрэглэл нь дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэж шүүх үзсэн болно.
Шүүх Шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж хуульчилсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохирол нь 2023 оны 07 дугаар сарын 01-ноос хойш үйлдэгдсэн тул сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэлээ.
Нөхөн төлбөрийн хэмжээг шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу тухайн үед дагаж мөрдөж байсан 550.000 төгрөгөөр тогтоож тооцож, 12.650.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олголоо.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цаашид гарах зардлыг хэрэгсэхгүй болгосон тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх эмчилгээний зардал 1.670.377 төгрөг, сэтгэцэд учирсан нөхөн төлбөр 12.650.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөх 1.523.000 төгрөг нийт 15.843.377 төгрөгийг найман сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэсэн гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлээ.
Учир нь Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулж уг хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэргийн үйл баримт нь 2023 оны 11 дүгээр сард буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн заалтыг баримталж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.670.377 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 1.523.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй боолгосугай.
10. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д зааснаар насанд хүрээгүй хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.650.000 төгрөгөөр тогтоосугай.
11. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч *******аас 12.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ