| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр / онлайн / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001270120 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын , /РД:*******/,
Шүүгдэгч Б. нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн 15-17 (532) тоот өөрийн эзэмшлийн хашаандаа байрлах гражид үл таних хүнээс 2017 онд худалдаж авсан гэх Монгол Улсын засгийн газрын 2007 оны дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтын 6 дугаарт багтсан химийн аюултай бодис болох Мөнгөн ус (Нg) -ыг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, шороо угааж зориулалтын бусаар ашигласан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2018 онд мөнгөн ус ашигласан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Баянхонгор аймгийн шүүхээр орж 1 жилийн тэнсэн харгалзахаар шийтгүүлж байсан юм. Тухайн үед шалгуулсан мөнгөн усыг 2017 онд байх Нарантуул захаас танихгүй хүнээс худалдаж авч байсан, тэр мөнгөн-уснаас бага зэргийг тастаж авч үлдээд тухайн үедээ хаана хийсэн газраа олохгүй мартчихсан байсан. Тэгээд 2023 оны 05 дугаар сард өөрийн гражаа цэвэрлэж байгаад олохгүй байсан мөнгөн усыг нэг булангаас нь олсон юм, мөн 2016 оны үед ******* гэж хүний нөхөрлөлийг гаргаж ан шорооноос угааж үзэх гэж авсан байсан уутны тал хэдэн ширхэг хаягдал шороо авсан гражид байсан юм. Тэр шороог нөгөө олдсон мөнгөн усаараа угааж үзсэн юм, шорооноос алт гарахгүй байхаар нь мөнгөн ус ашиглаж угаасан ус, шороо зэрэг нь манай гражид байх үед цагдаа нар ирж үзээд баригдсан юм. Цагдаа нар ирэхийн урд өдөр нь зүс таних *******, *******, ******* гээд 3 хүн ирээд миний э нь хэрэглэж байсан тэсэлгээний материал болох хэдэн зүйл авч явсан юм, тэрнээс цагдаа нар ирж манай гражид үзлэг хийгээд мөнгөн ус байгаа нь мэдэгдсэн юм. Энэ мөнгөн-ус пенцилиний шилний багана тал маш бага хэмжээтэй байсныг бүгдийг нь усанд хийгээд шороо угааж үзсэн, өөр мөнгөн-ус үлдээгүй, бас мөнгөн-ус хийсэн байсан усыг цагдаа нар бүгдийг ундааны саванд хийж авч явсан тул одоо манай гражид мөнгөн-ус болон мөнгөн-ус агуулсан ус, шороо байхгүй байгаа....гэх мэдүүлэг/ хх-ийн 192-193 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би Баянхонгор аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн ажилтай. Би тухайн ажилд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажиллаж эхэлсэн. Би 1 сарын хугацаанд ажиллаж байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тээрмийн үйл ажиллагаа явуулах ямар зөвшөөрөлтэй компани болон хувь байхгүй. Би тээрмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хаанаас авдаг гэдгийг нь мэдэхгүй. Манай байгууллагаас тээрээм үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй. Улсын байгаль, орчин аялал жуулчлалын газраас тусгай зөвшөөрөл авдаг. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 15-17 тоотод тээрэм үйл ажиллагаа явуулж, мөнгөн ус хэрэглэх зөвшөөрөл аваагүй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан. Надад одоо гомдол санал гэвэл байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргуулж, гарсан үнэлгээг нөхөн төлүүлж нөхөн сэргээлт хийлгэмээр байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,
....”Гүнзгий” гэх газар нь ашигт малтмалын болон хайгуулын дүгнэлтийн талбайд хамаарахгүй. Уг газар нь өмнө ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй газар байж байгаад 2010 онд эрх нь цуцлагдсан. Тэрнээс хойш үйл ажиллагаа явуулсан газар байхгүй. 2021 оны 07 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор сумын Засаг дарга нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн боловч 2021 оны 11 дүгээр сард нөхөн сэргээлтийн гэрээнүүд бүгд цуцлагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 34 /,
4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /,
5. Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Надтай найз нөхөд, хамаатан садны хамаарал байхгүй. Ер нь тэр Цагаан цахир махираар тэнэж байгаад манай нөхөрлөлийн тэрүүгээр яваж байгаад танилцаж байсан. Сүүлийн үед 2019 оноос хойш манай Баянбүрд авто засвар дээр ирээд машинаа янзлуулж байсан. Ер нь манай авто засвар дээр машин тэргээ янзлуулаад хаа нэг ирдэг. Нөхөрлөлтэй байсан нөхөрлөлийн ахлагчаар нь би өөрөө байсан бичиг баримттай байсан. Цахир эрдэнэ гэдэг нэртэй нөхөрлөл байсан 2016 оноос 2018 он хүртэл ажиллаж байсан. Одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа. 2019 оноос хойш аймагтаа суурин байгаа авто засвар ажиллуулж байгаа. Нөхөрлөл дээр гэх залуу ажиллаж байгаагүй манай нөхөрлөлд хамаарахгүй нөхөрлөлийн гишүүн биш тэрүүгээр набор л түүж явдаг байсан залуу байгаа нүх болгоны амаар л хувиараа явдаг байсан. Яг манай нүхний амнаас авч байсан байх хүн болгон л зөөдөг байсан гаргаж асгасан шороон дээрээс. Энэ талаар бол сайн мэдэхгүй уулзаж ярилцаж л байсан өөрийнх нь талаар нарийн ширийн зүйлийг мэдэхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 149-150/,
6. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тухайн газарт иргэнээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Иргэн ******* нь хууль бусаар өөрийн эзэмшлийн гражид мөнгөн ус хэрэглэж чулуу тээрэмдэж үйл ажиллагаа явуулсан байсан. Би тухайн иргэний амбаар болон гражид үзлэг хийхэд граж дотор ногоон өнгийн тумпинд хийсэн мөнгөлөг өнгийн зүйлтэй ус байсан түүнийг эд мөрийн баримтаар хураан авсан. Би гражийн доторх тунель хэсгээс ногоон өнийн тумпин болон шороо угаах төхөөрөмжөөс байсан мөнгөлөг өнгийн зүйлтэй шингэн агууламжийг болон түүн дотор байсан хар даавууг ундааны саванд хийж 1 дугаараар тэмдэглэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 165-166/,
7. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Эрүүл ахуй, хор судлалын лаборатори ХХК-нд Лабораторийн менежерээр ажилладаг. Мөнгөн ус тодорхойлох шинжилгээнд 5 ширхэг дээж ирсэн. Эдгээр жүүд дээр шинжилгээ хийхэд “Хар даавуутай дээж”-нд Мөнгөн ус 0.1 мг/л илэрсэн. Мөнгөн ус нь хүн болон амьтны биеийн мэдрэлийн эдийг гэмтээж, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөнгөн ус нь хүний биед сайх ёсгүй химийн бодис, 0.1 мг/л хэмжээтэй мөнгөн усыг хүн ашигласан тохиолдолд эрүүл мэнд болон амь насанд аюултай, мөнгөн усыг хэмжээнээс хамаарахгүй ямар нэгэн хамгаалалтын хэрэгсэлгүй ашигласан бол аюултай, хортой элемент юм. Энэ нь хүний эрүүл мэндэд хор учруулна гэсэн санааг хэлснээс байгаль орчинд хор учруулах талаар хэлээгүй юм....гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/,
8. Эрүүл ахуй, хор судлалын лаборатори ХХК-ний 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 24/001 дугаартай дүгнэлтэд:
...MNS ISO 15202:3, NIOS 6009 стандарт аргуудын дагуу шинжилгээ хийх боломжтой дээжүүд байсан.
Дээж 1 /Хар даавуутай шингэн зүйл/-д 0.1 мг/л мөнгөн ус илэрсэн. Бусад дээжинд мөнгөн ус илрээгүй.
АНУ-ийн ATSDR агентлаг ундны усанд агуулагдах мөнгөн усны хэвийн хэмжээг 0.025 мкг/л гэж тогтоосон байдаг. Бохир усан дахь мөнгөн усны хэвийн хэмжээ одоогоор тогтоогдоогүй байна.
Мөнгөн ус нь биеийн мэдрэлийн эдийг гэмтээж, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.....гэх албан бичиг /хх-ийн 95-97/,
9. Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн:....... MNS ISO 15202:3, NIOS 6009 стандарт аргуудын дагуу шинжилгээ хийх боломжтой дээжүүд байсан.
Дээж 1 /Хар даавуутай шингэн зүйл/-д 0.1 мг/л мөнгөн ус илэрсэн. Бусад дээжинд мөнгөн ус илрээгүй.
АНУ-ийн ATSDR агентлаг ундны усанд агуулагдах мөнгөн усны хэвийн хэмжээг 0.025 мкг/л гэж тогтоосон байдаг. Бохир усан дахь мөнгөн усны хэвийн хэмжээ одоогоор тогтоогдоогүй байна. Ундны усанд байх хэвийн хэмжээнээс их байна гэдэг нь байгаль орчинд хор учруулах хэмжээнд байна гэсэн үг биш болно.
Мөнгөн ус нь биеийн мэдрэлийн эдийг гэмтээж, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. / Дээрх дүгнэлт нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 24001 дугаартай албан бичигт тусгагдсан хариу өөрчлөгдөөгүй болно/....гэх дүгнэлт /хх-ийн 137-138/ болон Гэмт хэргийн талаарх мэдээлэл 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/, Хэргийн газарт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8- 18 /, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 20/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24 /, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 292 дугаартай албан бичиг /хх-ийн 26-27/, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 104-111 /, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 07/1432 дугаартай албан бичиг / хх-ийн 128/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 188-192/, Геологийн судалгаа шинжилгээний төвийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны 381 дугаартай албан бичиг /хх-ийн 39/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13/7512 дугаартай албан бичиг /хх-ийн 15/, Шинжлэх ухааны академийн Хими, Химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/422 дугаартай албан бичиг /хх-ийн 68-69/, Эрүүл ахуй, хор судлалын лаборатори ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23/03 дугаартай албан бичиг /хх-ийн 94/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б. нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн 15-17 (532) тоот өөрийн эзэмшлийн хашаандаа байрлах гражид үл таних хүнээс 2017 онд худалдаж авсан гэх Монгол Улсын Засгийн газрын 2007 оны дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтын 6 дугаарт багтсан химийн аюултай бодис болох “Мөнгөн ус (Нg)” -ыг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, шороо угааж зориулалтын бусаар ашигласан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч ,,, гэрч , , , нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 1/23, Хос итгэлт ХХК 06/04, Энх-Нахиа ХХК-ийн 271 дугаар дүгнэлт, Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Эрүүл ахуй лабораторийн 24/001 дүгнэлт,Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 02-ний 07/1432 дугаартай албан бичиг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн усыг өөрийн эзэмшлийн хашаанд байх зоорьт хадгалж улмаар алтны агууламжтай шороо угааж алт гаргаж авахыг завдахдаа уг мөнгөн усыг ашигласан бөгөөд мөнгө ус ашиглах хэрэглэх нь байгаль орчин хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй бөгөөд мөнгөн ус нь мөнгөлөг өнгөтэй, шингэн төлөв байдалд оршдог байгаль орчин, хүний эрүүл мэндэд маш хортой хүнд металл юм. Мөнгөн ус нь задардаггүй, устдаггүй тул удаан хугацаанд хор нөлөө үзүүлсээр байдаг. Мөнгөн усыг алтны хүдэр баяжуулахад ашигладаг боловч алтыг бүрэн гүйцэд ялгаж чаддаггүй. Алт, мөнгөн усны нэгдлийг амальгам гэж нэрлэдэг. Алт олборлогчид алтыг мөнгөн усаар амальгамжуулан нэгдүүлж, түүнийгээ шахаж, ууршуулж, хайлуулж шатаах зэргээр алтыг хагас цэвэршүүлэх явцад өөрсдийгөө болон хүрээлэн буй орчноо хордуулж байдаг. Агаарт ууршсан мөнгөн ус нь өнгө, үнэргүй бөгөөд маш хортой, наалдамхай чанартай байдаг. Тиймээс амальгамыг шатаах явцад агаарт ууршсан мөнгөн усаар амьсгалах нь эрүүл мэндэд хамгийн аюултай. Амьсгалаар орсон мөнгөн усны 80 орчим хувь нь уушгинд үлдэж, цусны эргэлтэд ордог. Мөн биеийн арьс, хувцас эдлэл, тавилга, ажлын багаж хэрэгсэл, хана зэрэгт шингэсэн тохиолдолд удаан хугацааны туршид өндөр агууламжтай мөнгөн ус ялгарсаар байдаг болохыг дүгнэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг химийн хорт аюултай бодисыг хадгалсан зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх явцад иргэний нэхэмжлэгчийн зүгээс шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.15.532 тоотод хашаан доторх граж зоорьт байгаа цэнхэр өнгийн поошиг 1 ширхэг, 8 ширхэг хуванцар түмпэнтэй шороо, төмөр чайнд хадгалсан шинэн, хуванцар ванн 1 ширхэг, төмөр ванн 1 ширхэг зэргийг устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, ус татдаг нассос 1 ширхэг, төмөр паялник 1 ширхэг, шороо угаах төхөөрөмж 1 ширхэг зэргийг биет байдлаар улсын орлого болгох эсхүл үнийг улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зоорийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болголоо.
Харин шүүгдэгч ******* нь урьд нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан бөгөөд уг шийтгэх тогтоолд шүүгдэгч *******ын ашиглаж байсан паялник, ус татдаг нассос, шороо угаах төхөөрөмж зэргийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байхад дээрх паялник, ус татдаг нассос, шороо угаах төхөөрөмж зэргийг улсын орлого болгох талаар гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй шүүгдэгчийн хашаанд байлгаж байснаас дээрх эд зүйлсийг шүүгдэгч ******* нь дахин ашиглаж гэмт хэргийг үйлдсэн байгааг анхаарах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар “Аньс” “чацаргана” гэх нэршил бүхий 2 литрийн савтай цагаан өнгийн хувцанцар саванд шингэн агууламжтай мөнгөн ус гэх бодисыг хийсэн 2 ширхэг сав бүхий зүйлийг хураан авч Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн бамт хадгалах өрөөнд хадгалж байгаа бөгөөд уг 2 литрийн савалгаатай 2 ширхэг шингэн бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ төрлийн мэргэжил, мэргэшилтэй албан тушаалтныг оролцуулан, Прокурорыг байлцуулан устгаж баримтжуулж нотлох баримтыг хэрэгт хавсаргахыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэлээ.
Шүүгдэгч *******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас нэг жилийн хугацаагаар явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ын ыг химийн хорт аюултай бодисыг хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.15.532 тоотод хашаан доторх граж зоорьт байгаа цэнхэр өнгийн поошиг 1 ширхэг, 8 ширхэг хуванцар түмпэнтэй шороо, төмөр чайнд хадгалсан шинэн, хуванцар ванн 1 ширхэг, төмөр ванн 1 ширхэг зэргийг устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, ус татдаг нассос 1 ширхэг, төмөр паялник 1 ширхэг, шороо угаах төхөөрөмж 1 ширхэг зэргийг биет байдлаар улсын орлого болгох эсхүл үнийг улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зоорийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын ашиглаж байсан гэх Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 2 ширхэг мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ