Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2021/00099/И |
Дугаар | 133/ШШ2021/00161 |
Огноо | 2021-04-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 133/ШШ2021/00161
2021 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 133/ШШ2021/00161 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 2-33 тоотод оршин суух, Б овогт Ц.О-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлчилгээний газарт үйлчлэгчээр ажилд орсон. 2018 оны 03 дугаар сард жирэмсний амралтаа авсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрөөд хүүхдээ асран хамгаалсан. 2021 оны 01 дүгээр сарын 07-нд ажилдаа эргэж орох хүсэлт тавьсан. Тэгэхэд миний хүсэлтийг хүлээж аваагүй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд би хүүхдээ харсан. Хүүхдийг маань асран хамгаалах хүн байхгүй байсан. Нөхөр маань ажилтай байсан. Одоо манай нөхөр ажилгүй, хүүхэд харах хүнтэй болсон учраас би ажилдаа эргэж орох хүсэлттэй байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ асуудлыг нарийн сайн мэдэхгүй байна. Судалж үзсэн. 2020 оны 11 дүгээр сарын 13-нд томилогдсон. Энэ хүн 2017 онд ажилд ороод 2018 онд жирэмсний амралтаа авсан юм байна лээ. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм байна лээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дэх хэсгээр жирэмсний амралтаа авсан. 120 хоногийн амралтаа эдлээд хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно гэж заасны дагуу хүсэлт гаргаад чөлөөгөө аваад явах байсан юм байна лээ. Тэгээд энэ хүн өөрөө байгаагүй. 2019-2020 онд Дарханд амьдарч байсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажилд авах боломжгүй талаар албан бичиг өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ц.О нь Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч И.Г нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дэх хэсгээр жирэмсний амралтаа авсан. 120 хоногийн амралтаа эдлээд хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно гэж заасны дагуу хүсэлт гаргаад чөлөөгөө аваад явах байсан юм билээ. Тэгээд энэ хүн өөрөө байгаагүй. 2019-2020 онд Дарханд амьдарч байсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажилд авах боломжгүй талаар албан бичиг өгсөн... гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.О нь Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан болох нь Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн 1104576 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн С.С-ийн Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Улмаар нэхэмжлэгч Ц.О нь хүүхдээ 2 нас 9 сар хүрсний дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эргэн ажилдаа орохоор өргөдөл өгөхөд Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот албан бичгээр ажилдаа авах боломжгүй гэх хариу өгснөөр нэхэмжлэгчийн ажиллах эрхийг хязгаарлаж байгаа тул үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ.
Ажил олгогч нь Ц.О-ыг үйлчлэгчийн ажилд эгүүлэн авахгүй байгаа үндэслэлээ ... Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг нь өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөөг олгоно гэж заасныг Ц.О зөрчиж хүүхэд асрах хүсэлтээ гаргаагүй тул ажилд эргүүлж авах боломжгүй... гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Зөвлөмж-ийн 1.6-д Ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай болно гэж, мөн зөвлөмжийн 3.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч Ц.О-ыг ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гаргаагүй, ажилд авах боломжгүй 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай гэх албан бичиг хүргүүлсэн байгаа нь ажлаас халсантай адилтган үзэх үндэслэлтэй байна.
Хэлэлцэгдэж буй хэргийн хувьд Ц.О нь 2018 оны 03 дугаар сард жирэмсний амралтаа авч, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдээ төрүүлсэн бөгөөд хүүхдээ 2 нас, 9 сартай байхад буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-нд ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөө авах нь 3 хүртэл насны хүүхэдтэй эхийн хүсэл зоригийн дагуу хийгдэх ажиллагаа бөгөөд харин 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг хүүхэд асрах чөлөөг өөрөө хүсвэл авч болохоор зохицуулсан байхад хүсэлт гаргаагүй үндэслэлээр 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заажээ.
Дээрх хуулийн заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 11-д Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан гомдолтой адилтган шүүх хянаж шийдвэрлэнэ гэж тайлбарласан.
Иймд Хөдөлмөрийн тухай 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Ц.О-ын ажилд орох хүсэлт гаргасан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 3 сарын олговор 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.О-ын 1104576 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.260.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.790 төгрөг, нийт 104.990 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О-ыг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ц.О-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ц.О-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Ц.О-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.260.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.790 төгрөг, нийт 104.990 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ