Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/128

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Хохирогч: Б.*******,

Хохирогч: Ц.*******

Шүүгдэгч: Б.*******,

Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000247 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч   хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******ын ******* /РД:*******/,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/ ,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-1-17 тоотод иргэн Ц.*******г эхнэртэйгээ хардаж маргалдсан, улмаар бие биедээ халдаж, ноцолдох явцдаа хөлөөрөө нүүр хэсэг рүү нь жийсний улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохой, баруун шуунд цус хуралт, баруун гарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-1-17 тоотод иргэн Б.*******тай “эхнэртэйгээ хардсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар бие биедээ халдаж, ноцолдох явцдаа түүний толгой хэсэг рүү гараараа цохиж, хүзүү хэсгээр боосны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, хамрын зүүн угалз, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч  Б.*******ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би 81 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байна.Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 71-72 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******  мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч  Ц.*******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийн биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 85 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байна. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 76-77 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би орой ажлаа тараад гэртээ байж байгаад эхнэртэй хоёулаа гарч караокед жоохон суугаад пиво уух уу гэсэн чинь манай эхнэр тэгье гэж зөвшөөрөөд бид хоёр орой 20 цагийн үед гарч яваад “Хишиг монгол” гэдэг караокед орсон 1 ширхэг том 2 литрийн пиво аваад эхнэртэйгээ ууж байсан чинь манай эхнэрийн 2 эмэгтэй найзууд нь орж ирсэн тэгээд 23 цагийн үед би эхнэрээ явах уу гэсэн чинь манай эхнэр 2 найзтайгаа жоохон суумаар байна гэхээр нь би за тэгвэл жоохон сууж байгаад хүрээд ир гэж хэлээд би 00 цаг болж байхад гэртээ ирээд унтах гэж байсан чинь манай эхнэр 02 цагийн үед ******* гэдэг залуутай ороод ирсэн тэгсэн чинь ******* танай эхнэртэй тааралдаад хүргээд ирлээ гэсэн. Тэгэхээр нь би ашгүй дээшээ суу гээд *******г би өмнө таньдаг байсан болохоор гэрт нэг 2 литрийн савтай пиво байсан аа гаргаж ирээд ор засаж өгөөд хамт уугаад суусан тэгсэн ******* надаас чи намайг эхнэртэйгээ хардаад байсан уу гээд гэнэт над руу дайраад байхаар нь юу яриад байгаа юм наад орон дээрээ гараад унт гэж хэлсэн чинь бүр дайраад байхаар нь би түлхээд газар унгасан тэгсэн чинь босож ирээд миний хамар луу, цохиж аваад нүүр, нүд рүү цохиод намайг боогоод дараад байхаар нь би хөлөөрөө нүүр лүү нь жийсэн тэгээд гадаа гарч ирээд хашаанд намайг дарж унагаад миний дээрээс гараад цохиж аваад байсан чинь манай эхнэр гарч ирээд бас манай бэр эгч бас гарч ирээд салгасан. Тэгсэн чинь ******* манай хашаанаас гараад явсан байсан тэгээд манай эхнэр цагдаа дуудсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 17-18  /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.

7. Хохирогч Ц.*******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Би хэдэн найзуудтай гадуур явж байгаад шөнө 23 цагийн үед Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байх “Хишиг монгол” караокед ороод жоохон дуулж байгаад явъя гээд орсон. Тэгсэн *******ийн эхнэр 2 найзтайгаа сууж байсан би 2 найзтайгаа пиво захиалаад нэлээн удаан суусан. Тэгээд гарах гэсэн чинь тэд нар бас явах гэж байхаар нь г гэртээ харих юм уу гэсэн чинь тэгнэ гэхээр нь би хүргээд өгье гээд дагуулаад таксинд суугаад гэр лүү нь явсан. Тэгээд гэрт нь ирээд орсон чинь ******* гэртээ сууж байсан *******тай хэсэг юм яриад сууж байсан чинь ******* 2 литрийн савтай Сэрүүн гэсэн нэртэй пиво гаргаж ирсэн тэгээд хоёулаа уугаад сууж байснаа санаж байгаа нэг мэдсэн ******* намайг өшиглөх шиг болсон тэгээд сэрсэн чинь цагдаа нар хүрээд ирсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.******* мэдүүлэхдээ:Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

9. Гэрч Н.гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би орой ажлаа тараад гэртээ ирсэн манай най найз 22 цагийн үед Баянхонгор аймгийн 1 дүгээр баг “Хишиг монгол” караокед хүрээд ир гээд дуудаад байхаар нь би очсон хэсэг сууж байгаад 00 цагийн үед гарах гэж байсан чинь ******* гаднаас ороод ирсэн. Тэгээд ******* одоо танай гэрт очно гээд байхаар нь би дагуулаад гэртээ ирсэн. Тэгсэн чинь манай нөхөр ******* 2 литрийн савтай пиво авч өгөөд *******тай хамт уусан би хэсэг хамт байж байгаад орон дээр унтаж байсан чинь тэр хоёр хэрүүл хийж байснаа барилцаад авсан ******* манай нөхрийг мөргөөд газар унагааж байгаад нүүрэн дээр нь цохиж авахаар нь би дундуур нь ороод салгах гээд дийлэхгүй байхаар нь би бэр эгчийгээ дуудсан чинь манай бэр эгч цагдаад дуудлага өгсөн. Намайг орон дээр унтаж байсан чинь тэр хоёр маргалдаад ******* манай нөхөр *******ийг барьж аваад боож унагаад татаж босгож ирээд нүүр лүү нь мөргөөд гараараа дээрээс нь цохиж аваад өшиглөөд байхаар нь би салгах гэж байгаад дийлэхгүй болохоор нь эгчийг дуудсан...гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /,

10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Маралын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаартай:

....1. Ц.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохой, баруун шуунд цус хуралт, баруун гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 51-52/,

11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Маралын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 85 дугаартай:...1. Б.*******ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, хамрын зүүн угалз, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 53-54 / зэрэг  нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-1-17 тоотод иргэн Ц.*******г эхнэртэйгээ хардаж маргалдсан, улмаар бие биедээ халдаж, ноцолдох явцдаа хөлөөрөө нүүр хэсэг рүү нь жийсний улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохой, баруун шуунд цус хуралт, баруун гарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-1-17 тоотод иргэн Б.*******ийг “эхнэртэйгээ хардсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар бие биедээ халдаж, ноцолдох явцдаа түүний толгой хэсэг рүү гараараа цохиж, хүзүү хэсгээр боосны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, хамрын зүүн угалз, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч Ц.*******, Б.*******, гэрч Н. нарын мэдүүлэг, шинжээчийн 81, 85 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь шүүгдэгч Б.*******ийн эхнэрийг шөнө гэрт нь дагуулан орж улмаар хардалтын улмаас маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул  түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  Б.*******, Ц.******* нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул тэднийг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс  гадагш явахгүй байх  үүргийг хүлээлгэж  уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон              

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******гийн ******* нарыг нэг  / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс гадагш явахгүй байх үүргийг тус тус хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.БАТЦЭНГЭЛ