Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2021/00182

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2021/00182

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг, Баяншанд, 6-р гудамж, 27 тоотод оршин суух, Н овогт СЦ-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хороо, 2-1 тоотод оршин суух, Ш овогт З.З-д холбогдох,

Эд зүйлийн үнэ 1.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А миний бие иргэн З.З-с дараах эд зүйлийн үнэ 1.770.000 төгрөг нэхэмжилж байна. З.З манай төрсөн дүү Ц-тэй 2019 он 10 дугаар сард хамтран амьдарч эхэлсэн. Манай аав Совд нь надтай цуг амьдарч байгаад 2011 онд нас барсан. Би аавынхаа хурган дотортой дээлийг шинэ хурганы арьс хийж сэлбэж оёод аавынхаа авдартай цуг хурган дотортой шинэ дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, булган малгай, бүс зэргийг дүү Ц-ийг тусдаа гарах үед нь өгсөн. Ц нь аавын эд зүйлийг тэр чигээр нь хадгалаж байсан бөгөөд өмсөж хэрэглэж байгаагүй. Ц нь хамтран амьдрагч З.Зас 2020 оны 10 дугаар сард салж тусдаа амьдархаар Улаанбаатар хотруу ажил хийхээр явсан. Дүү намайг З.З-ын гэрээс аавын авдартай хувцасыг авчихаарай гэж хэлэхэд нь очиж цоожтой авдарыг нь авахад хэртэй дээл хувцасаа ав гэж хэл амаар доромжилж өгсөн. Гэтэл гэртэй ирээд онгойлгоод үзэхэд дотор нь аавын хурган дотортой дээл, луун хээтэй дээл, булган малгай, бүс зэрэг юу ч байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд цагдаагийн хажууд З.З нь хурган дотортой дээлийг нь би шатаачихсан, луун хээтэй дээлийг дүүгийнхээ авгайд өгөөд явуулчихсан малгай бүсний талаар юу ч хэлээгүй. Миний бие хурган дотортой дээлийг 1.500.000 төгрөгийн үнээр оёж байсан тэгээд элэгдэл хорогдолоо тооцоод 1.200.000 төгрөг, 300.000 төгрөгийн луун хээтэй хүрэн торгон дээл, З талтай булган малгай 60000 төгрөг, бүс 80000 төгрөгийн нийт 1.640.000 төгрөгийн эд зүйлийн үнийг хариуцагч З.Золзаяагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.З нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ийн эд зүйл үнэ 1.640.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С.А-ийн нэхэмжилж байгаа хурган дотортой дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, бүс зэрэг эд зүйл нь байгаа тул буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 3 талт булган малгай нь өөрт байгаа тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай үйлчлүүлэгч З.З нь нэхэмжлэгчийн шаардсан хурган дотортой дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, бүс зэрэг эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн. Харин гурван талт булган малгайны хувьд анхнаасаа байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Луун хээтэй хүрэн торгон дээлний үнэлгээг тогтоосон боловч тухайн мөнгийг төлөх төлбөрийн чадваргүй хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь З.З-д холбогдуулан хурган дотортой дээлний үнэ 1.200.000 төгрөг, 300.000 төгрөгийн луун хээтэй хүрэн торгон дээл, З талт булган малгай 60.000 төгрөг, бүс 80.000 төгрөгийн нийт 1.640.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч З.З нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...С.А-ийн нэхэмжилж байгаа хурган дотортой дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, бүс зэрэг эд зүйл нь байгаа тул буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 3 талт булган малгай нь өөрт байгаа тул зөвшөөрөхгүй байна... гэж тус мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.3 дахь хэсэгт ...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүх хуралдаанд хурган дотортой шинэ дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, булган малгай, бүс нь манай аавын эд зүйл бөгөөд дүү С.Ц-ийг З.З-тай гэр бүл болоход нь өвлүүлж өгсөн гэж тайлбарлаж байх тул З.З-с эд зүйлийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Маргааны зүйл болох хурган дотортой шинэ дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, булган малгай, бүс зэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь ...өөрийн төрсөн дүү С.Ц-ийг тусдаа гарахад нь өгсөн гэж, хариуцагч З.З нь ...хурган дотортой дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, бүс зэрэг эд зүйл нь байгаа гэж хүлээн зөвшөөрч байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь хурган дотортой дээл, луун хээтэй хүрэн торгон дээл, бүс гурвыг биет байдлаар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буцаан авсан тул 1.230.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Харин гурван талт булган малгай болон луун хээтэй хүрэн торгон дээлэнд Ашид билгүүн ХХК-ний дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ болох 180.000 төгрөгийн тал хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүх хуралдаанд ...гурван талт булган малгай байсан гэдгийг З.З-ын хүү нь мэдэж байгаа. Луун хээтэй дээлийг бохирдуулж муутгаж хүн хэрэглэхийн аргагүй болгосон гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ийн шаардаж буй луун хээтэй торгон дээл нь С.Ц-д шилжих үедээ ямар байснаас хэрхэн элэгдэж хорогдсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд уг дээлийг биет байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан өгсөн, мөн гурван талт булган малгай хариуцагч З.З-д байсан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул үнэлгээгээр тогтоогдсон үнийн тал хувь буюу 90.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш овогт З.З-д холбогдох эд зүйлийн үнэ 1.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н овогт С.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ