Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001230129 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ид Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0225081 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт шилжих шөнийн 02 цаг 37 минутын орчимд 2,06 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Буянт богд” худалдааны төвийн гаднаас “Эрхэт” зоогийн газрын урд зам хүртэл 15-60 БНХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөрт шилжих шөнийн 02 цаг 17 минутын орчимд 1.57 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах таксины гудамжнаас 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Петровис шатахуун түгээх станцын зүүн талын эсрэг урсгалтай гурван замын уулзвар замд өөрийн эзэмшлийн 95-26 УНК улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-ийн 5 дугаар хуудас, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 12-13 дугаар хуудас, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг хх-ийн 30-31, 32-33, 98, 100 дугаар хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 44-46, 122-126 дугаар хуудас, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл хх-ийн 83-84 дүгээр хуудас,  Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 0225081 дугаар шийтгэлийн хуудас хх-ийн 111 дүгээр хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 0225081 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хугацаанд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт шилжих шөнийн 02 цаг 37 минутын орчимд 2,06 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Буянт богд” худалдааны төвийн гаднаас “Эрхэт” зоогийн газрын урд зам хүртэл 15-60 БНХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөрт шилжих шөнийн 02 цаг 17 минутын орчимд 1.57 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах таксины гудамжнаас 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Петровис шатахуун түгээх станцын зүүн талын эсрэг урсгалтай гурван замын уулзвар замд өөрийн эзэмшлийн 95-26 УНК улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийн шинжийн бүрэлдэхүүнийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил / 01 жил 6 / зургаан сарын хугацаагаар хасаж нэг /01/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 жил 6 /  зүргаан сарын хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч *******ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ид өмнө нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан шийтгэл нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусах боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудас бичигдсэн үеэс эхлэн эрх хасах ялыг тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан  / 01 жил 6 сар / сарын хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс гадагш явахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг тус тус дурдсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан / 01 жил 6 сар / сарын хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ